Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 213/МА2021/010

 

Г.Оын нэхэмжлэлтэй

О.Сид холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 131/ШШ2021/00176 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Сид холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хариуцагч О.Сийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, хариуцагч О.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.О миний бие О.Стой 2006 оны сүүлээр танилцаж, үерхэж байгаад 2007 оны 08 сарын 15-ны өдөр гэр бүл болж 2007 оны 09 сарын 05-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн. Бидний дундаас 2008 оны 07 сарын 23-ны өдөр охин С.Буян-Эрдэнэ, 2013 оны 08 сарын 28-ны өдөр хүү С.Лхагвабаяр нар төрсөн. Бид хамт амьдарч байх хугацаанд маргаж маргалдах үе зөндөө байсан боловч сүүлийн 2, 3 жилийн өмнөөс О.Сийн ааш авир ихээр хувирч архи дарс ууж, надаас хэрүүл гуйж зодох болсон. Мөн том охиноо миний охин биш гээд л алаг үзэж, зодож, загнах болсон. Охин маань одоо юмны учир ойлгох болсон учир аавынх нь гаргаж байгаа ааш авир, үг хэллэг охинд маань сөргөөр нөлөөлж, сэтгэхүйг нь гэмтээчих вий гэж эх хүний зүгээс эмээж О.Сид ч яагаад өөрийнхөө охиныг миний охин биш гээд хатуу хандаад, охиныхоо хажууд яагаад сонин сонин юм яриад байдаг талаар олон удаа асууж, энэ талаар эв зүйгээр ярилцах гэж хичээсэн боловч тоодоггүй. Би хар багадаа Стой танилцаж үерхэж байгаад гэр бүл болон түүний үр хүүхдийг нь төрүүлэн аз жаргалтай элэг бүтэн дутах гачигдах зүйлгүй амьдралын төлөө хичээнгүйлэн амьдарч байхад миний төрүүлсэн өөрийнхөө хүүхдийг миний хүүхэд бишээ гэж охиноо алагчилж намайг элдэв бусаар хэлж доромжлох бүрд нь гомддог байсан ч хоёр хүүхдээ элэг бүтэн хайр дүүрэн өсгөх гэсэн сэтгэлээр хандаж ирсэн. Би өдий хугацаанд Сид зодуулсан ч цагдаагийн байгууллагад хандаж үзээгүй. Хамгийн сүүлд О.С 2019 оны 12 сарын эхээр Баянхонгор сумын 7-18-25 тоотод байх өөрийн гэртээ намайг зодох үед манай том охин өвөө рүүгээ утсаар яриад дуудсан байсан. Тэгээд аав ч ирж хэрүүл маргаан зодоон цохион таслан зогсоогдсон. С намайг ядуу гуйлгачингаар дуудаж гэрээсээ хөөж туусан. Би ч хоёр хүүхдээ аваад тэр гэрээс явсан. Тэгэхдээ би ингээд салчих байх гэж огт бодоогүй, С хэд хоноод л буруугаа ойлгоод бид 3 дээр ирээд гэр рүүгээ аваад явах байх гэж бодож байсан боловч түүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд авах гэж огт ирээгүй, харин хүүхэдтэйгээ уулзах гэж хэд хэд ирэхэд нь уулзуулсан. Би түүнийг 2 хүүхэд дээрээ хүрээд ир хамт амьдаръя үр хүүхдээ ч амьдралаа ч бодьё гэж олон удаа гуйсан боловч намайг элдэв үгээр доромжилж эргэж эвлэрч амьдрахгүй гэдгээ хэлсэн. Одоо надад ч түүнтэй эргэж эвлэрч амьдрах бодол алга, нэгэнт сэтгэлд сэв суусан учир эвлэрч амьдарлаа ч байнгын хэрүүл маргаантай байх болно. Энэ үр дагавар нь хүүхдүүдийн хүмүүжилд ч сөргөөр нөлөөлөх учраас гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамждаа үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Хоёр хүүхэд маань одоо миний асрамжид эсэн мэнд бойжин сургуульд сурч байгаа болно. Би 2020 оны 09 сард тус шүүхэд уг нэхэмжлэлийг гаргасан боловч оршин суух хаягтаа байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тухайн үед манай гэр байсан Баянхонгор сумын 7-18-25 тоот хаягийг өгч байсан юм. Харин одоо О.С Баянхонгор сумын 9-6-30 тоотод ээжийндээ амьдарч байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.С шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2007 онд Г.Отай хуримаа хийж 2008 онд охин Буян-Эрдэнийг 2013 онд хүү Лхагвабаяр нарыг төрүүлсэн. Бид дутагдаж гачигдах юмгүй сайхан амьдрач байсан. 2014 онд Баян-Овоо сумын мянгат малчин болж байсан. Хүүхдүүд сургуульд орж эхнэр маань хүүхдүүдээ харахаар аймаг орж аймагт амьдрах болсон. Би хөдөө малаа хариулдаг байсан. Эхнэр аймагт зүгээр сууж байхаар наймаа хийж орлог олъё гээд малынхаа хагасыг зарж мөнгө болгоод Эрээн явж наймаа хийх болсон. Би хэдэн мал хариулах үүрэгтэй байснаас тэдгээрийг зарж үрсэнээс олсон мөнгө болон ноолуурын мөнгийг манай эхнэр мэддэг байсан. Би үлдсэн малаа эхнэрийнхээ эгч болох Болормаагийнд тавиад аймаг орж ирсэн бөгөөд эхнэрийнхээ дүү Ганзулын нэр дээр өөрсдийн мөнгөөр хашаа хатган буусан. Ингээд эхнэр маань хүүхдүүдээ сургуульд зөөх машин хэрэгтэй байна гээд 2018 онд ХААН банкнаас 10.000.000 төгрөгийн зээл авч 11.500.000 төгрөгөөр эхнэртээ жижиг машин авч өгсөн. Эхнэр маань аймаг орсноос хойш зан харилцаа нь өөрчлөгдөж Галуут сумын харьяат Хаш-Эрдэнэ гэх залууг дагаад гэртээ ирж хонохгүй гадуур яваад байдаг болсон. Ингэж гадуур явж байхдаа миний ааваас өвлөгдөж ирсэн мөнгөн хэрэглэлтэй эмээлийг гэрээсээ хулгай хийж авч яваад зарсан байсан. Би цагдаад тэмдэглүүлье гэхэд О нь хүнд өгсөн гэж байсаар сүүлдээ олдохгүй болсон. Мөн О нь хүнээс 5 сая төгрөг зээлсэн байсныг нөгөө хүн нь шүүхэд өгөөд би малаа зарж байж өрийг нь төлсөн. Энэ тухай аав Гал-Эмгэн, ах Хайдав нарт хэлж байсан, тэд тоогоогүй. Би 2 хүүхдээ гадуурхаж зодож нүдэж үзээгүй. Мөн эхнэр болох Од гар хүрч байгаагүй. Харин О дураараа аашилж намайг гэрээс хөөж өөрөө зүгээр байж байгаад уурлаж 2 хүүхдийн минь зоддог байсан. Ингээд 2019 онд намайг хаяад явсан. Явахын өмнө банкнаас 10.000.000 төгрөгийн зээл авахуулж машин авсан бөгөөд одоо намайг банкнаас зээлээ төл гэж утасдах болсон. Би тэр мөнгөнөөс ерөөсөө хэрэглээгүй. Намайг хаяад явахдаа машинаа авсан бөгөөд 146 бог малыг бүгдийг нь авсан. Мөн гэрийн доторх тавилга зэргийг авч хөндий хоосон гэр үлдээгээд явсан. Миний энэ насаараа хурааж хуримтлуулсан эцэг эхээс минь өвлөж ирсэн. Мал эд хөрөнгийг О үрэн таран хийсэн бөгөөд би ч гэсэн гэр бүлийн хүний хувьд эд хөрөнгөөсөө өмчлөх эрхтэй баймаар байна. Одоо надад юу ч байхгүй, ээжийндээ түүний тэтгэврээр амьдарч байна. Нурууны өвчтэй тул эмнэлэгт хэвтэж байгаа. Би амьдралын боломж байхгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй. Тийм учир хүүхдээ өөрийн асрамжид үлдээмээр байна. О нь намайг хаяад явснаасаа хойш хоёр ч хүнтэй холбогдож хамт амьдарч байгаа гэх бөгөөд ийм байдалтай хүнд хоёр хүүхдийн асрамж тогтоох боломжгүй байна..гэв.

Нэхэмжлэгч Г.О анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хоёр 2007 онд гэр бүл болсон. Сүүлийн 3 жилд О.Сийн ааш зан нь эвдэрч, хэл амаар маш их доромжилдог байсан. О.С үр хүүхэдтэйгээ уулздаггүй, анхаарал халамж муутай, би хоёр хүүхдээ аваад хадам ээжийндээ очиж аавтай нь золгуулсан юм. Би хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг, халамжилдаг. О.С нь намайг байнга хэл амаар доромжилдог, надад анхаарал халамж муутай, агсан согтуу тавьж зоддог. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа.

Миний бие одоо 2 хүүхдийн хамт Баян-Овоо сумын дотуур байранд амьдарч би Баян-Овоо сумын клонкод түгээгч хийж амьдралаа залгуулж байна. Цаашид тогтмол орлоготой ажил хийж, 2 хүүхдээ тэжээн тэтгэх бүрэн боломжтой. О.С нь 2 хүүхэд өсгөх ямар ч боломжгүй байж хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байх зорилгоор хүүхдийн асрамжийг өөртөө үлдээх хүсэлт гаргасныг гайхаж байна. Хоёр хүүхэд нь эцэг дээр байх сонирхолгүй, загнаж дарамталдаг болохоор хөндий байдаг юм гэжээ.

Хариуцагч О.С анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.О өөр хүнтэй болоод явсан. Би гэрээсээ өмсөх хувцастайгаа гарсан. Бид 1000 гаран тооны малтай байсан боловч Г.О наймаа хийх зорилготой малаа зарсан байдаг. Миний бие муу байгаа тул одоо эмнэлэгт хэвтэж байна. Г.О Галуут сумын Хашаа гэх залуутай холбогдож байсан. Өмнө нь эхнэртээ 11.000.000 төгрөгөөр шинэ хар өнгийн машин авч өгч байсан. Бид хоёр салахад бүх эд хөрөнгөө Г.Од өгсөн, надад эд хөрөнгө үлдээгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигин овогт О.С, Боржигон овогт Г.О нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 07 сарын 23-ны өдөр төрөн охин С.Буян-Эрдэнэ, 2013 оны 08 сарын 28-ны өдөр төрсөн хүү С.Лхагвабаяр нарыг эх Г.Оын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хүү С.Лхагвабаярыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин С.Буян-Эрдэнийг 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон эцэг О.Соос гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан тэжээгчээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүү С.Лхагвабаяр, охин С.Буян-Эрдэнэ нарыг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг О.С, эх Г.О нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Г.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.Соос улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 76.524 төгрөгийг хариуцагч О.Соос гаргуулан төвлөрсөн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч О.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хариуцагч О.С миний бие Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 176 дугаартай шийдвэрийг 2021 оны 03 дугаар сарын 23-нд хүлээн авч эс зөвшөөрөн дараах гомдол гаргаж байна. Учир нь шүүхээс нэхэмжлэгч Г. О бидний гэрлэлтийг цуцалж, 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин С.Буян-Эрдэнэ, 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү С. Лхагвабаяр нарыг эх Г.Оын асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад шүүхээс яриад яаралтай хүрээд ир гэсэн тэгээд эмнэлгээс чөлөө аваад шүүх дээр очтол нэг өрөөнд орж бай гэсэн удалгүй шүүх хурал болоод ийм шийдвэр гарсан. Ингээд шүүх хурлаас гарсны дараа дуудаж хэргийн материал дээр гарын үсэг зуруулсан. Мөн нэхэмжлэл гардуулахдаа гарын үсэг зуруулж байсан. Миний хувьд бичиг үсэг мэдэхгүй тул хэргийн материалтай уншиж танилцаагүй шүүх хурлын дараа гарын үсэг зурсан юун дээр зурсанаа мэдэхгүй байна. Би нэхэмжлэл гардаж аваад хариу тайлбараа таньдаг хүнээ гуйж бичүүлсэн. Мөн би өөрийгөө бичиг үсэг мэддэггүй, сургууль төгсөөгүй гэдгээ шүүхийн ажилтанд хэлээгүй. Шүүхийн шийдвэрээ аваад эгчээрээ уншуулж юу болсон талаар бүрэн гүйцэт мэдсэн иймд бичиг үсэг мэдэхгүй, хэргийн материалтай танилцаагүй тул цаашид өмгөөлөгч авч гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваалгах, 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү С.Лхагвабаярыг өөрийн асрамждаа авах хүсэлтэй байгаа тул хуулиар олгогдсон эрхийг эдлүүлж Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 176 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч О.Сид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хоёр хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Оын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч О.С эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч О.Сийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Хариуцагч О.С нь “...эмнэлгээс чөлөө аваад шүүх дээр очтол нэг өрөөнд орж бай гэсэн удалгүй шүүх хурал болоод... шүүх хурлаас гарсны дараа дуудаж хэргийн материал дээр гарын үсэг зуруулсан. Мөн нэхэмжлэл гардуулахдаа гарын үсэг зуруулж байсан. Миний хувьд бичиг үсэг мэдэхгүй... хэргийн материалтай танилцаагүй тул цаашид өмгөөлөгч авч гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваалгах, 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү С.Лхагвабаярыг өөрийн асрамждаа авах хүсэлтэй байгаа тул хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэх...” гэх гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч О.Сийн тайлбарт хариу тайлбар гаргасан нэхэмжлэгч Г.Оын тайлбарыг хариуцагч О.Сид танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг 3 дугаар сарын 9-ний өдөр мэдэгдэж, хавтаст хэргийг материалыг хариуцагч О.Сид 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр /цаг минутгүй/ танилцуулж улмаар 3 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлснийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжүүлэх, хэргийн оролцогч энэ эрхээ эдлэхэд нь боломжит хугацаагаар хангах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын эрх тэгш байдлыг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцэх зарчмаар хангаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 1.3-д хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Харин Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67, 72, 86, 100, 119 дугаар зүйлүүдэд заасан холбогдох зохицуулалт бүрд заасан хэргийн оролцогчийн эдэлбэл зохих эрх, хүлээвэл зохих үүргийг танилцуулж, гарын үсгийг зуруулж баталгаажуулсан байдлыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. /хавтаст хэргийн 19-22 дугаар тал/

Иймд хариуцагч О.Сийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 131/ШШ2021/00176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хариуцагч О.Сийн гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн тул түүний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас буцаан гаргаж, хариуцагч О.Сид олгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167

дугаар зүйлийн 167.1.5 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 131/ШШ2021/00176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч О.Сийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагч О.Сийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төвлөрсөн төсвийн сангаас буцаан гаргаж, хариуцагч О.Сид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь Монгол Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ

Г.УЛАМБАЯР