Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 15

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, улсын яллагч П.Эрдэнэбаатар, шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б-д холбогдох эрүүгийн 1840000200013 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З.Б

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1  дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, З.Б

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

З.Б нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрийн дулааны цехийн даргын өрөөнд хохирогч А.Б нүүрэн тус газар нь цохиж баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                   

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б-ы өгсөн “Би тэр өдөр даргынхаа өрөөнд орж цалингаа нэмэгдүүлэх талаар ярьсан. Тэрнээс болж бид хоёрын дунд маргаан үүссэн”  гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас өгсөн мэдүүлэгүүд

Хохирогч А.Б-н “2018 оны 02 сарын 13-ны өглөө намайг ажлынхаа өрөөнд сууж байхад манай дулааны станцын гагнуурчин З.Б нь 10 цаг өнгөрч байхад нэлээн согтуу орж ирсэн. Б нь мэндийн зөрүүгүй би компанийн контракт гэрээт цалинд оръё гэхээр нь энэ асуудлыг 7 сараас өмнө шийдэх боломжгүй, чи архи уусан байна, явж амар, согтуу хүнтэй  энэ асуудлаар ярихгүй, эрүүл болоод яриарай гэхэд Б нь манай цехийн А гэх ажилтантай барьцаж А яагаад компанийн гэрээт цалинг олон жил авч байгаа юм бэ гэхээр нь үйлдвэрийн хэмжээнд өндөр даралтын шугам хоолойг гагнах эрх бүхий чадварлаг гагнуурчинаар хүлээн зөвшөөрөгдсөн болохоор энэ цалинг авч байгаа юм. Харин чиний асуудлыг 7 сарыг дөхүүлж байгаад ярилцъя гэж хэлсэн. 7 сард гэрээ шинэчлэгдэх үед яригддаг... Б нь өөрийнхөөрөө зүтгээд компанийн контракт гэрээний цалинг авна гээд би одоо боломжгүй гэдгийг олон удаа тайлбарлаж хэлж маргалдсан... Б нь миний ширээг гараараа нэг удаа цохиж босож ирээд цонх руу гүйж очоод гараа мөн цохисон...чимээнээр хажуу өрөөнд сууж байсан механик Д.О, мастер Б.А нар орж ирсэн. Тэр хоёрт Бг хүн гаргаж гэрт хүргүүл гэж хэлээд тэр хоёр авч гарсан... Удалгүй  Б дахин манай өрөөнд орж ирээд давшлаад байхаар нь О-ийг дуудаж гэрт нь хүргэж өг гээд дахин хэлээд өрөөнөөсөө гаргасан... Үйлдвэрийн харуул хамгаалалтын албаны дарга Р руу утсаар ярьж Б-ыг согтуу агсраад байна гэж утсаар мэдэгдсэн... Б дахин миний өрөөнд орж ирээд шүлсээ хаяж, намайг халчих, би өргөдлөө авчихъя гэх мэтээр дайраад байхаар нь чи өрөөнөөс гарч үз гээд хаалга руу чиглүүлж өмсөж явсан хувцаснаас нь барьж байгаад гаргах гээд түлхэхэд Б эргэж хараад миний баруун нүд рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохиж намайг түлхсэн, тэр эрчиндээ газарт унасан... Б нь огцом ууртай, хурц ааштай, надтай цалин мөнгөний асуудлаар их хандаж байсан, тухайн үед нь боломж бололцоогоор нь шийдвэрлэж байсан... Б-д цохиулснаар баруун талын нүд улайж, дээд, доод зовхи нь хөхөрч хавдсан, нүдэнд цус хуралттай, зөөлөн эдийн няцралт байна гэж байсан... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, гэхдээ энэ хүнд хуулийн дагуу зохих ёсных нь хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг. /хх-н 17-18 хуу/

Гэрч Ц.Т-ын “...2018 оны 02 сарын 13-ны өдөр Б даргын өрөөнд цэвэрлэгээ хийж эхлээд удаагүй байтал манай цехийн гагнуурчин Б нь архи хэрэглэсэн согтуу байдалтай орж ирээд сандал дээр суухад нь Б дарга Бд хандан наана чинь хүн цэвэрлэгээ хийж байна, чи харьж амар гэхэд үгэнд нь орохгүй суугаад байсан. Тэгсэн Б дарга Б-ыг өрөөнөөсөө гаргах гээд өмсөж явсан хувцасных нь ханцуйнаас нь татаад гаргах гэтэл даргатай зууралдаад эхэлсэн. Би айгаад Б даргын өрөөнөөс гарахад О, А 2 гарч ирээд даргын өрөө рүү орсон... тэр 2 Б-ыг Б даргаас салгаад өрөөнөөс нь аваад гарсан. Тэгсэн Б дарга надаас миний нүд яачихсан байна гэж асуухад нь Б даргын баруун талын нүдний дотор талын цагаан нь улайчихсан, доод зовхинд нь улаан туяа суучихсан байсан. Тэгэхээр нь хөвөнд спирт шингээж жин тавьж өгсөн...” гэх мэдүүлэг. /хх-н 19-20 хуу/

Гэрч Д.О-ийн “2018 оны 02 сарын 13-ны өдөр ажлын өрөөнд 10 цагийн үед А-ын хамтаар сууж байхад цехийн дарга Б-ын өрөөнд хүмүүс маргалдах чимээ гарсан... А-ын хамтаар Б даргын өрөө рүү ороход Б нь нэлээн согтсон байдалтай цалин мөнгө хассан, бууруулсан талаар маргалдаад байсан... Б-ыг Б даргын өрөөнөөс авч гараад цехийн хаалгаар гаргахад Б хаалганы гадаа боржур дээр суугаад үлдсэн... өрөөндөө орж ирээд суугаад удаагүй байтал Б нь дахин Баттулга даргын өрөө рүү орчихсон маргалдаад байсан...би А-ын хамтаар Б-ыг даргын өрөөнөөс гаргаад доод давхарт байх хувцас солих өрөөнд оруулж одоо чамайг согтуу байхад ямар ч асуудал шийдэгдэхгүй, одоо харьж амар би хүргээд өгье гэхэд явахгүй байсан. Тэгэхээр нь өөрийн ажлаа бодоод хувцас солих үлдээгээд ажлын өрөө рүүгээ орсон.. Өрөөндөө дахин сууж байхад даргын өрөөнд мөн л тар няр хийх чимээ гарч хүмүүс муудалцаж байгаа дуу чимээ сонсогдохоор нь даргын өрөө рүү яваад ортол Б Б даргыг хана руу заамдаад шахчихсан, өмнөөс нь дарга мөн Б-ыг заамдчихсан байдалтай байхаар нь би очиж салгаад Б-ыг өрөөнөөс авч гарахад үйлдвэрийн харуулын албаны хоёр албан хаагч нь Б-ыг аваад явсан...Б нь ажилдаа сайн, бусдыгаа манлайлдаг, идэвхи зүтгэлтэй, жаахан хурц ааштай, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь сайн гүйцэтгэдэг, манай урдаа барьдаг гагнуурчдын нэг байгаа гэх мэдүүлэг. /хх-н 21-22 хуу/

Гэрч Б.А-ын “...тухайн өдөр Б даргын өрөөгөөр өглөөнөөс хойш 2-3 дахин орсон. Энэ болгонд нь надтай хамт сууж байсан О гаргаж явуулж байсан... Өрөөндөө сууж байхад хажуу талд байх Б даргын өрөөнд хүмүүс маргалдаж, пижигнэлдэх чимээ сонсогдохоор нь О бид 2 хамт Б даргын өрөөнд ороход өрөөний сандал ширээ нурчихсан, Б нь Б-г заамдчихсан, түрсэн байдалтай, Б даргын баруун талын нүд нь цохиулсан бололтой хавдаж улайсан байсан...Б нь архи хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ ажил төрөлдөө ирж байсан удаа байгаа гэх мэдүүлэг. /хх-н 21-22 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 25 дугаартай

  1. А.Б-ын биед баруун баруун нүдний алимны салстын  цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрхи гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн нэмэлтээр шүүх эмнэлэгийн 25 дугаартай

1. А.Б-ын биед баруун нүдний алимны доргилт, салстын болон дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой

гэсэн дүгнэлт /хх-н 13-14 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч З.Б-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч З.Б нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн Дулааны цехийн даргын өрөөнд хохирогч А.Б-тай маргалдан түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Б-ын  “...Бакытжан дахин миний өрөөнд орж ирээд шүлсээ хаяж, намайг халчих, би өргөдлөө авчихъя гэх мэтээр дайраад байхаар нь чи өрөөнөөс гарч үз гээд хаалга руу чиглүүлж өмсөж явсан хувцаснаас нь барьж байгаад гаргах гээд түлхэхэд Б эргэж хараад миний баруун нүд рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохиж намайг түлхсэн, тэр эрчиндээ газарт унасан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Т-ын “...Б дарга Б-ыг өрөөнөөсөө гаргах гээд өмсөж явсан хувцасных нь ханцуйнаас нь татаад гаргах гэтэл даргатай зууралдаад эхэлсэн. Би айгаад Б даргын өрөөнөөс гарахад О, А 2 гарч ирээд даргын өрөө рүү орсон... тэр 2 Б-ыг Б даргаас салгаад өрөөнөөс нь аваад гарсан. Тэгсэн Б дарга надаас миний нүд яачихсан байна гэж асуухад нь Б даргын баруун талын нүдний дотор талын цагаан нь улайчихсан, доод зовхинд нь улаан туяа суучихсан байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.О-ийн “...даргын өрөөнд мөн л тар няр хийх чимээ гарч хүмүүс муудалцаж байгаа дуу чимээ сонсогдохоор нь даргын өрөө рүү яваад ортол Б Б даргыг хана руу заамдаад шахчихсан, өмнөөс нь дарга мөн Б-ыг заамдчихсан байдалтай байхаар нь би очиж салгаад Б-ыг өрөөнөөс авч гарахад үйлдвэрийн харуулын албаны хоёр албан хаагч нь Б-ыг аваад явсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.-ын “...Б даргын өрөөнд хүмүүс маргалдаж, пижигнэлдэх чимээ сонсогдохоор нь О бид 2 хамт Б даргын өрөөнд ороход өрөөний сандал ширээ нурчихсан, Б нь Б-ыг заамдчихсан, түрсэн байдалтай, Б даргын баруун талын нүд нь цохиулсан бололтой хавдаж улайсан байсан...” гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч З.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, прокурорын шатанд прокурорын торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын торгох ял оногдуулах санал зэргийг харгалзан түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 сарын хугацаанд төлж биелүүлэхийг түүнд даалгаж шийдвэрлэв.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Хохирол төлбөрийн талаар:

          Хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд хохирогч А.Б нь Орбит ХХК эмнэлэгт 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хяналтын үзлэг, ОСТ оношлогоо хийлгэсний төлбөрт 90.000 төгрөг тушаасан баримт авагдсан байна. Дээрх хохирол нь шүүгдэгч З.Б-ы хууль бус, санаатай үйлдлийн улмаас учирсан хохирол байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Б-аас гаргуулж  хохирогч А.Б-д олгуулах нь зүйтэй болно.

          Хэрэгт эдийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд тус тус дурдаж шийдвэрлэв. 

          Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтыг /5.3.1/ зөрчөөгүй тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч З.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-ыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн  торгох ялаар шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар З.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-аас 90.000 /ерөн мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч А.Б-д олгосугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл З.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ                          Р.БАТБАЯР