| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | Шийдвэр 128/2025/0396/З |
| Дугаар | 128/ШШ2025/0470 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2025/0470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н****** ***** ХХК
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А******, Ц.Х******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн Н****** ***** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1 Нэхэмжлэгчид Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/434 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, У****** С****** ШТС зүүн талд байрлах нэгж талбарын ******* дугаартай, 1204 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар ашиглуулахаар ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгосон байх бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.
2.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/582 дугаар Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн хавсралтын 22 дахь хэсэгт Н****** ***** ХХК-ийн газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж, ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байх бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
2.3. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас Н****** ***** ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15/1849 дүгээр албан бичгээр ...газар нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/-д заасан нөхцөл бүрдсэн байх тул танай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье. Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан тайлбар гаргах, материал ирүүлэх тохиолдолд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор хариу тайлбараа тус албанд ирүүлнэ үү. мэдэгдлийг хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа ч хэрхэн, яаж хүргүүлсэн нь тодорхойгүй байна.
2.4. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн хавсралт 5 дахь хүснэгтээр Н****** ***** ХХК-ийн газар эзэмших эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.5. Нэхэмжлэгч маргаан бүхий дээрх актыг мэдсэн даруйдаа шийдвэрийг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан гомдол гаргахад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/729 дүгээр албан бичгээр ...захирамж нь хууль зөрчсөн, газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно... хангахаас татгалзсан байна.
2.6. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан гомдлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 05-02/2629 дүгээр Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтад заасны дагуу "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 15/49 дугаартай албан бичгээр танайд мэдэгдэл хүргүүлсэн байх тул танаас ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье. хариуг өгчээ.
2.7. Дээрх шийдвэрүүдийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ажээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгч "Н****** *****" ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн А/582 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, У****** С****** ШТС зүүн талд байрлах нэгж талбарын ******* дугаартай, 1204 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болж, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авч мөн өдөр ******* дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан билээ.
Уг газраа зориулалтын дагуу эзэмшиж газар дээрээ Худалдаа, нийтийн үйлчилгээний цогцолбор барихаар төлөвлөн ажиллаж байсан боловч дэлхий нийтийг хамарсан корона вирусын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байж байгаад 2022 оноос уг газар дээрээ барилгын зураг хийлгэж, хөрөнгө оруулалт татаж, барилгын ажил эхлүүлэхээр ажиллаж байсан билээ.
Манай компанийн эзэмших эрхтэй газрын мэдээлэл газрын цахим мэдээллийн cgazar.gov.mn цахим сайтад ороогүй байсан учир уг асуудлыг лавлахаар 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд очиж асуухад манай газар эзэмших эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болсон тухай хэлж, уг захирамжийн хувийг архивын хуулбар үнэн тэмдэг дарж гардуулан өгсөн билээ.
Дээрх захирамжаар миний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй бөгөөд миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж Баянзүрх дүүргийн Засаг даргад хандсан боловч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07-14/302 тоот албан бичгээр шүүхэд хандан шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтуудыг дурдсан нь үндэслэлгүй юм.
Учир нь захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохын өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулах, нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй нь хууль бус болсон бөгөөд манай компани уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, газрын төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлж, газар дээрээ барилга барихаар холбогдох зураг төсөл судалгаа хийх, хөрөнгө оруулалт татах, зөвшөөрөл авахаар төлөвлөн ажиллаж байхад ийнхүү шууд цуцалж байгаа хуульд нийцээгүй, газар эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.
Баянзүрх дүүргийн засаг дарга Г.Ж*******д хандан 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй, мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хандан 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гомдол гаргахад "Гомдлыг шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариу ирсэн.
Иймд хууль зөрчсөн, газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн Н****** ***** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... Маргаан бүхий захиргааны актаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т ...40.1.6-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдэгт гэнэтийн давагдашгүй хүчин зүйл эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, гэмтэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно... гэж тайлбарласан. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэдэг нь Гэрээ хэлцэл байгуулах үед буюу гэрээ хэрэгжиж байх хугацаанд хүн төрөлхтний мэдлэг, боломжийг орчин үеийн түвшинд тодорхойлох болон урьдчилан гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн эсхүл тодорхойлох боломжтой ч зайлуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн, талуудын хяналтаас гадуур онцгой ба дийлдэшгүй нөхцөл-ийг ойлгоно.
Гэнэтийн үед авагдашгүй хүчин зүйл голчлон байгалийн гамшигт үзэгдэл, нийгмийн амьдралын зарим нөхцөл байдал зэргээр илэрдэг.
Нийгмийн амьдралын зарим нөхцөл байдал гэдэгт халдварт өвчин, төрийн байгууллагаас хорио, цээр тогтоох асуудлууд багтдаг. Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сараас эхлэн нийтийг хамарсан хатуу хөл, хорио тогтоосон. Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан. Уг хөл хорионоос үүдэн ихэнх аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон.
Хөл хорио тогтоохоос өмнө газар дээрээ хийх ажлын зураг, төслөө хэвлүүлж байсан бүх ажлууд төлөвлөсний дагуу хэрэгжих боломжгүй болсон. Үүнтэй холбогдуулан Улсын дээд шүүхийн 2022 оны 23 дугаар тогтоол, 2023 оны 60, 72 дугаар тогтоол, 2024 оны 76, 93 дугаар тогтоол, 2025 оны 19 дүгээр тогтоолуудаар дээр дурдсан нөхцөл байдлыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна гэж тайлбарласан. Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү... гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамж"-аар хүчингүй болгосон байх ба тус захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай захирамж юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн А/403 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт дурдсан нь үндэслэлгүй гэсэн боловч тус захирамжид тухайн заалтыг үндэслээгүй байгаа болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ "Н****** *****" ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн А/582 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, У****** С****** ШТС зүүн талд байрлах нэгж талбарын ******* дугаартай, 1204 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон гэж дурдсан байх ба "Н****** *****" ХХК-д анх Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1205 м.кв газрыг үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/434 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгосон байх ба 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/582 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг 15 жилээр сунгуулсан байна.
Нэхэмжлэгч нь 2014 оны 09 сарын 02-ны өдрийн А/434 дугаартай "Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай" захирамжаар газар эзэмших эрхтэй болсноос хойш 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/582 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг сунгах, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамж гарах хүртэл буюу анх газар эзэмшиж эхэлснээс хойш газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл тухайн газраа зориулалтын дагуу ашигласан гэх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх нь үндэслэлгүй байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байх боловч нэхэмжлэлд дурдсан шалтгаан буюу дэлхий нийтийг хамарсан корона вирусын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэх нь Газрын тухай хууль тогтоомж болон Газрын тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2008 оны "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.10-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдэгт хамаарахгүй байна. Дээр дурдсанчлан анх газар эзэмших эрхтэй болсноос хойш 2014 оноос 2023 оны хооронд зориулалтын дагуу ашиглаагүй ба үүнийг дэлхий нийтийг хамарсан корона вирусын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэх нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг дурдсан нь үндэслэлгүй байна гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч тус хуулийн 60 дугаар зүйлийн гарчигт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж "Аймгийн нутаг дэвсгэр дэх газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх" болж өөрчлөгдсөн. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамж гарах тухайн үед тус зүйлийн гарчиг нь "Газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх" гэж байсан бөгөөд тус захирамж нь хуулийн дагуу байна.
Нэхэмжлэгч нь сонсох ажиллагааг явуулах, нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчид дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15/1851 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд тус мэдэгдэлд "Н****** *****" ХХК нь Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд хариу ирүүлсэн байна. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн засаг дарга Г.Ж*******д хандан 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй гэж дурдсан байх ба тус өдөр "Н****** *****" ХХК-с албан бичиг ирүүлсэн ба бичгийг хүлээн авч танилцаад 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/729 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн болно.
Иймд Засаг даргын шийдвэр нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий гарсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тус шүүхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/403 дугаар захирамжтай холбоотойгоор "Э*******" ХХК-ны нэхэмжлэлтэй хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд "Э*******" ХХК нь тус хэрэгтэй ижил захирамжаар буюу 2014 оны 09 сарын 02-ны өдрийн А/434 дугаартай "Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай" захирамжаар газар эзэмших эрхтэй болж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/582 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг сунгаж, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамжаар газар эзэмших эрхгүй болсон тул хэрэг нэгтгэж өгнө үү. гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдэгт гэнэтийн давагдашгүй хүчин зүйл эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, гэмтэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж заасанд хамаарахгүй гэж үзэж байна... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд хэргийн нөхцөл байдлыг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
4.2. Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлээ ...Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сараас эхлэн нийтийг хамарсан хатуу хөл, хорио тогтоосон. Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан. Уг хөл хорионоос үүдэн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон... гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/582 дугаар захирамж гарснаас хойш 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамж гарах хүртэл уг газраа зориулалтын дагуу ашигласан гэх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй... хэмээн өөрийн актын үндэслэлээ хамгаалан маргасан.
4.3.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан бөгөөд энэ тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэснийг буюу хүндэтгэн үзэх шалтгаан-ыг эрхийн гэрчилгээ эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын хувьд газраа үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг хэрэгжүүлэхэд учирч болох хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тайлбарлан хэргийг шийдэх нь хуулийн агуулга, зорилгод нийцэх юм.
4.4.Тодруулбал, нэхэмжлэгч компанид газар эзэмших эрхийг олгосон 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/582 дугаар захирамж гарснаас хойш жил орчмын дараа Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн бөгөөд Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн байдлын зэргийг цуцалсан нийтэд илэрхий үйл баримт тохиолдсон. Уг хөл хорионы улмаас ихэнх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 23, 2023 оны 60, 72, 2024 оны 76, 93, 96 зэрэг тогтоолуудаар энэхүү нөхцөл байдлыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан-д хамаарна гэж тайлбарласан.
4.5.Шүүхээс дээрх хянахын тогтоолыг анхааран шүүхийн шийдвэрийн нэгдмэл байдлыг хангах зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзсэн.
4.6.Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ, 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно, 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж заасны дагуу захиргааны байгууллага гаргах гэж буй сөрөг үр дагавар бүхий актын талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх ёстой бөгөөд тэдгээрээс тайлбар гаргах боломжоор хангах үүрэгтэй.
4.7.Гэтэл сонсох, мэдэгдэх ажиллагаатай холбоотой асуудлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Маргаан бүхий захирамжтай ижил захирамжаар Э******* тур ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг компанийн захирал н.Н*******гэх хүн байдаг. Хавтаст хэргийн 17 дугаар хуудаст байх н.Н*******гэх хүний төлсөн 53,020 төгрөгийн баримтаас үзвэл хүлээн авсан байх боломжтой гэж үзэж байна... хэмээн тайлбарласан.
4.8.Гэвч хэрэгт авагдсан Н****** ***** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд иргэн Н*******гэх нэр тэмдэглэгдээгүй, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...манай компанид ийм хүн байдаггүй... хэмээн дээрх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг няцаасан.
4.9.Үүнээс үзэхэд захиргааны байгууллага нь маргаан бүхий актыг гаргах гэж буй болон гаргасан талаар, түүнийг эрх нь зөрчигдөж буй этгээдэд хүргүүлсэн гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдсонгүй.
4.10.Иймд дээрх дүгнэлтүүдээр нэхэмжлэгчийг эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутган нэхэмжлэгчийн газар эрхийг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлгүй байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн Н****** ***** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн Н****** ***** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР