Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/08

 

 

Н.Б, Т.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ц.О даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.Т,

Шүүгдэгч Н.Б,

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Ж.Д,

Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч М.Э,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ш,

Иргэний хариуцагч Я.А-ийн өмгөөлөгч О.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Ж.М, иргэний хариуцагч Я.А-ийн өмгөөлөгч О.А нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Н.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн 2116001110090 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:  

 

О овогт Н.Б нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр ............. аймгийн .......... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ....................... мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ................. аймгийн ..................-ын даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , .........., ... хүүхдийн хамтаар .............. аймгийн .............. сумын .............. ... -р багийн “................” ... - ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЮ************* регистрийн дугаартай,

 

Ө овогт Т.Б нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр ............. аймгийн ............ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ....................... мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ................. аймгийн ..................-ийн мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , ........, ............. хамтаар ................ аймгийн .............. сумын ............ ... -р багийн ... - ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЮ************ регистрийн дугаартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б-ыг нийтийн албан тушаалтнаар буюу ................. аймгийн ..................-ын даргаар ажиллаж байхдаа ........................-ын дээврийн холбоосны засварын болон бусад засварын ажлын гүйцэтгэгчээр “...........” ХХК-ийг сонгон шалгаруулахын тулд ............. аймгийн ......................-ийн мэргэжилтэн Т.Б-той бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/20 дугаартай байгууллагын засварын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тушаалаар үнэлгээний хорооны даргаар Т.Б-ыг, гишүүдээр ........................-ын чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.А, иргэний төлөөлөл Ц.А нарын бүрэлдэхүүнтэй томилж, үнэлгээний хороо хуралдаагүй байхад 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай “...........” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг тус тус хуурамчаар үйлдэж Н.Б-д хүргүүлж, улмаар ........................-ын дарга Н.Б, “...........” ХХК-ийн захирал Я.А нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж тус гэрээний дагуу “...........” ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөгийг нийт 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээний дагуу шилжүүлсэн 35,000,000 төгрөгөөс Н.Б нь А.Н 53******* тоот дансаар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг, 2019 оны 07 сарын 18-ны өдөр 5,600,000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 16,600,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот руу удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох нэрийдлээр тээвэр, шатахууны зардлаас 1,020,000 төгрөгийг, 2020 оны 06 дугаар сард Ховд аймаг руу тэмцээн, уралдаанд оролцох нэрийдлээр 240,250 төгрөг, нийт 1,260,250 төгрөгийн шатахууныг хувийн хэрэгцээндээ зарцуулсан,

2020 онд багаж, техник хэрэгслийн зардалд тавигдсан 8,140,000 төгрөгөөр тус газарт спортын бараа хэрэглэгдэхүүн худалдан авахаар иргэн Ж.Б-тэй 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2020/02 дугаартай бараа нийлүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу шилжүүлсэн 8,140,000 төгрөгөөс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “манай газраас шилжүүлсэн барааны мөнгөнөөс 3,140,000 төгрөгийг түр гаргаад өгчих, Эрээнээс бараагаа захих үед чинь буцаагаад өгнө хэмээн иргэн Ж.Б-ээс бэлнээр гаргуулан авсан үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт,

Шүүгдэгч Т.Б-ыг нийтийн албан тушаалтнаар буюу ................. аймгийн ..................-ийн мэргэжилтэн байхдаа ........................-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/20 дугаартай тушаалаар тус газрын засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа ................. аймгийн ..................-ын даргаар ажиллаж байсан Н.Б-той бүлэглэн ........................-ын дээврийн холбоосны засварын болон бусад засварын ажлын гүйцэтгэгчээр Я.А-ийн “...........” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулахын тулд үнэлгээний хороо хуралдаж, шийдвэр гаргаагүй байхад үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай “...........” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хуурамчаар үйлдэж ........................-ын дарга Н.Б-д хүргүүлж, тус газрын дарга Н.Б нь үнэлгээний хороо хуралдаж шийдвэр гаргаагүй гэдгийг мэдсээр байж “...........” ХХК-ийн захирал Я.А-тэй 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу “...........” ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31- ний өдөр 15,000,000 төгрөг нийт 35,000,000 төгрөг шилжүүлж тус компанид давуу байдал бий болгосон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 

Шүүгдэгч О овгийн Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ө овгийн Т.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 (Хоёр) жилийн хугацаагаар хасаж, 8,000 (Найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 (Найман сая) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 (Хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж уг ялыг нь 2 (Хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Т.Б нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Гэмт хэргийн улмаас .......... аймгийн ............... газарт учирсан хохирол 26,124,250 (Хорин зургаан сая нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг иргэний хариуцагч Я.А (...........” ХХК)-гээс, 4,400,250 (Дөрвөн сая дөрвөн зуун мянга хоёр зуун тавь) төгрөгийг шүүгдэгч Н.Б-оос тус тус гаргуулан хохирогч ................ аймгийн “.................газарт олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 318,000 (Гурван зуун арван найман мянга) төгрөгийг шүүгдэгч Н.Б, Т.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж, ****** ХХК-д олгож, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Иргэний хариуцагч Я.А-ийн өмгөөлөгч О.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргаж байна

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Б-ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд тухайн гэмт хэргийн учирсан хохирлыг иргэний хариуцагч “...........” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, түүнд заасан зарчмыг зөрчиж шийдвэрлэсэн нь иргэний хариуцагчийн хувьд шударга бус шийдвэр байна.

Иргэний хариуцагч “...........” ХХК нь ........................-ын том жижиг заалыг будах, 144 м2 дээврийн засвар хийх, 4ш хаалга солих, урсдаг лед самбар суурилуулах зэрэг ажлуудыг нийтэд нь 35 сая төгрөгөөр хийхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан. Тухайн ажлыг хийж гүйцэтгэх материал, ажлын гүйцэтгэлийг “...........” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан иргэдээр гүйцэтгүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс “...........” ХХК-д холбогдуулж хохирол барагдуулахаар шийдвэрлэхдээ үнэлгээний ****** ХХК-ийн гаргасан 8,875,750 төгрөгийн үнэлгээг гэрээний дүн 35 сая төгрөгөөс хасч 26,124,250 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Тухайн хэрэг нь Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ДШМ/02 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус магадлалд хэргийг шийдвэрлэхэд “...........” ХХК-ний хийх ёстой байсан бусдаар хийлгүүлсэн гэх ажил чанарын шаардлага хангасан эсэх нь хэрэгт ач холбогдолтой байна.

Хохирогч байгууллага болон мэргэжлийн байгууллагаас хийгдсэн дээрх ажлуудыг чанар стандартад нийцсэн эсэх талаарх байр суурь, үнэлэлт шаардлагатай. Чанарын шаардлага хангасан ажил нь хохирлоос хасагдаж тооцогдох, чанаргүй бараа, ажил үйлчилгээнийхээ холбогдох зардлыг “...........” ХХК хариуцахаар байна. Үүнээс шалтгаалан 16,600,000 төгрөг авч өөртөө давуу байдал бий болгосон эсэх нь болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ тогтоогдохооор байна гэж хянагдаж буцсан байхад энэ талаар прокуророос, анхан шатны шүүхээс хохирлын хэмжээг тогтоох талаар хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагааг хийхгүйгээр дахин шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхээс хохирлын асуудлыг тооцохдоо ажлын гүйцэтгэл, чанараас хамаарч хохирол бодитой тооцох боломжтой гэж дүгнэсэн байхад үнэлгээний компанийн гаргасан зарим бараа материалын үнэлгээг хасч хохирлыг тооцож гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчиж байна.

Үнэлгээний ****** ХХК-ийн гаргасан хөрөнгө, эд зүйлийн зах зээлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2021 оны В21-139 дугаартай дүгнэлтэд /2-р хх-ийн 130-140-р тал/

1. Бикрост чулуугүй хар цаас -22 боодол,

2. Бикрост чулуутай хар цаас -22 боодол,

3. Шилэн хаалга-1ш,

4. Дуу тусгаарлагчтай 2 хавтастай төмөр хаалга-Зш,

5. Цемент-2ш,

6. Агааржуулалтын сэнс -2ш

7. Хар лак- 6ш,

8. Урсдаг лед самбар-1ш зэрэг 8 нэр төрлийн бараа, материалын үнийг 8,875,750 төгрөг гэж тогтоосон. Гэтэл бодит байдалд тухайн ажил гүйцэтгэх гэрээгээр хийх ёстой байсан ажлууд бүгд хийгдсэн буюу спорт заалны шалыг будах, дээврийг засварлаж хар цаас наах, хаалга суурилуулах, урсдаг лед самбарыг нийлүүлж байршуулах, тухайн бараа материалыг Улаанбаатар хотоос тээвэрлэх, зохих хөлс, татвар суутгалыг төлөх зэрэг шаардлагатай ажлуудыг “...........” ХХК гүйцэтгэсэн байдаг. Тухайн ажил гүйцэтгэх гэрээний ажлын гүйцэтгэлээр үнэлгээг гаргаагүйгээс шалтгаалж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруу тооцож байгаа нь иргэний хариуцагчийн хувьд шударга бус хохиролтой байна.

“...........” ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш 2023 оны байдлаар татварын өр төлбөргүй үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар 10 хувийн албан татвар суутган тооцуулдаг. ........................-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу олгогдсон гэх 35 сая төгрөгний санхүүжилтээс 3.5 сая төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварт орлогоосоо төлсөн байна.

Тухайн ажил гүйцэтгэх гэрээгээр компанид шилжсэн санхүүжилтийг албан татвар, нийгмийн даатгал, цалин хөлс, тээврийн зардал, бараа материалын зардал, бусад зардал, ашгийн хувь хэмжээг тооцож “...........” ХХК нь тухайн гэрээг байгуулсан. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ХХК нь гэрээний дүнгээр бүх санхүүжилтийг зарцуулах ёстой гэсэн хууль журам байхгүй.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 3.5 сая, барилгын материалын дэлгүүрээс том жижиг спорт заалны шалыг будахад 1.8 сая төгрөгний будаг, ажил гүйцэтгэсэн иргэн О-т 600.000 төгрөгний ажлын хөлс төлсөн тухай /1хх-163 дугаар тал/, Ч.Б-д 1.2 сая төгрөгний ажлын хөлс төлсөн тухай /1хх-165-167, 1хх-168-173-р тал/, Ч.Б-ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-173х/ ажил хариуцуулан гүйцэтгүүлсэн А.Д /1хх-181-187 тал/ мэдүүлэг, түүнийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-40-41х/ бусад байдлаар гаргасан зардал, тээврийн зардал зэрэг ажил гүйцэтгэхтэй холбоотой зардлуудыг хохирлоос хасч үнэн зөв тооцохгүйгээр хохирлыг тооцож гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн ажлыг гүйцэтгэхэд дээрх зардлууд гаргасан болох нь гэрч Х, Ч.Б, О, А.Д нарын мэдүүлэг, дансанд үзлэг хийсэн баримт, татварын тодорхойлолт зэргээр тогтоогдож байхад хохирлоос хасч тооцохгүй байгаа нь иргэний хариуцагчийн хувьд хохиролтой Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй байна.

“...........” ХХК нь том жижиг спорт заалны шалыг будах, 4ш хаалга суурилуулах, урсдаг лед самбарыг байршуулах, дээврийн засварын ажлыг гүйцэтгэсэн болох нь спорт хорооны ажилчдын мэдүүлэг, ажил гүйцэтгэсэн гэрчийн мэдүүлэг, мөрдөгчийн үзлэг зэргээр тогтоогддог. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, баримтаар тогтоогдсон үйл баримт буюу засварын ажлыг ажлын гүйцэтгэлээр тооцохгүйгээр хохирлыг үнэн зөв тооцох боломжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчим зөрчигдсөн, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдалд хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бодитой тооцох талаар эрх бүхий албан тушаалтнууд хангалтгүй ажилласан, нотолбол зохих байдлыг бүрэн нотлолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь иргэний хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаж байна гэжээ.

 

Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч Ж.М миний бие Н овогтой Б-ын хүсэлтээр түүний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалахаар “Хууль зүйн туслалцааны гэрээ” байгуулан өмгөөлөгчөөр оролцож байгаа билээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй, дээрх дүгнэлт нь хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцээгүй бөгөөд хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Н.Б-ын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1-1-д заасан гэмт хэргийн үндсэн шинж болох обьектив болоод субьектив шинжийг хангахгүй бөгөөд Н.Б-ын хуулийн хүрээнд ажил албан үүргээ гүйцэтгэсэн үйлдлийг гэмт хэрэг гэж дүгнэлт хийж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нотлох баримтыг жагсааж бичсэнээс үйл баримт бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй. Энэ хэрэгт цугларсан нотлох баримтууд болон иргэд хоорондын салбар эрх зүйн зохицуулалт орж ирсэн тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар одоог хүртэл үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийг тайлбарлаж хэрэглэхэд эргэлзээ үүссэн байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нөхцөл байдал байгаа тул Н.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос Т.Б-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын зүгээс 35,000,000 төгрөг, 1,260,000 төгрөг,  3,140,000 төгрөг бүгд 2021 оны аудитын дүгнэлтээр гарч ирсэн. 35,000,000 төгрөгийн дээврийн ажил тухайн оноос хойш ус гоожсон хэвээрээ, шалны будаг ажилчдаар хийлгэсэн. 1,260,250 төгрөгт акт тавигдсан. Тухайн үед ямар нэгэн тэмцээн уралдаан болоогүй. 3,140,000 төгрөгийн бараа материалын авлага үүссэн байгаа. Байгууллагын зүгээс 39,450,250 төгрөгийн авлага үүссэн байна. Үүнийг буруутай этгээдээр төлүүлж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэний хариуцагч Я.А-ийн өмгөөлөгч О.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн иргэний хариуцагчаар бараа материалын хохирол гаргуулахдаа бараа материалын үнээр гаргасан уу? ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр гаргасан уу? гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдана. Заал будах ажлыг Н.Б дарга тухайн үед өөрөө саналаа тавьж, танай компани будаж чадахгүй, та нар будгийг нь аваад өгчих гэж хэлээд будгийг авхуулж ажилчдаараа будуулсан нь үнэн. Бусад дээврийн засвар, хаалга цонх суурилуулсан ажлуудыг “...........” ХХК-аас хөлсөөр ажиллах гэрээний дагуу гэрээ байгуулж хүмүүсээр хөлсийг өгч хийлгэсэн байгаа. Би гомдол дээрээ тодорхой дурдсан. 2020 онд авсан санхүүжилтээс хуулийн дагуу 3,5 сая төгрөг татварт төлсөн. Тэгэхээр хохирол тооцсон асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй. Нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлаа үнэн зөв, бодитоор шийдэж чадахгүй байгаа учраас үүнийг хянаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...........” ХХК-ий 35,000,000 төгрөгийн тендерийг үнэлгээний хороо байгуулж, үнэлгээний хороо гэрээ байгуул гэсний дагуу гэрээ байгуулж ажилласан.  “...........” ХХК гэрээнд заасан ажлаа 100% хийж гүйцэтгэсэн. Үүнийг хүлээлцэх гэхээр миний ажлыг авсан албан тушаалтан намайг “Чи идэж уусан чамайг шалгуулна” гэж хэлээд ажил хүлээлцээгүй байдаг. Хүлээлцэж авсан бол дусаал гоожиж байгааг нь энэ компани засварлах боломжтой. Ж.Б-ээс авсан 3,000,000 төгрөгөө цувуулж эргүүлж төлсөн. Шатахууны 1,200,000 төгрөг гэж байгаа нь би тухайн үед нягтлантайгаа албаны ланд 80 машинтай явж санхүү хөөцөлдөж 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт шийдүүлж ирсэн байдаг. Энэ талаар тухайн үеийн авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчдаа хэлсэн. Ховд аймагт болсон тэмцээний талаар мэдэхгүй байна. Миний хэргийг цагаатгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

4. Шүүгдэгч Н.Б-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын дүгнэлт:

 

4.1. Шүүгдэгч Н.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу ................. аймгийн ..................-ын даргаар ажиллаж байхдаа ........................-ын хоёр заалны холбоосын дээврийн засварын болон бусад засварын 35,000,000 төгрөгийн үнийн дүнтэй ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтыг зохих ёсоор явуулаагүй байхад Я.А захиралтай “...........” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтгүйгээр 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөг шилжүүлж, нийт 35,000,000 төгрөгийн санхүүжилтийг бүрэн олгож, уг 35,000,000 төгрөгөөс А.Н 53******* тоот дансаар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг, 2019 оны 07 сарын 18-ны өдөр 5,600,000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 16,600,000 төгрөгийг шилжүүлэн авсан байна.

 

4.2. Мөн 2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот руу удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох нэрийдлээр ................. аймгийн ..................-ын тээвэр, шатахууны зардлаас 1,020,000 төгрөгийг, 2020 оны 06 дугаар сард Ховд аймаг руу тэмцээн, уралдаанд оролцох нэрийдлээр 240,250 төгрөг, нийт 1,260,250 төгрөгийн шатахууныг хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна.

 

4.3. Түүнчлэн 2020 онд ................. аймгийн ..................-ын багаж, техник хэрэгслийн зардалд тавигдсан 8,140,000 төгрөгөөр тус газарт спортын бараа хэрэглэгдэхүүн худалдан авахаар иргэн Ж.Б-тэй 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2020/02 дугаартай бараа нийлүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу шилжүүлсэн 8,140,000 төгрөгөөс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “манай газраас шилжүүлсэн барааны мөнгөнөөс 3,140,000 төгрөгийг түр гаргаад өгчих, Эрээнээс бараагаа захих үед чинь буцаагаад өгнө хэмээн иргэн Ж.Б-ээс бэлнээр гаргуулан авсан байна.

 

5.1. Эдгээр үйл баримтууд нь гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би дээврийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал болон ажлын хэсэгт орж байсныг надад хэн нэгэн хэлээгүй. Би ................. аймгийн ..................-ын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар хуралд огт сууж байгаагүй.

Хурлын тэмдэглэл, тендэр сонгон шалгаруулах ажлын хэсгээс бүрдүүлсэн баримт дээр зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна” гэх мэдүүлэг /1 хх 238-239, 3 хх 183/,

................. аймгийн ..................-ын дарга Н.Б-ын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/20 дугаартай “Байгууллагын засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар  хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Т.Б-ыг, нарийн бичгийн даргаар чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.А-г, иргэний төлөөлөлөөр Ц.А-г томилж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, дүгнэлт гаргахыг үнэлгээний хорооны даргад даалгасан” тушаал /2 хх 78/,

 

 5.2. Гэрч Ж.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Спорт заалны шалыг манай байгууллагын ажилчид өөрсдөө 2019 оны намар 8, 9 дүгээр сард будаж байсан. Би тухайн үед ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Н.Б дарга өөрөө ажилчид бидэнд үүрэг өгсний дагуу шалны будгийн ажлыг хийж байсан. Тухайн үед ажилчид бид нар “...........” ХХК нь заалны шалыг будах ёстойг мэдээгүй. Хэрэв мэдсэн байсан бол даргад тухайн үед нь хэлээд тэр компаниар нь хийлгэ гэдэг шаардлагыг тавих байсан.

“...........” ХХК-аас 2019 онд ямар нэгэн засварын ажил хийгээгүй. Ямар нэгэн хар цаас авч ирсэн зүйл огт байхгүй. Мөн 2020 онд хар цаас авчирч ирээд ажлаа эхлүүлье гээд ирэхэд нь ажилчид бидний зүгээс Хятад хар цаас дээвэр дээр наалгуулахгүй шүү гэж огт хэлж яриагүй.

Би Н.Б даргаас 2019 оны намар хамт олны хурал дээр дээврийн засварын ажлыг ямар компани хийх ёстой юм бэ? яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ? гэж асуухад “...........” ХХК хийх ёстой. Шарга суманд цэцэрлэгийн ажил хийж байгаа. Ажил нь давхцаад байгаа юм шиг байна билээ. Миний үгэнд орохгүй байгаа гээд үл ойшоосон шинжтэй байсан” тухай мэдүүлэг /1 хх 17-20, 22-24/,

 

5.3. Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн байгууллагад 2019 онд дээврийн засварын ажил хийгдээгүй. 2020 оны зун 6 сарын үед Улаанбаатар хотоос 3 төмөр хаалга, 1 шилэн хаалга бас урсдаг лед самбар ачааны машинаар ирснийг Н.Б даргын өгсөн үүргийн дагуу граж руу хийж хураасан. 2020 оны 9 сард 3 ширхэг төмөр хаалгыг 2-р цэцэрлэгт харуул хийдэг О хоёр залуугийн хамт ирж суурилуулсан.

Үүдний том шилэн хаалгыг нь “..............” компани барилгын ажилд туслаад яваад байдаг Т гэдэг залуутай харуул, жижүүр, ганц, нэг багш нар хамжилцаж суурилуулсан.

Урсдаг лед самбарыг ч гэсэн жижүүр, зарим нэг багш, ажилчидтай хамжилцаад бид өөрсдөө тогтоож суурилуулж байсан.

2019 оны 08 сарын сүүл, 09 сарын эхэн үед спортын А, Б заалны шалыг ажилчид бид өөрсдөө будаж байсан. Н.Б дарга “Хоёулаа зах руу явж заал будах будаг авъя гээд дагуулж яваад будаг зардаг Х гэдэг залуугаас өнгө, өнгийн лаазтай будаг, багс, өнхрүүш, будаг шингэлэгч зэрэг 1.800.000 төгрөгийн зүйлсийг зээлээр авсан. Мөнгийг “...........” ХХК өгнө гэж Н.Б дарга хэлсэн.” гэх мэдүүлэг (1 хх 26-30, 32-36, 223-225),

 

5.4. Гэрч Д.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны зун 07 сарын сүүлээр байх манай байгууллагын гадна талын дээврийн засварын ажлыг аймгийн захиргаанд жижүүр хийдэг зүс таних нэг залуу, өөр хэд хэдэн танихгүй залуучуудтай хамт 6-7 өдөр хийгээд явсан. Намар 8 сарын эхээр 3 ширхэг төмөр хаалгыг танихгүй хоёр залуу суурилуулсан. Харин 1 ширхэг шилэн хаалга нь урьд нь намайг амарч байсан өдөр хийгдсэн байсан. Хаалга суурилуулсны дараа үүдний лед самбарыг миний бие, нярав М ах болон бусад ажилчид хамжиж суурилуулсан” гэсэн мэдүүлэг (1 хх 188-190),

 

5.5. Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 онд А, Б заалны хоорондох хоолойны дээврийн засварын ажлыг танихгүй хүмүүс хийсэн. Спорт заалны шалыг 2020 оны намар 08 сарын үед байгууллагын  багш, ажилчид өөрсдөө будсан. Дотор талын 4 хаалгыг сольсон байсан. Спорт заалны шалыг засвар хийсэн компани өөрсдөө будах ёстой байсныг сүүлд мэдсэн.” тухай мэдүүлэг (1 хх 195-196, 4 хх 47),

 

5.6. Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны намар 08 сард манай ........................-ын А, Б заалны хоорондын холбоосны дээвэр дээр хэдэн танихгүй залуучууд гарчихсан хар цаас сольж байсан. “............” ХХК-ий ажилчид байх гэж бодож байсан. 2020 оны 10 сарын үед байна уу даа, газрын даргаар ажиллаж байсан Н.Б засварын ажлыг хүлээж авах ажлын хэсэг томилсон тушаал гаргасан байсан. Н.Б дарга “Ажил хүлээж авсан акт гаргаадах” гэхээр “............” ХХК-ий захирал Я.А гэх хүний утас руу холбогдоод ирж хийсэн ажлаа хүлээлгэж өгнө үү” гэхэд Говь-Алтайд манай нэг ажилтан байгаа гээд нэг хүний утасны дугаарыг нь өгсөн. Тэр хүнтэй нь холбогдоход ажил хүлээлцсэн бичиг, цаасаа бүгдийг нь бүрдүүлчих, би очоод гарын үсэг зуръя гэсэн. Тэгээд таг чиг болсон.

“............” ХХК-аас ямар ч хүн ирээгүй, хийсэн ажлаа танилцуулаагүй учраас бид нар хуурамч материал бүрдүүлж тэдгээр хүмүүсийн өмнөөс гарын үсэг зуралтай биш гээд орхисон.Тэрнээс хойш Н.Б дарга ч хэд хэдэн удаа нөгөө ажил хүлээлгэж өгөх актаа гаргасан уу? гээд намайг шавдуулаад байсан. Гэхдээ ажил хүлээн авсан акт гаргаагүй.

2020 оны намар 9 сарын үед байх Н.Б дарга үүдний шилэн хаалга, урсдаг лед самбарыг тогтоогоорой гэж нярав М, жижүүр, Г бид хэдэд хэлсэн. Бид хэд хамжилцаад үүдний том шилэн хаалга, үүдний урсдаг лед самбарыг тогтоож байсан юм.

Шилэн хаалга, хаяг самбар тогтоох ажилд “............” ХХК-ий ажилтнаас хэн ч оролцоогүй ба дээврийн засварын ажил хийж байсан хүнээс дрилл, тэгш ус зэрэг     багажийг нь ашиглаж байгаад тогтоож байсан юм.

Спорт заалны шал будах ажлыг манай ажлын газрын ихэнх хүмүүс хийсэн. “............” ХХК-ий хүлээлгэж өгөх засварын ажлын жагсаалтаас харахад спорт заалны шалны будгийн ажил, мөн дээврийн холбоосны засварын ажил, лед хаяг самбар тогтоох, 3 хаалга тогтоож суурилуулах ажлууд байсан.

Энэ ажлуудаас заалны шал будах, лед самбар, шилэн хаалга суурилуулах ажлыг манай ажилчид гүйцэтгэсэн” гэсэн мэдүүлэг /1 хх 204-206/,

 

5.7. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны намар хичээл сургууль эхлэхээс өмнө байгууллагын спорт заалны шалыг манай ажлын газрын ихэнх багш, ажилчид будаж байсан. 2020 оны 09 дүгээр сарын үед “а” компанийн хүмүүс манай ажлын газрын дээврийн холбоосны хар цаас солих бас коридорын засвар, гадна талын пассатны засварын ажлыг хийж байсан. Урсдаг лед самбарыг Н.Б даргын өгсөн үүргийн дагуу Ч, нярав М зэрэг ажилтнууд хамжилцаж үүдэнд тогтоож байсан. Мөн М, жижүүр, харуул зэрэг хүмүүстэй хамжилцаж хуучин модон хаалгыг авч байсан. Шинэ төмөр хаалгыг гадна талын пассат, будгийн ажил хийж байсан залуу хийсэн” тухай мэдүүлэг /1 хх 201-202/,

 

5.8. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өнгөрсөн оны намар сургууль, цэцэрлэг орохоос өмнө газрын дарга Н.Б-ын өгсөн үүргийн дагуу багш, жижүүр, харуул, үйлчлэгч нарын ихэнх нь спорт заалны шалыг будаж байсан. Харин А, Б заалны хоорондын холбоосны засварын ажил, даргын өрөөний засварын ажлыг гаднаас хүмүүс ирж хийсэн.” тухай мэдүүлэг /1-р хх-ийн 198-199-р тал/,

 

5.9. Гэрч Д.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 онд тус байгууллагад гадна талын пассад, дотор талын плита зэрэг жижиг засварын ажлыг Г.Н захиралтай “А” ХХК хийж гүйцэтгэж, засварын ажлыг комисс хүлээн авсан.

Харин А, Б заалны дээврийн холбоосын засварын ажлыг “...........” ХХК хийсэн ч ажлаа хүлээлгэж өгөөгүй. Чанаргүй юм хийж хаяад явсан.

2017 онд манай газрын спорт заалны дээврийн засварын ажлыг “Б” гэдэг компани хийж байсан. Тухайн үед “Б” компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах комисст нь томилогдож Н.Б даргын өгсөн үүргийн дагуу ажлыг нь хүлээж аваад гарын үсэг зурчихсан чинь дараа нь бөөн асуудал үүсэж Авлигатай тэмцэх газарт хэд хэдэн удаа байцаалт өгч байсан. Тийм учраас 2020 онд хийгдсэн засварын ажлыг хүлээн авах комисст нь ороогүй.

Гэхдээ би ажил хүлээн авах комисст орсон ажлынхаа газрын бусад хүмүүст урд өмнө асуудал үүсэж байсан шүү, “А” ХХК, “...........” ХХК-аас хийсэн ажлыг нь нэг бүрчлэн үзэж шалгаж аваарай. Хүмүүс нь өөрсдөө хүрч ирж хүлээлгэж өгөөгүй байхад нь хүлээгээд авчихав гэж хэлж сануулж байсан юм.

Энэ хоёр компаниас хийсэн гэх засварын ажлыг нь одоогоор албан ёсоор хүлээн аваагүй байгаа.

Н.Б дарга засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тушаал дээр А, М, З, Х, Г нарын нэрийг оруулаад гаргаад ир гэхээр нь би ажил үүргийн хуваарийн дагуу буюу даргын өгсөн үүргийн дагуу ажлын хэсэг байгуулах тухай тушаалын төслийг 2 хувь гаргаад нэг хувийг нь тэр үеийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Г-д, нөгөө нэг хувийг нь архивтаа хадгалах гэж авч үлдсэн.

Г надаас авч явсан ажлын хэсэг байгуулах тушаалыг авч яваад төд удалгүй “Энэ хүмүүсийн нэрсийг солих” хэрэгтэй байна гэсэн.

Тэгээд байж байтал Ц дарга өрөөнөөс гарч ирээд Б, А, А нарын нэрийг оруулаад ажлын хэсэг гаргах тушаал гаргачих гээд гаргуулж байсан.

Сүүлд гаргасан ажлын хэсэг байгуулсан буюу Б, А, А нарын нэрсийг оруулсан тушаалын эх хувь байгууллагын архивын баримтад байгаа.

Харин уг тушаалын өмнө гаргасан А/20 дугаартай тушаалын эх хувь нь баримтад байхгүй.

Дээрх хүмүүсийн нэрс орсон сүүлийн тушаал гарсан болохоор өмнөх тушаалыг устгасан ба явсан бичгийн бүртгэлд, уг устгасан тушаалыг хуулбарлаад хийсэн юм.” гэх мэдүүлэг /1 хх 208-210, 4 хх 55-56/,

 

5.10. Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны намар 8 дугаар сарын сүүлээр сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө хоёр заалны шалыг ажилчид бид бүхэн будаж байсан. Заалны шал будах үүргийг тэр үед даргаар ажиллаж байсан Н.Б өгч байсан.” тухай мэдүүлэг /1 хх 220-221/,

 

5.11. Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ажлын газрынх нь спорт заалнуудын шалыг ажилтнууд 2020 оны намар биш, 2019 оны намар 8 дугаар сарын сүүлээр Н.Б даргын хэлснээр шалыг будаж байсан.” тухай мэдүүлэг /1 хх 215 тал/,

 

5.12. Гэрч Ө.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн байгууллагын А, Б спорт заалнуудын хоорондох хоолойн дээврийн засварын ажлыг 2020 оны намар 8 дугаар сарын үед гаднаас хэдэн танихгүй залуучууд ирж хийсэн. Дээврийн ажил хийж дуусахтай зэрэгцээд манай байгууллагын дотор талын коридорын хана, шал, таазыг замаскдаж эмүлсдээд мөн нарийн коридорыг нурааж бага зэрэг өргөтгөж сунгасан. Н.Б даргын өрөөний дотор засварын ажлыг бас хийсэн.

 Түүний дараа сургууль эхлэхээс өмнө ажилтнууд өөрсдөө спорт заалныхаа шалыг будсан. Мөн 2020 оны 09 сард байгууллагын дотор талын 3 ширхэг төмөр хаалгыг сольсон байсан. Гаднаас 3 залуу ирж сольсон гэж байсан. Байгууллагын үүдний урсдаг лед хаягийг арга зүйч М, сагсан бөмбөгийн багш Г, нярав М бид хэд тогтоож байсан.” гэсэн мэдүүлэг (1 хх 192-193),

 

5.13. Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Төрийн аудитын газраас санхүү, тайлангийн аудит хийгдэх үед байгууллагын 2020 оны санхүүгийн үйл ажиллагааныхаа баримтуудыг шалгуулсан. Аудитын шалгалтаар ............ газарт “...........” ХХК-тай 2019 онд байгуулсан засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 35,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр хийгдсэн ажлыг хүлээн аваагүй гэж, уг мөнгөн дүнгээр тухайн компаниас авлага авахаар төлбөрийн акт тогтоогдож байсан.” тухай мэдүүлэг (1 хх 47-48),

 

5.14. Гэрч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ............ сумын ... -р цэцэрлэгт жижүүрээр ажилладаг. Цэцэрлэг сургууль амарсан үед үнэ хөлсөө тохиролцоод барилгын ажил хийдэг юм. 2020 оны билүү 2019 оны 5, 6 сарын үед билүү над руу нэг танихгүй залуу утсаар яриад аймгийн .............. газар дээр хэдэн хаалга солих ажил байна, үнэ ханшийг нь тохиролцоод хийх үү гэхээр нь тэгье гэсэн. Тэр залуу намайг цогцолбор дээр яваад ирээч гэхээр нь явж очсон. Надад тухайн ажлыг санал болгосон тэр залуугийн нэрийг нь санахгүй байна.

Түүнтэй ........................-ын дотор талын 3 хаалгыг шинэ хаалгаар солих ажлыг 700 мянган төгрөгөөр хийхээр тохиролцож барилга дээр цуг ажилладаг З, өрлөг өрдөг М хоёртой хамт спорт цогцолборын хуучин 3 хаалгыг нь авч шинэ 3 хаалгыг нь суурилуулж өгсөн. Ажлын хөлсөнд Хаан банкныхаа дансаар 600-650 мянган төгрөгийг тэр залуугаас авч байсан санагдаж байна. Надтай цуг ажилласан З, М хоёрын цалинг нь 600-650 мянган төгрөгөөс өгч байсан юм.” гэх мэдүүлэг (1 хх 162-163),

 

5.15. Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би захиргааны байранд жижүүрээр ажиллаад амралтын өдрүүдээрээ энд тэнд барилгын чиглэлийн олдсон ажлыг үнэ хөлсийг нь тохиролцоод хийдэг.

2020 онд аймгийн Халамжийн үйлчилгээний газрын инженер Д гэдэг залуу ........................-ын дундаж хэмжээтэй дээврийн засварын ажлыг үнэ хөлсөө тохиролцоод хийх үү гэхээр нь 1 сая төгрөгөөр хийхээр тохиролцсон.

Би урд өмнө дээврийн засварын ажлыг өөрөө гардаж хийж байгаагүй болохоор, ганцаараа хийж чадахгүй байх гээд бүл дүү Б, түүний хоёр найзтай нь хамт дөрвүүлээ хийсэн.

Ажлын хөлсөнд Д-оос нийт 1,200,000 төгрөгийг Хаан банкны 50************ тоот дансаар авч байсан. Авсан мөнгөнөөсөө цуг ажил хийсэн Б-д 240.000 төгрөг, нөгөө хоёр залуугийн нэгд нь 100, нөгөөд нь 200 орчим мянган төгрөгийн цалин өгсөн. Үлдсэн мөнгийг өөрийнхөө ажлын хөлс, хамт ажил хийсэн хүмүүсийн хоол, унд, тамхи зэрэгт зарцуулсан. Тэр дээврийн засварын ажлаас надад ямар нэгэн ашиг гараагүй. Сүүлд нь таньж мэддэг хүмүүс маань ямар хямдхан зардлаар дээврийн ажил хийсэн юм бэ гэж хэлж байсан.

Засварын ажилд 42-43 боодол хар цаас, хар цаас наахад ашигладаг 20 литрийн савлагаатай 5-6 ширхэг хар лак. Хар цаасны амсар дарахад 20 орчим мерт төмөр авхуулсан, хар цаасыг халаахад ашиглахаар 4 удаа газ цэнэглүүлсэн, бас 2 уут цемент авхуулсан, агааржуулалтын 2 ширхэг сэнс тавьсан, 1 портер хайрга ашигласан. Ийм л бараа, материал дээврийн хар цаас наах ажилд хэрэглэсэн. Д-оос 1,200,000 төгрөгөөс өөр мөнгө, төгрөг аваагүй. Зөвхөн 1,200,000 төгрөгийг л авсан. Уг 1,200,000 төгрөгийг ажил хийсэн бусад гурван залуутайгаа хувааж авсан.” гэх мэдүүлэг (1 хх 165-167, 169-172),

 

5.16. Гэрч Р.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Өнгөрсөн 2020 онд манай ажлын газрын гадна талын пассатны болон дээврийн засварын ажлыг хэдэн залуучууд хийж байгаа харагдсан.” гэсэн мэдүүлэг /1 хх 28-29/,

 

5.17. Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны намар Н.Б дарга, ажлынхаа газрын нэг хүнтэй хүрч ирээд зааландаа будаг хийх гэсэн юм гээд будаг, багс, бээлий будгийн ажилд орох хэрэгсэл зэргийг зээлээр аваад удаахгүй мөнгийг чинь өгнө гэсэн. Яг хэдэн төгрөг болж байсныг одоо санахгүй байна. Тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь би ажил дээр нь очоод мөнгөө авъя гэхэд нэг компаниас мөнгийг чинь өгнө гээд миний дансыг авсан. Тэгээд миний 53************* тоот данс руу зээлээр өгсөн бараа, материалын мөнгийг шилжүүлж байсан юм. Тухайн компаниас мөнгө шилжүүлсэн эсэх нь миний дансны хуулганаас харагдана.” гэсэн мэдүүлэг /1 хх 227-228/,

 

5.18. Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 12 сард Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт барилгын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Гэтэл намайг ........................-ын дээвэр дээр хийгдсэн засварын ажлыг шалгах ажлын хэсэгт оруулсан байсан ба даргаар нь Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга Г болон Мэргэжлийн хяналтын газрын барилгын улсын байцаагч Б, Худалдан авах ажиллагааны Г.Б, өмчийн албаны М болон миний бие гишүүдэд багтсан байсан.

Миний зүгээс зөвхөн барилга талаас нь үзэж шалгахаар тус газрын дээвэр дээр гарч үзэхэд засварын ажил нь аль хэдийнээ хийгдээд дуусчихсан, дээвэр дээр хар цаас наагдсан байсан учир хийгдсэн ажлын чанар байдлыг дүгнэх, тогтоох ямар ч боломжгүй байсан.

Харин баталгаат хугацаа буюу 3 жилийн дотор ямар нэгэн зөрчил доголдол гарах өөрөөр хэлбэл ус, дусаал гоожих зэрэг зөрчил гарах юм бол гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр 100 хувь засварлаж хэвийн ажиллагаанд оруулах үүрэг нь Барилгын тухай хууль болон ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан байдаг юм.

Уг засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа Орон нутгийн өмчийн газар дээр тендер нь зарлагдсан байсан бол манай Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар дээр захиалагчийн хяналтын гэрээ хийгдэж,  манай байгууллагаас хяналт тавих ёстой байсан.

Тухайн байгууллага тендер зарлаад сонгон шалгаруулсан бол ............... газраас байгуулагдсан ажлын хэсэг нь хийгдэж байгаа засварын ажил дээрээ хяналтаа тавиад, байгууллага дотроосоо ажлын хэсэг гаргаж хийгдсэн ажлаа хүлээж авах ёстой байсан.

Тэгэхээр заавал манай байгууллагаас буюу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тухайн барилга, засварын ажил дээр нь хяналт тавина гэсэн зохицуулалт байхгүй, тухайн байгууллага хуулийн хүрээнд өөрсдөө тавьж болно.” гэх мэдүүлэг /2 хх 15-16/,

 

5.19. Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сард ........................-ын ажилчид Н.Б даргад холбогдуулан гаргаж өгөх өргөдөлдөө архиваас баримт хувилж хавсаргана гээд намайг байлцуулж байгаад архиваас 2019 оны явсан бичгийн бүртгэлийг гаргуулж авсан. З болон тэр үед мэргэжилтнээр ажиллаж байсан одоо дарга болсон У хоёр тухайн баримтаас нэг хуудас баримт миний хажууд байж байгаад хуулбарлаж авсан.

Тэр үед тухайн баримтыг архив луугаа хийхээ мартаад ширээн дээрээ үлдээгээд явсан байсан. Маргааш өглөө ажил дээрээ ирэхэд Н.Б дарга надаас өмнө түрүүлээд ирчихсэн, ширээн дээр нь нөгөө 2019 оны архивын баримт байсан. Урд өдөр нь З, У нар баримт хуулбарлаж авахдаа үдээсийг задалсан бөгөөд буцааж үдэж байхад ямар ч байсан 1 хуудас материал алга болсон байсан.

Тэгэхээр нь би З эгчид “Өчигдрийн архиваас гаргаж авсан баримтаас хуулбарлаж авсан баримтын чинь эх хувь нь алга болсон байна. Дарга л авсан юм шиг байна гэж хэлж байсан. Би тэр баримтыг Н.Б даргаас өөрөөс нь бол асуугаагүй. Намайг тэр өглөө ажилдаа ирэхээс өмнө дарга ирчихсэн байсан болохоор Н.Б дарга л авсан байх гэж бодоод байгаа юм.” гэх мэдүүлэг /1 хх 249-250/,

 

5.20. Гэрч О.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би  байгууллагын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ямар нэгэн ажлын хэсэгт орж ажиллаагүй. Ажлын хэсэгт орж ажилласантай холбоотой ямар нэгэн хуралд суугаагүй, дүгнэлт гаргаагүй. Би ажлын хэсэгт орсон байснаа одоо л мэдэж байна. Үүнээс өмнө надад хэн нэгэн хэлж мэдэгдээгүй, танилцуулаагүй. Би А/20 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаалтай одоо л танилцаж байна.

2017 онд манай байгууллагын спортын Б заалны дээврийн засварын ажлыг “Б” гэдэг компани хийсэн байсан. Гэтэл ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт намайг оруулчихсан, ажлын хэсгээс хурал хийсэн мэтээр зохиогоод оруулчихсан байсан. Тэр асуудлаас болж Авлигатай тэмцэх газар байцаагдсан.

Ингээд миний нэрийг энэ мэтчилэн 2 дахь удаагаа ажлын хэсэгт оруулсан байгаад нь маш их гайхаж байна. Намайг ахмад настай, аливаа юманд зөөлөн ханддаг учраас олон юм яриад, хэл ам болохгүй байх гэж бодоод Н.Б дарга миний нэрийг ажлын хэсэгт зохиогоод оруулчихсан байх гэж хувьдаа бодож байна.” гэх мэдүүлэг /2 хх 2-3/,

 

5.21. Гэрч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “А буюу А нь Говь-Алтай аймагт төрж өссөн. Одоо гэр бүлийн хамтаар Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг, хувьдаа барилгын компанитай. 2020 оны 05 сарын үед А утсаар залгаад “........................-ын дээврийн засварын ажил болон хаалга солих ажил байна. Туслах хүн хүч байна уу, дээврийн хар цаас гайгүй наадаг туршлагатай хүн олоод өгөөч” гэхээр нь ажиллах хүн хүч хайгаад олоод өгье гэсэн. Ингээд би хар цаас наачихдаг барилга дээр ажилладаг хүн хайгаад хэсэг явсан. Тэгж байхдаа аймгийн захиргаанд жижүүр хийдэг Б ахтай таараад “дээврийн засвар, хар цаас наах ажил хийх үү” гэсэн чинь ах нь ажлынхаа зав чөлөөгөөр хийгээд өгье, 1 саяаас 1 сая 200 мянгын хооронд хийгээд өгье гэсэн. Тэгэхээр нь би А рүү буцаж холбогдоод дээврийн хар цаас наах ажлын үнэ ханш манай энд 1 саяаас 1 сая 200-ын хооронд байдаг юм байна” гэсэн чинь өө тэгвэл наад үнээр чинь хамаагүй хийлгэе гэсэн.

........................-ын агуулахаас дээврийн хар цаасыг Б-д хүлээлгэж өгөөд тэр хэд ажлаа эхлүүлж байсан юм.

А намайг ажлынх нь явц байдлыг нь зав чөлөөгөөрөө үзэж хараад яваад байгаарай гэсэн болохоор хэд хэдэн удаа очиж байсан. Ажил нь хэвийн л явагдаж байсан.

Б хар цаас, лаак дууссан гэхээр нь А рүү утсаар ярьж хотоос 4-5 боодол хар цаас, хар цаас наадаг зориулалттай савтай лаакнууд авхуулж байсан.

Мөн жаахан шавар, замаскны ажил хийхээр болчихлоо гэхээр нь таньдаг хүнээсээ бага зэргийн цемент гуйж аваад Б-д аваачиж өгч байсан. Бас дээврийн төмөр хэрэгтэй байна гэхээр нь барилгын материалын дэлгүүрээс төмөр худалдан аваад аваачиж өгч байсан. Эдгээрээс өөр ямар нэгэн бараа, материал ороогүй.

Б нь миний төрсөн дүү Н, “...........” ХХК-ийн захирал А-тэй .............. сумын ерөнхий боловсролын ... -р дунд сургуульд хамт  сурдаг, нэг үеийн хүүхдүүд байсан. Одоо ч гэсэн найз нөхдийн харилцаатай байдаг” гэх мэдүүлэг /1 хх 181-186, 3 хх 186/,

 

5.22. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...........” ХХК нь 2019 онд спортын А, Б заалны хүзүүвчний дээврийн засвар болон гадна талын 4 ширхэг хаалга солих, үүдний лед самбар нийлүүлж суурилуулах, спортын А, Б заалны шалыг будах ажлуудыг 35.000.000 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэх ёстой байсан.

Гэтэл гэрээ байгуулсан 2019 ондоо засварын ажлаа хийгээгүй. Тэгээд 2020 онд “...........” ХХК-аас гэрээнд заасан засварын ажлуудаасаа 3 ширхэг төмөр хаалгыг сольж суурилуулсан, үүдний шилэн хаалгыг ажилчид өөрсдөө хийсэн гэдэг юм. Үүдний дээр байрладаг лед самбарыг нярав М, спорт тоглоомын багш Г, арга зүйч М, тухайн өдөр гарч байсан жижүүр бид хэд тогтоож байсан. Лед самбарыг 3.000.000 төгрөгөөр худалдан авч угсарч өгөхөөр тусгасан байсан бөгөөд тухайн лед самбарын зах зээлийн үнэ нь яагаад ч 3.000.000 төгрөгт хүрэх самбар биш гэж бодож байна.

Дээврийн засвар, хар цаас наах ажлыг хэдэн залуучуудаар хийлгэсэн байсан. Засвар хийсэн гэх дээврээс цас, бороо ороход даргын өрөө, коридор, үйлчлэгч нарын жижиг өрөө рүү дусаал гоожиж хана, таазны эмульс замаск хууларсан байгаа. Мөн уг компани нь спортын хоёр заалны шалыг будах ёстой байсныг ажилчид бид мэдээгүйн улмаас Н.Б даргын өгсөн үүргийн дагуу заалны шал будаж байсан. Манай байгууллагын ажилчид заалны шалныг 2020 оны намар будаагүй бөгөөд 2019 оны намар 8, 9 сард будаж байсан. Ажилчид маань шалны будаг хийсэн цаг хугацааг 2020 онд хийсэн гэж андуурч хэлсэн байх” гэх мэдүүлэг /1 хх 56-59, 4 хх 59-60, 179-180/,

 

5.23. Гэрч Д.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие байгууллагын засварын ажилтай холбоотой ямар нэгэн ажлын хэсэгт орж ажиллаагүй. Яагаад миний нэрийг оруулаад биччихсэн юм бол гэдгийг би мэдэхгүй байна. Надад хэн нэгэн “ажлын хэсэгт орсон шүү” гэж хэлж мэдэгдээгүй.” гэх мэдүүлэг /1 хх 5/,

 

5.24. Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би үнэлгээний хороо гэж юу байдгийг ч мэдэхгүй. Би үнэлгээний хороонд орсноо ч мэдээгүй. Үнэлгээний хорооны гэх ямар нэгэн хуралд суугаагүй. Үнэлгээний хороо байгуулсан тушаал дээр миний нэрийн урд зурагдсан байгаа гарын үсэг нь минийх  биш байна. Миний гарын үсгийг хэн нэгэн дуурайлгаад зурсан юм шиг байна.” гэх мэдүүлэг /4 хх 47 /,

 

5.25. Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Сангийн яамнаас ирүүлсэн зөвлөмж дээр 1 оролцогч тендерийн баримтуудаа ирүүлсэн, тэгээд үнэлгээний хорооноос “...........” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.” гэжээ. Тухайн оролцогчийн тендерийн материалд ажлын даалгавар, тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техник эдийн засгийн тооцоо, ажиллах хүч, засал чимэглэлчин, цахилгаанчин, барилгын мужаан, гагнуурчин гэсэн мэргэжлийн ажилчидтай байх гэсэн тендерийн баримт бичгийн шалгуур, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна гэсэн байна. “...........” ХХК үнэлгээний хороонд хийж гүйцэтгэх ёстой ажлын даалгавар, ажилчдынхаа мэргэжлийн үнэмлэхийн хуулбар болон бичиг баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Энэ тохиолдолд тус үнэлгээний хороо нь ирүүлсэн тендерээс татгалзаж дахин тендер зарлан явуулах ёстой байсан байна.” гэх мэдүүлэг /4 хх 53/,

 

5.26. Засварын ажлыг хариуцан хийлгэж байсан А.Д-ын “Хаан” банкны 53*********** тоот дансаны хуулгад үзлэг хийхэд 8 удаагийн орлогын гүйлгээгээр 2,025,000 төгрөг шилжиж орсон. Дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн Ч.Б-ийн Хаан банкны 50************* тоот харилцах дансанд үзлэг хийхэд уг дансанд 2020-05-17-ны өдрөөс 2020-07-03-ны өдрийг хүртэл хугацаанд дээврийн засварын ажилтай холбоотойгоор нийт 7 удаагийн орлогын гүйлгээгээр 1,279,000 төгрөг шилжиж орсон ба үүнээс А.Д 6 удаагийн гүйлгээгээр 1,179,000 төгрөг, А.Н 1 удаагийн гүйлгээгээр 100,000 төгрөгийг нь шилжүүлсэн, Х.О-ын Хаан банк дахь 53*********** дансанд 600,000 төгрөг шилжүүлсэн болохыг тусгасан үзлэгийн тэмдэглэл, дансны хуулга /2 хх 40-48/,

 

5.27. ................. аймгийн ..................-ын дээврийн болон бусад засварын ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарсан “...........” ХХК-ийн 41*********** тоот дансны хуулганд үзлэг хийхэд .................. газраас “...........” ХХК-ийн 41*********** тоот данс руу 2019-05-17-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019-05-31-ний өдөр 15,000,000 төгрөг нийт 35.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тусгагдсан талаарх үзлэгийн тэмдэглэл, “............” ХХК-ий харилцах дансны хуулга /2 хх 35, 38/,

 

5.28. А.Н 59********** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 50/,

5.29. Н.Б-ын 53******* тоот дансны хуулгад үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл /3 хх 65/,

5.30. Н.Б-ын эзэмшлийн гар утасны 99************** дугаарын орсон гарсан ярианы лавлагаа /3 хх 223-227/,

5.31. Н.Б-ын харилцах данснаас 2012-2013 онуудад А.Н эзэмшлийн данс руу орлого зарлагын гүйлгээ хийгдээгүй талаарх мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулга /3 хх 243-249/,

5.32. Хөрөнгө, эд зүйлийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2021- 11-01-ний өдрийн В21-139 дугаартай дүгнэлт /2 хх 130-140/,

5.33. Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6-1/6213 дугаартай зөвлөмж, тайлбар /2 хх 70-71/,

5.34. ........................-ын архивын бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох төр захиргааны байгууллагаас гаргуулж авсан баримт, мэдээлэл /2 хх 17-18/,

 

 5.35. Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би үндсэн ажлаасаа гадуур .......... багийн нутаг дэвсгэр ............ хорооны замын эсрэг талд байдаг “.............” плаза төвд спортын бараа хэрэгсэл, худалдаалдаг дэлгүүр ажиллуулдаг юм.

2020 оны 06 сард .................-ын дарга Н.Б манай дэлгүүрт ирж уулзахдаа “Манай .................. газар 8.140.000 төгрөгөөр спортын хэрэгсэл, бараа авах” гэж байгаа. Танай дэлгүүртэй гэрээ байгуулж болох уу гэхээр нь тэгье, барааг чинь нийлүүлж өгч болно гэсэн. Маргааш өдөр нь байхаа Н.Б дарга утсаар яриад “Хоёулаа гэрээгээ байгуулъя. Манай өрөөнд ороод ирээч” гэхээр нь би Н.Б-ын албан өрөөнд явж ороход 2020 оны 06 сарын 10-ны өдрийн гэрээ бэлдчихсэн байсан. Тэгээд гэрээтэй танилцаад гарын үсэг зурсан. Энэхүү гэрээ 06 сарын 10-ны өдөр байгуулагдаагүй бөгөөд огноо нь гэрээн дээр тэгж бичигдсэн байсан. Гэрээ байгуулсан цаг хугацаа бол 2020 оны 07 сарын 02, 03-ны өдөр байсан.

Тус гэрээн дээр манай дэлгүүрийн зүгээс спортын чанартай, стандартын бөмбөг хэрэгсэл, жудогийн кимоно, таеквондогийн хэрэгсэл зэрэг бараа хэрэгслийг 8.140.000 төгрөгт багтааж .................... газарт нийлүүлэх заалттай байсан. Тэгээд гэрээ байгуулснаас хойш 2, 3 хоногийн дараа миний 53************* тоот дансанд 2020-07-06-ны өдөр 8.140.000 төгрөг шилжиж орсон. Мөнгө шилжиж орж ирэхээр нь БНХАУ-ын Эрээн хотод байдаг Хятад түнштэйгээ холбогдож спортын бараа хэрэгсэл захимаар байна гэхэд ковидтой холбоотой хил хаагдсан тул манай дэлгүүр ажиллахгүй байгаа. 09 сар гаргаад бараагаа захиалж болно гэсэн. Н.Б даргатай уулзаад өнөө маргаашдаа бол гэрээн дээр заасан спортын бараагаа нийлүүлэх боломжгүй байна гээд Хятад түншийнхээ хэлсэн зүйлийг түүнд хэлэхэд тэрээр “Энэ ондоо багтаагаад бараагаа нийлүүлж болно. Өнөө маргаашдаа бол шаардлагагүй” гэж хэлсэн. Тэгснээ данс руу чинь манайхаас шилжигдэж орсон 8,140,000 төгрөгөөс 3,140,000 төгрөгийг надад бэлнээр гаргаад өгчих, Улаанбаатар хот руу ажил хөөцөлдөх гэсэн чинь мөнгө, цаасны хэрэгцээ гараад байна гэсэн. Тэгж хэлэхээр нь миний данс руу шилжигдэж орсон 8,140,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг аваад үлдсэн 1 сая төгрөгийг гэртээ байсан бэлэн мөнгөнөөс бүрдүүлээд ямар ч байсан 3,140,000 төгрөгийг бүрдүүлээд Н.Б дарга луу утсаар яриад “Та ажил дээрээ байна уу, нөгөө 3,140,000 төгрөгийг чинь өгөх гэсэн юм аа” гэсэн чинь ах нь ажлаасаа гараад холбооны үүдэнд зогсож байна. Энд хүрээд ирээч гэхээр нь явж очоод нөгөө 3,140,000 төгрөгийг бэлнээр түүнд өгсөн.

Тэрнээс хойш Хятадаас бараа захиалах хугацаа буюу 2020 оны 09 сарын эхэн хүртэлх хугацаанд байх үлдсэн 5 сая төгрөг нь надад байж байсан. Тэгээд Хятад түнштэйгээ холбогдож 5 сая төгрөгт нь гэрээн дээр заасан сагсны 30, волейболын 14 бөмбөгийг үлдээгээд бусад үлдсэн бараа, хэрэгслийг нь 2020 оны 09 сардаа багтааж урдаас авчруулж .................. газарт хүлээлгэн өгсөн. Тэрнээс хойш би Н.Б даргатай хэд хэдэн удаа утсаар ярьж “Нөгөө авсан 3.140.000 төгрөгөө яасан бэ?” гэж асуухаар ах нь ээж, аавынхаа тэтгэврийг аваад ч болтугай яаж ийж байгаад өгнө гэж явсаар байгаад он гарчихсан.” гэх мэдүүлэг /1 хх 62-64, 66-67/,

 

5.36. Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 сарын 30, 31-ний үед Н.Б дарга ажлаа хүлээлгэж өгөх гэж байхдаа намайг  “Чи Х-тай хамт Б-ийн дэлгүүрт очоод спортын хэрэглэл, бараа ирчихсэн байгаа, тэдгээрийг очоод аваад ир” гэсэн. Тэгээд би даргын хэлсэн үүргийн дагуу жижүүр Х-тай хамт Б-ийн дэлгүүрт очиж Б-ийн өгсөн спортын бараа, хэрэглэлийг ажил дээр авч  ирсэн.

Б “Танай дарга чинь 8.140.000 төгрөгийн спортын хэрэглэл, бараа нийлүүлэх гэрээ байгуулсан боловч 3.140.000 төгрөгөө буцаагаад авчихсан. Таван сая төгрөгийн үнийн дүнд спортын эдгээр хэрэгсэл, барааг авчирсан” гэж хэлсэн. Н.Б дарга Ж.Б рүү 8.140.000 төгрөгийг шилжүүлээд 3.140.000 төгрөгийг нь буцаагаад авчихсан юм байна гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /1 хх  28, 4 хх 182-184/,

 

5.37. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 06 сарын 10-ны өдөр иргэн Ж.Б-тэй байгуулсан гэрээн дээр Б нь манай байгууллагад 8.140.000 төгрөгийн үнэтэй спортын бараа, хэрэгсэл нийлүүлэх ёстой байсан. Үүнээс 5.000.000 төгрөгийн бараа, хэрэгслийг нийлүүлсэн бөгөөд 3,140,000 төгрөгийн бараа, хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй. “Танай дарга Н.Б 3.140.000 төгрөгийг надаас бэлнээр авсан учраас би төлж барагдуулах ёсгүй, надад хамаагүй” гэдэг.  Одоогийн байдлаар иргэн Ж.Б-ээс 3.140.000 төгрөгийн бараа, хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй байгаа.” гэх мэдүүлэг /1 хх 57 /,

 

5.38. Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 онд иргэн Ж.Б нь гэрээний дагуу 8.140.000 төгрөгийн үнэ бүхий спортын бараа, материал нийлүүлэхээс 3,140,000 төгрөгийн бараа, хэрэгсэл нийлүүлээгүй. Б-ээс 3,140,000 төгрөгийн бараа, материалын авлага авахаар төлбөрийн акт тавигдсан.” гэх мэдүүлэг /1 хх 47-49/,

 

 5.39. Ж.Б-ийн Хаан банк дахь 53********** тоот дансны хуулганд үзлэг хийхэд “2020-07-06-ны өдрийн 12:00 цагт ...................-аас материалын зардалд гэсэн утгаар 8,140,000 төгрөг шилжин орж, 2020.07.06-ны өдрийн 16 цаг 28 минутад 2,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн болох нь тусгагдсан” талаарх үзлэгийн тэмдэглэл /1 хх 72/,

 

5.40. Ж.Б-ийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ............... аймгийн ..................... газарт гаргасан “Ж овогтой Б миний бие .......... плаза төвийн спорт барааны дэлгүүрийг ажиллуулдаг. Тус ..................-ын даргаар ажиллаж байсан Н.Б 2020 оны 06-р сард бараа материал, бөмбөг хэрэглэл захиалж худалдан авах гэрээ хийж миний харилцах дансанд 8,140,000 төгрөг шилжүүлээд 5,000,000 төгрөгөнд захиалга хийж 3,140,000 төгрөгийг бэлнээр авсан болно. Бэлнээр авсан 3,140,000 төгрөгний бараа материалаа 2020 оны 12 сард багтааж өөрөө авна гэсэн боловч Ковид-19 халдвараас болж 2021 оны 1-р улиралд багтаан нийлүүлнэ гэж миний нэр дээр авлагын баримт үүсгээд энэ хугацаанд тооцоогоо дуусгаагүй тул миний бие энэ 3,140,000 төгрөгийг төлөх боломжгүй гэдгээ илэрхийлж байна. Н.Б-той олон удаа утсаар ярьж энэ асуудлыг хугацаанд нь шийдэх хүсэлт тавьсан боловч Ковид-19 халдварын улмаас уулзах боломжгүй өдийг хүрсэн болно.” гэсэн өргөдөл /1 хх 13/,

 

5.41. Гэрч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би ..... аймгийн ................ газарт 2013 оноос хойш албаны даргаар ажиллаж байгаад 2021 онд газрын дарга болсон. 2019 оны 12 дугаар сард БНХАУ-д коронавирус гарч улмаар 2020 оны эхнээс нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон шийдвэр гарсан. Ингээд 2020 оны 06 дугаар сард Монгол Улсын Их хурлын сонгууль болсон бөгөөд тэр үед нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулагдаагүй.

2020 онд Ховд аймагт ямар ч улсын болон бүсийн чанартай тэмцээн болоогүй, аймаг дотроо ч тэмцээн зохион байгуулаагүй. Тэмцээн болоогүй учраас ............. аймгаас баг тамирчид ирж тэмцээнд оролцоогүй.” гэх мэдүүлэг /4 хх 204-205/,

 

5.42. ................. аймгийн ..................-ын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн: “Улаанбаатар хотод 2020 оны 01 дүгээр сард Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдаагүй, 01 дүгээр сарын 27-ны өдрөөс Covid-19 халдварт өвчинтэй холбоотой хөл хорио тогтоосон. Ховд аймагт 06 сард зохион байгуулагдсан арга хэмжээний удирдамж байхгүй байна. Нярав, жолооч нарын тайлбар, холбогдох баримтуудын хамт хүргүүлэв. Хавсралт 11 хуудастай гэсэн 38 дугаартай албан бичиг /4 хх 186-197/,

 

5.43. ........................-ын 2020 оны 7, 8 сарын санхүүгийн баримтад үзлэг хийхэд 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ж.Б-ийн 53********* дугаар харилцах данс руу 8,140,000 төгрөг шилжүүлсэн болон Ж.Б-ээс гаргаж өгсөн 8,140,000 төгрөгийн нэхэмжлэл, Ж.Б-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ................. аймгийн ..................-ын дарга Н.Б, Ж.Б нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан  бараа нийлүүлэх гэрээ зэрэг баримтууд байсан тухай тэмдэглэл, уг баримтуудын хуулбар /1 хх 73-81/,

 

5.44. Гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийгөө засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт орсноо мэдээгүй, надад албан ёсоор хэн нэгэн хэлээгүй” гэх мэдүүлэг /2 хх 7/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

6. Шүүгдэгч Т.Б-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын дүгнэлт:

 

6.1. Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ............. аймгийн ............... мэргэжилтнээр ажиллаж байхдаа ................. аймгийн ..................-ын дээврийн холбоос, бусад засварын ажлын 35,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа өөрийн хамаарал бүхий этгээд болох  “...........” ХХК-ий захирал, уг хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байгаа Я.А-ийн өмчлөлийн “...........” ХХК-ийг уг ажлыг гүйцэтгэгчээр шалгаруулах зорилгоор үнэлгээний хорооны хурал огт болоогүй байхад Үнэлгээний хорооны хурал болж, уг хурлаар “............” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж гарсан мэтээр тэмдэглэл, зөвлөмж гаргаж, уг тэмдэглэл зөвлөмжид үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.А-ийн гарын үсгийг дуурайлган зурж, үнэлгээний хорооны гишүүн Ц.А-ийн хайхрамжгүй байдлыг далимдуулан гарын үсэг зуруулж, өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан  байна.

 

7.1. Энэ байдал нь гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би үнэлгээний хорооны дарга Б, гишүүн А нартай ажлын хэсэгт орж, хурал хийж байгаагүй. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл болон тендер сонгон шалгаруулах ажлын хэсгээс бүрдүүлсэн баримт, материал дээр зурагдсан гарын үсэг минийх биш байна. Би ................. аймгийн ..................-ын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хуралд огт сууж байгаагүй. Би хуралд суугаагүй болохоор үг хэлээгүй. Миний өмнөөс хэн нэгэн зохиогоод бичсэн байна.” гэсэн мэдүүлэг /1 хх 239, 2 хх 183/,

 

7.2. Байгууллагын засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаар хурлаас гишүүдийн 100 хувийн саналаар тендерийн баримт бичгийн шалгууруудыг баталсан тухай тэмдэглэл гэх баримт /2 хх 79-80/,

 

7.3. Байгууллагын засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар хурлаас Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “...........” ХХК-тай гэрээ байгуулж ажиллах зөвлөмж гаргахаар шийдвэрлэсэн тухай тэмдэглэл гэх баримт /2 хх 98 /,

 

7.4. Байгууллагын засварын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооноос “...........” ХХК-ий ирүүлсэн материалыг хянан үзээд уг материал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтын дагуу шаардлагад нийцсэн гэж дүгнэн ........................-ын дарга Н.Б-д “...........” ХХК-тай тус ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох тухай 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаар зөвлөмж гэх баримт /2 хх 99/,

 

7.5. Монгол улсын Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6-1/613 дугаартай “........................-ын дээврийн болон бусад засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад 1 оролцогч оролцож, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “...........” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр үндэслэлгүй байна.

“...........” ХХК тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 1.1-д заасан үе шатны ажлын хуваарь, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтод тулгуурлан тооцоо ирүүлэх, барилгын засал чимэглэлчин, цахилгаанчин, гагнуурчин, барилгын мужаан гэсэн мэргэжилтэй ажилчидтай байх бөгөөд мэргэжлийн үнэмлэхийн хуулбар ирүүлэхээр заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байхад гэрээ байгуулах эрх олгосон нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна.” гэх зөвлөмж, тайлбар /2 хх 70-71/,

 

7.6. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Н-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн тендерийн бичиг баримтууд болон 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, үнэлгээний хорооноос Н.Б-д хүргүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай зөвлөмж, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээрх нарийн бичгийн дарга гэсний ард Д.А гэж зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах шинжилгээнд гаргуулан авсан адилтгалын загваруудын гарын үсгүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна. Дээрх 3 баримтад зурагдсан гарын үсгүүд нь Д.А-өөс гаргуулан авсан чөлөөт болон туршилтын загварын гарын үсэгтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хэв загвар, дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /3 хх 209-221/,

 

7.7. Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тухайн оролцогчийн тендерийн материалд ажлын даалгавар, тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техник, эдийн засгийн тооцоо, ажиллах хүч, засал чимэглэлчин, цахилгаанчин, барилгын мужаан, гагнуурчин гэсэн мэргэжлийн ажилчидтай байх гэсэн тендерийн баримт бичгийн шалгуур, үзүүлэлтийг хангаагүй байна гэсэн байна. “...........” ХХК нь үнэлгээний хороонд хийж гүйцэтгэх ёстой ажлынхаа даалгавар, ажилчдынхаа мэргэжлийн үнэмлэхийн хуулбар гэсэн бичиг баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Энэ тохиолдолд тус үнэлгээний хороо ирүүлсэн тендерээс татгалзаж, дахин тендер зарлан явуулах ёстой байсан байна” гэх мэдүүлэг /4 хх 53/,

7.8. Т.Б-ын эзэмшлийн гар утасны 80******* дугаарын орсон гарсан ярианы лавлагаа /3 хх  229-241/,

7.9. Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Т.Н-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /3 хх 209-221/,

7.10. Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6-1/6213 дугаартай зөвлөмж, тайлбар /2 хх 70-71/,

7.11. ........................-ын архивын бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох төр захиргааны байгууллагаас гаргуулж авсан баримт, мэдээлэл /2 хх 17-18/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

8. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаарх дүгнэлт.

 

8.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгох үйлдэл, эс үйлдэл хийснээр төгсдөг.

8.2. Шүүгдэгч Н.Б, Т.Б нар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, сонгон шалгаруулалт явуулснаар хуульд заасны дагуу гэрээ байгуулах эрх үүссэн этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулах, тодорхой гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хангасан нөхцөлд зохих үе шаттайгаар гэрээт ажлын санхүүжилтийг олгох зэрэг албаны бүрэн эрхийг хүлээж байжээ.

8.3. Гэтэл шүүгдэгч Н.Б нь тус байгууллагын дээврийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг томилсон тушаалаа тухайн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргад танилцуулалгүй, өөрийн үнэлгээний хорооны даргаар томилсон Т.Б-д хүргүүлж, Т.Б нь сонгон шалгаруулах ажиллагааг огт явуулалгүй хурлын тэмдэглэл, гэрээ байгуулах зөвлөмжийг гаргаж, уг баримт бичгүүдэд үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон гэх Д.А-ийн гарын үсгийг дуурайлган зурж, үнэлгээний хорооны гишүүн Ц.А-ийн хайхрамжгүй байдлыг далимдуулан гарын үсэг зуруулж, өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

8.4. Эдгээр үйлдлээрээ шүүгдэгч нар хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал бий болгох боломжийг зориуд бүрдүүлж улмаар шүүгдэгч Н.Б нь ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй байхад тухайн хуулийн этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил огт эхлээгүй байхад санхүүжилтийг бүрэн олгож, заалны холбоосын дээврийн засварын болон бусад засварын ажилд зарцуулагдах 35,000,000 төгрөгөөс өөрийн хамаарал бүхий этгээд болох А.Н 53******* тоот дансаар дамжуулан нийт 16,600,000 төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэх гэрээний зарим үүргийг өөрийн ажилчдаараа хийлгүүлсэн нь нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 Шүүгдэгч Т.Б нь өөрт нь олгогдсон албаны эрх мэдэл, бүрэн эрхийг урвуулан ашиглаж өөрөөр хэлбэл үнэлгээний хорооны хурал огт болоогүй байхад хурлаар хэлэлцүүлсэн мэтээр тэмдэглэл хөтөлж, шийдвэрийг баталгаажуулах, гэрээ байгуулах зөвлөмжийг үйлдэн албаны тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан төслийг шалгаруулахад албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглан огт хийх ёсгүй үйлдлийг хийсэн байна.

8.5. Мөн Н.Б нь төсвийн байгууллагын тээвэр, шатахууны зардлаас 2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот руу удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох нэрийдлээр 1,020,000 төгрөгийг, 2020 оны 06 дугаар сард Ховд аймаг руу тэмцээн, уралдаанд оролцох нэрийдлээр 240,250 төгрөг, нийт 1,260,250 төгрөгийн шатахууныг хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь, 2020 оны 6 дугаар сард байгууллагын багаж, техник хэрэгслийн зардалаас спортын бараа хэрэглэгдэхүүн худалдан авах гэрээний дагуу иргэн Ж.Б-т шилжүүлсэн 8,140,000 төгрөгөөс 3,140,000 төгрөгийг буцаан авч хувьдаа ашигласан нь албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон байна.

Шүүгдэгч нарын үйлдлүүд нь нийтийн албан тушаалтан албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шүүгдэгч Т.Б-ын үйлдэл нь бусдад бий болгосон, шүүгдэгч Н.Б-ын үйлдэл нь бусдад болон өөртөө эдийн засгийн ашгтай байдлыг бий болгосон шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

8.6. Мөн шүүгдэгч Н.Б-ын үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан гэж дүгнэн  үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцсон нь үндэслэлтэй.

8.7. Прокуророос шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн болох нь хангалттай нотлогдоогүй гэж дүгнэн гэмт хэргийг хүндрүүлж үзээгүй нь үндэслэлтэй байна.

8.8. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан төрийн албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан” хэмээн тодорхойлж, үүнд хамаарах этгээдийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар төрийн захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нар энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан болно.

8.9. Мөн Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд хамааруулсан байна.

8.10. Түүнчлэн Монгол Улсын соёрхон баталсан Авилгын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (а) хэсгийн (ii)-т нийтийн албан тушаалтан гэдэгт нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа хүнийг хамааруулан авч үзэхээр заасан болно. 

8.11. Тиймээс ................. аймгийн ..................-ийн мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Б-ыг “нийтийн албан тушаалтан” мөн юм. Тухайн ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

8.12. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, нийгмийн хор аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 (Хоёр) жилийн хугацаагаар хасаж, 8,000 (Найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 (Найман сая) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 (Хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна.

8.13. Шүүгдэгч Н.Б, Т.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас ................. аймгийн ..................-ын засварын ажилд зарцуулахаар эрх бүхий байгууллагаас олгосон  35,000,000 төгрөгөөс 8,875,750 төгрөгийн бараа материал авч засварын ажилд зарцуулсан болох нь ****** хөрөнгийн үнэлгээний компаны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн В21-139 дугаартай хөрөнгийн үнэлгээ, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос  8,875,750 төгрөгийг хасаж, 26,124,250 (Хорин зургаан сая нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг Я.А захиралтай “...........” ХХК-аас гаргуулан ............ аймгийн ............... газарт олгуулахаар, шүүгдэгч Н.Б-оос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,400,250 (Дөрвөн сая дөрвөн зуун мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулан ................ аймгийн .................. газарт олгуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

8.14. Авилгын эсрэг НҮБ-ын конвенцийн 3 дугаар зүйлд энэхүү конвенцийн дагуу авилгалаас урьдчилан сэргийлэх, түүнийг мөрдөн байцаах, яллах, түүнчлэн энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон эд хөрөнгийг битүүмжлэх, албадан хураах, хураах болон буцаан өгөхөд энэхүү конвенцийг хэрэглэх бөгөөд энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгод, түүнд дурдсан гэмт хэрэг нь энэхүү конвенцид өөрөөр заагаагүй бол эцсийн дүндээ төрийн эд хөрөнгөд хохирол буюу гэм хор учруулсан байх албагүй байхаар заасан байх бөгөөд ................. аймгийн ..................-ын дээврийн засварын ажлыг нь “...........” ХХК нь хийгээгүй, мэргэжлийн байгууллага хийгээгүйгээс чанар стандартад нийцээгүй, дусаал гоождог, зарим ажлыг ................. аймгийн ..................-ын ажилтнууд өөрсдөө хийсэн болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байх бөгөөд захиалагч байгууллага уг барилгын засварын ажлыг бүхэлд нь хүлээн аваагүй байх тул засварын ажлыг хийхэд зарцуулсан нийт хөрөнгийг гаргуулах агуулга бүхий иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

8.15. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу “...........” ХХК-ийн ................. аймгийн ..................-ын засварт зарцуулсан бараа, материалуудын зах зээлийн үнэлгээг тогтооход гарсан зардал 318,000 (Гурван зуун арван найман мянга) төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж ****** ХХК-д олгуулж шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

8.16. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Ж.М, иргэний хариуцагч Я.А-ийн өмгөөлөгч О.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.О

            ШҮҮГЧИД                             Ш.Б

                                                   Ч.Э