Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2025/00585

 

 

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2025/00585

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.М***,

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01020/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.М***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц***н М*** нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1974 оны 5 дугаар сарын 20-ны өдөр аав Ц***н 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. 1982-1992 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж төгссөн. 1992 оны 7 дугаар сараас аав, ээжийн хамт мал маллан амьдарч байгаад 2011 оны 12 дугаар сараас 2020 оныг дуустал 9 жил орчим хугацаанд ахынхаа компанид бэлтгэгч тогоочоор ажилласан. Түүнээс хойш буюу 2021 оноос дахин Төмөрбулаг сумандаа мал маллан амьдарч байна. Би хүнтэй сууж өрх тусгаарлаж байгаагүй, аав С***ийн Ц***н ам бүлд амьдарсаар ирсэн. Энэ жил би 50 нас хүрч, малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад өгөхөд “нийгмийн даатгалын шимтгэл төлж малчнаар ажилласан хугацаа хүрэхгүй” гэсэн шалтгаанаар надад тэтгэвэр тоггоох боломжгүй гэж үзсэн. Би Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд 2 удаа хандаж 1995, 1997, 2000 онд мал маллаж байсан байдлаа тогтоолгосон ба тус зөвлөлөөс 1996, 1998. 1999 онуудад мал маллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж зөвлөсөн. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын архивт 1996, 1998 оны малын А данс байдаггүй, 1999 оны малын А данс байгаа боловч аав Ц***н нэр засвартай бичигдсэн зэргээс шалтгаалж би тухайн жилүүүдийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна.Миний улсад ажилласан нийт хугацаа 23 жил гаруй хугацаа болж байгаагаас нийгмийн даатгалын байгууллагын малчин гэж хүлээн зөвшөөрч байгаа хугацаа нь 9 жил 9 сар болсон. Тиймээс 1996, 1998, 1999 онд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгож байж малчнаар 12 жил 6 сар ажилласан байх гэсэн хуулийн шаардлагыг хангах юм. Шүүхээр мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор миний бие Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6- д зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх тул миний гаргаж буй; хүсэлт нь зрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход хамаарах хүсэлт гэж үзэж байна.

Иймд Ц***н М*** намайг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тариат 3 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн Ц.М*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1974 оны 5 дугаар сарын 20-ны өдөр С***ийн Ц***н 4 дэх олин болж мэндэлсэн. 1982 онд сумынхаа сургуульд орж 1992 онд 10 дугаар ангиа төгссөн. Ардчилал гарч төр эргэхэд хөдөө амьдрахаар гарахад ах, эгч хоёр маань түрээсийн мал маллаж байсан учраас мал өгсөн.Тухайн үед манай аав сумын байгаль хамгаалагч ажилтай, ээж маань эрхэлсэн ажилгүй байсан. Би одоо 50 нас хүрч малчнаар тэтгэвэрт гарахаар материалаа нийгмийн даатгалд өгсөн боловч манай сумын архивд 1995 оноос 2000 оны малын А данс байхгүй учраас миний ажилласан жил тогтоогдохгүй болсон. Хоёр удаа нийгмийн даатгалын маргаан таслах комисст тарилга, туулга зэрэг баримтуудыг цуглуулж өгөөд хандахад 1996, 1998, 1999 онуудыг маргаан таслах комисс тогтоох боломжгүй учир шүүхэд ханд гэсэн хариу өгсөн учраас шүүхэд хандаж байна.1999 оны малын А данс байгаа боловч тэр дээр аавын нэр засвартай байгаа учраас тогтоох боломжгүй гэсэн. 1998 оныг 1999 оны малын А дансаар тогтоож болно гэсэн боловч 1999 оных засвартай болчихоор болохгүй гэсэн. 1997, 1995, 2000 онуудыг 2001 оны баримтаар 2000 оныг тогтоогоод 1995, 1997 онуудыг вакцины баримт гарч ирэхээр нь Нийгмийн даатгалын маргаан таслах комисст хандахад тогтоож өгсөн. Аав маань хэвтэрт орсон, би айлын том охин учраас аав маань надаас хайр халамж хүсэж би үүнийгээ хөөцөлдөх боломжгүй цаг хугацаа алдсан байгаа. Хүн явуулахаар ийм ажилтай, тийм ажилтай гээд хөөцөлдөж өгдөггүй байсан. Би өөрөө хэрэгтэй хэдэн баримтаа цуглуулсан байгаа.Иймд дээрх 3 жилийн хугацаанд мал маллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэж хүсэж байна. Би 2025 оны 01 дүгээр сараас 3 дугаар сар хүртэл нийгмийн даатгалаа төлсөн. Миний тооцоолсноор 2 жил, 6 сар дутаж байгаа гэв.

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11/780 дугаартай албан бичиг, №*** дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн  №*** дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн №*** дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №03-08/1454 дугаартай лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №03-08/1455 дугаартай лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №03-08/1457 дугаартай лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №783289 дугаартай дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №CVL2467010001002460 дугаартай Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичиг, №432 дугаартай Ц***н М***ийн өвчний түүхийн архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 3/57 дугаартай албан бичиг, Аймаг, сум, дүүргийн архивын тасаг хэлтсээс малчин-даатгуулагчид олгох архивын лавлагааны загвар гэх толгой бичвэр бүхий баримт, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 1999 оны тооллогын хуулбарууд, өмгөөлөгч авах тухай хүсэлт, гэрч асуулгах тухай хүсэлт,. ( хх-ийн 5-20, 38, 83 дугаар тал), Л***ын Д***ийн 1999 онд хэвтэж эмчлүүлсэн өвний түүх, Ц***ын Г, А нарын 1998, 1999 онд хэвтэж эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар зэргийг гаргаж ирүүлсэн байна.( хх-ийн 178-181 дугаар тал),

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Ж.Б, Ж.Ц нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж, гэрч нараас мэдүүлэг авсан, мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 30/1161 дугаартай албан бичиг, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02/930 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №593 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц.М***ийн төрөлтийн түүхийн архивын хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 30/1419 дугаартай албан бичгээр ирүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №CVL2467010001008400, №CVL2467010001008397, №CVL2467010001008396, №CVL2467010001008394 дугаартай Төрөл садангийн лавлагаа, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын архив, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төвийн архивт тус тус үзлэг хийсэн тухай тэмдэглэл, (хх-ийн 34-37, 40-42, 47-64, 69-72, 74-78 дугаар тал)

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 320/ШЗ2025/01386 дугаар шүүгчийн захирамжаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын засаг даргын тамгын газар зэргээс нотлох баримтыг гаргуулахаар захирамжилсан бөгөөд холбогдох байгууллагуудаас лавлагаа, баримтууды ирүүлсэн ба Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 320/ШЗ2025/01850 дугаар шүүгчийн захирамжаар Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын архивт хадгалагдаж байгаа баримтууд болон Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Эрүүл мэндийн төвд үзлэг хийхээр тогтож, дээрх байгууллагуудад 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр үзлэгийг явуулж, холбогдох баримтуг нотлох баримтын шаардлага ханган үзлэгийн тэмдэглэлд тус тус хавсаргасан байна  зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна. (хх-ийн 142-178, 182-204 дугаар тал)

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Ц.М*** нь М*** намайг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тариат 3 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан.

 

            Нэхэмжлэгч Ц.М*** нь мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор малчин даатгуулагч нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байгаа гэж тайлбарласан.

 

3.Хэрэгт:

Нэхэмжлэгч Ц.М*** нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тариат 3 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,

Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2024 оны 3 дугаар сарын 21ий өдрийн 03-08/1454 дугаартай 1989 оны улсын тооллогын Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төв, 1180 дугаартай Хадгаламжийн нэгжийн 171 дүгээр хуудсанд: Тэргүүлэгч өөрөө  С***н Ц***, 53 настай,  эрэгтэй, Ц***н А***, 16 настай, эмэгтэй, Ц***н М***, 15 настай, эмэгтэй,  Ц***н З***, 13 настай, эрэгтэй, Ц***н Ц***, 11 настай, эрэгтэй, эхнэр Л***н Д***, 43 настай, эмэгтэй, Ц***н Отгонцэцэг, 4 настай, эмэгтэй, Ц***н Г*** 6 настай, эмэгтэй  гэж бүртгэгдсэн байна.” гэх бичилттэй  Үндэсний төв Архивын лавлагаа 1 хуудас ( хх-ийн 9 дүгээр хуудас),

Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2024 оны 3 дугаар сарын 21ий өдрийн 03-08/1455 дугаартай 2000 оны улсын тооллогын Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3-р баг хөдөө, 1793 дугаартай Хадгаламжийн нэгжийн 40 дүгээр хуудсанд: хүү Ц***н Ц***, 1978 оны 12 сард төрсөн, 21 настай, эрэгтэй, охин Ц***н Г***, 1982 оны 8 сард төрсөн, 17 настай, эмэгтэй, зээ Ц***н М***, 1999 оны 7 сард төрсөн, 1 настай, эрэгтэй, эхнэр Л***н Д***, 1945 оны 7 сард төрсөн, 54 настай, эмэгтэй,  охин Ц***н М***, 1974 оны 5 сард төрсөн, 25 настай, эмэгтэй, хүү Ц***н З***, 1976 оны 6 дугаар сард төрсөн, 23 настай, эрэгтэй  гэж бүртгэгдсэн байна.” гэх бичилттэй Үндэсний төв Архивын лавлагаа 1 хуудас ( хх-ийн 10 дугаар хуудас),

Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2024 оны 3 дугаар сарын 22ы өдрийн 03-04/1457 дугаартай Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 138 дугаар хуудсанд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5-р багийн                     ( сумын төв) оршин суугч: Өрхийн тэргүүн Харчин ургийн овогт С***н Ц*** эрэгтэй, 1935 оны 3 сард төрсөн, 75 настай, охин Ц***н М***,  1974 оны 5 сард төрсөн, 36 настай, охин Ц***н Г***, 1982 оны 8 сард төрсөн, 28 настай, ач, зээ М***ийн М*** эрэгтэй, 1999 оны 7 сард төрсөн, 11 настай, ач, зээ Г***гийн М*** эрэгтэй, 2003 оны 01 сард төрсөн, 07 настай гэж бүртгэгдсэн байна.” гэх бичилттэй  Үндэсний төв Архивын лавлагаа 1 хуудас ( хх-ийн 11 дүгээр хуудас),

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг  сумын 10-н жилийн дунд сургуулийн захиргаанаас  Ц***н М*** нэрээр  1992 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгосон 783289 дугаартай дунд боловсролын гэрчилгээний хуулбар 1 хуудас (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

 

Нэхэмжлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагаагаар авсан  №CVL2467010001002460  дугаартай гэрлэсний бүртгэлгүй лавлагаа 1 хуудас (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаагаар гаргаж ирүүлсэн Ц*** овогтой М***ийн...14. Ажилладаг байгууллага: Төмөрбулаг сумын 8-н жилийн сургууль, ажилд орсон он:1982, цех, тасаг, бригад: 7 дугаар анги, эрхэлдэг ажил: сурагч, эрхэлж эхлэсэн он: 1982, оршдог, сум, район: Төмөрбулаг ...  гэж 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 35 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаагаар ирүүлсэн Ц*** овогтой М***ийн... 9.төрсөн он, сар, өдөр 1974.05.20, аймаг Хөвсгөл, сум Төмөрбулаг, газар Могойн гол, ...12. Байнга оршин суудаг 3-р баг,  ...14. Гэр бүлийн байдал: Гэрлээгүй, 18. Эхнэр, нөхөр, 16 хүртэлх насны хүүхэд: хүү Ц*** М***, *** ... гэж бүртгэгдсэн  ХААТР-21 (A) маягтын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 2 хуудас (хх-ийн36- 37 дугаар хуудас),

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 202оны 11 дүгээр сарын 22ы өдөр авсан ... Харчин Ц*** М*** нь  Харчин Ц***н Ц*** -ын эгч ... гэх бичилттэй Төрөл садангийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 75 дугаар хуудас),

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 202оны 11 дүгээр сарын 22ы өдөр авсан ... Харчин Ц***н Хүрэлбаатар  нь  Харчин Ц***н М*** -ын ах ... гэх бичилттэй Төрөл садангийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 76 дугаар хуудас),

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 202оны 11 дүгээр сарын 22ы өдөр авсан ... Харчин Ц***н М*** нь  Харчин М***ийн М*** -ын эх ... гэх бичилттэй Төрөл садангийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 78 дугаар хуудас),

Харчин Ц***н М*** -т Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нээж олгосон НДД№*** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хавтаст хэргийн 6, 39, ... дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн иргэн С***н Ц***н  1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн  А дансанд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 5 хуудас  (хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаагаар ирүүлсэн М*** овогтой М***ын ... 1. Бүртгэсэн: Хөвсгөл, Төмөрбулаг,  2. РД:***, 3. Овог: М***, 4.Нэр: М***, 5. Төрсөн он, сар, өдөр: *** аймаг Хөвсгөл, сум Төмөрбулаг, газар төрөх, ...7. Байнгын оршин суугаа: Хөвсгөл аймаг, Төмөрбулаг сум, III  баг, төрсөн тухай баримтын нэр: эмнэлэгийн, 8. Эхийн Ц***н М***, ,  боловсрол дунд, эрхэлдэг ажил малчин ... гэж бүртгэгдсэн  ХААТР-11 (A) маягтын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 2 хуудас (хх-ийн 36- 37 дугаар хуудас),

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эх баримтад үзлэг хийх, нэмж нотлох баримт бүрдүүлэхээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 320/ШЗ2025/01850 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын архивт хадгалагдаж буй баримтуудад үзлэгийг явуулахад: 1997 оны А данс байхгүй гэв. Тухайн үеийн мал эмнэлэгийн үйл ажиллагаа эрхэлж байсан гэх малын эмч А*** гэх хүнээс авсан гэх үдэж, цэгцлээгүй хоёр гялгар хавтсанд эмх, цэгцгүй багцалсан баримтууд байлаа. Уг баримтуудыг үзэхэд нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн “ 3-р багийн Тариат хэсэгт варметиалоор туулгалт хийсэн цуваа  1996-9-28” гэх толгой бүхий, Төмөрбулаг сумын 3 дугаар багийн мал угаасан малчдын цуваа 1998-8-15” гэх толгой бүхий баримтууд эх хувиараа байх ба  бор өнгийн цаасан дээр  харандаагаар бичигдэж үйлдэгдсэн  баримт байв. Уг баримтыг үзэхэд ирмэг нь урагдаж ноорсон, үдэгдсэн байсан хэсгийн цаасны  хэсэг тасарсан насжилт бүхий байх ба баримтуудад С.Ц*** гэж бичигдсэн, мөн дээрх баримтуудаас гадна хэрэгт авагдаагүй “3-р багийн хоньд вакцин хийсэн цуваа 1996 он 2 сар” гэх толгой бүхий хүснэгтэлж харандаагаар нэрсийг бичсэн байх ба 6-д С.Ц*** 33,30,63 гэж бичигдэж, үйлдэгдсэн малын эмч Б*** гэх баримт, дэвтрийн цаасан дээр “1997 он 5 сар багийн хоньд ванкин хийсэн цуваа ДХХ-ын” гэх толгой бүхий суурийн нэр 4, С.Ц*** гэж бичигдсэн баримт, бичгийн цаасны тал хэмжээтэй бор өнгийн цаасан дээр туулгалт хийсэн суурь 1995 он 4 сар гэх толгой бүхий баримтыг 3-т С.Ц*** гэж бичигдсэн баримт байх ба бүгд шарласан, ирмэг нь урагдсан, насжилт бүхий баримтуудыг эх хувиар авч үзлэгийн тэмдэглэлд хавсаргав. ...” гэсэн үзлэгийн тэмдэглэл 16 хуудас(хх-ийн 47-62 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 133 дугаар зүйлийн                133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ: 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох гэж,

Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус хуульчилсан байна.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор заажээ.

            Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тариат 3 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор түүнд малчин даатгуулагч нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үр дагаврыг бий болгох ач холбогдол бүхий үйл явдал байх тул нэхэмжлэгч Ц.М*** нь шаардах эрхтэй байна.

            Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг гэж тодорхойлсон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үндэслэлд төрийн мал, хувийн мал малласан гэсэн байдлаар хууль тогтоогчоос зааглан ялгаж хуульчлаагүй тул шүүх мал маллаж байсан байдлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

5. Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.М*** нь гэр бүл болж тусдаа гараагүй аав Ц*** нарын хамт нэг ам бүлд амьдарч байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд 1995-1998 онуудад аав Ц*** нь малдаа малын тарилга вакцин хийлгэсэн талаарх бичвэр бүхий баримт, мөн хүү М***ын төрсөн талаарх 1999 онд хөтлөгдсөн ХААТР-11 дүгээр маягтад бүртгэлийн маягтад эхийг малчин гэж бичигдсэн байгаа зэргээр нэхэмжлэгч Ц.М*** нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тариат 3 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болох нь нотлогдож байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тариат 3 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болохыг шүүх тогтоож шийдвэрлэв.

            Хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх эргэлзээгүй, үнэн зөв байх, дээрх үйл явдлыг тогтооход ач холбогдолтой, цаг хугацааны хувьд тохирч байгаа зэргийг нь үндэслэн үнэлж шийдвэрлэсэн болно.

            Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох тухай шаардлага гаргаж энэхүү шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Харчин Ц***н М*** -ийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тариат 3 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.М***ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА