Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 213/МА2021/011

 

Б.Гийн нэхэмжлэлтэй

Л.Хд холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 131/ШШ2021/00196 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Г

Хариуцагч Л.Хд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Гийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2007 оны 02 сард Л.Хтой танилцаж 2007 оны 05 сард хуримаа хийж Баянлиг суманд мал маллаж 2020 оны 09 дүгээр сар хүртэл 13 жил хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаандаа 2007 оны 11 дүгээр сарын 17-нд хүү Х.Гантогоо, 2010 оны 05 дугаар сарын 19-нд хүү Х.Ганбаяр, 2011 оны 12 дугаар сарын 08-нд охин Х.Баярцэцэг, 2014 оны 04 дүгээр сарын 08-нд охин Х.Баярчимэг нарыг төрүүлсэн. Х.Х нь гэр бүл болсон цагаас эхлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхэлсэн бөгөөд намайг анхны хүүгээ гаргах гээд жирэмсэн байхад зодож байсан. Одоо гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авна. Хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгоно гэжээ.

Хариуцагч Л.Х шүүхэд гаргасан тайлбартаа:

Түүний бичсэн зүйлд үнэний хувьтай цөөн зүйл байна. Хүн уурлаж бухимдаж болно. Гомдож болно. Гэхдээ арай ч ингэж өнгөрсөн бүхнийг харлуулж, үргэлж муухай байсан мэтээр бичихээсээ ичих хэрэгтэй юм. Бидний амьдралын 13 жилийн хугацаанд сайн сайхан зүйл ч байсан, саар зүйл ч байсан. Миний хувьд эхнэрээ надаас олон насаар дүү гэдэг утгаар нь их хайрлаж түүний үгээр явж ирсэн нь өнөөдрийн энэ байдалд хүрэхэд нөлөөлж гэж бодож байна. Би өөрийнхөө алдаа дутагдалтай зан чанараа хүлээн зөвшөөрч уучлалт гуйж хамтын амьдралаа үргэлжүүлье, үр хүүхдийнхээ ирээдүй хойчийг бодож ухаантай амьдаръяа гэж нэг биш удаа гуйсан. Тэгэхэд эвээр ярилцаж чаддаггүй, өмнөөс орилж хашгирч ярьдаг байсан болохоор эвлэрээгүй байгаа юм гэжээ.

Нэхэмжлэгч Б.Г анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Бид хоёр 2007 онд танилцаад гэрлэлтээ батлуулсан. Л.Х нь намайг зодож, хэл амаар доромжилсноо хүлээн зөвшөөрдөггүй. Гэрлэлтээ цуцлуулж, дөрвөн хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа. Манай том хүү 3 наснаас эхлэн хадам ээж дээр өссөн, учир нь хадам ээж минь ганцаараа байдаг тул ханьтай байлгах гэж хүүхдээ явуулж байсан. Том хүүхэд минь намайг чанга дугарахаар жоохон аяар дугараач хүн чанга дугарахаар айгаад байдаг болсон талаар хэлж байсан. Би 2 хүүгийн асрамжаа өөрт тогтоолгоно, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Г нь анх гэрээс явахдаа надад захиа үлдээгээд явсан. Захиандаа 2 хүүгээ сайн хүн болгоорой гэж бичсэн байсан. Бид маргалдсан хэдий ч миний хувьд хүүхдүүдээ хүчирхийлж, хүүхдийнхээ эрх ашигийг зөрчөөд байдаг зүйл байхгүй. Түүнээс гадна тусдаа амьдарснаас хойш Б.Гээс болж хүүхдүүдийн хичээл сурлагыг хоцрогдуулж цахим хичээлд нь хамрагдуулаагүй байна. Хоёр хүүхдийн хувьд миний ээж дээр өссөн сурлага сайтай. Цаашид энэ асуудлаас болоод хичээл сурлага нь хоцрогдож нийгмийн оролцоо нь муудвал ирээдүй нь хүнд болох учир эцэг хүний хувьд эцэг, эх нь салсан ч хүүхдүүд минь дассан сурсан сургуульдаа найз нөхөдтэйгээ сурч хүмүүжвэл сэтгэл зүйн байдалд нь хэрэгтэй гэж бодож байна. Иймд 2007 оны 11 дүгээр сарын 17-нд төрсөн хүү Х.Гантогоо, 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Х.Ганбаяр нарыгаа өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Л.Х анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Бид хоёр 2007 онд хуримаа хийсэн. Би эхнэрээ зодож байгаагүй, худал ярьж байна. Манай дүү манай 2 хүүг чимхэж, зодож байгаагүй, худлаа яримааргүй байна. Манай хоёр хүү эмээтэйгээ багаасаа хамт байсан Б.Г бид хоёр хүүхдүүдийнхээ ангийн багшийг ч танихгүй, сургууль нь амрахаар нь заримдаа хүүхдүүдээ аваад, заримдаа авч чаддаггүй байсан. Би одоогоор малаа маллаад нутагтаа байна. Цаашид хоёр хүүгээ өсгөөд аваад явчих бүрэн боломжтой. Хоёр хүүгээ өөр дээрээ авмаар байна гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг тус тус баримтлан Болийнхон овогт Л.Х, Талынхан овогт Б.Г нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2007 оны 11 сарын 17-ны өдөр төрсөн хүү Х.Гантогоо, 2010 оны 05 сарын 19-ний өдөр төрсөн хүү Х.Ганбаяр нарыг эцэг Л.Хгийн, 2011 оны 12 сарын 08-ны өдөр төрсөн охин Х.Баярцэцэг, 2014 оны 04 сарын 08-ны өдөр төрсөн охин Х.Баярчимэг нарыг эх Б.Гийн асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан охин Х.Баярчимэг, Х.Баярцэцэг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон эцэг Л.Хгоос гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хүү Х.Ганбаярыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү Х.Гантогоог 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон эх Б.Гээс гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан тэжээгчээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Гээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Бид 2007 оны 2 дугаар сард танилцаж 2007 оны 5 дугаар сард хуримаа Баянхонгор аймагт хийж Баянлиг сумд шилжин мал маллан 2020 оны 09 дүгээр сар хүртэл нийтдээ 13 жил хамт амьдарч 4 хүүхэд төрүүлэн эрүүл саруул өсгөн хүмүүжүүлсэн. Миний бие нь Л.Хгийн архи ууж удаа дараагийн гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас гэрлэлтээ цуцлуулан 4 хүүхэдээ өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

Шүүх хүүхдийн асрамжийг өөрчлөх асуудал дээр анхааралтай хандаагүй өөрөөр хэлбэл үйл баримтаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл бусад гэмт хэргийг бодвол дандаа нууц далд аргаар үйлдэгддэг ба Л.Хгийн нэр хүндийг унагаахаас айж цагдаад мэдэгдчвэл баривчлагдах байх, ах дүүдээ хэлчвэл надаас болж ах дүү маань муудалцахвий сайн муу ч миний хань гэж цайруулсаар ирсэн боловч өнөөдрийг хүртэл гэр бүлийн хүчирхийлэл зогсохгүй улам даамжиран аргаа бараад шүүхэд хандсан.

Л.Хгийн архи уудаг нь Цагдаагийн байгууллагын лавлагаагаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, олон нийтийн газар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр 3 удаа шийтгэл хүлээж байсан талаархи баримт хэрэгт авагдсан нь Л.Хгийн хувийн байдлыг харуулж байгаа.

Мөн Л.Хд миний үлдээсэн хариуцагч талын гаргаж өгсөн захиа нь бидний хоорондын харилцаа, гэр бүлийн хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэлд байсныг харуулах нотолгооны нэг баримт бөгөөд эдгээр байдлыг харгалцан үзээгүйд гомдолтой байна.

Хүүхдийн саналыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох талаар хуульд заагаагүй байхад хариуцагчид ашигтай байдпаар хариулсан хэсэг болох аавтайгаа хамт амьдарч байхад гоё байсан, аавыгаа санаж байгаа талаархи хэлсэн үгийг шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон 2 хүүг маань Л.Хд үлдээсэнд маш их харамсаж байна. Хүүхдүүд маань шилжилтийн насан дээрээ явж байгаа, хүүхэд аюулгүй орчинд эрүүл саруул, сурч хүмүүжих, аав архи уугаад ирнэ дээ ирээд хэрүүл маргаан болно доо гэх айх айдасгүй сэргэлэн цовоо өсөх боломжийг харгалцан үзэж эх үрийг салгалгүй 4 хүүхэдийг минь хамтад нь өсөж торних бие биенээ ах дүүгээ гэсэн сэтгэл, тэдний ирээдүйг харгалцан үзэж 2 хүүг минь надад үлдээж өгнө үү.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:      

Нэхэмжлэгч Б.Гээс Л.Хд холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүү Х.Гантогоо, Х.Ганбаяр нарыг эцэг Л.Хгийн асрамжинд, охин Х.Баярцэцэг, Х.Баярчимэг нарыг эх Б.Гийн асрамжинд тус тус үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нараас тус бүрээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоон шийдвэрлэжээ.

Зохигчид гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, тус тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, харилцан эвлэрэхгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг үндэслэж зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Гээс 4 хүүхдээ өөрийнхөө асрамжинд авна гэж нэхэмжлэл гаргасан байхад хүү Х.Гантогоо, Х.Ганбаяр нарыг эцэг Л.Хгийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн тул гомдолтой гэж тайлбарлаж байгаа боловч эцэг Л.Хгийн гэр бүлийн хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Эцэг Л.Х нь хүү Х.Гантогоо, Х.Ганбаяр нарыг өсгөж, хүмүүжүүлж авч явах амьдралын боломж бололцоо зэргийг болон хүүхдүүдийн саналд дурдсан аавтайгаа хамт байх гоё байдаг, аавийгаа их санаж байгаа тухайгаа илэрхийлсэн зэргийг харгалзаж хүү Х.Гантогоо, Х.Ганбаяр нарыг эцэг Л.Хгийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Нөгөө талаар хүү Х.Ганбаяр нь 11 настай, хүү Х.Гантогоо нь 13 настай тул хүүхдүүдийн нас, хариуцагчийн ахуй амьдрал, зохигчдын хүүхдүүдээ цаашид тэжээн тэтгэж авч явах чадвар зэргийг харгалзаж хүүхдүүдийн асрамжийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбар, хүүхдүүдийн санал асуусан зэргээс харвал хоёр хүү нь эцэгтэйгээ харицлах харилцаа хандлага дээр сөрөг зүйл бичигдээгүй, зохигчид тусдаа амьдрахдаа нэхэмжлэгч нь хоёр хүүг эцэгт нь орхиж, эрүүл чийрэг өсгөхийг хүсэж, 2 бага охиноо авч явсан тухай мэдүүлсэн тэмдэглэл зэргийг харгалзаж нэхэмжлэгч Б.Гийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 Л.Х нь архи уудаг гэж тайлбарлаж байгаа боловч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, олон нийтийн газар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр 3 удаа шийтгэл хүлээж байснаас гэр бүл хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн талаар нотлох баримт авагдаагүй байна. Шүүх Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Гийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 131/ШШ2021/00196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэгсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ