Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Д.Баянмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд ирүүлсэн Ж.Бт холбогдох 1722000900053 тоот хэргийг 2018 оны 03  сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд 1988.10.01-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой , мал зүйч мэргэжилтэй, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын харъяа Хөдөө аж ахуйн газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжихийн 2-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Баяуд овогт Жалбуугийн Батбилэг /РД:ЗА88100119/ гэв.

 

Ж.Б нь 2017 оны 10 сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжихийн 2-7 тоот хашаанд байх гэртээ эхнэр Р.Булгантамиртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

1.Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр эхнэртэйгээ цай ууж байгаад ялихгүй зүйлээс болж бид муудсан. Хадам талаас ааруул явуулсан уу гэж асуухад намайг хуц, нохойн гөлөг, чи авсан зүйлээ авсан гэж боддоггүй биз дээ” энэ тэр гээд элдвээр  хараасан. Би урд өрөөнд орсон чинь эхнэр араас орж ирээд өмд, цамцаар  намайг шавхраад байсан. Би гарахад эхнэр юм угаагаад үлдсэн ба эргээд ирэхэд хагасыг нь орхисон байсан. Тэр үлдээсэн зүйлийг нь угаагаад, усанд явж ирээд харсан чинь эхнэр унтаж байсан. Ойртож очвол хэрүүл болох байх гэж бодоод  том өрөөнд хэвтэж байтал эхнэр босч ирээд намайг нүүр нүдгүй алгадаад, гараараа хаах үед өшиглөөд, охины тоглоомон хүүхэлдэйгээр цохиод байхаар нь бугуйн дээрээс нь барьсан. Тэгээд “чи битгий давраад байгаарай” гээд  буйдангийн дэр барьж байгаад өөрөөсөө холдуулах гээд түлхтэл эхнэр арагшаа эрчээрээ  хана мөргөсөн. Би санаатай үйлдэл хийгээгүй, өөрөөсөө холдуулах гэж байсан юм. Өмгөөлөгчийнхөө хэлсэн үгтэй санал нэг байна. Надад оногдуулах төлбөрийг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэж хүсч байна гэв.

 

2.Хохирогч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017.10.14-ний өдрийн 15 цагаас эхэлж нөхөр Батбилэг бид 2 хэрэлдсэн. Тэгээд муудалцаж байгаад хойд өрөөнд ороод унтсан. Тэгээд унтаж байгаад хоёр цагийн дараа сэрэхэд нөгөө өрөөнд нөхөр унтаж байхаар нь би алгадсан юм. Тэгээд би гараараа толгой хөл рүү нь цохисон. Тэгээд манай нөхөр Батбилэг буйдангийн дэр аваад миний толгой руу цохиход харалдаа байсан ханын өнцөг, паар хоёрын аль нэгийг мөргөсөн. Яг юу мөргөснөө мэдэхгүй. Тэгээд толгойноос цус гарсан байсан. Тэгээд жоохон сууж байгаад цагдаа дуудсан. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй, би зодуулсан өдрөө уурандаа нөхрөө хашраах санаатай цагдаад дуудлага өгсөн. Өмнө нь айхтар зодсон асуудал байхгүй. Өмнө нь уурандаа хашраах санаатай тэгж хэлсэн. Одоо гэр бүлийн харилцаа хэвийн байгаа гэжээ.  /хх-ийн 5-6/

3.Шинжээчийн 2017.10.17-ны өдрийн 170200302 тоот дүгнэлтэд “Р.Булгантамирын биед зүүн чамархайд шарх, зовхи, бугалганд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ /хх-ийн 8/

 

4.Хэрэгт цугларсан бусад бичгийн болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын  дагуу цуглуулж  бэхжүүлж авсан байх  тул  шүүх нотлох баримтаар  үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 10 сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжихийн 2-7 тоот хашаанд байх гэртээ эхнэр Р.Булгантамиртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь  тогтоогдож байна. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн учир шүүгдэгчид холбогдох хэргийн  зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  болгон өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн  зүй бус  үйлдэл  нөлөөлсөн  нь хохирогч, шүүгдэгч  нарын  мэдүүлгээр нотлогдож байх боловч энэ нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хүч хэрэглэж, хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг  үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Мөн хүний  эрүүл мэндэд  хөнгөн  хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж  хүний  эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт  хэргийн зүйлчлэлийн ялгаа  нь  хохирогч нь тухайн гэмтэл учруулагч  этгээдтэй  гэр бүлийн  хамааралтай эсэхээс шууд хамаарна.

Иймд шүүгдэгч Ж.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм  буруутай байна  гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг  үйлдсэн, энэ гэмт хэрэг гарахад хохиргчийн  зүй бус үйлдэл нөлөөлсөн  зэрэг  нь  Эрүүгийн хуулийн  6.5 дугаар  зүйлийн  1.1, 1.4 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан  шүүгдэгчид Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Бт торгох ял  оногдуулахдаа уг зүйл хэсэгт  заасан  торгох  ялын  доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй,  хохирогч Р.Булгантамир нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх  зүйлгүй ...” гэснийг   тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1,  36.4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1.Шүүгдэгч Баяуд овгийн Жалбуугийн Батбилэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Баяуд овгийн Жалбуугийн Батбилэгт дөрвөн зуун тавин нэгжээр буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б  нь шүүхээс оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар  тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  5.3 дугаар зүйлийн  5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

5.Шүүгдэгч Ж.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүйг  тус тус  дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Бт  урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн  авсугай.

7.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн  11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.МӨНХБАТ