Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/13

 

 

 

 

 

 

 

 

2024           03          13                                           2024/ДШМ/13                              

 

 

З.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Г.Анхбаяр,

Яллагдагч З.Х-, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/70 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаярын бичсэн эсэргүүцлээр яллагдагч З.Х-д холбогдох эрүүгийн 2339001410279 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч З.Х- нь 2023 оны 3 дугаар сарын 03-ны шөнө уурхайн манаач А.М-ын гэрт түүнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр болон бие хэсэгт нь өшиглөх, цохих зэрэг идэвхтэй үйлдлээр халдаж зодсоны улмаас хохирогч А.М-ын эрүүл мэндэд “хоёр нүдний бүрэн хараагүйдэл, хоёр нүдний ухархайн ханын хугарал, хоёр нүдний шарх, салстын доорх цус харвалт, судаслагийн унжилт, эвэрлэгийн хаван, хоёр нүдний зовхи, хацар, завьж, эрүү, хүзүү, зүүн бугалганд цус хуралт, хоёр нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, хуйх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий олон тооны шарх зовуурь үүсгэж улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй нөхцөл байдалд оруулж хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр согтуурсан үедээ Ж.П-ийн гэрт түүнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар маргалдаж түүний нүүр болон бие хэсэгт нь өшиглөх, цохих зэрэг үйлдлээр зодсоны улмаас Ж.П-ийн эрүүл мэндэд тархины аалзан хальсан доорх их хэмжээний цус харвалт, баруун 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы сэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй хугарал, 6, 7 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, нүүр, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдэд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Улмаар 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод "Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад тархины 2 тал бөмбөлгийн зулай, чамархай дагзны орой болон дагзны суурь хэсэг, бага тархины баруун зүүн мөчрийн дээд хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, гавлын урд хонхрын хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, цээжний зөөлөн эдийн гэмтэл, баруун олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, уушгины няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт зэрэг гэмтлүүдийн улмаас бичил цус эргэлтийн хямрал, тархины хаван, уушгины сорогдолт хатгалгаа, улаан хоолойн идээт үрэвсэл, судсан дахь цус түгмэл бүлэгнэх хам шинж /ходоод, гэдэсний замын цус алдалт, цуллаг эрхтнүүдийн цус багадалт, бөөрний сувганцрын үхжил, бөөрний цочмог дутагдал/-р хүндэрч нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас яллагдагч З.З.Х-ийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтуудад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/70 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч З.Х-д холбогдох 2339001410279 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Энэхүү хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хохирогч А.М- нь 3-4 хүнд зодуулсан гэж мэдүүлэг өгсөн ба үүнтэй холбоотойгоор холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч А.М-ыг 3-4 хүн нийлж зодсон гэх үйл баримт тогтоогдоогүй учир прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Мөн 2023 оны 3 дугаар сарын 03, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрүүдэд үйлдэгдсэн гэмт хэргүүд нь тус тусдаа бие даасан төгссөн гэмт хэрэг ба яллагдагчийн үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчлэн прокурор яллах дүгнэлт үйлдсэн ба үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хохирогч А.М-ын өмгөөлөгч В.Г-оос гаргасан хэрэг болсны дараа хохирогчийг гэртээ байлгаж эмнэлгийн тусламж үзүүлээгүй хүмүүсийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулах, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол хараагаа алдахгүй байх боломжтой байсан эсэхийг тогтоолгох хүсэлтийг тусад нь шалгаж гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулах боломжтой, заавал энэ хэрэгтэй хамтад нь шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн захирамжид мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн няцаасан талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэнэ гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч нарыг оролцуулан мэдүүлэг авч, зарим зүйлийг тодруулж, хэргийн бодит байдлыг тогтоох байдлаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой юм.

Өөрөөр хэлбэл шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 1 дэх хэсэгт зааснаар ...хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоож.... болохоор хуульчилсан байна.

Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна. Учир нь З.Х-ийн ээж Д, охин Х, Д гэрч нар мэдүүлэг өгсөн. З.Х- “А.М-ыг бусад хүмүүс зодоогүй, би ганцаараа зодсон” гэж хэлдэг. Иймд хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү” гэв. 

 

Яллагдагч З.Х- давж заалдах шатны шүүхэд: “...гаргах тайлбаргүй...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч З.Х-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

3. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас  яллагдагч З.З.Х-ийн хохирогч А.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, хохирогч Ж.П-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

4. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/70 дугаартай шүүгчийн захирамжаар:

- Хохирогч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...3-4 хүн нийлж зодсон, З.Х-эс гадна морьтой болон мотоциклтой хүн байсан, аманд нь архи цутгаад далан руу хаячихъя гэж ярилцаж байсан...” гэх мэдүүлгийг шалгах талаар даалгасан ба прокурор эсэргүүцэлдээ “...үүнтэй холбоотойгоор холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч А.М-ыг 3-4 хүн нийлж зодсон гэх үйл баримт тогтоогдоогүй...” гэж дурджээ. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад 3-4 хүн нийлж зодсон эсэх үйл баримтыг тогтоох талаар хуульд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй, хангалттай шалгаж тодруулаагүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

- З.З.Х-ийн хохирогч А.М-ын биед хүнд хохирол санаатай учруулсан, хохирогч Ж.П-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулснаас хохирогч нас барсан хэргийг тус тусад нь зүйлчилсэн нь буруу гэсэн шүүхийн дүгнэлтийг эсэргүүцэж прокурор “...2023 оны 03 дугаар сарын 03, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд үйлдэгдсэн гэмт хэргүүд нь тус тусдаа бие даасан төгссөн гэмт хэрэг ба ...үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж тайлбарлаж байгаа хэдий ч яллах дүгнэлтэд дээрх үйлдлүүдийг нэг гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт хоёр удаа тус тусад нь яллагдагчаар татаж, ял сонсгон зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэнийг зөвтгөх үндэслэлгүй юм. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хоёр өөр цаг хугацаанд өөр өөр хохирогчийн эсрэг үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв байна.

- Хохирогчийн өмгөөлөгч В.Г-ын гаргасан хүсэлтээс “...хэрэг болсны дараа хохирогчийг гэртээ байлгаж эмнэлгийн тусламж үзүүлээгүй хүмүүсийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэх, хохирогчид эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн бол хараагаа алдахгүй байх боломжтой байсан эсэхийг тогтоолгох...” зэрэг ажиллагааг хийлгүүлэхээр шийдвэрлэснийг прокурор эсэргүүцэхдээ “...хүсэлтийг тусад нь шалгаж гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулах боломжтой, заавал энэ хэрэгтэй хамтад нь шийдвэрлэх шаардлагагүй...” гэж тайлбарлажээ. Гэмт хэргийн шинжтэй гэх дээрх үйлдэлд шүүгдэгч өөрөө холбогдсон эсэх, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тодруулах нь мөрдөгч, прокурорт хуулиар хүлээлгэсэн үүрэг тул шүүх мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд шалгагдаагүй байхад урьдчилан таамаглаж шүүгдэгчийг холбогдолгүй байдлаар дүгнэх боломжгүй тул прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

 

5. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад хэрэгт дараах мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй нэмж хийх шаардлагатай байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, ...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, ...Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, ...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг ...нотолно” гэж заасан бөгөөд хохирогч Ж.П-ийн амь насыг аврах боломжтой байсан эсэх, хохирогчид эмнэлгийн үйлчилгээг үзүүлсэн нь зохих журмын дагуу явагдсан эсэх, хүний амь насанд шууд ба шууд бус санаатай хохирол учруулсан  үйлдэл, гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нэмж шалгах шаардлагатай байна.

 

Яллах дүгнэлтэд яллагдагч З.Х-ийг хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байдлаар дурдсан атлаа тухайн нөхцөл байдал нь гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болох эсэх талаар дүгнээгүй,

- Хохирогч А.М- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...тэгээд би ухаан алдсан байсан ба нэг сэртэл Х-н гэрт оччихсон ...юу ч харахгүй байсан ....болохоор хаашаач явж чадахгүй байсан. Намайг утсаар ч яриулахгүй байсан. Би Д гэгчийг гарсны дараа утсыг нь тэмтэрч байж олоод 102 руу залгаж цагдаа нар ирсэн. ...Намайг хэн ч эмнэлгийн байгууллагад хүргээгүй, нуун дарагдуулсан. Би 3 өдөр 3 шөнө Х-нд байсан. ...Д болон З.Х- нар энийг л аргална, тэгэхгүй бол З.Х- шоронд орно гээд байсан...” гэж /1хх-н 9-15/, “...би удаа дараа Х-н ээжид эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлэхэд манай утас ажилладаггүй гэж хэлээд дуудаж өгөөгүй. ...Намайг Х-нд байх хугацаанд утас нь байнга дуугардаг байсан. ...102 руу дуудлага өгсөн. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд Х-н ээжээс асуухад тийм хүн байхгүй гэж хэлэхээр нь би гэр дотроос орилсон...” гэж /1хх-н 21/ мэдүүлсэн тул хохирогчийг харахгүй байдлыг нь ашиглан авч явсан, бусадтай харилцахыг нь хязгаарлан хорьсон гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг гүйцэд шалгах,

- Хохирогчийн өмгөөлөгч В.Г-оос шүүх хуралдаан дээр гаргасан “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоолгох” тухай хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулан шийдвэрлэх шаардлагатай байна.

 

6. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэх зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

            1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн  2024/ШЗ/70 захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаярын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Хэргийг прокурорт очтол яллагдагч З.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА

 

                           ШҮҮГЧИД                                                Б.ДЭНСМАА

           

                                                                                           Д.ГАНЗОРИГ