Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00602

 

 

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00602

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.П***ийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 320/2025/00460/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.П***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.П*** шүүхэд гаргасан хүсэлтдээ:Миний бие Б***н П*** нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1970 онд Б***н 2 дахь хүүхэд болон мэндэлсэн. Тус сумынхаа 8-н жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1986 онд төгсөөд 1986-1988 онуудад Төв аймгийн Заамар суман дахь ТМС-ийг төгсөж 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс томилолтоор Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд туслах ажилчнаар ажиллах болсон. Би нэгдэлдээ ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж 1988-1990 онуудад цэргийн алба хааж ирээд  1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс  Дэлгэрмөрөн нэгдэлдээ үргэлжлүүлэн туслах малчнаар ажилд ороод 1992 оны 12 дугаар сарын 312-ний өдрийг дуустал ажилласан. Би улсаас 1995-2000 онуудыг нөхөн тооцуулж авсан.

Иймд Б.П*** миний Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.П*** шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би 1988 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд трактор комбайнчаар томилогдож ирээд 3 сар ажиллаж 1988 оны 10 дугаар сард цэрэгт татагдаж 1990 оны 10 дугаар сарын 20-ны үед цэргээс халагдаж ирээд Дэлгэрмөрөн нэгдэлдээ 1992 он хүртэл туслах малчнаар ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Үүнээс хойш 1993, 1994 онд холбоочноор ажиллаж байсан.Нэхэмжлэлдээ 1993, 1994 онд ажиллаж байсан гэдгээ тогтоолгохоор шаардаагүй. Өмнө нь ямар ч баримт байхгүй байсан. Одоо би 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс цэрэгт явах хүртлээ, цэргээс ирээд 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1994 оныг дуустал холбоочноор ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.

 

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар 1 хуудас, Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Нийгмийн даатгалын дэвтрийн болон Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 41 дугаартай тушаалын хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 54 дугаартай тушаалын хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын засаг даргын Тамгын газраас лавлагаагаар ирүүлсэн цалингийн хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбар 2 хуудас, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11/276 дугаартай албан бичиг 1 хуудас, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт 1 хуудас,  Төрийн үйлчилгээний цахим системээс 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр лавлагаагаар авсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 3 хуудас,  Хөвсгөл аймгийн Архивын тасгаас  2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр лавлагаагаар олгосон Б***н П***ийн  1995-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансны архивын лавлагаа 6 хуудас,  Цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас зэргийг тус тус ирүүлжээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.О***, Б.Г*** нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.П***ийн Иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагааг, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас  тушаалын хуулбар, Батлан хамгаалах яамны төв архиваас цэргийн алба хаасны болон цэргийн албанд татагдсан анкетын хуулбар, Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газраас цалин хөлсний лавлагааг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын  засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж байгаа Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн  цалин хөлсний болон бусад холбогдох баримтад үзлэгийн хийн, үзлэгийн ажиллагааг тэмдэглэлээр баталгаажуулсан тэмдэглэл зэргийг тус тус  бүрдүүлсэн.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1990 оны 10 дугаар сарын 25ы өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал тус нэгдэлд малчнаар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн хувьцаат компанид 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал шууданчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авахад улсад ажилласан жил минь нэмэгдэж тооцогдох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэж тайлбарласан болно.

3.Хэрэгт:

Төв аймгийн Заамар дахь хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1988 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Б.П нэрээр нээж олгосон

Ажлын тухай мэдээний хэсэгт:

1.1986.09.01. Төв аймгийн Заамар сум дахь техник мэргэжлийн сургуулийн техник мэргэжлийн сургуулийн тракторын ангид авч суралцуулав. ТМС-ийн захирлын  1986 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 55-р тушаалаар,

2. 1988.06.27.  Сургуулиа төгссөн тул Хөдөө аж ахуй Хүнсний үйлдвэрийн яамны сайдын  1988 оны 6 дугаар сарын 23-ны Б-38 тоот тушаалыг үндэслэн Хөвсгөл аймгийн ХААУГ-т шилжүүлэв. ТМС-ийн захирлын  1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 33-р тушаалаар,

3. 1988.07.01.  Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад хадлангийн салаанд туслах ажилчнаар ажиллуулав. Нэгдлийн даргын  1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 41-р тушаалаар,

4. 1992.12.31.Дэлгэрмөрөн компани нь цаашид үйлдвэрлэл явуулах шаардлагагүй тул туслах ажилчны үүрэгт ажлаас чөлөөлөв. Дэлгэрмөрөн компанийн захирлын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 54-р тушаалаар,

5. 1993.01.04. Их-Уул бригадад холбоочноор авч ажиллуулав. Дэлгэрмөрөн компанийн захирлын 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03-р тушаалаар,

6. 1995.12.25. Дэлгэрмөрөн компани тарсан тул  холбоочны ажлаас чөлөөлөв. Дэлгэрмөрөн компанийн захирлын 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 124-р тушаалаар...,” Хөдөлмөрийн улсын байцаагчийн гарын үсэг зурагдаж, 027 дугаартай тэмдэг дарж баталгаажуулсан “Улсын үзлэгээр  ажилласан хугацааг 6 жил 5 сар 26 хоногоор тооцов.”, мөн  Нийгмийн даатгалын улсын байцаагчийн  тэмдэг дарж баталгаажуулсан “Нэрийн дансанд  6 жил 5 сар 27 хоног ажилласнаар оруулав. ” гэх бичилттэй №265743 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас (хх-ийн 4-5 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 41 дугаартай 1. Аймгийн ХАА- хүнсний үйлдвэрийн удирдах газрын албан томилолтыг үндэслэж Б*** овогтой П***ийг  1988 оны 7 дугаар сарын 1-наас эхлэн туслах үйлдвэрийн бригадын хадлангийн салаанд туслах ажилчнаар ажиллуулсугай. ... “ гэх бичилттэй  Ажилд томилох тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас (хх-ийн 6, 44 дүгээр дугаар хуудас), 

Б***н П***ийн  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1991 оны 6 дугаар сараас 9 дүгээр саруудад ажиллан авсан цалин хөлсний баримтын түүвэр болон цалин хөлсний баримтад Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, түүвэр зэрэг 2 хуудас (хх-ийн 8-9 дүгээр хуудас),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11/276  дугаартай Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн компанийн захирлын 1993 оны тушаал шүүж үзэхэд Б.П***ийг ажилд томилдсон тушаал байхгүй, тус компанийн 1995 оны боловсон хүчинтэй холбоотой буюу Б тушаал манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх албан бичиг 1 хуудас, (хх-ийн10 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19 дугаартай “  Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн ХК 1992 онд Нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно. Дэлгэрмөрөн нэгдэл нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай холбогдолтой баримтбайхгүй байгааг тодорхойлов.” гэх  Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт 1 хуудас,  (хх-ийн11 дүгээр хуудас),

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Тогоруутан Б*** П*** нэрээр нээж олгосон НДД№*** дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн болон Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн №*** дугаартай Тогоруутан Б*** П***  нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 6 жил 0 сараар баталгаажуулав. гэх бичилттэй Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хх-ийн 12 дугаар хуудас),

Төрийн үйлчилгээний цахим системээс 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр лавлагаагаар авсан  Б***н П***ийн  2015-2024 онуудын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 3 хуудас, (хх-ийн 13-15 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Архивын тасгаас  2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр лавлагаагаар олгосон Б***н П***ийн  1995-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансны архивын лавлагаа 6 хуудас, (хх-ийн 16-21 дүгээр хуудас),

Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 08/1662 дугаартай “Б*** ( Б***)-н П*** нь  БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн *** дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр *** дугаарын цэргийн батлахтай халагдсан.” гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа 1 хуудас  (хх-ийн 37 дугаар хуудас),

Б***н П***ийн  ... Хэдэн оноос хаана ямар ажил хийж байсан:  1988 оноос туслах үйлдвэр бригадад грушик хийж байсан.  ... Ам бүл 6, ээж Х*** нас 47, саальчин, эгч Л*** нас 20, Төв аймгийн Батсүмбэрийн САА-д,  дүү О*** нас 16 малчин, дүү Т*** нас 15, 6-р анги, дүү О*** нас 14, 7-р ангид суралцдаг ...,  ах Ц*** нас 32 Их-Уул бригадад малчин  ...” гэх бичилттэй Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас 1988 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкетийн  Батлан хамгаалахын Төв архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн  38 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

 

Б***ийн П***ийн  “ ...1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр татагдаж 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр халагдсан...” гэх бичилттэй Цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, (хх-ийн 22 дугаар хуудас),

Б*** П***ийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Дэлгэрмөрөн нэгдэл, ажилд орсон он: 1988, цех, тасаг, бригад:үйлдвэр бригад, эрхэлдэг ажил:слесарч, эрхэлж эхлэсэн он: 1988, оршдог, сум, район:Бүрэнтогтох ... гэж 1988 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 40 дүгээр хуудас),

Б***ийн П***ийн  Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ....хаана, ямар ажилтай: Бүрэнтогтох 8-н жидийн сургуульд сурагч ... гэж бүртгэгдсэн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 41 дүгээр хуудас),

Б***ийн П***ийн  Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 42 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа архивын баримтад 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд “... 1990 оны туслах үйлдвэрийн бригадын ажилчдын цалин хөлсний баримтад болон  Их-Уул бригадын ажилчин, малчны цалин хөлсний баримтад үзлэг явуулахад нэхэмжлэгчид холбогдох баримт байхгүй болно. 1991 оны Их-Уул бригадын цалин хөлсний баримтад үзлэг явуулахад  баримтын 7 дугаар хуудсанд Б.П*** гэх цалин хөлсний баримт байх бөгөөд  П***, Т*** гэсэн нэр бичигдэж  6 дугаар сараас эхлэн цалин хөлс бичигдсэн баримт байлаа.  Энэ нь хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан өгсөн баримттай тохирч байлаа.  1992 оны цалин хөлсний баримтуудад үзлэгийг явуулахад баримт илрээгүй. Хэрэгт  Дэлгэрмөрөн ХК татан буугдсантай холбоотой тушаалд До.Х***, Б.П*** гэсэн байдлаар, ХААТР-1 дүгээр баримтад Д***ийн Х*** гэсэн байдлаар бичигдсэн байгаа тул До. Х***, Д***ийн Х*** гэсэн цалин хөлсний баримт байгаа эсэхийг үзэхэд  1992 оны Их-Уул бригадын малчдын цалин хөлсний баримтыг 31 дүгээр хуудсанд До. Х***, Төмөрчулуун гэж цалин хөлс бичигдсэн баримт байсныг хуулбарлан авч үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтов. ” гэх тэмдэглэл 4 хуудас, (хх-ийн 59-62 дүгээр хуудас)

 

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрч Б.Г***гээс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан: Бид хоёр нэг нутгийн хүмүүс бөгөөд хүүхэд байхаас нь сайн мэднэ. Түүний аавыг З***ийн Б***, ээжийг Д***ийн Х*** гэдэг нэгдлийн Их-Уул бригадын малчин хүмүүс байсан бөгөөд аав нь их залуугаараа өөд болсон. Тэднийх том ах Ц***, Л**, П***, Ч***, Т*** буюу Ч***, О*** гэсэн хүүхдүүдтэй.  Б.П*** нь 1986 оны 6 сард 8 дугаар ангиа хамт төгсөөд ТМС-д суралцахаар яваад тракторын жолооч болоод ирж байсан. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад грушигээр ажиллаж байгаад 1988 оны намар цэргийн албанд татагдсан яваад 1990 оны 10 сард халагдаж ирээд нэгдлийнхээ Их-Уул бригадад үргэлжлүүлэн ээж Х***ийн хамт мал маллаж байсан. Тэгээд нэгдэл тарсны дараагаа Дэлгэрмөрөн ХК-ийн Их-Уул бригадын одоогийн 3 дугаар багийн холбоочноор тус компанийг тартал ажилласан. Би Бүрэнтогтох сумын Их-Уул бргадын унаган хүн бөгөөд нэгдэлд 15 настайгаасаа эхлэн мал дагасан нутгаасаа огт гарч үзээгүй хүн юм. Миний мэдэхийн П***ээ нь нэгдэл тартал ээжийнхээ хамт  мал маллаж өнчин дүү нараа өсгөлцсөн бөгөөд нутгийнхаа Э*** гэр бүл болсноос хойш манай бригадын сонин, хэвлэл, захиа тараадаг  холбоочноор ажиллаж байсан. Түүнийг манай нутгийнхан П***ээ гэж голдуу дууддаг, жинхэнэ нэр нь бол П*** юм. Аав эрт өнгөрсөн болохоор П*** маань ээжтэйгээ голдуу нэгдлийн мал маллаж байсан. Миний мэдэхийн намайг хүүхэд байхад 1970 –аад оны үед Бүрэнхаан гэсэн сум байж байгаад салаад зарим хэсэг нь Цагаан-Уул сум руу, зарим  хэсэг нь манай Бүрэнтогтох сум руу ороод, манай сумын Бүрэнхаан бригад гэж байгуулагдаж байсан. Бүрэнхаан нэгдэл огт байгаагүй бөгөөд Бүрэнхаан бригад л гэж байсан...” гэх мэдүүлэг 2 хуудас (хх-ийн 70-71 дүгээр хуудас)

 

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрч Ж.О***аас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан: Түүний аавыг З***ийн Б***, ээжийг Д***ийн Х*** гэдэг нэгдлийн Их-Уул бригадын малчин хүмүүс байсан бөгөөд аав нь их залуугаараа 1980 оны дундуур 49 настайдаа өөд болсон. Тэднийх Ц***, Л***, П***, О***, Т****, О*** гэсэн хүүхдүүдтэй. Б.П*** нь бид хоёр 1986 оны 6 сард 8 дугаар ангиа хамт төгсөөд Б.П*** нь Төв аймгийн Заамар дахь ТМС-д суралцахаар явсан бөгөөд тракторын жолооч мэргэжил эзэмшээд 1988 оны 6 сард төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад грушигээр ажиллаж байгаад 1988 оны 10 сарын сүүлээр цэргийн албанд татагдсан явсан. Тэгээд цэргээс 1990 оны 10 сард халагдаж ирээд нэгдлийнхээ Их-Уул бригадад үргэлжлүүлэн ээж Х***ийн хамт мал маллаж байсан. Тэгээд нэгдэл тарсны дараагаа Дэлгэрмөрөн ХК-ийн Их-Уул багийн холбоочноор тус компанийг тартал ажилласан.  Намайг ажиллаж байх үед манай Их-Уул бригадад Д**ын П*** гэдэг саальчин хийдэг хүн байсан, одоо 85 настай нутагтаа амьдарч байгаа, М***н П*** гээд үеийн эмэгтэй ажиллаж байсан. Харин нэгдэлд  Ж***ийн П*** гэж нэгдлийн жолооч байсан өөд болсон, нэгдлийн нягтлан П*** гэдэг насны хувьд ахмад хүмүүс байсан. Миний мэдэхийн манай Дэлгэрмөрөн нэгдлээс өөр нэгдэл байгуулагдаж байгаагүй, би Бүрэнхаан нэгдэл гэж огт сонсож байгаагүй. Харин Дэлгэрмөрөн нэгдэл тарсны дараагаар Дэлгэрмөрөн, Сангийн Далай, Эрчим, Байнбулаг гэсэн компаниуд л байгуулагдсан бөгөөд Бүрэнхаан гэсэн нэртэй нэгдэл болон компани  огт байгуулагдаагүй дээ. Бүрэнхааны бригадыг “Бүрэнхаан нэгдэл” гээд биччихсэн юм болов уу. Дээр үед буюу 1970 –аад оны үед Бүрэнхаан гэсэн сум байж байгаад салаад зарим нь Цагаан-Уул сум руу, зарим нь манай Бүрэнтогтох сум руу ороод, бригад болсон гэж хөгшчүүл ярьдаг, энэ талаар манай сумынхан ч гэсэн сайн мэднэ. Эсхүл тушаал дээрээ Дэлгэрмөрөн компани руу шилжих байсныг “Бүрэнхаан нэгдэл” гээд тухайн үеийн ажилчин нь буруу бичсэн байх гэж бодож байна. ... гэх мэдүүлэг 2 хуудас (хх-ийн 72-73 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 

133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,

135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б.П*** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

 

5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Б.П***ийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал тус нэгдэлд малчнаар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн хувьцаат компанид 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын                     31-ний өдрийг дуустал шууданчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 10 дугаар сарын  25-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь цэргийн албанд татагдахаасаа өмнө буюу Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж бай болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн бичилт, болон түүнийг ажилд томилсон тушаал, цэргийн албанд татагдагчдын анкетанд цэрэгт татагдахаас өмнө ажил эрхэлж байсан байдал зэрэг бичигдсэнээр нотлогдож байна гэж,

Харин цэргийн албанаас халагдаж ирснээс хойш буюу 1991 оны 6 дугаар сараад түүнд цалин хөлс тооцогдон бодогдсон, мөн нэгдэл тарсантай холбоотойгоор малчдыг ажлаас нь чөлөөлсөн тушаалд До Х***, Б.П*** гэж ээжийн нэрний доор бичигдсэн байгаа байдал зэргээр нотлогдож байна гэж,

Мөн 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс Дэлгэрмөрөн хувьцаат компанид шууданчаар 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан байдал нь түүний хөдөлмөрийн дэвтрийн бичилт болоод түүнийг үндэслэн ажилласан байдлыг нөхөн тооцож олгосон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, баталгаажилтын хуудас зэргээр нотлогдож байна гэж тус тус үзсэн болно.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.П***ийн 1990 оны 10 дугаар сарын  25-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсантай холбоотой баримт байхгүй бөгөөд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын засаг даргын тамгын газраас лавлагаагаар олгосон цалин хөлсний 70 дугаар дансны лавлагаанд 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс цалин бичигдсэн тул дээрх хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Тогруутан овогт Б***н П*** -ийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал тус нэгдэлд малчнаар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн хувьцаат компанид 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал шууданчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 10 дугаар сарын             25-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА