Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Лхам

Шүүгдэгч: С.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-д холбогдох 201712000072 тоот хэргийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1990.12.08-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн  хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Баттур ХХК-ний хашаанд оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй /РД:ВЮ90120810/ Боржигон овгийн С.Д

Шүүгдэгч С.Д нь 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг, Айргийн 6-1 тоот хашаанд байрлах иргэн  М.Я-ийн гражаас 67 кг ноолуур хулгайлж 4.355.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

 

1.Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017.04.10-нд Улаанбаатар хотоос ахынхаа ачааг хүргэж өгөх гээд  Дундговь аймаг руу ирсэн. Энд өмнө нь ирж байгаагүй учраас аймагтай танилцах гээд явж байтал түүхий эд авна гэсэн хаяг харагдсан. Надад тэр үед мөнгө хэрэгтэй байсан учраас ноолуур  авах санаа төрсөн. Орой болтол хүлээж байгаад шөнө 01 цагийн үед ганцаараа айлын гражны цоожийг эвдэж орсон. Гражид нь задгай ноолуур байсан. 50 кг-ийн  шуудайг 5-6 дахин нийлүүлсэн  юм шиг том шуудай байхаар нь 2 том шуудайд  ноолуур дүүргээд  хашаан дээгүүр давуулж шидсэн. Нэг шуудайг нь машиныхаа  арын суудал дээр, нэгийг нь машиныхаа багажинд хийгээд ганцаараа Улаанбаатар хот явсан. Замд нэг хүн гар өргөхөөр нь үнэмлэхтэй юм болов уу гэж  бодоод авсан чинь үнэмлэхгүй хүн байсан.  Өглөөний 7  цаг өнгөрч байхад Улаанбаатар хот ороод Ууганжаргалыг дуудаж машинаа бариулаад эмээлт зах орсон. Айлаас авсан ноолуур маань 67 килограмм байсан, нийтдээ 4300000 төгрөг болсон.  Замд гар өргөж суусан хүнийг танихгүй. Ууганжаргалд таксины мөнгө гэж 20.000 төгрөг өгсөн. Бусад мөнгийг нь би өөрөө үрээд дууссан. Хохирол төлбөрийг нь ажил хийж байгаад төлж барагдуулах  болно. Энэ хэрэгт надтай хамтран  оролцсон хүн байхгүй, би ганцаараа байсан. Надад нэг боломж олгож өгнө үү, ард үлдэж байгаа хүүхдүүдээ бодож байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 

2.Хохирогч М.Я-ийн: “...Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айргийн 6-1 тоотод түүхий эд авдаг Буянт-Өртөө ХХК-ийг ажиллуулдаг  юм. 2017.04.10-ны өдөр би ажил дээрээ ажиллаж байгаад орой 23 цаг 50 минутын үед гэртээ харьсан. Хашаанд манай эхнэрийн дүү Ариунаа үлдсэн ба тэдний гэр хашаанд байдаг юм.  Тэгээд би маргааш нь 2017.04.11-ний 07 цаг 40 минутанд хашаандаа ирэхэд хашаан дотор зүүн хойд талд байх 2 грашийн зүүн  талын  грашийн  хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь би дотор нь орж үзэхэд дотор нь байсан  ноолуураас алга болсон байсан. Хэдэн кг ноолуур дутсаныг  үзэхэд 67 кг ноолуур дутаж байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Цагаан өнгийн 25 кг-ын шуудайтай ноолуур байсан. Тэр байхгүй байна. Бусад ноолуур нь задгай байсан  юм. Грашаа цоожилсон байсан  юм. Цоожийг нь аваад явсан  байна лээ. Өөр ямар нэгэн  эд зүйл алдагдаагүй. Гомдолтой байна, хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг  /хх-ийн 18/

 

   3. Гэрч М.Түвшинтөгсийн: “...2017 оны 4 сарын 10-ны өдөр хамт ажилладаг Мэндээтэй хамт ажлын хашаанд мах ачиж байгаад 23 цаг 30 минут гээд буугаад гэртээ харьсан. Манай захирал Ядамдорж хашаандаа үлдсэн юм.  Тэгээд маргааш нь 2017.04.11-ний өглөө 8 цагийн үед ажилдаа ирэхэд хашааны зүүн хойд буланд байх граашийн цоожийг эвдлээд дотроос нь 67 кг ноолуур алдагдсан байсан юм. Хашаанд манаач гэж Ядамдорж ахын  дүү Ариунаа гэх хүүхэн байдаг байсан.  Тухайн өдөр гэртээ хоноогүй гэсэн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 19/

 

     4. Гэрч Д.Мэндээгийн: “...2017 оны 4 сарын 10-ны өдөр хамт ажилладаг Түвшинтөгсийн хамт ажлын хашаанд мах ачиж байгаад 23 цаг 30 минут гээд буугаад гэртээ харьсан. Манай захирал Ядамдорж хашаандаа үлдсэн юм. Тэгээд маргааш  нь 2017.04.11-ний өглөө 08 цагийн үед ажилдаа ирэхэд хашааны зүүн хойд буланд байх грашийн цоожийг нь эвдлээд дотроос нь 67 кг ноолуур алдагдсан байсан. Хашааны манаач гэж Ядамдорж ахын дүү Ариунаа гэх хүүхэн байдаг байсан. Тухайн өдөр гэртээ хоноогүй гэсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

 

5. Гэрч  Д.Ариунаагийн: “...Би хүргэн ах Ядамдоржийн Айргийн 6-1 тоот хашааг харж байдаг юм. Тэгээд 2017.04.10-ны өдөр Ядамдорж ах ажил дээрээ ирээд ноос ноолуур авч байгаад 23 цаг өнгөрөөгөөд агуулах саваа хааж түгжээд гэрлүүгээ явсан юм.  Би тухайн үед ганцаараа байсан тул аавындаа очиж хоноод маргааш нь ирэхэд грашид хулгай орсон байна гэж хэлсэн юм. Намайг  гэрээс явахад агуулах сав цоожтой байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 21/

6. Гэрч Д.Даваасүрэнгийн: “...Би СХД 32-р хороо Эмээлт түүхий эдийн  захад түүхий эд авдаг хүн байгаа юм. 4, 5-р сард ноолуур их орж ирдэг болохоор их ачаалалтай байдаг, утасны биллнээс харахад уг дугаар надтай 6 цаг өнгөрч байхад холбогдож ярьсан байна. Яг ямар хүн  байсныг  нь санахгүй байна. Ноолуур өгсөн байх гэж бодож байна. Ноолуурын  мөнгийг  ихэвчлэн  бэлэн өгдөг юм. ...утсаар надруу залгаад би буцааж залгаад холбогдсон  болохоор ноолуур авсан байна. Миний ярьсан зүйл үнэн. Нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/

 

7. Гэрч Ө.Ууганжаргалын: “...2017 оны хавар ноолуур өндөр үнэтэй байх үед Доржням өглөө үүрээр 06 цагийн үед би Төв аймгийн хажууд явна Өлзийт хорооллын  постноос нааш гарч ирээд машин бариад өг, би жолооны үнэмлэхгүй гээд нэг дугаараас залгасан. Би дугаарыг нь санахгүй байна. Би такси бариад Өлзийт хорооллын постны цаана очиход Доржням надтай ойролцоо насны бололтой нэг залуутай байсан.  Тэр залуу бордуу царайтай хэн  гэж дууддагийг нь мэдээгүй. Тэгээд саарал өнгийн креста машиныг  нь бариад Эмээлт зах орж машинд байсан 2 том ногоон шуудайтай ноолуурыг замын урд талд байх ноолуур авдаг  газар гурвуулаа хамт орж өгсөн. Ноолуур авсан ченж намхан биетэй хүн байсан. Яг хэдэн кг  ноолуур байсныг  нь санахгүй байна. Ямарч байсан 4 сая төгрөг болж байсан.  Надад таксины 20000 төгрөг өгсөн,  өөр юм өгөөгүй. Би бодохдоо хамт яваа хүнийх нь ноолуур юм байна гэж бодсон.  Өөр мэдэх зүйл байхгүй...” гэх  мэдүүлэг  /хх-ийн  25-27/

 

8. Гэрч Ц.Даваасүрэнгийн: “...Би феисбүүкийн  автомашины сэлбэг гэсэн зараар Креста машины сэлбэг зарна гэсэн байхаар нь 2018 оны 1 дүгээр сарын  5-ны үед холбогдон 5 шарын урд байх хашаанд очиж машины дотор салон, хөгжим, бөгсний гэрэл 4 дугуйны хамт нийт 290000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо Эрдэнэт /Орхон/ аймагт байх Алтангэрэл гэж хүнд зарсан. Доржням гэх хүнийг  танихгүй, сэлбэг худалдаж авч байсан...гэх мэдүүлэг” /хх-ийн 32/

9. Гэрч О.Жавзанжамъянгийн: “...Би 2017 оны 12 сарын  30-ны үед феисбүүкийн автомашины зараас 1997 оны Креста машин задалж зарна гэсэн зарын дагуу Доржням гэх хүнтэй холбогдсон. 2018 оны 1-р сарын  эхээр  байх яг хугацааг нь санахгүй байна. Креста машины мотор хроп, урд гүпр, 2 их гэрэл, копуд, радиатор,  янданг нийт 450,000 төгрөг бэлнээр өгч худалдаж авсан. Өвөрхангай аймгийн  Уянга суманд байх манай найз Манал гэх залуу надаас авч өөрийн хуучин машинаа сэлбэсэн. Доржнямтай машины сэлбэг авахад л танилцсан. Түүнээс хойш уулзаагүй байж байгаад өнөөдөр уулзсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/

10. Сайнцагаан  сумын үнэ тогтоох комиссын эд зүйлд үнэлгээ хийх тухай 13 дугаартай акт /хх-ийн 69/

 

11.Хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан  үндэслэл  журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч С.Д нь Сайнцагаан сумын 8-р баг, Айргийн 6-1 тоотод байрлах иргэн М.Я-ийн грашид 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, 67 кг  ноолуур хулгайлж 4355000 төгрөгийн  хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

           Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Дд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.    

            Одоо дагаж мөрдөгдөж байгаа буюу 2015 оны Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 1.8 дугаар  зүйлийн  1-д  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн 1.9 дүгээр зүйлийн 1-д “… оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж,  мөн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн,  гэмт хэрэг үйлдсэн  этгээдийн  эрх зүйн  байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус заажээ.        

        Шүүгдэгч С.Д-ын холбогдсон хэрэг нь  2015 оны Эрүүгийн  хуулийн  17.1 дүгээр  зүйлийн 2.1 дэх хэсэгт хамаарч байх боловч  уг зүйлд шүүгдэгчид оногдуулах ялыг  хүндрүүлсэн ба мөн хуулийн бусад заалтаар эрх зүйн байдлыг нь дордуулсан байх тул 2015 оны Эрүүгийн  хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэж үзсэн  болно.

 

         Иймд шүүгдэгч С.Д-ыг бусдын эд хөрөнгийг  агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгож, ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

         Шүүгдэгчийн  хувийн  болон эд хөрөнгийн  байдлыг харгалзан түүнд эд  хөрөнгө  хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй  гэж  үзлээ.

         Мөн шүүгдэгч  С.Д-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан шүүхээс оногдуулсан хорих  ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд  эдлүүлэхээр  шийдвэрлэв.

         Шүүгдэгч С.Дд эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

                 Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

         Энэ хэргийн улмаас хохирогч М.Я-д 4.355.000 төгрөгийн  хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид хохирол төлөөгүй байна.

         Иймд Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-с 67 кг ноолуурын үнэ 4355000 төгрөг гаргуулан хохирогч М.Яид олгохоор шийдвэрлэлээ.

        Шүүгдэгч нь дээрхи гэмт хэргийг  өөрийн  эзэмшлийн 1997 онд үйлдвэрлэсэн “Тоёото Криста” маркийн 94-70 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж  үйлдсэн  болох нь шүүгдэгч, гэрч Ө.Ууганжаргал нарын мэдүүлгээр, 2018 оны 01 дүгээр  сард уг тээврийн  хэрэгслийг задалж бусдад  зарж борлуулсан  болох  нь гэрч Ц.Даваасүрэн, О.Жавзанжамъян нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

         Мөн  уг тээврийн  хэрэгсэл нь зах зээлд 700.000 төгрөгийн  үнэтэй болох нь  эд зүйлд үнэлгээ хийсэн  акт /хх-ийн 69/-р  тогтоогдож байна.

           2002 оны Эрүүгийн  хуулийн 49 дүгээр зүйлийн  49.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг  үйлдэхэд ашигласан тээврийн  хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана ...”  гэж заасан  байх тул тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулахаар  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Дд урьд нь хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээ авсан  бөгөөд  хорих  ял оногдуулж байгаа  тул таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж энэ  өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овгийн С.Д-ыг агуулах саванд нэвтэрч   бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Д-д 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд  эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурдсугай.  

5. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-аас 4355000 /дөрвөн сая гурван зуун тавин таван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч М.Яид олгосугай. 

6. 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ын гэмт хэрэг  үйлдэхдээ ашигласан  тээврийн  хэрэгслийн үнэ 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулан  улсын орлогод оруулсугай. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

          8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан  авсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Г.МӨНХБАТ