| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2019/0895/З |
| Дугаар | 128/ШШ2025/0488 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2025/0488
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ******* ******* ******* ХХК
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч Л.*******, хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.******* нарын хоорондын зөрчлийн хэрэг дэх 0020503 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдлын шаардлага:
1.1. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч Л.*******, Д.******* нарын ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0020503 дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай зөрчлийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай болно.
2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Анх Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулж байгаа ахуйн, нэгж байгууллагуудад Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах удирдамжийн дагуу ******* ******* ******* ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг хамруулан Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт заасан салбарын болон салбар дундын хэлэлцээрээр баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доош цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлж буй эсэхийг тус компанийн санхүүгийн тайлан, анхан шатны баримт, гадаад ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн гадаад ажилтнуудын шилжилт хөдөлгөөний бүртгэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, бусад холбогдох баримтад үндэслэн шалгажээ.
2.2. Шалгалтаар "******* ******* ******* ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 32 дугаар зүйлийн 32.1.1, 1.2 дах хэсэгт заасныг тус тус зөрчиж 2016, 2017, 2018 онуудад Хятад Улсаас ажиллах хүч, мэргэжил авч ажиллуулж эдгээр нэр бүхий 4404 ажилтанд олгосон нийт 13 368 096 000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцож, төлөөгүй зөрчил илэрсэн тул 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1902000353 дугаар бүхий зөрчлийн хэргийг нээн, хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан байна.
2.3. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч Л.*******, Д.******* нар ******* ******* ******* ХХК нь 2016-2018 онд БНХАУ-аас оруулсан нэр бүхий 4404 (давхардсан тоогоор) гадаад иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу төлөөгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулж, 3,143,234,880 төгрөгийн хохирол, 1,571,617,440 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 4,717,852,320 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.
2.4. Гомдол гаргагч ******* ******* ******* ХХК дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2019 оны 08 дугаар сарын 13-ны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Л.*******, Д.******* нар нь ******* ******* ******* ХХК-ийн 2016-2018 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж тус компанийг БНХАУ-аас оруулж ирсэн нэр бүхий, давхардсан тоогоор 4404 гадаад иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу төлөөгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн нь нотлох баримтаар нотлогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулж, 3,143,234,880 төгрөгийн хохирол, 1,571,617,440 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 4,717,852,320 төгрөгийг Төрийн сангийн дансанд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхийг даалгасан №0020503 дугаар шийтгэх хуудсыг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гаргасан байна. Дээрх шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.
Нэг. Зөрчил түүнд ногдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар: Улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн үндэслэлээ ******* ******* ******* ХХК-ийн 2016-2018 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж тус компанийг БНХАУ-аас оруулж ирсэн нэр бүхий, давхардсан тоогоор 4404 гадаад иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу төлөөгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн нь нотлох баримтаар нотлогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулж, 3,143,234,880 төгрөгийн хохирол, 1,571,617,440 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 4,717,852,320 төгрөгийг Төрийн сангийн дансанд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхийг даалгасан" гэж шийтгэл ногдуулах үндэслэлээ тодорхойлжээ.
"******* ******* *******" ХХК нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 1996 оны 8 тоот зөвлөмж, Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Дугаар 253 тоот тогтоол зэргийг үндэслэн, 1996 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 183 тоот тогтоол, 1996 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар 3Г/144 тоот батламжаар баталсан "Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ"-ний "Гэрээлэгч" бөгөөд өнөөг хүртэл дээрх гэрээг чанд баримтлан "*******ийн төсөл"-ийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ нь Засгийн газрын батламжилсан тогтоолоор нотлогдоно.
Дээрх Бүтээгдэхүүн Хуваах гэрээний 10.4 зүйл (г) заалт болох "Гэрээлэгч" нь (түүний дотор хувь нийлүүлэгчид болон хувьцаа эзэмшигчид, түншүүд болон бусад хүү эзэмшигчид) энэ гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд 10.2-т заасан урамшуулал, энэхүү 10.4-т заасан орлон төлөх орлогын татвар, Засгийн газрын байгууллагуудаас жинхэнэ үзүүлсэн үйлчилгээний ердийн хөлсийг төлөх бөгөөд харин орлогын татвар болон бусад бүх татвар төлөхөөс чөлөөлөгдөнө"/, мөн тус гэрээний 10.4 зүйл (е) заалтад /"Гэрээлэгчийн гадаадын оролцон гүйцэтгэгч нь тэдгээрийн газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд ногдуулах, орлон төлөх орлогын татвар, орлогын татвар буюу бусад татвараас чөлөөлөгдөнө" гэж тус тус заасны дагуу "******* ******* *******"ХХК нь бүх төрлийн татвар төлөхөөс чөлөөлөгддөг.
Түүнчлэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний 10.4 зүйл (ж) заалтад "Гэрээлэгчийн болон оролцон гүйцэтгэгчийн гадаадын ажиллагсад нь Монгол Улсын Засгийн газар, тухайлбал, түүний аль нэг улс төрийн байгууллагаас ногдуулах орлогын бүх татвар, нийгмийн даатгалаас чөлөөлөгдөнө" гэсэн нь "******* ******* ******* ХХК нь гадаадын иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх гол үндэслэл бөгөөд өнөөдөр энэхүү "Бүтээгдэхүүн хуваах гэрээ" хүчин төгөлдөр үйлчилж байна.
Монгол Улсын Засгийн газар гэрээний дагуу хамтран ажиллах хугацаандаа гэрээний нийгмийн даатгалтай холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах санал гаргаагүй мөн гэрээний 10.4 дүгээр зүйлийн "ж" хэсэг дэх заалтыг мөрдөхгүй байх талаар мэдэгдээгүй болно.
Түүнчлэн "Бүтээгдэхүүн хуваах гэрээ" байгуулагдах үед Монгол улсын эдийн засаг туйлын хүнд, гадаадын хөрөнгө оруулалт хүсээд олдохгүй байсан үед "******* ******* ******* ХХК нь их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж хамтран ажилласан байдаг.
"******* ******* ******* ХХК нь Монгол Улсыг төлөөлөн эрх бүхий Засгийн газартай гэрээ байгуулахдаа "... нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх тухай" болон бусад татвар хураамжаас чөлөөлөх суурь нөхцөлийн үндсэн дээр "Бүтээгдэхүүн хуваах гэрээ" байгуулсан байдаг ба энэхүү гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, үйл ажиллагаа хэвийн явагдаж, гэрээний талууд өөрт ногдох газрын тосны бүтэгдэхүүнээ хуваан авч ашигтай ажиллаж байгааг шударга ёсыг зөрчсөн, зөрчлийн хэрэг үйлдсэн гэж хариуцлага хүлээлгэх үндэслэл гэж үзэхгүй байна өөрөөр хэлбэл манай компани нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэлд ногдох орлогоо нуусан, эсхүл худал мэдээлсэн, эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэж заасан зүйлсээс аль нэг үйлдлийг хийгээгүй бөгөөд хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа болохыг эрхэм шүүгч болон шүүх анхааран үзэхийг хүсэж байна.
Хоёр. Хууль хэрэглээний зөрчлийн тухайд: Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Л.*******, Д.******* нар нь ******* ******* ******* ХХК-ийн 2016-2018 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж тус компанийг БНХАУ-аас оруулж ирсэн нэр бүхий, давхардсан тоогоор 4404 гадаад иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу төлөөгүй гэх дээрх асуудлаар:
а) 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн "Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги ноогдуулах тухай" 32/30 дугаар актаар "******* ******* *******" ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2,16 дугаар зүйлийн 16.1,16.3,17 дугаар зүйлийн 17.1.1,32 дугаар зүйлийн 32.1.1.1.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, 2016, 2017, 2018 онуудад БНХАУ-аас авч ажиллуулсан хавсралтад дурдсан нэр бүхий 4404 ажилтанд олгосон нийт 13 368 096 000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлбөл зохих 3 143 234 880 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлж санд төлөөгүй зөрчил илэрсэн гэж үзээд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд тусгагдаагүй хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан дагуу тооцож, санд төлөгдөөгүй 3 143 234 880 төгрөгийн шимтгэлийг хугацаа хэтрүүлсэн хоногт ногдох 1 571 617 440 төгрөгийн алдангийн хамт нийт 4,714,852,320 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ асуудлаар захиргааны маргаан үүсгэж, нэхэмжлэл гаргахаар бэлдэж байна/
b) Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Л.*******, Д.******* нар нь ******* ******* ******* ХХК-ийн 2016-2018 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж тус компанийг БНХАУ-аас оруулж ирсэн нэр бүхий, давхардсан тоогоор 4404 гадаад иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу төлөөгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн нь нотлох баримтаар нотлогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулж, 3,143,234,880 төгрөгийн хохирол, 1,571,617,440 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 4,717,852,320 төгрөгийг Төрийн сангийн дансанд 2019 оны 08-р сарын 15-ны өдрийн дотор төлөхийг даалгасан 0020503 дугаар шийтгэх хуудсыг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гаргасан байна.
Өөрөөр хэлбэл нэг асуудлаар Нийгмийн даатгалын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг хэрэглэж тус хоёр хуулиар тус бүр 4,714,852,320 төгрөгийн Улсын байцаагчийн акт болон 4,717,852,320 төгрөгийн зөрчлийн шийтгэл ногдуулсан байгаа шударга ёсны зарчмаас гажиж байна.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10.17 дугаар зүйлийн хөөн хэлэлцэх хугацаа нь 6 сараар хязгаарлагдаж байна, гэтэл зөрчилд дурдагдаж байгаа асуудлууд 2016,2017,2018 оны нийгмийн даатгалын шимтгэл гэж байгааг шүүх мөн анхаарна биз ээ.
Иймд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Л.*******, Д.******* нарын "******* ******* *******" ХХК-нд холбогдуулан гаргасан 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №0020503 дугаар "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 4,717,852,320 төгрөгийн зөрчлийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэв.
3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...******* ******* ******* ХХК нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 1996 оны 08 тоот зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 253 тоот тогтоол зэргийг үндэслэн бүтээгдэхүүн хуваах гэрээг засгийн газартай байгуулсан. Энэхүү бүтээгдэхүүн хуваах гэрээний 10.4 дүгээр зүйлд гэрээлэгч нь түүний дотор хувь нийлүүлэгчид болон хувьцаа эзэмшигчид, түншүүд болон бусад хүү эзэмшигчид энэ гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд 10.2-т заасан урамшуулал, энэхүү 10.4-д заасан орлон төлөх орлогын татвар, Засгийн газрын байгууллагуудаас үзүүлсэн үйлчилгээний ердийн хөлсийг төлөх бөгөөд харин орлогын татвар болон бусад бүх татвараас чөлөөлөгдөнө гэж заасан. Мөн гэрээлэгчийн гадаадын орлон гүйцэтгэгч нь тэдгээрийн газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд ногдуулах орлон төлөх орлогын татвар, бусад орлогын татвараас чөлөөлөгдөнө. Түүнчлэн гэрээлэгчийн болон орлон гүйцэтгэгчийг, гадаадын ажиллагсад нь Монгол Улсын Засгийн газар тухайлбал түүний аль нэг улс төрийн байгууллагаас ногдуулах орлогын бүх татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө тус тус заасан байдаг. Иймд ******* ******* ******* компани нь гадаадын иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх гол үндэслэл болж байгаа юм. Энэхүү гэрээ нь одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа.
Шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол гэж заасан бөгөөд нэхэмжлэгч компаниас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөс зайлсхийсэн ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй. Нуусан тохиолдол огт байгаагүй. Улсын байцаагчид Нийгмийн даатгалын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар нэхэмжлэгч компанид 4.7 тэрбум төгрөгийн акт болон нөхөн төлөх шийтгэлийн хуудас гаргасан нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд маргаан шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү ... гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК-нд бичсэн 2019.07.31-ний өдрийн 0020503 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна Учир нь:
Нэхэмжлэгчийн шимтгэл ногдох орлогыг санаатайгаар бууруулсан үйлдэл, улсын байцаагчийн 32/30 тоот актыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн актаар тогтоосон төлбөрийг төлөөгүй үйлдэлд нь тухайн үед мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.
Шийтгэлийн хуудасны маягт өөрөө хохирол, нөхөн төлбөр буюу шимтгэл, алдангийг бичихээр батлагдсан тул шимтгэл, алдангийг бичсэн. Нэг зөрчилд 2 төлбөр тогтоож, төлбөрийг давхардуулан төлүүлэх зорилго байхгүй. Энэ талаар тухайн үед нэхэмжлэгчид тайлбарлаж байсан. гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхүүдээс улсын байцаагчийн актыг хүчин төгөлдөр гэж үзэн хангаж шийдвэрлэсэн. Үүний дагуу нэхэмжлэгч компаниас нийгмийн даатгалын шимтгэл болон алдангийг төлсөн. Өөрөөр хэлбэл Бүтээгдэхүүн хуваах гэрээ-ний заалтууд үндэслэлгүй байсан. Тодруулбал: Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын бүх аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө гэж заасныг зөрчсөн гэж үзсэн. Тухайн үед буюу 2019 оны 07 дугаар 31-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг санаатайгаар бууруулсан буюу нуусан, эрх бүхий байгууллагын тогтоосон шимтгэл, алдангийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй, шимтгэл, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг үндэслэн шийтгэлийн хуудсыг үйлдсэн. Нэг зөрчилд 2 шийтгэл ногдуулж байна гэх асуудлын тухайд шийтгэлийн хуудасны маягтад шимтгэл, хохирол, нөхөн төлбөр гэсэн хэсгүүдийн дагуу шийтгэлийн хуудастаа тусгасан. Гэвч тухайн үед байсан хууль ёсны төлөөлөгчдийн зүгээс аль нэгийг нь төлсөн тохиолдолд заавал давхардуулж төл гэсэн ойлголт байхгүй талаар тайлбарлаж байсан. Тодруулбал: Улсын байцаагчийн актаар тогтоосон 4.7 тэрбум төгрөгийг, шийтгэлийн хуудсаар тогтоосон 4.7 тэрбум төгрөгийг аль алиныг нь төлнө гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр шийтгэлийн хуудасны шимтгэл, алданги төлүүлэх хэсгийг хүчингүй болгож, торгуул ногдуулах хэсгийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх гомдол гаргагчийн шаардлагын хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.
4.2.Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино заасан атал хариуцагч нараас гомдол гаргагч хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөн, хууль бус шийдвэр гаргажээ.
Тодруулбал, хариуцагч Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч Л.*******, Д.******* нар гомдол гаргагч ******* ******* ******* ХХК-ийн 2016-2018 онд БНХАУ-аас ажиллах хүчээр оруулж ирсэн нэр бүхий 4404 (давхардсан тоогоор) гадаад иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу төлөөгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн хэмээн буруутган Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгийн торгууль, 3,143,234,880 төгрөгийн хохирол, 1,571,617,440 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 4,717,852,320 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.
4.3.Гэтэл уг маргаан бүхий актыг гаргахаас 2 /хоёр/ сарын өмнө мөн тус хэргийн хариуцагч болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Л.*******, Д.******* нар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн удирдамжийн дагуу 2016-2018 оныг дуустал хугацааны Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд шалгалт хийж, ******* ******* ******* ХХК-ийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3, 17 дугаар зүйлийн 17.1.1, 32 дугаар зүйлийн 32.1.1, 1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, 2016, 2017, 2018 онуудад БНХАУ-аас авч ажиллуулсан 4404 ажилтанд олгосон нийт 13,368,096,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлвөл зохих 3,143,234,880 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь тооцож, санд төлөөгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр 3,143,234,880 төгрөгийн шимтгэл, хугацаа хэтрүүлсэн хоногт ногдох 1,571,617,440 төгрөгийн алданги, нийт 4,714,852,320 төгрөгийг төлж барагдуулахаар 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай 32/30 дугаартай актыг гаргасан байжээ.
4.4.Улмаар 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 32/30 дугаар актын хууль зүйн үндэслэлийг тус шүүхийн 2021 оны 02 сарын 03 өдрийн 128/ШШ2021/0098 дугаар шийдвэр[1], 2021 оны 05 сарын 13 өдрийн 221/МА2021/0232 дугаар магадлалаар[2] хууль зөрчөөгүй үндэслэл бүхий захиргааны акт хэмээн дүгнэгдэн, хуулийн хүчин төгөлдөр болсноор гомдол гаргагч ******* ******* ******* ХХК нэгэнт хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хаан банкны харилцах дансанд 4.714.852.320 төгрөгийн шимтгэл, алдангийг төлсөн байна[3].
4.5.Харин дээрх хоёр актын зөрчлийн хэлбэр, хууль зүйн үндэслэл, төлбөл зохих мөнгөн дүн ижил байх бөгөөд энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад тэрээр ...эхлээд Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу шимтгэл, алдангийг төлүүлэх гэж байсан боловч нэхэмжлэгчээс хугацаандаа төлөөгүй, хүлээн зөвшөөрөхгүй байсан учир албадлагын арга хэмжээг авч 2 сарын дараа торгууль ногдуулсан шийтгэлийн хуудас гаргасан... тайлбарыг өгсөн.
4.6.Дээрхээс үзвэл хариуцагч нийгмийн даатгалын байцаагч нарын гаргасан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай 32/30 дугаартай акт болон 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0020503 дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай зөрчлийн шийтгэлийн хуудас нь өнгөц харахад тусдаа үйлдэгдсэн зөрчил мэт боловч агуулгын хувьд нэг зөрчил байх тул шүүх энэ тохиолдолд нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэхгүй байх (Non bis in idem) эрх зүйн шударга ёсны зарчимд нийцэхгүй байхаас гадна хариуцагч нар маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй болох нь тогтоогдож байна.
4.7.Тиймээс гомдол гаргагч ******* ******* ******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого нуусан, эсхүл худал мэдүүлсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлгүй юм.
4.8.Иймд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч Л.*******, Д.******* нарын үйлдсэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0020503 дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай зөрчлийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч Л.*******, Д.******* нарын үйлдсэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0020503 дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай зөрчлийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгав.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР