Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 213/МА2021/012

 

И.Оийн нэхэмжлэлтэй

Ш.Дд холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 131/ШШ2021/00222 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч И.О

Хариуцагч Ш.Дд холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 3.326.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч И.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Должинсүрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Должинсүрэн, нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч И.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь Ш.Дд 2017 оны 09 сарын 03-04-ний өдрүүдэд 2 сая төгрөг зээлүүлсэн. Энэ мөнгийг авахдаа Ш.Д нь аав нь Хөх хотод хорт хавдар өвчнөө эмчлүүлэх болсон. Мөнгөний хэрэг гарсан тул яаралтай өгөөч гээд сарын 10 хувийн хүүтэй авсан юм. Би 2 сая төгрөгөө Ш.Дд зээлүүлэхдээ бичгээр гэрээ хийгээгүй, хүүг тооцохдоо банкны хүүгээр буюу сарын 1.7 хувь тооцож 3.326.000 төгрөг нэхэмжилсэн гомдолтой байна гэжээ.

Хариуцагч Ш.Даас шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, учир нь И.О нь манай нөхөр С.Ганбат бид хоёроос Баянхонгор сумын 6 дугаар багт байрлах 1 дүгээр байрны 17 тоот байрыг 31.250.000 төгрөгөөр худалдан авсан билээ. Байр худалдан авахдаа байрны үлдэгдэл 2.750.000 төгрөгийг төлөөгүй байсан тул би И.Оээс байрны үлдэгдэл мөнгөө авахын тулд 1 сая төгрөгийг зээлээч гэж хэлж байж байрны үлдэгдэл мөнгө хагас дутуу авсан юм. Иймд И.Од ямар нэг өр төлбөр байхгүй гэжээ.

Нэхэмжлэгч И.Оээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ш.Д эгч нь 2017 онд аавын бие муу, хавдартай Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх шаардлагатай байх тул 2.000.000 төгрөг, 10 хувийн хүүтэй зээлээч гэж гуйж байсан. Хүний амьдрал хатуу байдаг учир би тухайн мөнгийг зээлээд өгсөн боловч дараа нь намайг залилан авсныг мэдсэн, би гомдолтой байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Должинсүрэнгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь И.О нь Ш.Д болон түүний нөхөр С.Ганбат нараас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-дугаар баг 1 дүгээр байр 17 тоотод байрлах 31.84м2 байрыг 31.250.000 төгрөгөөр худалдан авахаар орон сууц захиалан бариулах гэрээг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хийсэн. Энэ авсан байрны үлдэгдэл 2.450.000 төгрөгийг И.О нь өгөлгүй явж байсан бөгөөд Ш.Д нь тухайн төгрөгийг байнга нэхдэг байсан боловч иргэн И.О нь элдэв шалтаг хэлсээр явсан. Ингээд 2017 онд И.Оээс Ш.Д нь 2017 оны 09 сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг авсан. Энэ нь тухайн байрны төлөгдөөгүй үлдэгдэл төгрөг юм гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Даваажав анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 онд И.Оээс орон сууц худалдан авах гэж И.Оийн Ш.Даас худалдан авсан байранд 2 сар орчим амьдарсан юм. Ингээд орон сууцыг худалдан авах боломжгүй болсон тул И.Од өгөх байсан 2 сая төгрөгийг Ш.Д гэх хүнд 2 хуваан хүлээлгэн өгсөн санагдаж байна. Одоо миний хувьд хэн нэгэнд өр төлбөр байхгүй. Энэ хоёр хүний дунд болсон асуудлыг би мэдэхгүй. Цаг завгүй байхад энэ маргаандаа татан оролцуулсанд гомдолтой байна..гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Даас зээлийн гэрээний үүрэг 1.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.326.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч И.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.950 төгрөгийн илүү төлсөн 14.284 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ш.Даас улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч И.Од олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч И.Оээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие И.О нь Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 131/ШШ2021/00222 дугаар шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү. Учир нь анхан шатны шүүхэд баримтаа өгөөгүй болно. Иймд хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж анхан шатны шүүхэд дахин шилжүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Должинсүрэнгээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хариуцагч Ш.Д нь нэхэмжлэгч И.Оээс мөнгө зээлсэн асуудал байхгүй байдаг. Тэрээр И.О нь Ш.Д болон түүний нөхөр С.Ганбат нараас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р багт байрлах 1 дүгээр байрны 17 тоотод байрлах 31.84м2 байрыг 31.250.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан байдаг. Ингэхдээ урьдчилгаа 30 хувь болох 9.375.000 төгрөгийг хэдэн хэдэн удаагаар цувуулж авч байгаад үлдэгдэл 2.450.000 төгрөгийг нэхэмжлэгч И.О нь түүний байранд 2014 онд түр хугацаагаар амьдарч байсан А.Даваажав гэх иргэнийг төлнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл хариуцагч Ш.Дд төлөөгүй байдаг. Хариуцагчийн зүгээс И.Од итгэл хүлээлгэн байрны үлдэгдэл 2.450.000 төгрөгийг байнгын нэхсээр байгаад 2017 оны 09 дүгээр сард 1.000.000 төгрөгийг И.Оээс гаргуулан авсан. Ингэхдээ түүнээс зээлж аваагүй авах ёстой байсан 2.450.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг авсан байдаг. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид ямар нэгэн өгөх өр төлбөргүй байдаг харин ч түүнээс 1.450.000 төгрөгийн авлагатай байдаг.

Гуравдагч этгээд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Ш.Дд И.О өгөх 2.450.000 төгрөгийг өөрөө өгсөн мэтээр тайлбарласан нь өөрөө худал тайлбар ямар ч нотлох баримтгүй байх ба И.Оийг хаацайлсан түүний талд мэдүүлсэн тайлбар байсан. Үүнийг анхан шатны шүүх үнэлж дүгнэсэн. Мөн И.О нь шүүх хуралдаан дээр Ш.Дд 2.450.000 төгрөгийг Ш.Дд өгөх өртэй байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар мэдүүлэг өгдөг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:      

Нэхэмжлэгч И.О хариуцагч Ш.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3.326.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх хариуцагч Ш.Даас нэг сая төгрөг гаргуулан И.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.326.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч И.О нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч Ш.Дд 2.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн тул гэрээний үүрэг болох мөнгөө гаргуулах үндэслэлтэй хэмээн шаардах эрхээ тодорхойлсон байна.

Харин хариуцагч Ш.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, учир нь И.О нь манай нөхөр С.Ганбат бид хоёроос Баянхонгор сумын 6 дугаар багт байрлах 1 дүгээр байрны 17 тоот байрыг 31.250.000 төгрөгөөр худалдан авсан билээ. Байр худалдан авахдаа байрны үлдэгдэл 2.450.000 төгрөгийг төлөөгүй байсан тул би И.Оээс байрны үлдэгдэл мөнгөө авахын тулд 1 сая төгрөгийг зээлээч гэж хэлж байж байрны үлдэгдэл мөнгө хагас дутуу авсан юм. Иймд И.Од ямар нэг өр төлбөр байхгүй гэж татгалзлаа тайлбарлажээ.

Зохигч талуудын хооронд өмнө нь үл хөдлөх эд хөрөнгийн худалдах худалдан авах гэрээний төлбөрийн маргаан байсан болох нь /хх-ийн 28-32 дугаар тал/ орон сууц захиалан бариулах гэрээ, орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл зэрэг баримтуудаар И.О нь Ш.Дын нөхөр С.Ганбатаас орон сууц худалдан авч байсан зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч И.О нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч Ш.Дд 2.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, зээлүүлсэн гэх шаардлагаа нотлоогүй, нотлох баримт гаргаж ирүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь 2.000.000 төгрөгийг Ш.Дд зээлдүүлсэн гэдэг нь бүрэн нотлогдохгүй байна.

Харин хариуцагчаас гаргаж өгсөн Ш.Дын ХААН банкны 5225250799 тоот дансын хуулга /хх-ийн 36-46 дугаар тал/д авагдсан бөгөөд энэ дансны хуулгаар 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр И.Оээс 1.000.000 төгрөгийг зээл гэсэн утгаар шилжүүлэн авсан, гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Должинсүрэнгээс энэ мөнгийг Ш.Д нь хүлээн авсан болохыг үгүйсгээгүй байна. Иймд хариуцагч Ш.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр И.Оээс 1.000.000 төгрөгийг зээлж авсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу И.Оээс зээлсэн гэх 1.000.000 төгрөгөнд хүү тооцож гаргуулах үндэслэлгүй болжээ.

Харин хариуцагч Ш.Д, нэхэмжлэгч И.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Даваажав нарын хооронд өмнө хийгдэж байсан үл хөдлөх эд хөрөнгийн худалдах худалдан авах гэрээний төлбөрийн маргаан байсан тухай болон энэ талаар тусдаа нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байгаа тул зохигч талуудын хооронд өмнө хийгдсэн төлбөрийн маргааны талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ. Анхан шатны шүүх хариуцагч Ш.Даас нэг сая төгрөг гаргуулан И.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.326.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Должинсүрэн нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч И.Оээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.850 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Должинсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 131/ШШ2021/00222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Должинсүрэн нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч И.Оээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.850 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Должинсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.200 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэгсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ