Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/14

 

 

 

 

 

 

 

   2024        03           13                                          2024/ДШМ/14

 

 

Г.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/14 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Г.Ц-д холбогдох эрүүгийн 2339000000237 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Г.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Ц-ын эзэмшлийн монгол гэрт 2023 оны 5 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн дүү /эцэг өөр, эх нэгтэй/ Т.Ц-тай "архи уулгасангүй үглэсэн" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Т.Ц-ын баруун хөмсөг хэсэгт шаазан стакан аяга шидэж, хагалж, мөн хайчаар зүүн дал хэсэгт нь 1 удаа хатгаж, зүүн гарын тохой хэсэгт зүсэж түүний эрүүл мэндэд баруун нүдний дээд зовхи, зүүн дал, зүүн гарын тохойны хэсгүүдийн зүсэгдсэн шарх, зүүн шанаа хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч Г.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ийг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

- шүүгдэгч Г.Ц- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

- шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн бариултай хайч 1 ширхэг, шаазан аяганы хагархай, цэнхэр өнгийн цээж хэсэгтээ шар өнгийн дугуй хээтэй футволка 1 ширхэг зэргийг устгахаар тус тус зааж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “...төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү..." энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт "энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол" гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 14 хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч Т.Ц-, гэрч Ч.М, Г.Ц нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудыг үнэлэхэд шүүгдэгч Г.Ц-, хохирогч Т.Ц- нар нь эцэг өөр, эх нэгтэй төрсөн ах, дүү, улмаар сүүлийн 1 жилийн хугацаанд хамт нэг гэрт амьдарч байсан болох нь тогтоогдсон.

Мөн Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн төрөл садангийн лавлагаагаар нотлогдож байна. Уг лавлагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдаагүй. Эсэргүүцлийнхээ ар хуудсанд баримтыг хавсаргасан.

Г.Ц-, Т.Ц- хоёр эх нэг, эцэг өөр ах дүү, сүүлийн 1 жил мал маллаж хөдөө хамт амьдарсан талаараа мэдүүлсэн, Г.Ц-, Т.Ц- нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйчилж шүүхэд шилжүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч Г.Ц-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

3. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ “...Шүүгдэгч Г.Ц- нь хохирогч Т.Ц-ын эцэг өөртэй төрсөн ах гэх боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад албан ёсны иргэний бичиг баримт болон лавлагаагаар тогтоогоогүй байна...” гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн боловч хохирогч Т.Ц-ын “...Би ...төрсөн ах Г.Ц-ийн хамт хувийн мал аж ахуй эрхлэн амьдардаг ...Г.Ц- ах манайд 1 жилийн өмнө ирээд надтай хамт ...өвөлжсөн...” гэх /хх-н 12/, гэрч Ч.М-н “...Г.Ц-, Т.Ц-... хоёр ...манай хөгшиний 2 төрсөн дүү...” гэх /хх-н 20/, гэрч Г.Ц-н “...Т.Ц- ...Г.Ц- бид хоёрын төрсөн дүү... бид гурав эх нэгтэй...” гэх /хх-н 24/, яллагдагч Г.Ц-ийн “...би өөрийн эх нэгтэй, эцэг өөртэй дүү Т.Ц-ыг ...гэмтээсэн...” гэх /хх-н 50/ мэдүүлгүүдийг хэрхэн үнэлж, дүгнэж байгаагаа шийтгэх тогтоолдоо тусгаагүй байна.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасан байхад хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байгаа нотлох баримтыг олж хэрэгт хавсаргах боломжтой эсэх талаар дүгнэлгүйгээр үйл баримт, нөхцөл байдлыг тогтоогдоогүй гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

5. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Прокурор эсэргүүцэлдээ Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн төрөл садангийн лавлагааг хавсаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр ...шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан тул эсэргүүцэлд хавсаргаж ирүүлсэн лавлагааг магадлалын үндэслэл болгоогүй болно.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ” гэж, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэж заасан байхад прокурор мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа буюу яллах дүгнэлтийг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн атлаа 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр М.О-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон /хх-н 91-92/, яллах дүгнэлт үйлдсэн хэргийг 6 сарын дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлсэн, иргэний нэхэмжлэгч М.О-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт байхгүй байхад мэдэгдсэн мэтээр шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан зэрэг зөрчил байгааг дурдаж, цаашид зөрчлийг дахин гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/14 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Г.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролГ.Ц-ч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

  

                           ШҮҮГЧИД                                                 Б.ДЭНСМАА

 

                                                                                             Д.ГАНЗОРИГ