Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00607

 

 

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00607

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Хөдөө аж ахуйн корпораци Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Тэжээлийн буудайн төлбөр 35,000,000 (гучин таван сая) төгрөг гаргуулах тухай, 320/2025/00428/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М*** (цахимаар),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.А***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт тус тус  холбогдуулан Тэжээлийн буудайн төлбөр 35,000,000 ( гучин таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

   Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжийг урт хугацааны  таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. Монгол орны нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан  гарсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/101 дугаартай Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим  арга хэмжээний тухай тушаалыг үндэслэн “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д нөөцөлсөн 50 тн тэжээлийн буудайг нэгж үнэ нь 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр тооцож нийт 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн тэжээлийн буудайг Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газар нь гэрээг нөхөж зурахаар авсан ба өнөөг хүртэл зээлээ төлөөгүй бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 35,000,000 (гучин таван сая) төгрөг байна. Үүнд: “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ТБ-А/2024-12 дугаартай Тэжээлийн буудай олгох зөвшөөрлийн хуудасны дагуу 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн тэжээлийн буудай авах зөвшөөрлийн хуудас бичүүлэн авсан. Уг хуудсаар 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ салбараас 50 тонн буюу 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн тэжээлийн буудайг зарлагын баримт үйлдүүлэн Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу 51-01 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслээр татан авсан. Дээрх татан авсан 50 тонн тэжээлийн будааны гэрээг ажлын өдрүүдэд нөхөж хийхээр тохирсон боловч тохиролцоо ёсоор гэрээг байгуулаагүй болно. ( 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нь амралтын өдөр таарсан болно). Монгол Улсын Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд “Хэлцэл” хийх тухай тодорхой зааж өгсөн бөгөөд тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу тус компаниас 50 тонн тэжээлийн буудайг олгосон болно.

    Иймд Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газраас тэжээлийн буудайн төлбөр болох 35,000,000 (гучин таван сая) төгрөгийг гаргуулж, манай байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

    Хөдөө аж ахуйн корпораци Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Энэ шийдвэр дээр давж заалдаагүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч байгууллага тухайн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар засаг даргын тамгын газраас 50 тонн тэжээлийн буудайг 225 тонн тэжээлийн буудайтай хамт нэхэмжлэх шаардлагагүй гэж үзээд хариуцагчаа нэмж анхан шатны журмаар хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Маргааны гол зүйл болох тэжээлийн буудайг авсан, аваагүй гэдэг дээр бид маргаагүй. Манайхаас 50 тонн буудай зарлагын баримтаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газарт явуулаад тус газар хүлээгээд авчихсан. Энэ нь Жаргалант сумын засаг даргын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ буудайг хүлээн авч тарааж өгсөн гэдэг нь тогтоогдож байгаа. Харин тухайн буудайны мөнгийг энэ 3-н байгууллагын аль байгууллага нь төлөх юм бэ? эсвэл гурвуулаа төлөх юм уу гэдэг дээр маргаж байгаа. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд хэлцлийг амаар болон бичгээр хийж болно гэж заасан. Мөн хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах худалдан авах гэрээ амаар хийгдсэн учраас уг 50 тонн тэжээлийн буудайг худалдан борлуулсанд тооцож төлбөр болох 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна.... Жаргалант сумын засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар үлдээгээд нөгөө хоёр хариуцагчаасаа татгалзаж байна .... гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Засаг даргад холбогдуулан “... 35,000,000 төгрөг гаргуулах тухай ...” гэх Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг гардан авч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан 275 тн буюу 192,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан. Уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 225 тн буюу 157,500,000 төгрөгийн тэжээлийн буудайн үнийг гаруулахаар зааж нэхэмжлэлийн шаардлагаас 50 тн буюу 35,000,000 төгрөгийн тэжээлийн буудайн үнийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.17 дахь заалтад зааснаар хэргийн оролцогч нь шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхтэй бөгөөд Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан. Нэхэмжлэгч болох Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйл “...Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, шүүхийн шийдвэрт  гомдол  гаргах...” харилцааг зохицуулсан ба 120.4 дэх хэсэгт “...Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй...” гэж заасан байгаа. Уг хуулийн дагуу Хөвсгөл аймаг дахь анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжпэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн 50 тн буюу 35,000,000 төгрөгийн тэжээлийн буудайн үнийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байхад дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Тухайн 50 тонн тэжээлийн үнэтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон шийдвэртэй учраас манайх хариуцахгүй гэж үзэж байна.... гэв.

 

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дархан-Уул аймагт байрлах Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зүгээс Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хандан Хөвсгөл аймгийн ЗДТГазар, ХХААГазар, Жаргалант сумын ЗДТГазраас 35,000,000 ( гучин таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг гаргасан байна. Улсын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн ХХААХҮЯамны сайд бүрэн эрхийнхээ хүрээнд 2024 оны                  02 дугаар сарын 19-ний өдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/101 дугаартай тушаалыг гаргаж нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид байсан тэжээлийн будааг цагаан зуд, төмөр зудын нөхцөл байдалтай байгаа аймгуудын сумдад хуваарилсан байна. Тухайн жагсаалтад батлагдсан сумын нэг бол манай аймгийн Жаргалант сум байжээ. Хариуцагч нь нэхэмжлэлдээ ХХААХҮСайдын “Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/101 дугаартай тушаалыг үндэслэн өөрийн нөөцөд байсан тэжээлийн буудайнаас 50 тн тэжээлийн буудайг нэгж үнэ нь 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр тооцож нийт 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн тэжээлийн будааг Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар, Хөвсгөл зймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газар нь гэрээг нөхөж зурахаар авсан ба өнөөг хүртэл зээлээ төлөөгүй гэж бичжээ. Тус компани нь манай газартай ямар нэг гэрээ байгуулаагүйгээс гадна бидний зүгээс ямар ч тэжээлийн буудай хүлээж аваагүй болно. Тухайн үед Жаргалант сумын удирдлагын зүгээс ХХААХҮСайдын тушаалд заасан хуваарийн дагуу буудайг хэрхэн авах талаар манай байгууллагад хандаж байсан хэдий ч бидэнд захиран зарцуулах эрх олгогдоогүй тул тэдэнд аймгийн удирдлагад хандах нь зүйтэй гэсэн хариуг өгч байсан юм. Тус яамны зүгээс тэжээлийн буудай олгох хуваарьт орсон манай аймгийн Жаргалант сум буудайг авсан эсэхийг бид мэдэхгүй байгаа ба хариуцагчийн зүгээс яагаад манай газраас өөрсдийн захиран зарцуулж бусдад өгсөн буудайныхаа үнийг нэхэж нэхэмжлэл гаргасан болохыг ойлгохгүй байна. Манай байгууллага хариуцагчтай тэжээлийн буудай авах талаар ямар нэг гэрээ байгуулаагүй, тухайн хөрөнгийг хүлээж аваагүй тул нэхэмжилж байгаа 35,000,000 (гучин таван сая) төгрөгийг хариуцах боломжгүй гэж үзэж байна. Иймд Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагийг тогтоож, хэрэг маргааныг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

    Хариуцагч Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Я.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай байгууллагын зүгээс дээрх 50 тонн тэжээлийг авахад огт оролцоогүй учраас хариуцахгүй. .... гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймаг сумын хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан тухайн үед манай сумын засаг даргаар ажиллаж байсан Ц.Б***УИХ-ын гишүүн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Э*** улсын нөөцөөс хөнгөлөлттэй өвс, тэжээл олгож өгөх тухай хүсэлтийг тавьж байсан. Хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Э*** ХХААХҮ- ийн сайд Х.Б***д хүсэлт тавьсны дагуу “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК- аас 50 тн тээжээлийн буудайг төлбөрийг улсын нөөцөөс олгох нөхцөлтэйгөөр манай суманд хуваарилан өгсөн. Тиймээс тэжээлийн будааг татан авах ажлыг зохион байгуулж манай сумын 5-р багийн харьяат жолооч Э.Б***ийн /УЕО 51-01/ улсын дугаартай авто машинаар тэжээлийн будааг ачуулан 2024 оны 03-р сарын 20-ний өдөр хүлээн авч малчдад тараах ажлыг зохион байгуулсан. ЗДТГ-ын ажилтан албан хаагч, багийн засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй тэжээлийн будааг буулгах, савлах, тараах ажлын хэсэг гарган тэжээлийн будааг тараах буулгах ажлыг зохион байгуулж багийн иргэдэд үнэгүй тараасан.Дараах албан тушаалтан, албан хаагч нараас асууж тодруулж болно.

  1.  УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Э***гийн туслах Х.Б***
  2. Ц.Б***- Сумын засаг дарга                  
  3. Л.А***- Сумын засаг даргын орлогч      
  4. Ө.Б***-1-р багийн засаг дарга              
  5. Б.С***-2-р багийн засаг дарга                   
  6. Н.Л***- 3-р багийн засаг дарга                 
  7. Ш.А***-4-р багийн засаг дарга               
  8. Д.А***-5-р багийн засаг дарга  гэжээ.

 

Хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.А*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ноднингийн өвөлжилт хүндэрсэн үед манай сумын засаг дарга Б*** гэж хүн (тухайн үед засаг дарга байсан) УИХ-ын гишүүн Э***д хандаж тусламж гуйсан байдаг юм. Тэгэхэд Э*** гишүүн тухайн үеийн Хүнс Хөдөө аж ахуйн яамны сайд Б***д хандаж 50 тонн тэжээл авахаар болсон байдаг юм билээ. Тэгээд бид тухайн 50 тонн тэжээлийг аваад малчин өрхүүддээ тарааж өгсөн. Тарааж өгөхдөө жолоочийн хөлсийг гаргахын тулд нэг шуудай тэжээлийг 10,000 төгрөгөөр тооцож олгосон юм. Задгай тэжээл ирсэн бөгөөд бид өөрсдөө 40 кг-аар нь савлаж малчдад тараасан. Үнэгүй тэжээл гэж ойлгосон учраас одоо манайд тэр тэжээлийн үнийг төлөх боломж үнэхээр байхгүй. Мөн тэжээл авах талаар тохиролцож гэрээ байгуулаагүй учраас манайх хариуцахгүй. Тэжээлийн үнэ болоод нэг кг тэжээлийн үнийн талаар маргах зүйлгүй... гэв.

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл 3 хуудас,   2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/274 дугаартай албан бичгээр Хөдөө аж ахуй корпораци Төрийн өмчит  хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хуулийн хэлтсийн дарга ажилтай  Б.М***ад олгосон  итгэмжлэл, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/101 дугаартай тушаал, тушаалын хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,  Хөдөө аж ахуй корпораци Төрийн өмчит  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Б***д хүргүүлсэн Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2889 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөө аж ахуй корпораци Төрийн өмчит  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ***тоот регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөө аж ахуй корпораци Төрийн өмчит  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөө аж ахуй корпораци Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Б.Ц***ийн гарын үсэг бүхий  2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ТБ-А/2024-12 дугаартай Тэжээлийн буудай олгох зөвшөөрлын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөө аж ахуй корпораци Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Сэлэнгэ салбараас Хөвсгөл аймгийн Жаргалант суманд борлуулсан 2023 оны тэжээлийн буудайн жингийн жагсаалт гэх гарчигтай,  2024.03.17-ны өдөр, машины дугаар УБО 51-01, жолооч Б***, бохир жин 74,920, Машин жин 24,920, цэвэр жин 50,00 гэх бичилттэй нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар баримт,  2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №63 дугаартай Тарианы шинжилгээний хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,  2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №94 дугаартай Зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,  2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №560 дугаартай Пропускийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Сэлэнгэ салбарын захирал Ж.Х***ын “Тэжээлийн буудай борлуулсан тайлбар”-н нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөө аж ахуй корпориацийн Харилцагчийн товчоо,  Хөвсгөл аймгийн засаг дарга П.Л***д хүргүүлсэн Хөдөө аж ахуй корпораци Төрийн өмчит  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн  гүйцэтгэх захирал Б.Ц***ийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01/636 дугаартай “Төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл” албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 3-20 дугаар хуудас)

Хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Э*** хүргүүлсэн “Тусламж дэмжлэг хүсэх тухай” 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/11 дугаартай, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/76 дугаартай албан бичиг, өвс буулгах хуваарь, Жаргалант сумын ЗДТГ-ын дотоод чатны зурвас  (хавтаст хэргийн  ...дугаар хуудас) тус тус шүүхэд ирүүлжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч  Хөдөө аж ахуй корпораци Төрийн өмчит  хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр тохирч худалдсан 50 тонн тэжээлийн үнэ нийт 35,000,000 (гучин таван сая) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар зэргээс тэжээлийн үнийг гаргуулахаас татгалзаж, харин Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрыг хариуцагчаар тодорхойлон тус газраас 35,000,000 (гучин таван сая) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага тодруулсан болно.

3.Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжийг урт хугацааны  таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. Монгол орны нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан  гарсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/101 дугаартай Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим  арга хэмжээний тухай тушаалыг үндэслэн “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д нөөцөлсөн 50 тн тэжээлийн буудайг нэгж үнэ нь 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр тооцож нийт 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн тэжээлийн буудайг Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газар нь гэрээг нөхөж зурахаар авсан ба өнөөг хүртэл зээлээ төлөөгүй бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 35,000,000 (гучин таван сая) төгрөг байна. Үүнд: “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ТБ-А/2024-12 дугаартай Тэжээлийн буудай олгох зөвшөөрлийн хуудасны дагуу 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн тэжээлийн буудай авах зөвшөөрлийн хуудас бичүүлэн авсан. Уг хуудсаар 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ салбараас 50 тонн буюу 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн тэжээлийн буудайг зарлагын баримт үйлдүүлэн Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу 51-01 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслээр татан авсан. Дээрх татан авсан 50 тонн тэжээлийн будааны гэрээг ажлын өдрүүдэд нөхөж хийхээр тохирсон боловч тохиролцоо ёсоор гэрээг байгуулаагүй болно гэж тодорхойлсон.

4. Хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд:

а.Улсын Их Хурлын гишүүн, сайд Л.Э*** манай сумын засаг даргаар тухайн үед ажиллаж байсан н.Бямбажав гэж хүн үнэгүй тэжээл олгох талаар хүсэлт гаргаж, гишүүн тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайд Б***д хүсэлтийг уламжлан манай суманд үнэгүй 50 тонн тэжээл олгох болсноор бид 50 тонн тэжээлийг авч малчдад тарааж өгсөн. Иймд манай байгууллага төлөх боломжгүй.

б.Манай сумын Засаг даргын тамгын газраас тухайн нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-тай байгуулсан гэрээ байхгүй гэжээ.

5. Хэрэгт авагдсан Хөдөө аж ахуй корпораци Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Б.Ц***ийн гарын үсэг бүхий  2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ТБ-А/2024-12 дугаартай Тэжээлийн буудай олгох зөвшөөрлын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөө аж ахуй корпораци Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Сэлэнгэ салбараас Хөвсгөл аймгийн Жаргалант суманд борлуулсан 2023 оны тэжээлийн буудайн жингийн жагсаалт гэх гарчигтай,  2024.03.17-ны өдөр, машины дугаар УБО 51-01, жолооч Б***, бохир жин 74,920, Машин жин 24,920, цэвэр жин 50,00 гэх бичилттэй нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар баримт,  2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №63 дугаартай Тарианы шинжилгээний хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,  2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №94 дугаартай Зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,  2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №560 дугаартай Пропускийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Сэлэнгэ салбарын захирал Ж.Х***ын “Тэжээлийн буудай борлуулсан тайлбар”-н нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,  нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр доорх үйл баримт тогтоогдлоо.

Үүнд: Хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргаас хүсэлт тавьж өвөлжилт хүндэрсэн учир нэхэмжлэгч Хөдөө аж ахуй корпораци Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаниас нэг кг бүрийн үнэ 700 төгрөгөөр тооцогдох 50 тонн тэжээлийн 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч малчдад тарааж өгсөн байна.

 Дээрх тогтоогдсон үйл баримтад талууд маргаагүй.

Нэхэмжлэгч, хариуцагч нь тэжээлийн буудайг хүлээн авсан, аваагүй, хүлээн авсан тэжээлийн буудайны хэмжээ, нэг кг тутмын үнийн талаар маргаагүй болно.

6.Талуудын хооронд нэг талаас 50 тонн тэжээлийг өгөх, нөгөө талаас тэжээлийн үнийг нэг кг-ын үнийг 700 төгрөгөөр тооцож үнийг төлөх үүрэг үүссэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Хэдийгээр талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч хуулинд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахтай холбоотойгоос бусад энэ төрлийн гэрээг амаар байгуулж болох хуулийн зохицуулалттай.

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуй корпораци Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь худалдан борлуулсан тэжээлийн үнэ 35,000,000 төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газраас шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бодитоор хийгдсэн 50 тонн тэжээлийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэлгүй тул хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэв.

7. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуй корпораци Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаниас шүүхэд ирүүлсэн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ТБ-А/2024-12 дугаартай Тэжээлийн буудай олгох зөвшөөрлын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөө аж ахуй корпораци Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Сэлэнгэ салбараас Хөвсгөл аймгийн Жаргалант суманд борлуулсан 2023 оны тэжээлийн буудайн жингийн жагсаалт гэх гарчигтай,  2024.03.17-ны өдөр, машины дугаар УБО 51-01, жолооч Б***, бохир жин 74,920, Машин жин 24,920, цэвэр жин 50,00 гэх бичилттэй нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар баримт,  2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №63 дугаартай Тарианы шинжилгээний хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,  2024 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №94 дугаартай Зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч Хөдөө аж ахуй корпораци Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани амаар тохиролцсон 50 тонн тэжээлийн буудайг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хэрэгжүүлсэн нь нотлогдож байна гэж   үзлээ.

8. Худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газар нь өөрийн өмчлөлд авсан 50 тонн тэжээлийн буудайны үнэ 35,000,000 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас 35,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

9. Хариуцагч байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь тухайн үеийн сумын засаг даргаар ажиллаж байсан н.Бямбажав нь УИХ-ын гишүүн, сайд Л.Э*** хүсэлт тавьж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад уламжлан үнэгүй тэжээлийн буудайг ачуулсан гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан ба энэ талаар нотлох холбогдох баримтыг ирүүлээгүй тул энэхүү үйл баримт нь нотлогдоогүй гэж үзлээ.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, тутгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байна.

10.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлддөг болохыг дурдаж, 35,000,000 ( гучин таван сая) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 332,950 (гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулахаар  тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас 50 тонн тэжээлийн буудайны үнэ нийт 35,000,000 (гучин таван сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хөдөө аж ахуй корпораци Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 332,950 ( гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХТУЯА