| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00024/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Нямаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эт холбогдох эрүүгийн 1822000340021 тоот хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 50 минутанд хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 5-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй Дундговь аймгийн Өлзийт сумын 3-р баг “Мөргөцөг” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Бооль овгийн Э.Э /РД: ЗИ91090512/ гэв.
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэр “Мөргөцөг” гэх газар иргэн Э.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж цээжин тус газар нь хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй асуусан асуултанд хариулна гэв.
2. Шүүгдэгч Э.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 3-р багийн нутаг дэвсгэр “Мөргөцөг” гэх газар найз Ганжигүүртэй гүүнээс болж маргалдаж би Ганжигүүрийн зүүн нүдний хавьд гараараа нэг удаа цохисо, намайг эргүүлээд Ганжигүүр баруун нүд рүү цохисон. Тэгээд Ганжигүүр Цогтцэций явлаа гээд байхаар нь хоорондоо маргалдаж байгаад би гэр дотор зүүн урд байсан гал тогооны ширээний үүднээс хүрэн өнгийн иштэй хутгыг аваад Ганжигүүрийн цээжний зүүн хэсэгт нь 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/
3. Хохирогч Э.Гийн: “...архиа хувааж уугаад бид хоёр хоорондоо алга болсон гүүнээс болж маргалдсан юм. Тэгтэл Э.Э уурлаад миний зүүн нүдний хавьд нэг удаа гараараа цохиод авсан юм. Би цохихоор нь уурлаад Э.Эын нүдний орчимд нь гараараа зөрүүлээд цохисон. Би уурлаад Э.Эт Цогтцэций сум явлаа гэж хэлтэл гэнэт миний цээж хэсэг рүү нудрах шиг болсон чинь Э.Э өөрөө би чамайг хутгалчихлаа дээлээ тайлдаа гэсэн би дээлээ тайлтал миний зүүн хөхний доод хэсгээс цус гарч байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/
4. Гэрч Э.Отгонбямбын: “...2018.01.23-наас 2018.01.24-нд шилжих шөнө намайг Цогтцэций сумын Сум дундын эмнэлэгт жижүүртэй ажил дээрээ байхад 23 цаг өнгөрч байх үед манай дүү Гантогтох утсаар яриад Дундговь аймгийн Өлзийт сумын 3-р баг “Мөргөцөг” гэх газарт Э.Гийг хүн хутгалсан байна гэж хэлсэн. Тэгээд бт тэр шөнөө даргаасаа чөлөө авч очоод цус тогтоох эмчилгээ хийгээд шингэн сэлбэж дусал залгасан. Тэгээд цээжний зүүн талын хөхний доод талд 5-6 дугаар хавирганы түвшинд 3 оёдол тавьж боолт хийгээд сумаас яаралтай мэс заслын эмч дуудсан. Дуудлагаар мэс заслын их эмч Б.Амартүвшин түргэний машинтай ирсэн. Тэгээд Цогтцэций сумын эмнэлэг рүү түргэний машинаар тээвэрлэсэн. Эмнэлэг дээр ирээд эход хараад гентомтой байна гээд оёдлыг нь задлаад шархыг нь шалгаж үзээд бөөгнөрсөн цусыг нь гаргаж авсан. Ганжигүүр надад Эрхэмбаяр намайг цээжин тус газарт хутгалсан гэж хэлсэн. Мөн манай дүүг хутгалсан Эрхэмбаяр өөрөө би хутгалсан юм гэж хэлсэн. Тэр хутгалсан хутгаа Эрхэмбаяр ширээний нүднээс гаргаж мрээд надад үзүүлсэн. Тэр хутга нь хүрэн өнгийн судалтай иштэй , эвхдэггүй, бариус шиг хуьга байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/
5. Гэрч Б.Амартүвшингийн: “...Ерөнхий эмч утсаар яриад дуудлагаар очиход танихгүй эрэгтэй хүн гэрийн баруун хойд талд дусал залгуулсан газар хэвтэж байсан юм. Хажууд нь манай эмч Э.Отгонбямба, Наранжаргал нар байсан. Бусад 2 хүнийг нь танихгүй. Би тэр хүний зовиурыг нь асуугаад биед нь үзлэг хийгээд Цогтцэций суируу тээвэрлэх шаардлагтай гээд сумын эмнэлэгрүү аваачсан. Тэгээд тэр хүнийг эмнэлэг дээр дахиж үзээд эхо-д хараад гентомтой байна гээд оёсон оёдлыг нь задлаад шархыг нь шалгаж үзээд бөөгнөрсөн цусыг нь гаргаж авсан. Одоо манай эмнэлэгт хэвтэж байна. Тэр хүнийг Эрхэмийн Ганжигүүр гэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
6. Гэрч Г.Наранжаргалын: “...2018.01.23-наас 2018.01.24-нийшилжих шөнө намайг гэртээ байхад Э.Отгонбямба эгч утсаар 01 цагийн үед яриад Ганжигүүр ах нь хүнд хутгалуулсан байна хоёулаа явъя гэхээр нь би хамт шөнө 02 цагийн үед Дундговь аймгийн Өлзийт сумын 3-р баг Мөргөцөг гэх газар руу хутгалсан гэх хүний эхнэртэй нь бас хамт машинтай явсан юм. Бид нарыг тэр газарт очиход гэрт нэг танихгүй эрэгтэй мөн манай ах Ганжигүүр гэрийн баруун хойд талд газар хэвтэж байсан. Би эгчтэй хамт ахыг үзээд амин үзүүлэлтүүдийг нь шалгаж үзсэн тэгээд цус тогтоох, зүрх судас дэмжих шингэн сэлбэх эмчилгээ хийж дусал залгаж, мөн хутгалуулсан шархыг нь оёсон юм. Тэгээд цус шүүрээд байхаар нь сумруу утсаар ярьж мэс заслын эмч дуудсан юм. Мэс замлын эмч ирж үзээд Цогтцэций сум руу машинаар тээвэрлэж авч явсан. Тэгээд эмнэлэгт ирээд эмчилгээг хийсэн. Хэрэг гарсан газар анх бид нарыг очиход тэнд 2 хүн байсан өөр хэн нэгэн байгаагүй. Ахын хажууд байсан хүн нь Эрхэмбаяр гэсэн тэр хүн ахыг хутгалсан байсан...” /хх-ийн 23-25/
7. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 170200058 тоот дүгнэлтэд: “ ...Э.Гийн биед цээжинд зүүн талын эгэмний дунд шугамаар 5-6-р хавирганы түвшин хатгагдсан шарх, баруун зүүн нүдний зовхинд цус хурсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртнй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, зовхинд үүссэн зөөлөн эдийн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно ..” гэсэн дүгнэлт /хх-ийн 40/
8. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Э.Э нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэр “Мөргөцөг” гэх газар иргэн Э.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж цээжин тус газар нь хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчид 877950 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн судалтай иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц умтгуулахаар Шүүхийн Тамгын Газарт шилжүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Бооль овгийн Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 877950 /найман зуун далан долоон мянга есөн зуун тавин / төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн судалтай хүрэн өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ