| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэнэдэндоржын Болормаа |
| Хэргийн индекс | 2339000000339 |
| Дугаар | 2024/ДШМ/15 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ДШМ/15
2024 03 13 2024/ДШМ/15
Ч.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч Ч.Э-ы өмгөөлөгч Д.Мөнх-Очир,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаярын даргалж, шүүгч Э.Одхүү, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/21 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Ч.Э-д холбогдох эрүүгийн 2339000000339 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ч.Э- нь Хэнтий аймгийн Б.Х-ын эзэмшлийн байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 31-ний шөнө 22 цагийн орчим У.Б-тай ажлын хөлс, мөнгөнөөс шалтгаалан маргалдаж, У.Б-ыг архинд согтсон, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний зүүн нүд рүү гараараа цохиж, толгой, нүүр хэсэг рүү олон удаа цохиж, зодож У.Б-ын эрүүл мэндэд зүүн чамархай яс, дух яс, зүүн хоншоор, зүүн хацар, хамар ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, хоёр нүдний зовхи, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч Ч.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,
- шүүгдэгч Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-ыг 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-ы хөрөнгө, орлого боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг саарал өнгийн цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон цахилгаантай цамцыг устгаж, ...хохирогч У.Б- нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад "энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн" гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад "хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж" гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан "хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж" гэсэн ойлголт нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан гэсэн нөхцөлийг шаардах ба хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод хохирогч ...эсвэл согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг ойлгодог байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч У.Б-, гэрч А.М, Б.Ү, 3.Р, Х.Т нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудыг үнэлэхэд: Хохирогч У.Б- нь хэрэг гарсан цаг хугацаанд хэнд, хэзээ, хэрхэн зодуулсан, хэдэн шил архи уусан талаараа мэддэггүй, өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байсан, үүнийг нь яллагдагч Ч.Э- ухамсарлан мэдсэн, ашигласан нөхцөл байдал хангалттай тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Б- нь гэнэтхэн мэдүүлгээ өөрчилсөн ба ямар үндэслэлээр өөрчилсөн нь ойлгомжгүй, мэдүүлгийн эх сурвалжийг тодорхойлж чадаагүй байхад шүүх хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь үнэн зөв гэж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Нөгөөтэйгөөр хохирогч У.Б-, шүүгдэгч Ч.Э- нар нь хэрэг гарсан өдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 31-нд гэрч Б.Ү-н гэрт "Q", "Х" гэсэн 2 шилтэй архи авчраад 1 шил архийг ууж дуусгаад үлдсэн архины тал хүртэл уугаад унтаж амарсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэдэн шил архи нэмж ууснаа санахгүй байгаа талаараа мэдүүлсэн байдаг, мөн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн хэсэгт "Алтан түрүү” архины шил тусгагдсан байна.
Мөн хохирогч У.Б- нь эмнэлэгт хүргэгдэхдээ орчиндоо харьцаагүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, ярьж чадахгүй байсан талаар гэрчүүд мэдүүлсэн бөгөөд хохирогч У.Б-, шүүгдэгч Ч.Э- нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн "эмнэлэгт хүргэгдэхийн өмнө мотоциклоос унасан гэж хэлэх талаар харилцан тохиролцсон гэсэн" нь үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хэрнээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг ямар үндэслэлээр няцааж, үгүйсгэж байгаа талаараа дүгнэлт хийгээгүй.
Хохирогч 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлэгт очиж хагалгаанд орсон, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр буюу 4 хоногийн өдрийн дараа мэдүүлэг авсан тул тухайн үед хохирогчийг мэдүүлэг өгөх чадвартай байсан гэж үзэж байна.
Хохирогч хэрэг гарах үед хэт их согтсон, биеэ хамгаалах чадваргүй, бусдаас тусламж авах боломжгүй байсан, хэнд зодуулсан, юунаас болж муудалцсан, хэдэн удаа цохиулсан тухайгаа мэдэхгүй байсан нь тогтоогдож байгаа учир хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Прокурор хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхойлж чадаагүй байхад шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь үнэн зөв гэж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж эсэргүүцэлдээ дурьдсан байна.
2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр мэс заслын дараа хохирогчоос мэдүүлэг авсан. Хохирогч мэдүүлэг бүрэн гүйцэт өгөх чадваргүй, наркоз нь гараагүй байсан учир ямар мэдүүлэг өгснөө санахгүй байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт хэлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Хохирогч, шүүгдэгч нар тавуулаа хоёр шил архи уусан, нэг шил архийг хувааж уучхаад үлдсэн нэг шил архийг нь дуусгаагүй дундуур орхисон гэж мэдүүлдэг. Эдгээр хүмүүсийн согтуурлын зэргийг тогтоогоогүй, тогтоох боломжгүй байсан.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “биеэ авч явах чадваргүй болтлоо согтоогүй. Би архийг маш сайн даадаг” гэж мэдүүлсэн. Хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтэд “Алтан түрүү” архины шил тусгагдсан, уг архины шилнээс хурууны хээ, мөр илрүүлээгүй. Хэн энэ архийг уусан талаар шалгаагүй. Хохирогч У.Б- нь хүчтэй согтуурсан нь тогтоогдохгүй байхад “хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсныг мэдсээр байж” гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилсэн, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ч.Э-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч Ч.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ч.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлэх ба шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг …няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шүүхийн шийтгэх тогтоолд тусгахаар хуульчилсан.
Хохирогч У.Б- нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд “...2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр найз Ч.Э-ы хамт ...2 ширхэг 0.75 литрийн архи аваад Ч.Э-ы найзынд очиж, авсан архиа уугаад хоол унд идчихээд дахиад архи нэмсэн. Яг хэдэн шил архи уусныг санахгүй байна. Тэгээд би нилээн согтчихсон байсан болохоор яг хэдэн цагт унтсанаа ч санахгүй байна. Өглөө сэрэхэд миний зүүн нүд хөхөрсөн, хацар хөхөрч хавдсан. Хамарнаас их хэмжээний цус гарсан байдалтай хувцас цус болчихсон байсан. Тэгээд би Т руу “яачив” гэсэн чинь “би чамайг цохисон юм аа, чи зүгээр байхад урдаас хуцаад байсан шүү дээ” гэж хэлэхээр нь “тэр чинь ямар хамаатай юм, хүний нүүр ийм болгочихсон байх юм” гээд “дэлгүүр хурдан яв, архи аваад ир” гэж би Т-д хэлсэн. Тухайн өдөр миний бие арай гайгүй байхад тэр өдрөө архи уусан. ...Би согтсон байсан болохоор яг миний хаана хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. ...Их олон шил архи уусан юм шиг байна лээ санахгүй байна. ...Т намайг яагаад зодсон талаар мэдээгүй байна. Бид хоёрт ямар ч муудалцсан зүйл байгаагүй. Тухайн үед би хэт их согтсон байсан учир яасан гэдгийг санахгүй байна...” /хавтаст хэргийн 24-27 хуудас/ гэж,
2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт “...3 хүнтэй хамт 1 шил архийг нь уугаад, 1 шил архины талыг нь уусан. ...Тэгээд шөнө сэрээд миний хармаанд байсан мөнгө байхгүй болчихсон байхаар нь Т-г алгадаж сэрээгээд “мөнгөө яагаад авчихав” гэж хэлсэн. Тийм зүйлээс болж маргалдаад, харилцан зодолдсон. Маргааш өглөө нь би босож ирээд “чи яагаад нүд рүү цохичихоо вэ” гэж найздаа хэлсэн. Миний нүд амархан хавдчихдаг юм. Мөнгө төгрөг яасан гэхэд аваагүй гэсэн. ...Шөнө Т-тай зодолдохдоо унаж байсан. Юманд цохисон эсэхээ санахгүй байгаа. Цуг уугаад унтахад би бүх зүйлээ мэдэж байсан...” /хавтаст хэргийн 185 хуудас/ гэсэн мэдүүлгүүдийг өгчээ.
Дээрх байдлаар агуулгын хувьд зөрүүтэй хохирогчийн мэдүүлгүүдийг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг шийтгэх тогтоолдоо заагаагүйгээс анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Мөн шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-д заасан шаардлагыг хангаагүй байна.
Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/21 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.
3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ч.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД Б.ДЭНСМАА
Г.БОЛОРМАА