Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0495

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.*******,

Хариуцагч: ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.******* нарын хоорондын маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, Ч.*******, хариуцагч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.*******гийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0043280 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэжээ.

Хоёр. Маргааны үйл баримт, процессын талаар:

2.1. Иргэн Ё.******* 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Бүгд найрамдах намаас сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн байна.

2.2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т тус тус зааснаар нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээсэн бол төрийн аудитын холбогдох шатны байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх бөгөөд мөн хуулиудын 57 дугаар зүйлийн 57.3, 56 дугаар зүйлийн 56.3-т тус тус зааснаар зардал гаргасан эсэхээс үл хамааран тайланг гаргаж төрийн аудитын холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ. гэж заажээ.

2.3. Бүгд найрамдах намын даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 24/06-01 дугаар захирамжаар[1] Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээхгүй, сонгуульд зардал гаргахгүй доорх нэр дэвшигчдийн нэрсийг хавсралтаар баталж, Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд намын сонгуулийн зохион байгуулалттай холбоотой нийтлэг зардлыг намын нэгдсэн данснаас зарцуулж, тайлагнахаар тогтоож шийдвэрлэжээ.

2.4. Үндэсний Аудитын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1923 дугаар албан бичгээр[2] ...Сонгуулийн дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг 182 нэр дэвшигч төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн... тул илэрсэн зөрчлийг шалган шийдвэрлэхээр харьяаллын дагуу Татварын ерөнхий газарт шилжүүлжээ.

2.5. Дээрх гомдол мэдээллийг хянаад Удирдах албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоолоор[3] ******* дүүргийн Татварын хэлтэст харьяаллын дагуу шилжүүлсэн.

2.6. ******* дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч М.******* гомдол мэдээллийг хүлээн авч шалган 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор 2511000726 дугаартай зөрчлийн хэрэг[4] нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2.7. Улмаар хариуцагч татварын улсын байцаагч М.******* 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0043280 дугаар шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуульд Бүгд найрамдах намын нэр дэвшигч Ё.******* сонгуулийн зардлын данс нээгээгүй, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны дансны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй зөрчлийг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000 нэгжээр буюу 10,000,000 төгрөгөөр торгосон байна.

2.8. Иргэн Ё.******* нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Ё.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Ё.******* би Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Бүгд найрамдах намаас *******, ******* дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн. Гэтэл ******* дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч М.******* нь 2025 оны 04 сарын 01 өдөр 0043280 дугаартай шийтгэлийн хуудсаар "... Ё.******* нь сонгуулийн зардлын данс нээгээгүй, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны дансны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй зөрчил гаргасан гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гээд 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгосон.

Татварын улсын байцаагчийн 0043280 дугаартай шийтгэлийн хуудас нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа бөгөөд дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Сонгуулийн зардлын данс нээгээгүй гэх тухай:

Татварын улсын байцаагч нь шийтгэлийн хуудаст 2 нөхцөл тогтоогдсон гэжээ. Үүний нэг нь "Сонгуулийн зардлын данс нээгээгүй" гэх дүгнэлт юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т "шударга ёсыг сахих" нь сонгуулийн зарчим байхаар заасан. Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т "Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ." гэж заасан.

Миний хувьд сонгуулийн хандив авахгүй, сонгуульд зардал гаргахгүйгээр намын нэгдсэн зохион байгуулалтын дагуу нэр дэвшиж өрсөлдөх хүсэл зоригтой байсан тул зардлын данс нээгээгүй.

Гэхдээ сонгуулийн зардлын нээгээгүй нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт "Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол..." гэж хэм хэмжээний нөхцөл заасан хэсэг (гипотез)-ийг зааж өгсөн. Үүнээс үзвэл сонгуулийн зардлын данс нээгээгүй нь зөрчил болохгүй, харин нээсэн боловч бүртгүүлээгүй бол зөрчил болохоор хуульд заасан байна.

Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ." гэж, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т "Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй." гэж тус тус заасан. Иймд Ё.******* миний хувьд "сонгуулийн зардлын данс нээгээгүй асуудлыг хуулийн "Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх" нөхцөлтэй субсумци хийн зүйчлэх боломжгүй. Нөгөө талаараа зардлын данс нээгээгүй асуудлыг зардлын данс бүртгүүлээгүй гэх зөрчилтэй хуулийг төсөөтэй хэрэглэн хамааруулж болохгүй гэдгийг хуульд заасан байна.

2. Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны дансны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй гэх тухай

Миний хувьд сонгуулийн зардлын данс нээгээгүй учраас төрийн аудитын байгууллагад данс бүртгүүлэх нөхцөл бүрдээгүй, шаардлага үүсэхгүй юм. МУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын 2025 оны 03 сарын 18 өдрийн 03/118 дугаартай Бүгд найрамдах намын дарга Б.*******д хаягласан албан бичгээр "Хэрэв нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг дээр дурдсан зардлын эх үүсвэрээс зөвхөн намын өөрийн хөрөнгөөс бүрдүүлж байгаа тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой" гэсэн хариу өгсөн байдаг.

Үүнээс үзвэл сонгуульд нэр дэвшигч нь хандив авахгүй, зардал гаргахгүй, сонгуулийн сурталчилгааны зардлыг заавал өөрийн зардлын дансанд төвлөрүүлэх шаардлагагүй гэж үзвэл зардлын данс заавал нээх шаардлагагүй болох нь харагдаж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох эрхтэй." гэж Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж өгсөн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 9-д заасан "Сонгох, сонгогдох эрх"-тэй холбоотой юм. Энэхүү зарчмын дагуу заавал хөрөнгө чинээтэй хүн нэр дэвших биш, сонгуулийн зардал гаргахгүйгээр жирийн иргэн хүн ч нэр дэвшиж болох үндсэн эрхийн асуудал юм.

Энэ ч утгаараа нэр дэвшигчдийн өрсөлдөх боломжийг хангах зорилгоор сонгуулийн зардлын дээд хэмжээг баталж өгдөг. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д "Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө энэ хуулийн 50.2-т заасан аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ." гэж заасан. Энэ нь нөгөө талаараа зардлын доод хэмжээг зааж өгөөгүй буюу сонгуулийн зардал гаргахгүйгээр нэр дэвших боломжтой гэдгийг илэрхийлж байгаа юм.

Сонгуулийн зардал гаргахгүйгээр "сонгогдох эрх"-ээ эдэлж буй хүнд зардлын данс нээж бүртгүүлэх шаардлага тавих нь утга учиргүй юм. Ийм учраас сонгуулийн зардлын данс нээгээгүй хүнд хариуцлага хүлээлгэх биш, зардлын данс нээсэн хэр нь бүртгүүлээгүй хүнд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт "Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх,..." гэх нөхцөлөөр тусгаж өгчээ. Иймд ******* дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч М.*******гийн 2025 оны 04 сарын 01 өдрийн 0043280 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.*******ын хувьд Бүгд найрамдах намаас нэр дэвшихдээ ямар нэгэн хандив авахгүй, сонгуулийн зардал гаргахгүйгээр нэр дэвшигчдийн нэр, зураг, постер зэргийг гаргаж, намаас зардлыг даана гэх тохиролцоотойгоор сонгуульд оролцсон. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсгийн гипотез буюу нөхцөл заасан хэсгээс үзвэл сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх гэж байна. Энэ нь данс нээгээгүй тохиолдолд бүртгүүлэх шаардлагагүй. Харин нээсэн атлаа бүртгүүлээгүй бол зөрчилд тооцохоор харагдаж байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т ...Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ... гэж заасан бөгөөд тус хуульд сонгуулийн зардлын данс нээгээгүй бол зөрчилд тооцно гэх зүйл, заалт байхгүй. Мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т ... Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй... гэж заасан нь данс нээгээгүй асуудлыг данс бүртгүүлээгүй гэх асуудалтай хамааруулж, төсөөтэй хэрэглэх боломжгүй гэсэн утга санаа.

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3/118 дугаартай албан бичигт ...дурдсан зардлын эх үүсвэрээс зөвхөн намын өөрийн хөрөнгөөс бүрдүүлж байгаа тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн дан зардлын данс нээхгүй байх боломжтой... гэх агуулгатай хариуг ирүүлсэн байдаг. Сонгуулийн тухай хууль нь дэлгэрэнгүй утга агуулгатайгаар батлагдсан. Олон хүмүүс нэр дэвшихэд зөрчилдөөнтэй, асууж тодруулах зүйлс гардаг. Энэ тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигч, нам, эвсэлд тайлбар өгдөг. Үүнийг Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-т ...ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах... гэж Сонгуулийн ерөнхий хорооны чиг үүргийг зааж өгсөн.

Шийтгэлийн хуудасны Олсон нь хэсэгт сонгуулийн зардлын данс нээгээгүй, бүртгүүлээгүй асуудлыг шалгасан гэж бичээд, тогтоогдож байна гэх хэсэгт юу ч бичээгүй. Юуг тогтоож байгаагаа бичээгүй байж шийтгэлийн хуудас ногдуулсан нь хууль зөрчиж байна. Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.3. Хариуцагч ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.******* би, Үндэсний Аудитын газраас 2024 оны 09 сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд ирүүлсэн 01/1923 дугаартай Зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Үндэсний Аудитын газраас 2025 оны 01 сарын 13-ны өдөр Татварын ерөнхий газарт ирүүлсэн 01/273 дугаартай албан бичиг зэргээр Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд Бүгд найрамдах намын нэр дэвшигч Ё.******* нь данс нээгээгүй, зардал гаргаагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй гэх гомдол, мэдээллийг хүлээн авч танилцаад зөрчлийн хэрэг нээсэн.

Ё.******* нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд Бүгд найрамдах намаас *******, ******* дүүрэг 10 дугаар тойрогт нэр дэвшсэн ба Сонгуулийн тухай хуулийн 51.4.-т "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй" гэсэн заалтыг зөрчиж өөрийн сонгуулийн зардлын дансаа үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй болох нь өөрийн мэдүүлэг, үндэсний аудитын газрын 2024 оны 09 сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд ирүүлсэн 01/1923 дугаартай Зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Үндэсний Аудитын газраас 2025 оны 01 сарын 13-ны өдөр Татварын ерөнхий газарт ирүүлсэн 01/273 дугаартай албан бичиг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон тул 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10000 нэгж буюу 10,000,000.0 / арван сая/ төгрөгийн торгууль ногдуулж шийтгэлийн хуудас бичсэн.

Гомдол гаргагч Ё.******* нь сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө аливаа хүн хуулийн этгээдээс мөнгөн хандив аваагүй, цуглуулаагүй гэх бөгөөд Монгол улсын сонгуулийн тухай хуулийн 51.1. "Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна" гэж заасны дагуу нам эвсэл, нэр дэвшигч нь тус бүр сонгуулийн зардлын данс нээж түүнийгээ бүртгүүлэх үүрэгтэй гэж харагдаж байна.

Ё.******* нь хандив авсан, аваагүй сонгуулийн зардлын дансыг Төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зөрчлийн шинжтэй байсан тул зөрчлийн хэрэг нээн прокурорын хяналт дор шалгаж 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0043280 дугаартай шийтгэлийн дугаартай торгууль ногдуулсан болно.

Сонгуулийн тухай хуулийн 51.4.-т "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй" гэж заасныг зөрчсөн байна. Сонгуулийн зардлын дансыг нээлгээгүй гэсэн зөрчлийг зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч нь сонгуулийн зардлын данс нээгээгүй, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй гэдгээ ярилцлагад хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу ногдуулсан шийтгэлийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Е.******* нэр дэвшигч маань сонгуулийн зардлын данс нээгээгүй талаараа тайлбар, мэдүүлэг өгсөн. Мөн Үндэсний аудитын газраас ирүүлсэн холбогдох нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хууль зүйн үндэслэлийн хувьд Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна..., мөн хуулийн 51.4-т сонгуулийн зардлын дансаа бүртгүүлэх үүрэгтэйг хуульчилсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтны харьяалан шийдвэрлэх хэргийн жагсаалтын дагуу Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т ...Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно... гэж зааснаар шийтгэл ногдуулсан.

1. Данс нээгээгүй бол бүртгүүлэх гэсэн ойлголт байхгүй гэж тайлбарласан тухайд: Үүнтэй холбоотой асуудлыг Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т зохицуулсан. Мөн Улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Монгол улсын их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам-ын 3.1, 3.3-т сонгуулийн зардлын данс нээж, бүртгүүлэх ёстой талаар заасан. Иймд зөрчил гэж үзэх үндэслэлтэй. Хуульд зааснаар данс нээх үүрэгтэй.

2. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-т заасныг эш татсан тухайд: Сонгуулийн ерөнхий хороо тайлбар гаргаж болно. Гэвч хууль тайлбарлах эрх зөвхөн Улсын дээд шүүхэд бий.

3. Шийтгэлийн хуудасны тогтоогдож байна хэсэг хоосон байна гэсэн тухайд: Зөрчил нь Үндэсний аудитын газраас ирүүлсэн баримт, мэдээллийг болон Ё.*******ын сонгуулийн зардлын данс нээгээгүй талаарх мэдүүлгийг бичих байсан ч орхигдуулсан нь хариуцагчийн буруу байгаа. Бусад тохиолдолд Засгийн газрын 2021 оны 135 дугаартай Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам-ын дагуу шийтгэлийн хуудсыг үйлдсэн. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдол гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.2. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна, 51 дүгээр зүйлийн 51.1-д Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна, 51.4-т Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж, Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмын 3 дугаар зүйлийн 3.4-т Нам, эвсэл, нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ гэжээ.

4.3. Энэ нь Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож буй нэр дэвшигчийг сонгуулийн зардлын гагцхүү нэг л данс нээлгэж, тухайн дансаа эрх бүхий байгууллагад мэдэгдэн урьдчилж бүртгүүлэхийг үүрэг болгосон хууль болон журмын заасан зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дүгээр зүйлийн 21-т Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг илэрхийлж байна.

4.4.Гэтэл энэ тохиолдолд гомдол гаргагч Ё.******* нь 2024 оны Улсын их хурлын ээлжит сонгуульд оролцохдоо Бүгд найрамдах намын даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 24/06-01 дүгээр захирамжид сонгуулийн зохион байгуулалттай холбоотой нийтлэг зардлыг намын нэгдсэн данснаас зарцуулж тайлагнахаар[5] болсонтой холбогдуулан өөрийн сонгуулийн зардлын төгрөгийн данс нээлгэлгүй, сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэг хандив авч, зардал гаргаагүй болох нь түүний Үндэсний аудитын газарт хүргүүлсэн нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй,[6] мөнгөн хандивын тайлангаар тогтоогдсон.

4.5.Харин Улсын Их Хурлын сонгуулийг улс орон даяар удирдан зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй, үйл ажиллагаагаа нь бие даасан, хараат бус, хамтын удирдлагын зарчмаар явуулдаг, байнгын ажиллагаатай төрийн байгууллага болох Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хороо дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, гээд 7.1.2.ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих; эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Бүгд найрамдах намыг өөрийн намын хөрөнгөөр нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгааг хариуцаж байгаа тохиолдолд тус намаас нэр дэвшигч иргэн сонгуулийн нэрийн данс нэмж нээлгэхгүй байх боломжтой болохыг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3/118 дугаар албан бичгээр[7] нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг дээр дурдсан зардлын эх үүсвэрээс зөвхөн намын өөрийн хөрөнгөөс бүрдүүлж байгаа тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой... гэж мэдэгдсэн болно.

4.6.Дээрхээс үзвэл хариуцагчийн гомдол гаргагч Ё.*******ыг Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т зардлын дансыг нээлгэх, бүртгүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн буруутган Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0043280 дугаар шийтгэлийн хуудсаар хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй байх тул тус маргаан бүхий актыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасныг үндэслэн гомдол гаргагч Ё.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.*******гийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0043280 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.