Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 213/МА2021/013

 

Э.Ан нэхэмжлэлтэй

Я.Б, П.Э нарт холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Энхмаа, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2021/00236 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Ан нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я.Б, П.Э нарт холбогдох

Хохирол 51.557.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч Э.Ан давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Доржготов, Д.Мэндээ /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Өсвөр насны Б.Т, Э.Э нар бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн нутагт 2018 оны 10 сарын 28-ны өдөр Э.А миний байшинд гал тавьж санаатайгаар галдан шатааж надад 51.557.500 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж тогтоогдсон бөгөөд өсвөр насны яллагдагч Э.Э, Б.Т нар нь 2018 оны 10 сарын 28-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ Э.Э нь 8 нас 5 сар 8 хоногтой, Б.Түвшинбаяр нь 12 нас 11 сар 08 хоногтой байсан нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хохирогч нарт үлдээсэн. Мөнх өсвөр насны Тн хууль ёсны төлөөлөгчөөр түүний аав Я.Б, Э.Эрэмбаярын ээж П.Э нарыг нарыг томилсон. Миний хувьд гэр орон хамаг эд хөрөнгө, эд хогшил бичиг баримтаа шатаалгаснаас болж амьдралын нөхцөл эрс муудаж өмссөн хувцастайгаа үлдсэн ба тухайн үйл явдлаас хойш сэтгэл санаагаар унаж хүүхдүүд маань ч хичээл сурлагадаа муудаж эхэлсэн. Төрсөн ах дүү, хамаатан садан, сургуулийн багш, найз нөхдийн тусламж дэмжлэгээр гэртэй болсон. Түүндээ амьдарч байна. Миний хувьд цалингийн зээл авсан мөнгө, өдий олон жилийн хөдөлмөрийн үр шимээр бий болгосон хөрөнгөө бусдад шатаалгасандаа гомдолтой байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих иргэний хариуцагч нараас 51.557.500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би хохирлын үнэлгээг гаргуулахдаа өөрийн байшин, түүнд хураасан байсан гэр, тавилга хэрэгсэл, өв дамжиж ирсэн эдлэл, хэрэглэл зэрэг тоймтой эд зүйлээ үнэлүүлсэн. Хүний амьдрал хойно аяга халбаганаас эхлээд жижиг зүйл их л байсан. Үнэлгээ гарсан тул шүүхийн шатанд эдгээр эд хөрөнгийг байсан эсэхийг дахин нотлох талаар баримт өгөөгүй.

Би энэ хэргийг дээрх 2 хүүхэд хийсэн гэж бодож байгаа. Цагдаа, прокуророос ч шалгаж тогтоосон гэж боддог. Би гэрээсээ гарахдаа сургуулийн ангийн түлхүүрүүдийг ширээн дээрээ үлдээсэн байсан тэр түлхүүрүүдээр өөр олон айлын гэрийг онгойлгосон байсан. Миний зөөврийн компьютерыг авч гараад голын зах дээр эвдээр хаясан байснаа хүүхдүүд мэдүүлсэн байсан. Хүүхдүүд яагаад хэргээ хүлээхгүй байгааг мэдэхгүй байна. Энэ хүүхдүүдийн эцэг Б бид нэг гол усны улсууд юм. Хүүхэд нь ийм зүйл хийчихээд байхад нэг удаа ч болов ирээд уучлалт гуйгаагүйд гомдож байна..гэжээ.

Хариуцагч Я.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай хүү Б.Т нь 2018 оны 10 сарын 28-ны орой гэрээсээ огт гараагүй үүнийг манай гэрийнхэн бүгд мэднэ. Э.Агийн гэр 2018 оны 10 сарын 28-ны шөнө 00 цаг, 2018 оны 10 сарын 29-ний 01 цагийн үед шатсан байдаг. Тэгэхээр энэ байшин хэдэн цагийн хугацаанд шатах боломжтой эсэхийг огт тогтоосон зүйл байхгүй.     Манай хүүг бол Э.Э гэдэг хүүхдийн мэдүүлгээр шатаасан гэж үзэж байгаа. Энэ хүүхэд 2018 оны 10 сарын 31-нд мэдүүлэг өгөхдөө “А багшийнд ороод хүүхдийн номыг авч гарахдаа плиткэ залгаад хүүхдийн хувцасыг хаясан” гэж мэдүүлсэн. 2018 оны 10 сарын 07-нд мэдүүлэг өгөхдөө “А багшийнд орж компьютер аваад гарахдаа гал тогооны өрөөнд шүдэнз хавираад гарсан” гэж ..2018 оны 11 сарын 28-нд мэдүүлэг өгөхдөө “А багшийнд ороогүй, цагдаагаас айгаад худлаа ярьсан..гэж мэдүүлж гал гарсан байх үндэслэл тогтоогдож байна. Би өөрийн хүүхдээ бусдын байшинг шатаасан гэж бодохгүй байна. Тухайн өдөр би малаа хариулж яваад гэртээ ирэхэд Т гэртээ байсан. Өмнөх өдөр нь бусдын гэрээс эд зүйл хулгайлсан байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...гэжээ.     Хариуцагч П.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

Би 2009 онд Өвөрхангай аймагт байхад Баянхонгор аймгийн харъяат Ц гэх залуутай танилцаж хамтран амьдарч байх хугацаанд 2010 онд хүү Э төрсөн. Гэтэл 2011 онд хүүг маань 1 нас 2 сартай байхад Ц нь хүү Эыг аваад Баянхонгор аймагруу гэртээ очино гэж яваад иргэж ирээгүй бөгөөд би тухайн үед нь иргэж ирээч гэж олон удаа ярьсан.2012 онд хүүг 2 настай байхад УБ хотод байна гэхээр нь очиж авах гэхэд эмээ ээж Жавзанпагма хүүхдийг минь аваад Баянхонгор аймагруу надад өгөхгүй гээд аваад явсан. Энэ цаг үеэс хойш хүүтэйгээ нэг ч уулзаж чадаагүй 9 жил болж байна. 2011 онд хүүг маань авч явсан аав нь одоо хаана байдаг хүү хаана байгаа талаар надад ямарч мэдээлэл байхгүй. Арав гаран жил болж байна. 2020 оны зун аймгийн цагдаагаас намайг асуусан.       

Гэтэл сая шүүхээс дуудаад нэхэмжлэл гардуулсан. Үүнийг дуулаад би маш их гайхаж байна. Нэг настай балчир хүүг маань надаас салгаж авч явсан хүмүүс хүүг маань яаж хүмүүжүүлж байсан болоод хэрэгт оруулчихаад намайг хариуцагч болгоод байгаад үнэхээрийн харамсаж гомдолтой байна. Миний бие нь хүү Эыг төрүүлсэн нь үнэн боловч 1 настайгаас нь надаас салгаж Баянхонгор аймагруу авч яваад өсгөж хүмүүжүүлсэн аав Ц эмээ нарынхаа над дээр өссөн билээ. Миний хувьд хүүгээ ийм хэрэгт орсонд харамсаж байна. Надад хүүгийнхээ өмнөөс энэ их мөнгийг төлөх ямарч боломж алга байна. Би 1-8 насны 3 нялх балчир хүүхдүүдтэй ажил хөдөлмөр эрхэлдэггүй, боломж муутай амьдардаг юм.     

Хүү Э нь надтай 2011 оноос хойш хамт амьдарч байгаагүй одоо би хүүгээ танихгүй огт уулзаж байгаагүй миний бие өөр аймагт амьдардаг. Баянхонгор аймагт очиж байгаагүй. Хамгийн сүүлд би хүүтэйгээ утсаар ярихад би айлын гэр шатаагаагүй, цагдаа айлгаад байхаар нь анх айлын гэр шатаасан гэж мэдүүлсэн гэж надад хэлж байсан. Иймд би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэв.

Нэхэмжлэгч Э.А анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 онд 19 сая төгрөгийн цалингийн зээл авч 7:7 харьцаатай, мансаарттай, үүдний коридортой, канад технологиор байшин барьсан. Түүндээ 1 жил 1 сар амьдраад шатаалгасан. Тухайн үед манайх эзэнгүй байсан. 10 сарын 28-ны орой манай хажуу айлын эгч танайхаас гал гарч байна гэсэн. Дотор нь 5 ханатай гэр мөн байсан. Тухайн үед хэрэг явдал болсон газар би очоогүй. 2 хоногийн дараа очсон. Ямар нэгэн цахилгаанаас болж гал гарсан гэж бодож байтал манай нэг ах нөтбүүкний хавтас байна гээд надад авч ирж өгсөн. Тэр нь минийх байсан. Тухайн үед хөлдөөгчнөөс өөр зүйл залгаагүй байсан. Өлзийт сумын цагдаа Намжилдорж гэдэг хүн хэргийг шалгасан. Тэр өдөр эдгээр хүүхдүүд манай 3 багшийнхаар орж гэрийг нь ухсан байсан. Дэнсмаа багшийнд ороод индукцин плиткэ залгаад дээр нь хүүхдүүдийнх нь хувцсыг овоолж тавьсан байсан гэсэн. Плитка нь ширэм мэдэрдэг байсан болохоор гал гараагүй байсан. Одсайхан багшийнхаар ороод ээмэг, бөгжийг ширмэл ширдэг дээр нь овоолоод ургамлын тос хийгээд шатаасан байсан. Ширмэл ширдэг нь эсгий байсан учраас хувцаснууд нь шатсан байсан гэсэн. Ганчимэг багшийнд ороод гар утас зэрэг зүйлүүдийг нь авсан байсан гэсэн. Цагдаагийн байгууллагаас шалгалт хийхэд Т, Э нарын гутлын мөр тогтоогдсон. Би аймаг руу явахдаа ширээн дээр ажлын түлхүүр болон бусад олон түлхүүрийг үлдээгээд явсан. Миний тэр түлхүүрүүдийг ашиглан айлуудын гэрт орсон байсан. Манай багш нар уг асуудал дээр гомдол гаргаагүй. Айлуудаас хулгайлсан зүйлээ бүгдийг нь эвдэлж хаясан байсан. Би хоёр өнчин охинтойгоо амьдардаг. Хүүхдүүдэд амьдрах орчин чухал. Би олон жилийн хөдөлмөрөөрөө байшин бариад харамсалтайгаар шатаалгасан. Манайд дутуу зүйл гэж байгаагүй. Би юугаар ч дутахгүй амьдарч байсан. Бүх хөрөнгөө үнэлүүлээгүй. Таван ханатай гэр, байшин, хувцаснаасаа үнэтэй хэдэн зүйлүүдээ л үнэлүүлсэн. Миний хоёр охинд ааваас нь үлдсэн мөнгөн бүс, монгол гутал, хятад тамгатай модон тагш байсан. Эдгээр эд зүйлсийг маш бага хэмжээгээр үнэлүүлсэн. Айлд хэрэглэдэг юм болгоныг л мөнгөөр авсан. Би бүгдийг үнэлүүлээгүй тоймтой хэдэн зүйлийг үнэлүүлэхэд маш доогуур үнэлэгдсэн. Ард түмэн, хамт олны буянд гэр оронтой амьдарч байгаа ч миний хоёр охин өлөн зөлмөн амьдарч байна. Бид гурав бүх зүйлээр дутаж байна. Хоёр хүүхдээ хайраар дутаачихгүй юмсан гэсэн эхийн сэтгэл тэр байшинтайгаа шатаад дууссан. Амьдрал хэцүү байна. Сард 936.000 төгрөгийн цалин авдаг. Түүнээсээ 669.000 төгрөгийн цалингийн зээл төлдөг. Үлдсэн мөнгө нь бид гуравт яагаад ч хүрэлцдэггүй. Миний хоёр охин идэх хоол, өмсөх хувцас дутуу амьдарч байна. Иймээс энэ хүмүүсээр миний хохирлыг барагдуулж өгнө үү гэж гуймаар байна гэжээ.

Хариуцагч Я.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 6 хүүхэд, эхнэртэйгээ хамт амьдардаг. 10 сарын 28-ны өдөр амралтын өдөр байсан. Манай гэр бүлийнхэн бүгд гэртээ байсан. Миний хүүхэд тийм зүйл хийгээгүй гэжээ.

Хариуцагч П.Э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2010 онд би хүүг төрүүлсэн. 1 нас 2 настайгаас нь надаас салгаж авсан. Би хүүхдээ авъя гэхэд надад өгөхгүй гэдэг байсан. Би тэр хүүхдийн хүмүүжлийн талаар огт мэдэхгүй. Би Өмнөговь аймагт 3 хүүхэдтэй өрх толгойлж амьдардаг. Этай огт холбоогүй байж байгаад тийм хэрэг явдал болсны дараа нэг удаа ярихад би айлд гал тавиагүй гэж хэлсэн. Миний хувьд хохирлыг барагдуулах боломжгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ан нэхэмжлэлтэй хариуцагч Я.Б, П.Э нарт холбогдох “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 51.557.500 төгрөг гаргуулах”ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2021/00236 дугаартай шийдвэрийг хүлээн авч эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Тус шийдвэрээр нэхэмжлэгч Э.Ан нэхэмжлэлтэй хариуцагч Я.Б, П.Э нарт холбогдох “Гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол 51 557 500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч нарын хүүхдүүд болох Б.Т, Э.Э нар нь нэхэмжлэгчийн байшинг галдан шатаасан хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Үүнд: 1.Өсвөр насны Б.Т, Э.Э нар бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн нутагт 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Э.Ан байшинд гал тавьж санаатайгаар галдан шатааж 51 557 500 төгрөгийн хохирол учруулсан.

Тухайн хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж тогтоогдсон бөгөөд өсвөр насны яллагдагч Э.Э, Б.Т нар нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ Э.Э нь 8 нас 5 сар 8 хоногтой, Б.Түвшинбаяр нь 12 нас 11 сар 08 хоногтой байсан нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Хэргийн оролцогч нар нь тухайн хэргийг үйлдээгүй гэж прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32. 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй байдаг.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан хэргийн нотлох баримт нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан.

Иймд эрүүгийн хэргээс насанд хүрээгүй Э.Эын гэрчээр өгсөн мэдүүлэгт 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монхорцагаан, Одсайхан, Ж.Дэнсмаа, Сүхням, Э.А багшийн гэрт орсон. Э.А багшийн хашаанд ороод урд талын зүүн талын цонхыг Т онгойлгоод 2-уулаа ороод том өрөө болон гал тогооны өрөөгөөр явж байгаад хойд талын унтлагын өрөөнд ороод компьютер аваад гарахдаа бид 2 гал тогооны тавиуруудтай өрөөнд ороод чүдэнз аваад тавиур дээр байсан цаас шиг зүйлийг чүдэнз хавирч асаах гэсэн асаагүй утаа гараад байсан. Э.А багшийнхаас гараад гол ороод компьютерээ дундуур нь салгаад голын зах дээр дэлгэцийг хаяад Э.А багшийн гэрийн хойд талд хаячаад яваад өгсөн. А багшийн гал тогооны өрөөнд олон нүдтэй тавиурууд байсан тавиурын нэг нүдэн дээр нэг дөрвөлжин зүйл байсан тэрийг бид 2-уулаа чүдэнз хавираад барьсан эхлээд утаа гарсан дараа дахиж чүдэнз хавираад жоохон ноцоод байсан тэгээд бид 2 цонхоор буцаж гараад голын захруу явсан гэх мэдүүлгийг эрүүгийн хэргийн материалаас авч иргэний хэрэгт нотлох баримтаар өгсөн.

3. Хохирогч Э.Ан гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эд хөрөнгийг Баянхонгор аймгийн “Энх-нахиа” ХХК-ны шинжээч Л.Наранцэцэг холбогдох хууль журмын дагуу тухайн эд хөрөнгө байсан эсэх талаар гэрчээр нэр бүхий хүмүүсийг асууж тодруулан тухайн хөрөнгийн нийт үнийг 51.557.500 гэж тодорхойлсон бөгөөд энэ талаархи баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд эдгээр зүйлээр нотлогдон тогтоогдсон.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байхад өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай тогтоол нь нийтэд илэрхий үйл баримт байхад нэхэмжлэгч талыг Өсвөр насны Б.Т, Э.Э нарыг Э.Ан байшинг галдан шатаасан гэх үйлдэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлоогүй гэж үзсэн.

Энэ бүхнээс харахад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий ойлгомжтой байдлаар бичигдэх ёстой байтал энэ зарчмыг хангаагүй, мөн иргэний шүүхэд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох эрх хуулиар олгогдоогүй байхад гэмт хэргийг мөрдөж шалгаж тогтоосон эрх бүхий Цагдаа, прокурорын байгууллагын шийдвэрийг эрс үгүйсгэж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн Э.А тухайн гэмт хэргийг шалгаж тогтоох эрх бүхий субект биш бөгөөд Цагдаа, Прокурорын байгууллага хууль журмын дагуу шалгаж тогтоон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэх зүйлээр хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлж дүгнээгүй гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд нь хянан үзэж нэхэмжпэгч Э.Ан гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 51.557.500 төгрөгийг Б.Т, Э.Э нарын хууль ёсны төлөөлөгч болох Б.Тн аав Я.Б, Э.Эын ээж П.Э нараас гаргуулан Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2021/00236 дугаартай шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч Э.Ан давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Нэхэмжлэгч Э.Ан нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Б, П.Э нарт холбогдох эд хөрөнгөнд гэм хор учруулсны 51.557.500 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 236 дугаар шийдвэр хуулийн үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 4, 75 дугаар талд “...өсвөр насны яллагдагч Э.Э, Б.Т нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, ...хохирогч Э.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо өсвөр насны яллагдагч Б.Т, Э.Э нарын хууль ёсны төлөөлөгч нараас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, ... энэ шийдвэрийг оролцогч нар эс зөвшөөрвөл Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргах эртэй болохыг дурдаж...” шийдвэрлэсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 02 тоот тогтоол, хариу мэдэгдэх хуудас авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1 дэх заалт, 2,3,4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд яллагдагч энэ хууль д заасны дагуу хохирлоо барагдуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тусгана” гэж заасан байхад прокурор хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тогтоолдоо заасан, харин 6 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг хохирогч, яллагдагч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулна” гэсэн заалтын дагуу тухайн үед Э.А нь гомдлоо Прокурорын газрын ерөнхий прокурорт гаргаж ердийн журмаар шийдвэрлүүлэх эрхтэй байжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Э.Эын мэдүүлэг, Прокурорын тогтоол зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохуйц нотлох баримт болохгүй, ...нийтэд илэрхий баримтыг дахин нотлохгүй... гэсэн нь прокурорын болон цагдаагийн байгууллагын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн баримт хамаарахгүй...” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

Нийтэд илэрхий үйл баримт гэдэг ойлголтод байгалийн үзэгдэл, онцгүй үйл явдлууд, нийгэм улс төрийн амьдралын үйл явдлууд хамаардаг болно.

Иймд нэхэмжлэгч Э.А нь “...хэргийн оролцогч нар нь ...дээд шатны прокурорт гомдол ... гаргаагүй байдаг. ... эрүүгийн хэргээс насанд хүрээгүй Э.Эын гэрчээр өгсөн мэдүүлгийг эрүүгийн хэргийн материалаас авч иргэний хэрэгт нотлох баримтаар өгсөн. ...эд хөрөнгийг Баянхонгор аймгийн “Энх-нахиа” ХХК-ийн шинжээч ....51.557.500 төгрөг гэж тодорхойлсон ...баримтыг шүүхэд гаргаж өгсөн. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ...Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай тогтоол нь нийтэд илэрхий үйл баримт... шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулгаар бичсэн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.Ан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415737 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2021/00236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Ан бичсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415.737 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь Монгол Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Н.ЭНХМАА

Г.УЛАМБАЯР