Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Т.Төмөртулга

Улсын өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч: А.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Б-д холбогдох 1822000310016 тоот хэргийг 2018 оны 3 сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1979.07.06-нд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой /3-р анги төгссөн/ гэх, мэргэжилгүй гэх, Ялгуум ХХК-нд галч ажилтай гэх, ам бүл-1, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 22-5 тоотод оршин суудаг гэх, 6 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗЮ79070615/ Сод-Уул овогт А.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 1 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Үлэмж” зоогийн газрын гадаа иргэн Т.Эыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

        - Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Улэмж зоогийн газарт Энхжаргалын нүүр хүзүүнд цохисон. Тийм зүйл болсонд харамсаж байна. Өөр хэлэх зүйлгүй гэв.

- Хохирогч Т.Эын: Намайг 2018.01.19-ний өдөр Үлэмж нэртэй зоогийн газарт боов чанаж байтал гаднаас А.Б 20 цагийн үед согтуу ганцаараа орж ирээд намайг заамдаж аваад өрөөнөөс гаргаад ална чамайг гэж хэлээд Үлэмж зоогийн газрын хашааны хажууд миний зүүн талын чихэн дундуур гараараа алгадаж аваад нугасан дундуур гараараа цохиж аваад нэг удаа өшиглөсөн. Тэгээд намайг баруун тийшээгээ чирээд нөхөр дээр чинь аваачиж ална гэж хэлээд байхаар нь би хувцасаа өмсье гэж хэлээд орж хувцсаа өмсөөд машиндаа суулгаад Боржигоны гудамжинд хүргэж өгсөн. Намайг ална гээд байнга л занаад айлгаад байдаг. Би гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-7-9/

- Шинжээчийн 2018.01.23-ны өдрийн 180200055 тоот дүгнэлтэд: Т.Эын биед тархи доргилт, духанд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-12/

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 1 сарын 19-ний өдөр 20 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын  7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Үлэмж” зоогийн газрын гадаа өмнө нь харилцаатай байсан гэх Т.Эыг үл ялиг зүйлээр шалтаглан толгойн тус газарт нь алгадах, нуруу луу нь цохих, өшиглөх зэргээр зодож Т.Эын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хохирогч Т.Эын мэдүүлэг /хх-7-9/, шүүх эмнэлгийн шинжээчийн 180200055 тоот дүгнэлт /хх-12/ зэрэг баримтаар тогтоогдож байна.  Шүүгдэгч А.Б нь Т.Эыг хардсан гэж мэдүүлж байгаа нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул гэмт хэргийг танхайн сэдэлтээр буюу үл ялиг зүйлээр шалтаглан бусдын эрүүл мэндэд халдаж ,  хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

2/ Хохирол, төлбөрийн талаар:

 

Хохирогч Т.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн 180200055 тоот дүгнэлт, хохирогчийн мэдүүлгээр /хх7-9, 12/ тогтоогдож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч А.Б хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Т.Э шаардах эрхтэй байна.

Хэргээс үзэхэд хохирогч Т.Э нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэргийн материалтай танилцаад “гомдол санал байхгүй” гэжээ. /хх-46/

Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэл, баримт гаргаагүйн улмаас шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй тул хохирогч Т.Э энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж  өөрийн харъяа газрын иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заах нь зүйтэй байна. Иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхих нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйг харгалзан үзлээ.

 

3/ Шүүгдэгчийн хувийн байдал, оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч А.Б өмнө нь 6 удаа ял шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шалгах хуудсаар /хх30-44/ тогтоогдож байна. Үүнд:

  1. 2004 оны 8 сарын 16-нд Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар;
  2. 2006 оны 9 сарын 22-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
  3. 2009 оны 12 сарын 23-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
  4. 2010 оны 11 сарын 18-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
  5. 2011 оны 8 сарын 31-нд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
  6. 2017 оны 6 сарын 19-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байжээ.

           Шүүгдэгч А.Б нь хүнд гэмт хэрэгт 2006 , 2011 онд тус тус шийтгүүлээд, хугацаа дуусч суллагдсан эсэх талаар болон өршөөлд хамрагдсан эсэх талаар баримт хэрэгт хавсаргагдаж ирээгүй байна.

 

           Харин:

  • Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 сарын 18-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт” Шүүгдэгч А.Б нь 2004.08.16-ны өдрийн Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.2 дахь хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгэгдсэний дараа 2006.09.22-ны өдрийн Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 2009.07.22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 1 хоногийн хорих ялаас өршөөн хасагдсан байна.   Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар ялгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж хохирогчтой эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүйгээс гадна ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно” гэж,

 

  • Дундговь аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.19-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт “2015 оны 11 сарын 6-ны өдрийн 334 дүгээр захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 5 сарын 25 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн байна. Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэг ба 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн ялыг нь өршөөн хэлтрүүлсэн хэдий ч ялтай байдал нь өршөөлд хамрагдаагүй байна. Өөрөөр хэлбэл хүнд гэмт хэргийн ялгүйд тооцох хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар ялаа эдэлж дууссанаас хойш 8 жил өнгөрсөн тохиолдолд ялгүйд тооцох тул шүүгдэгч А.Б нь ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгоно” гэж тус тус дүгнэсэн хэсгийг нотлох баримтад тооцлоо. Учир нь дээрх 341, 31 дүгээр шийтгэх тогтоолууд хүчин төгөлдөр болсон, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж авсан байна.

Дээрх шийтгэх  тогтоолын хуулбар болон баримтаар шүүгдэгч А.Б нь 2009 оны 7 сарын 22-ны өдөр хорих ялын хугацаанаас өршөөн хасагдах байдлаар өршөөлд хамрагдсан, Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар уг хэрэгтээ ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байхад дахин хүнд гэмт хэрэг шинээр үйлдэн шийтгүүлж, 2015 оны 8 сарын 11-ний өдөр өршөөлд хамрагдаж, эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн хэдий ч энэ өдрөөс Эрүүгийн хуулийн 78.2.4-т заасан хугацаа мөн зүйлийн 78.5-д зааснаар ялгүй болох хугацааг хамтатган эхэлж тоолох бөгөөд уг хугацаа дуустал аль аль гэмт хэрэгтээ ялтайд тооцогдох үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч А.Бын өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа хэрэг 2017 оны 7 сарын 1-нээс хойш үйлдэгдсэн байдал, мөн 2017 оны 7 сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд /2015 оны/ “ялтай байдал” гэсэн ухагдахуун, ойлголт  байхгүй болсон, мөн Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 2-т “”…гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” зарчим, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэх заалтыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.

Тодруулбал: Шүүх шүүгдэгч А.Бын санаатай хүнд гэмт хэрэгт хоёр удаа, санаатай хөнгөн гэмт хэрэгт дөрвөн удаа  шийтгүүлж,  2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялтайд тооцогдож байсныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй. Учир нь Эрүүгийн хуулийн /2015 оны/ 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалт нь “энэ хуулийн” буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байхыг шаардсан тул өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт шийтгүүлсэн байдал хамаарахгүй гэж ойлгоно.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “А.Б нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа” гэсэн нь болон гэмт хэрэг үйлдээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн эсэх нь баримтаар нотлогдохгүй байх тул шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч А.Бын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдээд бусад учруулсан гэм хороо арилгаагүй зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч А.Бад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч А.Б нь прокуророос санал болгосон торгох ялыг 2018 оны 6 сарын 1-ний дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн тул шүүхээс энэ хугацаанд торгох ялыг гурав хувааж хэсэгчлэн төлөхийг даалгахаар шийдвэрлэлээ.

 

4/ Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 1 сарын 19-нд гэмт хэрэг үйлдсэн ба энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байна.

Цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг 2017 оны 1 сарын 19-ний өдөр хүлээн авч, 1 сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн /хх-1, 3/, мөрдөгч Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай санал 2018 оны 2 сарын 24-ний өдөр гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол 2018 оны 3 сарын 6-ны өдөр гарсан/хх-13, 14/, хэргийг шүүхэд шилжүүлэх тухай саналыг 2018 оны 3 сарын 20-ны өдөр гаргаж, 2018 оны 3 сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж,3 сарын 29-ны өдөр шүүхэд хэрэг ирсэн байна. /хх-48-55, хэргийн хавтасны дотор талд/ Энэхүү ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д “…дугаар зүйлд заасан сэжигтнийг эрүүгийн хэрэг үсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлнэ. 2. Прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, тэр дундаа хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэргийг шүүрхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон, шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байх ёстой.

Иймд дээр дурьдсан алдааг залруулахаар буцаах нь хэргийн оролцогчдыг чирэгдүүлэх, залхаах сөрөг үр дагвартай учир асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Гэтэл гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 сар 10 хоногийн хугацаанд хохирогчоос дахин мэдүүлэг аваагүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх нь тодорхойгүй,  мөн шүүгдэгчийн шүүхээс оногдуулсан ялыг эдэлсэн эсэх талаар ял эдлүүлэх эрх бүхий байгууллагаас лавлагаа, баримт аваагүй байгааг анхаарах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Сод-Уул овогт А.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Сод-Уул овогт А.Бад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан  шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 6 сарын 1-ний өдрийн дотор 3 /гурав/ хувааж хэсэгчлэн төлж биелүүлэхийг шүүгдэгч Сод-Уул овогт А.Б-д даалгасугай.

     4. Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар тооцож солих журамтайг А.Бад мэдэгдсүгэй.

     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Т.Э нь шүүгдэгч А.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн харъяа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.

6. Шүүгдэгч А.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Т.Э төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.   

      7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай

       8.Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ