Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 213/МА2021/014

 

М.Хгийн нэхэмжлэлтэй

Б.Дд холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 131/ШШ2021/00273 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Хгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Дд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч М.Хгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагч Б.Д/ цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч М.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2016 онд Б.Дтой танилцаж, 2017 оны 07 сарын 05-ны өдөр гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2018 оны 09 сарын 17-нд хүү Д.Д төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оны 05 сараас тус тусдаа амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд Б.Д архидан согтуурч, найз нөхдөө дагуулан гэр оронд ирж архи уудаг байсан. Архи уулаа гэж хэлэхээр намайг гэр орноосоо хөөж, байнга дарамталж зоддог байсан. Хүү Д.Дгийн халамжийн мөнгө болох 100000 төгрөгийг Б.Д өөрийнхөө данстай холбуулаад өөрөө архи авч уудаг.

Одоо ч хүү бид хоёрт өгдөггүй. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хүүгээ би өөрөө авчихъя, надад үлдээчих. Би ажилгүй, мал малладаг. Одоо хүү миний эцэг, эх дээр Баянхонгор суманд амьдарч байгаа. Би хүүхдийн мөнгөө өөрийн нэрээр авдаг болмоор байна. Хүүхэддээ хувцас авч өгнө. Би том охиноо эцэг, эхдээ үрчлүүлсэн юм. Б.Д нь хүүхдээ зодож байсан удаа байхгүй. Гэхдээ би өөрөө хүүхдээ авъя гэжээ

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2016 онд М.Хтэй танилцаж 2017 онд хуримаа хийгээд 2018 онд хүү Д төрсөн билээ. 2020 оны 05 сарыг дуустал бид сайдаж, муудаж болж бүтэхээрээ амьдарсаар ирсэн. Хамтдаа амьдрах энэ хугацаанд бидний дунд гарсан зөрчил гэвэл хурим хийгээд 7 хоносны дараа гадуур ажилтай яваад орж ирэхэд эхнэр Х нь манай нутгийн нэг залуутай нэг оронд унтаж байсан, тухайн үед миний уур хүрч хэрүүл үүссэнээс болж ээж, аавд нь хэлээд салъя гэсэн боловч аав, ээж нь салгаагүй. Манай хажууд буучих тэгээд гайгүй болох байх гэхээр нь нүүж очоод цуг өвөлжсөн. Ингээд хавар нь хадмынх хяраад нүүх болж цуг нүүе гэхээр нь эхнэр жирэмсэн би хол нүүж чадахгүй гэснээс болж бид ам зөрж хадам ээж малаа аваад зайл манайх хүүхнээ авч хоцорно, чам шиг модоо барьсан гуйлгачин зайл хүүхдийн тэтгэмж төлөөрэй гэж байнга загнаж хэрүүл болдог болсон учир би буцаж нутагтаа ирсэн. Хүүхдээ эхнэр Хг ээж нь явуулахгүй гэхээр нь би ээжийгээ дагах уу надтай хамт явах уу өөрөө мэд гэхэд намайг дагна гээд хоёул манай нутагт ирж хүүхдээ төрүүлж хамт байх хугацаанд эхнэр Х бид 2 муудалцах болгонд хүүхдээ хаяад явчихдаг байсан. Төрүүлсэн хүүхдээ хайхардаггүй хаяж явдаг. Аваад явахаараа байнга гэмтээж, түлж нүүр ам нь битүү хавдар болох зэргээр бэртсэн байдаг учир би хүүхдээ өгч явуулахгүй гэж дургүйцдэг. Ингээд 2020 оны 05 сард аав, ээж дээрээ очиж ямаа самнаад ирнэ гээд хүү бид хоёрыг орхиод явснаас 2 сарын дараа ирж гэнэт л сална гээд бүх малаа, ор дэрээ, хүүхэдтэйгээ аваад явсан. Энэ хугацаанд 5 сар хүртэлх хүүхдийн мөнгийг бид амьдрал ахуйдаа зарцуулж байсан. 5 сараас 7 сар хүртэлх мөнгийг хүү бид хоёр ахуйдаа зарцуулсан. 9 сар хүртэлх 2 сарын мөнгийг би зарцуулаад түүнээс хойших мөнгийг хадгаламж нээгээд дэвтрийг нь ээжид нь өгсөн. Миний хувьд хүүгээ өнчрүүлэх бодолгүй эхнэр Х зөвшөөрвөл хамтдаа амьдрах хүсэлтэй байсан. Нэгэнт эвлэрэхгүй гэсэн тул гэрлэлтээ цуцлуулж хүү Д.Дг өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байна. Хүүгээ би бага байхаас нь өөрөө өсгөсөн. Одоо эх нь хүүг өөрийн аав, ээжийн гэрт Баянхонгор аймагт байлгаж байгаа. Би хүүтэйгээ уулзах гээд очихоор хадам ээж гараас нь татаж чангаагаад уулзуулахгүй цааш нь аваад явдаг юм. Хүү надад их сайн, мөн манай аав ээжид их сайн байдаг. Манай аав, ээж 2 Баацагаан суманд мал малладаг. Хүүг 1 настай байхад М.Х нь хаяад эцэг, эхрүүгээ явахад би өөрийн хөхийг шөнө хөхүүлж хүн болгож байсан. Ээж дээрээ байх хугацаанд гарын 2 хурууг нь хаалганд хавчуулж гэмтээсэн, товлолт вакциныг нь хийлгээгүй, эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэхгүй зэргээр хүүхдийн эрхийг удаа хохироож байсан. Х нь 6 настай нэг охинтой бөгөөд тэр охиноо эцэг, эхдээ өргүүлсэн. Миний хүүг мөн адил болгох байх гэхээс санаа зовж байна. Би одоогоор мал маллаж байгаа. Хүүгээ өсгөх бүрэн боломжтой гэжээ.

Нэхэмжлэгч М.Х анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүүхдэд төр засгаас сар бүр өгдөг мөнгийг нь өөрийнхөө данстай холбуулмаар байна. Энэ хүн тэр мөнгийг нь авдаг. Би тэр мөнгийг нь аваад хүүхдээ хувцаслаад, хооллож ундлаад явах саналтай байна гэжээ.

Хариуцагч Б.Д анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Х хүүхдээ огт хайхардаггүй. Хүүг хөлд ороогүй байхад нь надтай орхиод явдаг байсан. Хүүхдээ заримдаа авч явдаг. Нэг удаа авч явахаар нь би араас нь очсон чинь хүүхдийн хоёр нүд нь хавдсан, нүд нь нээгдэхээ больсон байхад эмнэлгээр авч яваагүй байсан. Сүүлд нь дахиад авч явсан чинь гарын хоёр хурууг нь хаалганд хавчуулаад тастсан байсан. Бас ханиад хүрсэн байхад нь огт эмнэлэгт харуулж үзүүлж харуулсан зүйлгүй. Нус нь гоожоод хамрыг нь түлсэн байсан. Би дандаа эмнэлгээр авч явдаг. Энэ хүн 2020 оны 5 сард ямаагаа самнаад ирье гээд манай дүүтэй явсан. Тэгээд ирэхгүй 3 сар болж байгаад ирэхдээ хүүхдээ аваад, малаа аваад явсан. Би цагаан сарын дараа хүүхэдтэйгээ уулзах гэж очиход хүүхдийг аав, ээж нь аваад аймаг руу явсан байсан. М.Хгийн том хүүхэд нь ээжтэйгээ үеийн юм шиг харьцдаг. Эмээгээ ээж гэж дууддаг. Би өөрийнхөө хүүхдийг тэр хүүхэд шиг болгож өсгөмөөргүй байна. Манай хүүхэд эмээгээ ээж гэж дууддаг болсон байсан гэжээ.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг тус тус баримтлан Сартуул налай овогт М.Х, Балжинням овогт Б.Д нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2018 оны 09 сарын 17-ны өдөр төрсөн хүү Д.Дг эцэг Б.Дын асрамжид үлдээж, Хариуцагч Б.Д нь шүүх хуралдааны шатанд хүү Д.Дд эх М.Хгээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүү Д.Дг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Б.Д, эх М.Х нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78200 /8000 төгрөг илүү төлсөн/төгрөгийн 70200 төгрөгийг хариуцагч Б.Доос, 8000 төгрөгийг төвлөрсөн төвсийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч М.Хд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие М.Х нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 273 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие Б.Доос гэрлэлт цуцлуулж, хүү Д.Дг өөрийн асрамжид үлдээж тэтгэлэг гаргуулахаар нэхэмжпэл гаргасан бөгөөд тус шүүхийн шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, миний хүү Д.Дг эцэг Б.Дын асрамжид үлдээн шийдвэрлэсэн.

Хариуцагч Б.Д нь гэр бүл болсон цагаас архи дарс ууж гэр бүлдээ агсан согтуу тавьж, хөөж тууж зодож нүдэн байнгын дарамтад байлгасан. Энэ байдал өдөр бүр давтагддаг байсан тул би хүүгээ аван аавындаа очсон. Улмаар сэтгэл санааны хувьд дарамттай байсан тул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Аавындаа хүүтэйгээ амьдарч байх хугацаанд Б.Д нь араас ирсэн боловч бас л согтуу ирж аав ээжид агсан согтуу тавьж байгаад явсан.

Гэтэл шүүхээс энэ байдлыг харгалзалгүй 2 ой гарантай нялх хүүг минь байнгын согтуурч мансуурдаг аавд нь өгсөнд гомдолтой байна. Би шүүхийн шийдвэр гарснаас хойш шийдвэрээ гардаж аваад давж заалдана гэж хүлээж байсан боловч надад очих ёстой шийдвэрийг Б.Д авчихсан 2021 оны 5 сарын 20 ны өдөр одоо хүүгээ авмаар байна, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж хэлээд барьж ирсэн. Би гэрлэлтээ цуцлуулснаас хойш Баянцагаан сумд хүүгийн хамт аавындаа амьдарч байсан бөгөөд шүүхийн шийдвэрийг явуулахаа Б.Дтой хамт амьдарч байсан хаягт явуулснаас болж би шийдвэрээ авч чадаагүй өнөөдрийг хүрсэн. Б.Д нь энэ хугацаанд хүүгээ бараг эргэжтойроогүй. Ирэхдээ согтуу ирдэг. Өнөөдрийг хүртэл хүү надад болон манай аав ээжид маш их дассан бөгөөд одоо Дт өгнө гэхэд үнэхээр хүнд, түүнтэй ч дасаж хамт байж чадахгүй. Миний хувьд үг дуу цөөнтэй, хэл ярианы баялаг муутай . Д нь маш их хэлэмгий . Хэл яриа сайтай тул шүүх түүний яриаг хүлээж аваад түүний талд шийдсэн гэж бодож байна. Д хүүхэддээ ирэхдээ ганц ундаа барьж ирж байснаас хүүхдэд хэрэгцээтэй юм огт авч өгдөггүй. Хамт амьдарч байхдаа ч тийм байсан. Би шүүхийн шийдвэрээ гардаж авангуутаа Д авчихсан байхаар нь маш их сандарч аймгийн төв орж ирээд энэхүү гомдлыг гаргаж сууна.

Дын шүүх хуралдаанд хэлснээр гадуур дотуур явж үр хүүхдээ анхаардаггүй гэж хэлсэн нь үндэслэлгүй худлаа . Намайг гүтгэсэн байсан.

Өөрийн хэл яриатай сайтайгаа ашиглаж намайг гүтгэж байгаад маш их гомдож байна. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 273 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж хүү Дг миний асрамж үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч М.Хгийн давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Нэхэмжлэгч М.Хгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Дт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй хэрэгт бага насны хүүхдийг эцгийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч М.Х нэхэмжлэлдээ “... 2 настай хүү Дг өөрийн асрамждаа үлдээхийг...”, хариуцагч Б.Д анхан шатны шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хүүгээ өөрийн асрамждаа авахаар...” тус тус хүүхдийг хэний асрамжид байлгах талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан үүссэн байхад анхан шатны шүүх шинжээч томилж гаргасан шинжилгээний дүгнэлт болон бусад нотлох баримтуудад үндэслэн хүүхдийн асуудлыг тал бүрээс нь харгалзан шийдвэрлээгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “ гэрлэгчид хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх... асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалтыг хангалттай нотлох баримтад үндэслэлгүйгээр зөвхөн талуудын тайлбарт үндэслэн 2 настай хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн сангаас буцаан гаргаж түүнд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 131/ШШ2021/00273 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Хгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төвлөрсөн төсвийн сангаас буцаан гаргаж, түүнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь Монгол Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Н.ЭНХМАА

Г.УЛАМБАЯР