Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/16

 

.

 

 

 

 

 

 

   2024        03           13                                           2024/ДШМ/16

 

 

Э.С-ад холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Д.Ганзориг даргалж, шүүгч Г.Болормаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Н.Амаржаргал /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Э.С-ад холбогдох эрүүгийн 2340000000063 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Э.С- нь хохирогч Э.Б-ийн бэлчээрт байсан үхрээс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн үхэр сүрэгт нийлсэн 1 тооны үхрийг авч, бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулж “мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас шүүгдэгч Э.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх:  Шүүгдэгч Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д зааснаар шүүгдэгч Э.С-ыг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд “өөрийн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж,

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.С-ын тэнсэгдсэн хугацаанд үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд тайлбарлаж,

- шүүгдэгч Э.С- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогчид 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн" гэж үзэж байх тул шийтгэх тогтооолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Прокуророос шүүгдэгч Э.С-д холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд хөнгөн ангиллын хэрэгт шүүгдэгчид тухайн зүйлд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байтал шүүх нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг баримтлан хорих ялыг тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой байсан.

Өөрөөр хэлбэл хэргийг ердийн журмаар шийдвэрлэж шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэх бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлах, харин шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн... буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд ялаас чөлөөлөх, ялаас хасах, тэнсэж үүрэг хүлээлгэх бол 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх тухай хоёр өөр агуулгатай хуулийн зохицуулалт байна.

 

2. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлахдаа уг зүйл хэсэгт байхгүй хуулийн үг хэллэг хэрэглэж буюу "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан ...Эрдэнэбаярын Э.С-ад хорих ял оногдуулахгүйгээр..." гэж дурдсан ойлгомжгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч Э.С-ад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

3. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

4. Шүүгдэгч Э.С- нь Э.Б-ийн бэлчээрт байсан үхрээс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн үхэр сүрэгт нийлсэн 1 тооны үхрийг авч, бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 хуудас/,

- Хохирогч Э.Б-ийн Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын Сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 02 хуудас/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-09 хуудас/,

- “Б” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШД-258 дугаартай “….1 тооны үхрийн зах зээлийн үнэлгээ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг байх боломжтой…” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-40 хуудас/,

-Хохирогч Э.Б-ийн “…2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2 чих үзүүрээсээ ухам, зөв чих шар өнгийн бирктэй, сувай хар үнээ алдсан тул цагдаад мэдэгдсэн. Манай үнээг авч цагдаад баригдсан Э.С- гэгч нь надад хохирол болох 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Одоо надад гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцох боломжгүй. Сумаас алслагдсан цас ихтэй зудын байдалтай тул ноториатаар баталгаажуулах боломжгүй байна” гэх хүсэлт /хавтаст хэргийн 109 хуудас/,

- Хохирогч Э.Б-ийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр …манай нөхөр Б малдаа яваад ирэхдээ “манай үхрүүд маань гэрээсээ хойд зүгт 5 орчим километрийн зайд бэлчээртээ байна. Бүртгээд үзсэн чинь хоёр чих нь үзүүр нь ухам зөв чих нь шар өнгийн бирктэй хар зүсмийн үнээ алга болсон байна, ойр хавиар эрж хайгаад ямар нэгэн зүйл мэдэгдсэнгүй. Цагдаад мэдэгд” гэхээр нь би сумын хэсгийн төлөөлөгчид бичгээр гомдол гаргасан.

Хар зүсмийн хоёр чих нь үзүүрээсээ ухам, хумбан эвэртэй, зөв чих нь шар өнгийн бирктэй 6 настай сувай үнээ байгаа юм. Би өөрийн алдсан үнээгээ 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой байна…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 хуудас/,

 

-Хохирогч Э.Б-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “…Э.С- надад 2.000.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-87 хуудас/,

- Гэрч Ж.О-н 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Хөдөө гэрт маань Э.С- ганцаараа малаа хараад байдаг. Би 2023 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн орчимд хөдөө байдаг хүү рүүгээ утсаар яриад “ээжид нь мөнгөний хэрэг гараад байна, ээж нь эмээг нь хот руу эмчилгээнд авч явахаар боллоо яах уу” гэхэд хүү маань “би хонь мал өгч чадахгүй, ганц үхэр хэвтээд хачин байгаа та энийг ирээд аваад яв” гэхээр нь би өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн ашинтайгаа ганцаараа хөдөө гэр рүүгээ явсан. Тухайн үед 17 цаг өнгөрч байсан. 19 цагийн орчимд хөдөө гэртээ очсон. Тэгтэл хүү маань нөгөө үхрээ хийчихсэн байгаа гээд гэрийн баруун талаас даавуугаар хучсан үхрийг махыг миний машинд ачиж өгсөн. Би үхрийнхээ махыг ачаад эргээд Хэнтий аймгийн төв рүү явсан. Тэр үед цаг 20 цаг болж байсан. Тэгээд би шөнө 23 цагийн орчимд Хэрлэн голын гүүрээр Хэнтий аймаг руу орж ирээд шууд гэртээ хариад амарсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед "Ө" махны бой руу явж үхрийнхээ махыг Э гэдэг махны ченжид өгсөн. Би хэний үхэр байсан гэдгийг мэдэхгүй байна. Анх намайг хүүтэйгээ уулзахад манай хүү өөрийнхөө үхрээс ажилласан гэж надад хэлж байсан. Үхрийн мах ачихад хажууд нь хар зүсмийн үхрийн арьс толгой шийр байсан. Би тухайн үхрийн махыг зарахдаа гарал үүслийн бичиг аваагүй. 179 хил татаж 1.611.000 төгрөг болсон. Би мөнгийг нь өөрийн төрсөн ах Батбаатарын дансанд хийлгэсэн. Би хотод байдаг охин руугаа эмээгийнхээ эмчилгээнд яаралтай мөнгө хэрэг гарвал өгөөрэй гээд 400.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 450000 төгрөгөөр “Ц” ломбарданд ээмгээ тавьсан байсныг авсан. Үлдсэн мөнгө нь одоо надад байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 хуудас/,

-Гэрч Ж.О-н 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: ”...Би өөрөө очиж махаа өгсөн. Ямар нэгэн настай хүн дагуулж очоогүй. Харин манай ах Б тэр үед эхнэрээ хүргэж өгөхөөр бойн дээр очсон байхад нь таарч дансанд нь мөнгөө хийлгэсэн. Манай үхрийн им нь зөв тал араасаа догол, буруу тал нь цуулбар имтэй. Гэхдээ манайх ганц нэг мал хүнээс авсан. Тухайн үхэр авдаг орой харанхуй болж байсан болохоор үхрийн им, тэмдгийг анзаараагүй. Аймгийн бой арьс шир, толгой шийр авахгүй болохоор гаднаа байлгаж байсан чинь хог ачдаг машин хогтой хамт ачаад явчихсан байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-91 хуудас/, 

-Гэрч Ж.Б-н 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 25-ны өглөө манай өөрийн төрсөн дүү болох О нь над руу утсаар яриад “ахаа би ХААН банкны виза картаа эрээд олдоггүй, та дансаа өгөөч, ээжийн бие муудаад байна, би эмчилгээнд авч явах гэсэн юм, нэг үхэр хөдөө гэрээс махалж авчраад хүнд зарж байгаа юм, мөнгөө авах виза карт байдаггүй” гэхээр нь би өөрийн ХААН банкны дансаа өгсөн. Удалгүй миний дансанд “0” гэсэн утга бүхий 1.611.000 төгрөг орж ирсэн. Надад хэлэхдээ хөдөө гэрээсээ нэг үхэр нядлаж ирээд зарж байгаа юм гэж хэлж байсан. Харин хаана, хэн гэдэг хүнд зарж байгаагаа хэлээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 хуудас/,

- Гэрч Т.Э-н 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах “Ө” нэртэй махны бойнд мал мах авдаг. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн орчимд ажил дээрээ байж байтал нэг настайвтар эрэгтэй хүн ирж үхрийн мах өгсөн. Би тухайн үед махыг нь үзэж хараад килограммыг нь 9.000 төгрөгөөр бодож авсан. Тухайн үхрийн мах нь 179 кг болж байсан. Тэгээд би мөнгийг нь эхнэрийнхээ эзэмшлийн ХААН банкны дугаарын данснаас Б гэсэн нэртэй тоот дансанд 1.611.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үхрийн махны арьс, толгой, гэдэс дотор гэж юм байгаагүй зөвхөн мах л байсан. Надад үнээний мах гэж зарсан санагдаж байна. Тухайн нэг тооны үхрийн махны гарал үүслийн бичиг гэж юм өгөөгүй би “бичгээ өг” гэж шаардсан боловч утсаар яриад явуулна гэж хэлээд яваад эргэж ирээгүй. Би тэр өдөртөө худалдаж авсан махаа бөөгнүүлээд Улаанбаатар хот руу “Х” зах руу хөлсний машинаар ачуулаад явуулсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 хуудас/,

- Гэрч Т.Э-н 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Тэр эмэгтэйтэй хамт 1 хүн явж байсан болохоор цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө 1 настайвтар эрэгтэй хүнээс мах худалдаж авсан гэж мэдүүлсэн, эрэгтэй нь л зарж байна гэж бодсон. Ер нь бол яг хэнийх нь үхэр хэн нь зарж байгааг бол би мэдэх боломжгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100 хуудас/,

Яллагдагч Э.С-ын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, …тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

5. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

6. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж судалж шүүгдэгч Э.С-ыг “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, өөрийн үхэр сүрэгт нийлсэн хохирогч Э.Б-ийн 1 тооны үхрийг авч бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан  шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

7. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

 

8. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.5-д зааснаар шүүгдэгч Э.С-ыг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд “өөрийн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

9. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх агуулга бүхий прокурорын эсэргүүцлийн тухайд: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 1.1 дэх заатлад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч Э.С-ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.С-ыг гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл бүхий байхад гэрчээр байцаасан хэдий ч уг мэдүүлгийг прокурор болон шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй байна.

Цаашид гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс нь гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна.

Сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авах нь юуны өмнө түүнд өөрийгөө өмгөөлөх, хамгаалах боломж олгож буй тул эхэлж ямар хэрэгт сэрдэгдэж эсвэл яллагдаж буйг заавал мэдэгдэх ба учир битүүлэг байдлаар байцаах, мэдүүлэг өгөхийг шаардах явдал гаргаж болохгүй. Тэрээр хэргийн талаар мэдүүлэх, түүнчлэн гэм буруугүй болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болохыг мөн өөрийг нь холбогдуулан сэжиглэж яллаж буй хэргийг мэдэх эрхтэй болохыг мэдүүлэг авах явцад байнга анхаарах шаардлагатай талаар Улсын Дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх тухай албан ёсны тайлбарт дурдсан байдаг.

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэдүүлэг өгөх нь хэргийн нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой боловч нөгөө талаас өөрийгөө өмгөөлөх, хамгаалах Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон боломж тул үүрэг, хариуцлага бус эрхийн хэрэгжилт болохыг удирдлага болгон хуулийн 5.2, 5.3, 7.3, 7.4, 7.5, 7.6, 16.3, 25.1, 25.2, 25.3, 31.8, 31.11, 35.9 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагад нийцүүлэн мэдүүлэг авна.

Яллагдагч, шүүгдэгч нь гэмт хэрэгт биечлэн оролцсоны улмаас хэргийн үйл баримтын тодорхой дараалал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, санаа сэдэлт, хөнгөрүүлэх, цагаатгах нөхцөл байдлыг мэдүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар өөрийн дүгнэлт, няцаалтыг хэлэх, мөн бусад яллагдагч, шүүгдэгч нарын хэргийн оролцоог илчлэх боломжтой тул гэм буруугаа хүлээн үнэн зөв мэдүүлж буй тохиолдолд гэрчийн мэдүүлгээс илүү өргөн хүрээнд мэдээлэл өгөх боломжтой.

Яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх болон Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл болох тул мөрдөгч, прокурор, шүүх энэ талаар яллагдагч, шүүгдэгч нарт  тухайн эрхийг хэрэгжүүлэх боломжтой болохыг тайлбарлан  энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулбал зохино.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3-т “Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараах наад захын баталгаагаар хангагдах эрхтэй (а) оногдуулж байгаа ялын шинж чанар, үндэслэлийг ойлгох хэлээр нь даруй, нарийвчлан мэдэгдэх ... (c) зүй бусын хойшлуулалтгүйгээр шүүгдсэн байх” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна”, 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна” гэж тус тус заажээ.

Э.С-ад холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор дээрх хуулийн заалтуудыг хэрэгжүүлээгүйгээс хэргийг шалгах хугацаа сунжирч, яллагдагчийн  зүй бусын хойшлуулалтгүйгээр шүүгдсэн байх эрх, хэргээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжоо  алдахад хүрсэн байгааг прокурор, мөрдөгч нар цаашид анхаарч ажиллах хэрэгтэй байна.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын бичсэн 2024 оны 02 дугаар саарын 02-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосныг дурдсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ГАНЗОРИГ

  

                           ШҮҮГЧИД                                                Г.БОЛОРМАА

 

                                                                                            Б.ДЭНСМАА