Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/05

 

 

 

Л.Жаалхүү, Л.Батзаяа, Б.Намжилгомбо нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Г.Анх-Ирээдүй

Шүүгдэгч Л.Жаалхүүгийн өмгөөлөгч Б.Алтандөш,

Шүүгдэгч Л.Батзаяагийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа (цахим),

Шүүгдэгч Б.Намжилгомбын өмгөөлөгч Б.Оюунбилэг (цахим),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амгаланжаргал (цахим),

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурор Б.Наранмөнхийн гаргасан эсэргүүцэл, шүүгдэгч Л.Батзаяагийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Л.Жаалхүү, Л.Батзаяа, Б.Намжилгомбо нарт холбогдох эрүүгийн 2122000000203 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Хэрсэн улаан овогт Лхагвасүрэнгийн Жаалхүү, Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Өндөршил сумын 1 дүгээр баг Энгэрийн улаан гэх газар нутаглах, Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 26-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, (РД: ЗЮ93112114);

Шүүгдэгч: Тусгалт овогт Лхаасүрэнгийн Батзаяа, Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хялганат суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Авто замын инженер мэргэжилтэй, Ялгуусан ХХК-д бааз хариуцсан менежер ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 27 дугаар хороо 6-47 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, (РД: ФЖ82072118);

Шүүгдэгч: Боржигон овогт Батсуурийн Намжилгомбо, Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Өндөр ширээт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, VIP хамгаалалтын албанд менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 13 дугаар хороо 8-р байр 381 тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, (РД: НР79080771);

Шүүгдэгч Л.Жаалхүү нь Л.Батзаяа, Б.Намжилгомбо нартай бүлэглэн Дундговь аймгийн Өндөршил сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Оорцог” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлосон, газрын хэвлийд халдсаны улмаас хүрээлэн буй орчинд учирсан экологийн хохирлын хэмжээ 21.812.337,6 төгрөгийн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Л.Батзаяа нь Л.Жаалхүү, Б.Намжилгомбо нартай бүлэглэн Дундговь аймгийн Өндөршил сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Оорцог” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлосон, газрын хэвлийд халдсаны улмаас хүрээлэн буй орчинд учирсан экологийн хохирлын хэмжээ 21.812.337,6 төгрөгийн хохирол санаатай учруулсан дээрх хууль бусаар олборлосон ашигт малтмалыг ашиглах гэмт хэргийг үйлдэхээр завдсан,

Шүүгдэгч Б.Намжилгомбо нь Л.Жаалхүү, Л.Батзаяа нартай бүлэглэн Дундговь аймгийн Өндөршил сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Оорцог” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлосон, газрын хэвлийд халдсаны улмаас хүрээлэн буй орчинд учирсан экологийн хохирлын хэмжээ 21.812.337,6 төгрөгийн хохирол санаатай учруулсан дээрх хууль бусаар олборлосон ашигт малтмалыг ашиглах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Л.Батзаяа нь Л.Жаалхүү, Б.Намжилгомбо нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Жаалхүү, Л.Батзаяа, Б.Намжилгомбо нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жаалхүү, Л.Батзаяа, Б.Намжилгомбо нарт тус бүрд 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жаалхүү, Л.Батзаяа, Б.Намжилгомбо нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жаалхүү, Л.Батзаяа, Б.Намжилгомбо нар нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амгаланжаргалын нэхэмжлэлээс шинжээчийн зардал 2.200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг зааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор Оорцог гэх газар битүүмжилсэн жонш гэх чулуун овоолгыг хураан авч улсын орлого болгож, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Жаалхүү, Л.Батзаяа, Б.Намжилгомбо нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Прокурор Б.Наранмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ... Шүүхийн шийтгэх тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслүүдийн үнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гаргуулж шийдвэрлэх ёстой байхад, прокурорын яллах дүгнэлтэд өмчлөгч нарт буцаан өгөх талаар санал тусгагдсан байх боловч дээрх тээврийн хэрэгслүүдийг хураан авсан, битүүмжилсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй нөхцөл байдал бий болгож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai Robex 3000 LC-7A маркийн шар өнгийн экскаватор 55.000.000, Бөх-Хуягийн Өлзий-Оршихын эзэмшлийн 02-47УБП улсын дугаартай цэнхэр өнгийн DAEWOO маркийн автомашин “чирэгч” 30.000.000, 35-74ГЧ улсын дугаартай чиргүүл 42.000.000, СИДАР КАПИТАЛ ББСБ-ын эзэмшлийн 60-23ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн SHACMAN маркийн автомашин “самосвал” 38,000,000, 08-07 УР улсын дугаартай Hyundai ROBEX 300LC маркийн шар өнгийн экскаватор гэрчилгээний дугаар 2882414, арлын дугаар N80510904, Марк улсын дугаар тодорхойгүй чирэгч, чиргүүл 4.800.000 төгрөгийн нийт 169,800,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийн үнэлгээг гаргуулж, тухайн техник, тээврийн хэрэгслүүдийг түрээслүүлж ашиглуулсан талаар холбогдох гэрч нараас мэдүүлэг авах зэрэг хийж гүйцэтгэвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай тогтоолд “...Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нэг төрөл болох хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг тусгай зориулалтын хүнд даацын техник, хэрэгсэл ашиглан үйлдэх нь түгээмэл бөгөөд шүүх гэмт этгээдийг цээрлүүлэх, дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан шүүгдэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 болон 4 дэх хэсгийг журамлан хурааж, бусдынх болох нь тогтоогдсон хүнд даацын тээврийн хэрэгслийн үнийг мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ...” гэж тайлбарласан нь шүүгдэгч Л.Жаалхүү, Л.Батзаяа, Б.Намжилгомбо нарт холбогдох хэргийн байдалтай нийцэж байх тул шүүхийн гаргасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэж байна.

Иймд Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Л.Батзаяагийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний үйлчлүүлэгч Л.Батзаяа болон өмгөөлөгч Ш.Базаррагчаа миний бие Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дүгээр сарын 28-ны өдрийн 2023\ШЦТ\146 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1.1-д “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэж үзэж эс зөвшөөрч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын хохирол төлбөрийн талаар хэсэгт шүүгдэгч Л.Батзаяагаас 4.547.500 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ө.Энхтөмөрт олгохоор шийдвэрлэсэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Л.Батзаяа, Л.Жаалхүү, Б.Намжилгомбо нарыг бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн боловч, уг гэмт хэргээс учирсан хохирол шатахууны төлбөр 4.547.500 төгрөгийг зөвхөн Л.Батзаяагаар төлүүлэхээр ойлгомжгүй болжээ.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023\ШЦТ\146 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шатахууны төлбөр 4.547.500 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү.

Прокурорын эсэргүүцлийн тухайд тухайн үед хөрөнгийн үнэлгээг эрх бүхий этгээдүүдээр хийлгээгүй. Яллах дүгнэлтэд буцааж өгөх талаар дурдсан байсан. Тиймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Л.Жаалхүүгийн өмгөөлөгч Б.Алтандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллах дүгнэлтийг Ч.Отгонбаатар прокурор үйлдэж, шүүх хуралдаанд Б.Наранмөнх прокурор томилолтоор орсон. Яллах дүгнэлтэд тээврийн хэрэгслүүдийг өмчлөгч нарт нь буцаан олгохоор оруулж ирсэн. Гэтэл шүүх хуралдаанд томилолтоор оролцсон улсын яллагч өөр байдлаар мэтгэлцэж тухайн тээврийн хэрэгслүүдийг улсны орлого болгож, хураан авах саналтай оролцсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх, мэтгэлцэх зарчмыг зөрчиж байна гэж үзэн тухайн үед тайлбараа гаргаж байсан. Прокурорын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д  Прокурор үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хуулийг баримталж, орон нутаг, салбар, байгууллагын онцлогийг үл харгалзан хуулийг нэг мөр хэрэглэх явдлыг хангана гэж заасан.  Яллах дүгнэлтээсээ өөр зүйл ярьж байгаа нь хуулийг нэг мөр хэрэглэх заалтаа зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөрөнгө орлогыг хурааж авах нь учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь бүх хохирлыг төлж энэ хэрэг шийдэгдсэн. Тээврийн хэрэгслийг улсын орлого болгосноор ямар хохирол төлөх гэж байна вэ? Тиймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Тухайн түлшийг Л.Батзаяа өөрөө авна гэж иргэний нэхэмжлэгчтэй уулзсан. Тухайн шатахууныг юунд хэрэглэсэн нь тогтоогдоогүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Энэ хэрэг Дундговь аймгийн Өндөршил сумын Оорцог гэх газарт болсон. Энэ газартай ойр байх Элстий гэх газартай холбоотой хэрэг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэгдэж шийдэгдсэн. Тэр хэрэг яг энэ байдлаар шийдвэрлэгдсэн. Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн гэв.

Шүүгдэгч Б.Намжилгомбын өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийн тухайд Ш.Базаррагчаа өмгөөлөгчтэй санал нэг байна. Тиймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин Ш.Базаррагчаа өмгөөлөгчийн гаргасан 4597500 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэсэн гомдлын талаар тайлбар хэлье. Л.Батзаяа нь Энхтөмөрөөс авсан шатахууныг өөрөө хүлээж авсан. Л.Жаалхүү, Б.Намжилгомбо нартай ашигт малтмал олборлох, хайх, ажиллагаанд тээврийн хэрэгсэлд уг шатахууныг хэрэглэсэн гэдэг нь хавтаст хэрэгт нотлогдон тогтогдоогүй. Харин Л.Батзаяа нь тухайн жонштой газрын зөвшөөрлийг авсан, бичиг баримт нь бүрдсэн гэж танилцуулан ашгийнхаа 50%-иас 20%-ийг өгье гэж  Б.Намжилгомбоос 29.000.000 төгрөгийг гаргуулж авсан. Мөн Дашням нь ашигт малтмал хайх, олборлох ажилд 500.000 төгрөг хэрэг болчихлоо гэж тус тус Б.Намжилгомбоос авсан. Энэ хохирлыг төлөөгүй. 4597500 төгрөгийн шатахууныг юунд ашигласан нь тодорхой бус байхад хуваан төлнө гэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амгаланжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 4597500 төгрөгийн шатахууныг гарын үсэг зурж авсан нотлох баримтаар нотлогдож байгаа учир хэвээр үлдээх саналтай байна. Тээврийн хэрэгслийг улсын орлого болгох нь зөв гэж үзэж байна гэв.

Прокурор Г.Анх-Ирээдүй давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл болох нийт 169.800.000 төгрөгийг улсын орлого болгоогүй учир Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 146 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Өмгөөлөгч Ш.Базаррагчаагаас гаргасан гомдлын тухайд уг гомдол нь үндэслэлгүй байна. Иргэний нэхэмжлэгч Х.Энхтөмөр хэлэхдээ Л.Батзаяа нь хүн ирээд энийг явуулна шүү гэж хэлээд гарын үсэг зурсан гэдэг. 1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан нотлох баримтаар бензинийг Л.Батзаяа хүлээн авсан нь тогтоогддог. Тиймээс гомдлыг хангахаас татгалзах нь зүйтэй үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор Б.Наранмөнхийн эсэргүүцэл, шүүгдэгч Л.Батзаяагийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Л.Жаалхүү нь Л.Батзаяа, Б.Намжилгомбо нартай бүлэглэн Дундговь аймгийн Өндөршил сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Оорцог” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлосон, газрын хэвлийд халдсаны улмаас хүрээлэн буй орчинд 21.812.337,6 төгрөгийн экологийн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Л.Батзаяа нь Л.Жаалхүү, Б.Намжилгомбо нартай бүлэглэн Дундговь аймгийн Өндөршил сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Оорцог” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлосон, газрын хэвлийд халдсаны улмаас хүрээлэн буй орчинд 21.812.337,6 төгрөгийн экологийн хохирол санаатай учруулсан дээрх хууль бусаар олборлосон ашигт малтмалыг ашиглах гэмт хэргийг үйлдэхээр завдсан,

Шүүгдэгч Б.Намжилгомбо нь Л.Жаалхүү, Л.Батзаяа нартай бүлэглэн Дундговь аймгийн Өндөршил сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Оорцог” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлосон, газрын хэвлийд халдсаны улмаас хүрээлэн буй орчинд 21.812.337,6 төгрөгийн экологийн хохирол санаатай учруулсан дээрх хууль бусаар олборлосон ашигт малтмалыг ашиглах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх Дундговь аймгийн Прокурорын газраас ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч нарт зүйлчилж ирүүлсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж, хэргийг шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслүүдийг хураан авч улсын орлого болгох тухай хуулийн заалт хэрэгжээгүй байна.

Энэ талаар прокуророос бичсэн эсэргүүцэлд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан байхад шүүх хураагаагүй гэжээ.

 Прокурорын эсэргүүцэлд дурдсанчлан шүүхээс ийнхүү шийдвэрлэхэд шаардагдах урьдчилсан нөхцөлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор өөрийн хяналтаар тогтоож, холбогдох ажиллагааг хийж хэргийг шүүхэд шилжүүлэх нь хуулийн шаардлагад нийцнэ.

Хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор шүүх хуралдаанд дээрх эд зүйлсийг өмчлөгч нарт буцаан өгөх санал гаргасан байна.

Гэтэл хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүдийг хураан авах, битүүмжлэх зэрэг энэ талаар   хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, ашигласан тээврийн хэрэгсэл, эд зүйл нь гэм буруутай этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдоогүй зэрэг хэрэгт хяналт тавьсан прокурор энэ асуудалд хуульд заасан үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс Шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэх эрх зүйн боломж бүрдээгүй байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai Robex 3000 LC-7A маркийн шар өнгийн экскаватор 55.000.000, Бөх-Хуягийн Өлзий-Оршихын эзэмшлийн 02-47УБП улсын дугаартай цэнхэр өнгийн DAEWOO маркийн автомашин “чирэгч” 30.000.000, 35-74ГЧ улсын дугаартай чиргүүл 42.000.000, СИДАР КАПИТАЛ ББСБ-ын эзэмшлийн 60-23 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн SHACMAN маркийн автомашин “самосвал” 38,000,000, 08-07 УР улсын дугаартай Hyundai ROBEX 300LC маркийн шар өнгийн экскаватор гэрчилгээний дугаар 2882414, арлын дугаар N80510904, Марк улсын дугаар тодорхойгүй чирэгч, чиргүүл 4.800.000 төгрөгийн нийт 169,800,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийн үнэлгээг гаргуулж, тухайн техник, тээврийн хэрэгслүүдийг түрээслүүлж ашиглуулсан талаар холбогдох гэрч нараас мэдүүлэг авах зэрэг хийж гүйцэтгэвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж прокурор тайлбарлах боловч энэ ажиллагаа нь  шүүхээс эд хөрөнгийг хурааж шийдвэрлэх хэмжээний  хангалттай нөхцөл боломжийг олгоогүй байна. Тухайлбал: 

Хэрэгт эд зүйлийн үнэлгээ хийсэн албан бичигт / хх-153/ прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан 5 төрлийн техник, тээврийн хэрэгслүүдээс зарим нь буюу марк улсын дугаар тодорхойгүй 4.800.000 төгрөгийн үнэ бүхий чирэгч, чиргүүл гэсэн байх боловч үүнд мөрдөгчийн тогтоолоор томилогдсон шинжээч албан ёсны үнэлгээ гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл хэргийн 153 дугаар хуудсанд авагдсан эд зүйлийн үнэлгээнд үүнийг орхигдуулсан байна.

Мөн хэрэгт сумын үнэлгээний комисс дүгнэлт гаргасан байгаа байдал нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан тусгай мэдлэг бүхий шинжээч мөн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд хэрэгт шинжээч томилсон байдал, томилогдсон шинжээчийн гаргасан дүгнэлт зэрэг нь уг хуульд нийцээгүй байна.

Хэрэв мөрдөн шалгах ажиллагааны явцад тээврийн хэрэгсэл болон бусад эд зүйлийн өмчлөгч нь тогтоогдсон тохиолдолд шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлэх, 

Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлэх нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь заалтын шаардлагыг биелүүлэх үндэслэл болно.

Дээрх хуулийн зарчим шаардлагаас үзвэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн байхыг зайлшгүй тогтоох шаардлага үүснэ.

Үүнээс үндэслээд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй бөгөөд зөвхөн гэрчийн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцээгүй хагас дутуу эд хөрөнгийн үнэлгээг үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсанчлан шүүхээс бусдын өмчлөх эрхэд халдах нь зарчмын хувьд буруу тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд эсэргүүцлийг хүлээн авахаар тогтлоо.

Л.Батзаяа 2020 оны 02 дугаар сарын 15-наас 18-ны хооронд өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр худалдан авсан бензиний үнэ болох 4547500 төгрөгийг худалдагч талд төлсөн /хх-32 дугаар хуудас/,  шүүхээс энэ мөнгийг хэн нэгнээр төлүүлэх тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад шүүх зөвхөн Л.Батзаяагаар төлүүлэхээр шийдсэн тул шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн гаргаж өгнө үү гэсэн түүний  өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Л.Жаалхүү, Л.Батзаяа, Б.Намжилгомбо нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Жаалхүү, Л.Батзаяа, Б.Намжилгомбо нарт холбогдох 2122000000203 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Л.Жаалхүү, Л.Батзаяа, Б.Намжилгомбо нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                                   Ш.ТӨМӨРБААТАР 

 

                                                            Л.УГТАХБАЯР