Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2025/0514

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс нарын хоорондын маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, гэрч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. ******* ******* ХХК-ийн тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, тус компанийн өргөдлийг хүлээн авч тоот хайгуулын зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. ******* аймгийн , сумдын нутагт байрлах "" нэртэй 5075.41 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг "" ХХК-иас "******* *******" ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 132 дугаар шийдвэрээр[1] бүхэлд нь шилжүүлж бүртгэсэн байна.

2.2. Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 8/4467 дугаар Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр[2] ******* ******* ХХК-д ...Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 401 дугаар шийдвэрээр[3] ашигт малтмалын хайгуулын XV-019692 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс тооцон, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийснийг мэдэгдье гэжээ.

2.3. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана: 22.1.1 хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар; 22.1.2. үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт; 22.1.3 байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4. хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт" гэж заасны дагуу "******* *******" ХХК нь дээр дурдсан хуулийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө гаргаж өгөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтад "тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бол уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоор зохицуулсны дагуу төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтэс дээр дурдсан тусгай зөвшөөрлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэжээ.

2.4. "******* *******" ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 24/39 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.д хандан гаргасан гомдлыг хянаад 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/4909 дүгээр Хариу хүргүүлэх тухай албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүйг мэдэгджээ.

2.5. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч ******* ******* ХХК-иас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2024/10202 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: "******* *******" ХХК нь ******* аймгийн сумын нутаг нэртэй газарт дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм.

Манай компани ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2021 оны 10 сарын 21-ний өдөр 3 жилийн хугацаагаар сунгалт хийлгэсэн.

Гэтэл 2024 оны 11 сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын цахим сайтад манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон талаарх мэдэгдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын цахим системд байршуулсан байсан зөвшөөрлийн хугацааг нь сунгуулж чадаагүй нь доорх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан.

Учир нь "******* *******" ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч Д.******* нь 2020 оны 02 сараас эхлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд "******* ******* ХХК-ийн 95 хувийн хувьцаа шилжүүлсэн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн гэрээний талаар маргаан хийж дээрх маргаан нь сунжирч явсаар 2023 оны 01 сарын 26-ны өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн №0076 тоот магадлалаар Б. надад тус компанийн 95 хувийн хувьцаа шилжүүлснийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2017 оны 01 сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосноор Д.******* нь тухайн цаг үеэс эхлэн тус компанийн 100 хувийн хувьцаа Эзэмшигч болж 2023 оны 01 сарын 26-ны өдрөөс 2024 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл дээрх компани болон тусгай зөвшөөрөл бүхий уурхайн захирлаар ажилласан.

Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 сарын 26-ны өдрийн №0076 тоот магадлалд нэхэмжлэгч Д.******* болон гуравдагч этгээд Б. нарыг 2017 оны 01 сарын 09-ний өдөр "******* *******" ХХК-ийн 95 хувийн хувьцааг худалдах худалдан авах болон бэлэглэлийн гэрээний алинаар шилжүүлснээ иргэний хэргийн шүүхээр тогтоолгож улсын бүртгэлийг дахин хийлгэ гэх агуулгаар гарсан.

Миний бие 2023 оны 04 сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "******* *******" ХХК-ны 95 хувийн хувьцааг худалдах худалдан авах гэрээгээр шилжсэн болохыг тогтоолгож тухайн гэрээний дагуу шилжүүлэхээр тохирсон 95 хувийн хувьцааг буцааж Б.ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Д.*******д холбогдуулан гаргасан.

Ингээд 3 шатны шүүх "******* *******" ХХК-ны 95 хувийн хувьцааг Д.*******ээс буцааж Б.д шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол 2024 оны 01 сарын 30-ны өдөр гарч 2024 оны 03 сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжиж 2024 оны 06 сарын 20-ны өдөр улсын бүртгэлд "******* *******" ХХК-ийн 95 хувийн хувьцааг Б. надад буцаан шилжүүлсэн бүртгэл хийгдэж дээрх компанийн улсын бүртгэлийн асуудал шийдэгдсэн.

"******* *******" ХХК нь Д.*******ийн эзэмшилд 2023 оны 03 сард шилжсэн бөгөөд тухайн компанийн 2023 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газраар батлуулж хайгуулын ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байх хугацаанд тухайн компанийн эзэмшил өөр этгээдэд шүүхийн шийдвэрийн дагуу шилжиж бид компанийн үйл ажиллагаанд оролцох ямар ч боломжгүй болсон.

 

Манай компани 2021, 2022 оны буюу өөрсдийн өмчлөлд компани байх хугацаанд хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хугацаанд нь батлуулж, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг орон нутгаар хугацаанд нь батлуулан ажиллаж ирсэн.

Бид хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах материал бүрдүүлэх гэтэл Д.*******ийн эзэмшилд компанийн өмчлөл шилжсэн хугацаанд буюу 2023 онд хайгуулын ажил хийсэн эсэх нь тодорхой бус, хайгуулын ажил хийсэн санхүүгийн баримт байхгүй байсан учир байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг ******* аймгийн сумын холбогдох албан тушаалтнаар батлуулж хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримтаа цуглуулан Ашигт малтмал, газрын тосны газарт өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.

Гэтэл захирал Б. миний төрсөн хүү цусны хорт хавдрын улмаас 2021 оны 11 сараас эхлэн БНСУ-д эмчилгээ хийлгэж тухайн эмчилгээ үр дүнтэй болсон учир эмчилгээг зогсоогоод байсан.

2024 оны 09 сараас эхлэн хорт хавдрын эс дахин идэвхжсэн учир миний бие эхнэр хүүхдийн хамт БНСУ-ын эмнэлэгт хорт хавдрын эмчилгээ дахин хийлгэх шаардлага үүсэж БНСУ-руу явсан. Энэ хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ гаргаж чадаагүй, манай компани 1 жил гаруйн хугацаанд өөр хүний өмчлөлд байсан учир өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрөл хариуцан ажиллаж байсан геологич ажлаасаа гарч хариуцуулах хүнгүй, өөрөө БНСУ-д байсан учир материалаа хугацаанд нь өгч чадаагүй.

Бид 2024 оны 11 сарын эхээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст дээрх хүндэтгэн үзэх шалтгаанаа хэлж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сангуулахаар холбогдох албан тушаалтантай уулзсан боловч цахим бүртгэл дээр танай мэдээлэл хаагдсан бид хүсэлт хүлээн авах боломжгүй гэдэг хариу өгсөн. Ингээд 2024 оны 11 сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад өргөдөл гаргасан боловч 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 1/4909 тоот албан бичгээр "танай гомдлыг хүлээн авах боломжгүй" гэдэг хариу өгсөн.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 11 сарын 25-ны өдрийн манай компанийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн шийдвэрийг бид хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Учир нь Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.6 дахь хэсэгт "аливаа төрийн байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарах иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй байгаа.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын дарга манай компанийн гаргасан гомдол болон түүнд хавсаргаж өгсөн материалыг судалж, хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хугацаагаа хэтрүүлсэн үйлдэл хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг судалж тогтоолгүй "танай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2024 оны 10 сарын 21-ний өдөр дууссан байна, танай гомдлыг хүлээн авах боломжгүй" гэдэг хариу өгч байгаа нь хуулийн дээрх заалтыг шууд зөрчиж байгаа үйлдэл, мөн манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байгаа хууль бус шийдвэр юм.

Манай компани 2015 онд дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтад орж их хэмжээний төлбөр төлж авсан бөгөөд жил бүр төрийн байгууллагаар тайлан төлөвлөгөө батлуулан тодорхой хэмжээний зардал гарган хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн хайгуулын талбайн төв хэсэгт манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий уурхай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоо хайгуул хийж байгаа талбайд тодорхой ашигт малтмалын илэрц илэрч бид эрдэс баялгийн зөвлөлд оруулахаар материал бэлдэж байгаа

Хамгийн гол нь 2020 оны 02 сараас хойш "******* *******" ХХК-ны өмнөх хувьцаа эзэмшигч Д.******* нь 2017 оны 01 сарын 16-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 95 хувийн хувьцаагаа буцааж авна гэж компанийн хувьцааны өмчлөлийн талаар маргаан үүсгэж 2023 оны 01 сарын 26-ны өдрөө эхлэн компанийн өмчлөгч болж 2024 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ хугацаанд хайгуулын батлагдсан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулсан эсэх нь тодорхой бус байгаа бөгөөд энэ шалтгаанаас үүдэн бид хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах баримтаа гаргаж өгч чадалгүй явж ирсэн.

Иймд "******* *******" ХХК-ны тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, тус компанийн өргөдлийг хүлээн авч тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Захиргааны шүүхэд өргөдлийг хүлээж авч шалгахгүй байгааг хүлээж авч журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах үндсэн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллагаас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу өргөдөл хүлээн авсан, Ашигт малтмалын тухай хуулиар хариу өгсөн гэдэг. Ашигт малтмалын тухай хуульд сэргээх гэх ойлголт байхгүй, тиймээс үүнийг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн гэж ойлгосон. Ашигт малтмалын тухай хуульд аливаа зөвшөөрлийг сэргээх гэсэн ойлголт байхгүй бол, бусад хуульд байна. Өөрөөр хэлбэл, Зөвшөөрлийн тухай хуульд байна. 2023.01.01-ний өдрөөс хэрэгжиж байгаа Зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох, сэргээхтэй холбоотой асуудлыг энэ хуулиар зохицуулна. Зөвшөөрлийн тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1-т Иргэн, хуулийн этгээд зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргана.; мөн хуулийн 8.1 дүгээр зүйл Тусгай зөвшөөрлийн жагсаалтын 8.14-т ашигт малтмал ашиглах; 8.15-д ашигт малтмал хайх гэсэн зохицуулалтууд байна. Зөвшөөрлийн тухай хуульд ашигт малтмалын зөвшөөрлийн тухай зохицуулсан гэж ойлгосон. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд төрийн байгууллагад иргэн, хуулийн этгээд өргөдөл, гомдол гаргах эрхийг заасан. Иргэн, хуулийн этгээд гомдол, өргөдөл, хүсэлт алийг нь гаргасан ялгаагүй, эдгээр нь бүгд хүссэн, гуйсан агуулгатай байдаг. Тухайн өргөдөл, гомдолтой холбоотой тайлбар гаргах, буцааж авах эрх байдаг. Манай үйлчлүүлэгчийн хэлснээр өргөдлийг хүлээж авч бүртгээд, хэн нэгэн албан тушаалтанд хуваарилаагүй. Дарга нь шууд авангуут хариу өгөх хуулийн зохицуулалт хуульд байхгүй. Заавал хуваарилагдах ёстой. Тэр хүн хуваарилаад үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна гээд хариу өгч байгаа бол шат дараалсан байдлаар гомдол гаргах эрхтэй. Гэтэл ямар ч шалгах ажиллагааг хийхгүйгээр хариу өгсөн нь буруу байна гэж гомдоод байгаа. Шалгах ажиллагааг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6, 7, 13 дугаар зүйлд зохицуулсан. Хүсэлт, өргөдөл дээр хугацаа дууссан учраас автоматаар хүчингүй болсон гэдэг. Хугацаанаас өмнөх үйлдэл дээр бид төрийн байгууллагад хандсан. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан юм. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т Тухайн байгууллага, албан тушаалтан өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл, гомдлыг үндэслэлгүйгээр өөр байгууллага, албан тушаалтанд шилжүүлж болохгүй. гэж заасан. Хэрвээ шалгаагүй бол шүүхийн журмаар шийдвэрлэх зохицуулалт хуульчлаагүй учраас, энэ өргөдлийг хүлээж аваад хэрхэн шийдвэрлэх нь тусдаа асуудал гэдгийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарна уу. Зөвшөөрлийн тухай хуулийн ерөнхий агуулга нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүхий л зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг хуульд онцгойлон зохицуулаагүй бол энэ хуулиар зохицуулна гэж заасан. Ашигт малтмалын А болон Х зөвшөөрлийг олгохыг Ашигт малтмалын хуульд зохицуулсан. Сэргээх зохицуулалт нь Зөвшөөрлийн тухай хуулиар байгаа. Зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа хэдий ч, өнөөдөр цуцалсан шийдвэр байхгүй. Дуусгавар болсон учраас манайх авч болохгүй байна гэж байгаа юм. Олгосон бол цуцална гэсэн ойлголтыг би тэгж ойлгодог хүн. Нэгэнт анхнаасаа олгож байгаа бол автоматаар дуусгавар болгож байгаа бол, эрх зүйн үр дагавар байхгүй болж байгаа боловч, эцсийн үр дагавар бодит байдлаар гараагүй байна. Зөвшөөрлийн тухай хуульд олгоно, цуцална, хүчингүй болгоно гэж байна. Хэрвээ хүчингүй болгож байгаа бол тусгай зөвшөөрөл цуцлагдлаа гэсэн шийдвэр одоогийн байдлаар гараагүй. 2024.10.21-ний өдөр дуусах байсан хугацаа нь 1 сар орчим хугацаа алдсан зүйл байгаа. Үүнийг төрийн байгууллага хүндэтгэн үзэх шалтгаан байна уу гэдгийг дахин шалгуулаад, шийдвэрлэх бололцоо байсан. Хариуцлага алдсан байна уу гэдгийг хэлсэн. Үүнээс болж их хэмжээний зардал бий болсон. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байр суурийг дэмжиж оролцож байна. гэв.

3.3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ******* аймгийн , сумдын нутагт байрлах "" нэртэй 5075.41 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 886 дугаар шийдвэрээр "" ХХК-д анх олгожээ.

"" ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR-008605 дугаартай өргөдлийг хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн ******* аймгийн , сумдын нутагт байрлах "" нэртэй 5075.41 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг тус компаниас "******* *******" ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн 2016 оны 11 дүгээр 14-ний өдрийн 132 дугаар шийдвэрээр бүхэлд нь шилжүүлж бүртгэсэн сарын байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана: 22.1.1 хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар; 22.1.2. үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт; 22.1.3 байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4. хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт" гэж заасан.

"******* *******" ХХК нь дээр дурдсан хуулийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө гаргаж өгөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтад "тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бол уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоор зохицуулсны дагуу төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтэс дээр дурдсан тусгай зөвшөөрлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэжээ.

"******* *******" ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлж байгаагүй байх тул нэхэмжлэгчийн "ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль болохыг тогтоолгох" нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх нь уг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хамгаалагдах тул тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд нь түүнийг сунгуулах тухай өргөдлөө гаргах эрхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар олгосон, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссанаар түүнийг эзэмшигчийн эрх мөн дуусгавар болох тул "******* *******" ХХК-ийн хувьд ашигт малтмалын хайгуулын дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх дуусгавар болж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахтай холбоотой харилцаа үүсэхгүй юм.

Иймд "******* *******" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч талаас өгсөн тайлбарыг сонсоход 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн гомдолд ямар нэгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүйгээр бид нарт Л. дарга нь хариу өгсөн гэж яриад байна. Тус компанийн өгсөн гомдол дээр манай байгууллага Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сунгуулах өргөдлөө хугацаандаа өгч чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаан байна гэдгээ бичсэн. Төрийн захиргааны байгууллага хүндэтгэн үзэх шалтгааныг заавал тусгай зөвшөөрөл эзэмшигчээс эсхүл хэн нэгнийг дуудаж ирээд, асуугаад, түүнийг шалгах үүрэг байхгүй. Шалгана гэдэг нь гомдолд хавсаргасан баримтуудыг үндэслээд, бусад төрийн захиргааны байгууллагатай цахимаар болон бусад хэлбэрээр холбогдоод хариуг нь шууд өгөх эрхтэй. Үүний дагуу амаар болон бичгээр хариу өгнө гэсний дагуу манай төрийн захиргааны байгууллага бичгээр 2025.11.25-ны өдөр хариу өгчээ. Хариу өгсөн процесс нь хууль зөрчжээ гэж байгаа бол шүүхэд биш, төрийн захиргааны дээд шатны байгууллагад хандах эрхтэй. Өнөөдрийг хүртэл та бүхэн төрийн захиргааны дээд шатны байгууллагад хандаагүй учраас гомдол өгсөн хариуг хүлээн зөвшөөрсөн байна гэсэн утга илэрхийлж байна. Дээд шатны байгууллага нь сайдад гомдол гаргаж болно. Эсхүл төрийн нарийн бичгийн дарга. Ийм гомдол гаргасан асуудал байхгүй. Хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр ******* ******* ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг 2024.09.21-ний өдөр өгөөгүй. 2024.10.21-ний өдөр ч өгөөгүй, өргөдлийг өнөөдрийг хүртэл өгөөгүй гэдэг нь нотлогдож байна. Гэрч мэдүүлэхдээ надад ямар бичиг баримт өгснийг хараагүй, яваад өгчих гэснийг нэг цэгийн цонх дээр өгсөн. Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ дээр очтол доор өг гэсэн, доор өгсөн гэж мэдүүлсэн. Үүнд төрийн байгууллага хариу өгсөн ийм зүйл байна. Өнөөдрийг хүртэл хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл өгсөн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан бол тусгай зөвшөөрөл дуусгавар болно гэж заасан. Ямар нэгэн захиргааны акт гарахгүй. Энэ тухай Зөвшөөрлийн тухай хуульд ч заасан байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хугацаандаа гаргах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй байхад төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлөө сунгуулаач гэж албан бичиг явуулах эрхгүй, дуусгавар болгосон тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохгүйгээр хүлээгээд байх эрхгүй. Кадастрын систем өөр, өргөдөл гомдол хүлээн авч байгаа систем нь өөр. Тусгай зөвшөөрлийн өргөдлийг авахдаа тусгай зөвшөөрлийг сунгуулах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага өргөдлийг хүлээж аваад, бүртгээд шийддэг. Аль ч төрийн захиргааны байгууллага өргөдөл, гомдлыг бичиг хэргийн ажилтнаараа авдаг. Цахимаар дарга руу өгөөд, дарга нь цахимаар шийдээд явдаг. Ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэж яриад байгаа атлаа, 2021, 2022 оны хайгуулын үйл ажиллагааны тайланг Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулах гээд явж байсан гээд байна. *******ээс гадна өөрсдөө үйл ажиллагаа явуулж байсан гэдгээ нотлоод байна. 2024 оны 6 сард тамга тэмдэгтэй болсон, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байхад. Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтыг, өргөдөл К-4 маягийг бөглөөд хайгуулын ажлын зардлын доод хэмжээний ажил гүйцэтгэж байсан эсэх тодорхойлолт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг гээд дөрвөн бичиг баримт өгдөг. 6 сараас хойш 9 сар хүртэл 3 сарын хугацаанд эдгээрийг бүрдүүлэх ажил биш, удна гэхэд 1 сарын ажил. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахад л уддаг болохоос, 1 өдрийн л ажил. Энэ өргөдлөө өгөх талаар нэг ч удаа төрийн захиргааны байгууллагад хандаж байгаагүй. Кадастрын хэлтэст очиж байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг их яриад байх юм. Ашиглалтын тусгай зөвшөөрөл хөөцөлдөж байсан асуудал бол тусдаа. Хайгуулаас нэг тусдаа гэдгийг хэлмээр байна. Ашигт малтмалын хайгуулын бүртгэлийн тусгай зөвшөөрлийг сэргээлгэх талаар тусдаа хүсэлт гаргаагүй. Хүчингүй болсон бүртгэлийг төрийн захиргааны байгууллага зөвхөн Зөвшөөрлийн тухай хуулийг үндэслээд сэргээх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эрх ашиг бүрэн сэргэх боломжгүй. Нэхэмжлэгч нь 2024.11.08-ны өдрийн албан бичигт хяналт шалгалтгүйгээр хууль ёсны дагуу хариу өгсөнгүй гээд зүйл яриад байна. Дараа 2024.11.08-ны өдрийн өргөдлийг хүлээж авч, хууль ёсны дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гээд байдаг. Өргөдлийг төрийн захиргааны байгууллага хүлээж аваад шийдсэн учраас эрх ашиг нь сэргэхгүй. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гээд, 22.1.1 хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар; 22.1.2 үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт; 22.1.3. байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт; 22.1.4.хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:, 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж тус тус заасан.

4.3.Дээрх хуульд зааснаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах ба хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг холбогдох бүрдүүлбэрийн хамт гаргаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болохоор байна.

4.4.Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхгүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэжээ.

4.5.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын өмнө буюу 2024 оны 09 дүгээр сарын 21-ний дотор өөрийн эзэмшлийн хайгуулын XV-019692 дугаартай тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах өргөдлийг хариуцагч байгууллагад гаргахаар байжээ.

4.6.Гэтэл нэхэмжлэгч компаниас хуульд заасан хугацааг 1 сар гаруй хугацаагаар хэтрүүлэн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 24/39 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг[4] хариуцагч байгууллагад гаргасан.

4.7.Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс компанийн хувьцаа эзэмшигч Д.*******тэй компанийн хувьцаатай холбоотой шүүхээр маргалдсан, Д.*******ийн эзэмшилд шилжсэн 1 жил гаруй хугацаанд тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажиллаж байсан геологич нар ажлаасаа гарч хайгуулын зөвшөөрөлтэй талбайг хариуцах эзэнгүй болсон, энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрынхан бүгд мэдэж байгаа,компанийн захирлын хүү хүндээр өвчилж, захирал гадагшаа байнга явж эмчлүүлэх шаардлагаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийн хугацааг хэтрүүлсэн хэмээн тайлбарласан.

4.8.Гэвч хэрэгт авагдсан ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн ******* дугаар регистрийн дугаар бүхий гэрчилгээнд тус компанийн гүйцэтгэх захирлаар Батмэнд овогтой ийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бүртгэн тэмдэглэсэн байгаа нь түүнийг мөн үеэс эхлэн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасны дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх үүссэнээр компанийн эзэмшлийн хайгуулын XV-019692 дугаартай тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах өргөдлийг хариуцагч байгууллагад 2024 оны 09 дүгээр сарын 21-ний дотор гаргах боломжит хугацаа байсан ч тэрээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

4.9.Мөн компанийн гүйцэтгэх захирал Б.ийн ар гэрийн гишүүд хүндээр өвчилсөн, эмчилгээ хийлгэж байсан талаарх үйл баримт маргаангүй боловч тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах дээрх цаг хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй, гадагшаа эмчилгээнд явсан талаар түүний гадаад паспортын хуулбар[5] болон хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2/46/1698 тоот лавлагаар[6] тогтоогдсонгүй.

4.10.Нөгөөтээгүүр хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 24/39 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/4909 албан бичгээр хариу өгсөн байх тул нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг авахгүй байгаа, өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

4.11.Иймд дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, хүлээж авахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ******* ******* ХХК-ийн тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, тус компанийн өргөдлийг хүлээн авч тоот хайгуулын зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР