Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 126/2018/0014/З |
Дугаар | 114 |
Огноо | 2019-04-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 114
Ц.П-гийн нэхэмжлэлтэй,
ХА-ийн Ц сумын ЗД-д холбогдох \
Захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж
Нэхэмжлэлийн шаардлага: “...Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 сарын 27-ны өдрийн Б/01 дүгээр “Засаг даргын Тамгын газрын дарга Ц.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2018 оны 07 сарын 30-ны өдрийн Б/02 дугаар “Засаг даргын Тамгын газрын дарга Ц.П-гийн цалингийн нэмэгдэл бууруулах тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах”
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0046 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ц.П-,
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.4, 28 дугаар зүйлийн 28.2.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.П-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ХА-ийн Ц сумын ЗД-д холбогдуулан Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/01 дүгээр Засаг даргын Тамгын газрын дарга Ц.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 дугаар Засаг даргын Тамгын газрын дарга Ц.П-д цалингийн нэмэгдэл бууруулах тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0046 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 126/ШШ2018/0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.П-гийн “Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/01 дугаартай “Засаг даргын Тамгын газрын дарга Ц.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 дугаартай “Засаг даргын Тамгын газрын дарга Ц.П-д цалингийн нэмэгдэл бууруулах тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч Ц.П- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0046 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4. Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 дугаар захирамж болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0046 дугаар магадлалд дурдсанаар миний бие өөртөө дур мэдэн цалин бодож авдаггүй бөгөөд тусгай программаар мэргэжлийн нягтлан бодогч цалин хөлсийг тооцож олгодог. Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/13 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтад зааснаар үндсэн цалин болон нэмэгдлүүд, урамшууллаа авч ирсэн.
5. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу төрийн нууц хариуцсан ажилтан нь үндсэн цалингийн 30 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл авах эрхтэй бөгөөд үүний дагуу миний бие Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсоноосоо хойш холбогдох хууль журмын дагуу нууц хадгалалтын нэмэгдлийг, мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн А/37 дугаар захирамжийн дагуу “ахлах түшмэлийн тэргүүн” зэрэг дэв олгогдсон тул зэрэг дэвийн нэмэгдлээ авсаар ирсэн. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/09 дүгээр захирамжаар намайг Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг авах, бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнаар томилсон болно. Цэцэрлэг сумын төрийн албан хаагчдын Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах, бүртгэх, хадгалах чиг үүргийг хариуцан ажилладгийнхаа хувьд Улсын Их Хурлын Байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу “албан тушаалын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл урамшуулал авах эрхтэй” байхаар зохицуулагдсан. Энэхүү ХАСХОМ-ийн 40 хувь бол тус ажил үүргийг хавсран гүйцэтгэснийхээ төлөө авч байгаа урамшуулал болохоос биш цалингийн нэмэгдэл биш юм. Тийм ч учраас дээрх тогтоолд “шаардлагатай бол орон тооны ажилтантай байж болно” гэж заасан байна. Иймд тус ажил үүргийг хавсран гүйцэтгэснийхээ төлөө авч байгаа урамшууллыг цалингийн нэмэгдэлд оруулан тооцож, цалингийн нэмэгдлийг үндэслэлгүйгээр бууруулсныг зөвтгөн “...Иймээс маргаан бүхий Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.П-д олгох цалингийн нийт нэмэгдлийг 40 хувь хүртэл бууруулж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, уг захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
6. “...Ц.П-гийн 2018 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтэд “С” үнэлгээ өгсөн байхад Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар 2018 оны үр дүнгийн үнэлгээгээр “А, В” үнэлгээгээр дүгнэгдсэн ажилтнуудад урамшуулал олгохдоо өөртөө 1 сарын цалингийн 40 хувиар урамшуулал олгосон баримтууд, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр “Гүйцэтгэлийн аудитын үр дүнгийн хурлын тэмдэглэл”, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай хамт олны хурлын тэмдэглэл болон холбогдох бусад баримт, хэргийн оролцогчдын тайлбараар Ц.П- нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, төсвийн зөрчлүүдийг удаа дараа гаргасан болох нь тогтоогдож байна” гэснийг миний бие дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна.
7. Миний бие Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 10 жил ажиллахдаа жил дараалан Төрийн Аудитын газраас “Зөрчилгүй” санал дүгнэлт авсаар ирсэн. Санамсаргүйгээр гаргасан зарим нэг алдаа байдаг боловч, “Төсвийн байгууллагын санхүүгийн тайланд гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх журамд алдаа болон мөнгөн дүнг заасан хязгаар байдаг. Тус хязгаарын дотор багтаж байгаа тул “Зөрчилгүй” санал дүгнэлт өгч байна” гэж танилцуулаад Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн тайланд аудит хийсэн аудиторууд дүгнэлтээ надад гардуулж өгдөг байсан. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолд зааснаар “С” үнэлгээ нь “Хангалттай” үнэлгээ тул тухайн үед намайг Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллахад харшлах сөрөг үр дагавар бүхий үнэлгээ биш тул миний бие хэрэгсэхгүй орхисон. Төрийн албаны Зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолд “С” “Хангалттай” үнэлгээ авсан тохиолдолд урамшуулал олгохгүй, цалингийн нэмэгдлүүдийг бууруулна” гэж заагаагүй бөгөөд харин ч эсрэгээрээ тус тогтоолын 1 дүгээр хавсралтад “Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний биелэлт 70-80 оноо байгаа тохиолдолд “С” “Хангалттай” үнэлгээ тавина. Цалинг нэмэгдүүлэхгүйгээр одоогийн түвшинд нь хэвээр үлдээх, зохих шатны сургалтад хамруулах” гэж заасан байдаг. Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын Хөдөлмөрийн дотоод журамд “С” “Хангалттай” үнэлгээ авсан ажилтанд урамшуулал олгохгүй” гэсэн заалт байхгүй бөгөөд тус Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.6.3-т “энэхүү дотоод журмыг үндэслэн Тамгын газрын ажилтан албан хаагчдад Төрийн албаны хуульд заасан урамшуулал нэмэгдлүүдээс гадна улирал, хагас жил, жилийн эцсээр цалингийн сангаас хамааран хариуцсан ажлын үр дүнг тооцож, урамшуулал олгоно” гэж заасан байдаг.
8. Миний бие Цэцэрлэг сумын Төрийн албан хаагчдын Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий албан тушаалтан тул тухайн оны 1 дүгээр улиралд багтаан сумын Засаг даргад мэдэгдэл тайлбараа гаргаж, өөрийн Хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлж, Авлигатай Тэмцэх Газрын Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийн программд боловсон хүчний томилгоотой холбоотой болон төсөв зарцуулсан бүх тушаалуудаа шивж баталгаажуулж, хянуулсан байдаг. Тиймээс миний 2018 оны 6 дугаар сард өөртөө олгосон 40 хувийн урамшуулал бол хууль журам зөрчсөн үйлдэл биш төдийгүй 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр миний бие Засаг дарга Д.Цогтод энэ талаар мэдэгдэл тайлбараа гаргаж байсан. Энэ талаар Д.Цогт нь өөрийн гаргасан шийдвэрээ баталгаажуулахын тулд аймгийн Засаг даргын ахлан ирсэн хяналт шалгалтын бүрэлдэхүүнд явсан аймгийн Ёс зүйн хорооны гишүүн гэх аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч В.Нэргүйгээр 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 36-01/10 дугаартай “Илүү олгосон цалинг төлүүлэх тухай” гэсэн актаар 1541113 төгрөгийг надаар төлүүлэхээр акт тавьсан байдаг. Миний бие тус актыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зураагүй төдийгүй Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч, Монгол улсын Сангийн сайдад хандаж гомдол гарган 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13-2/560 дугаартай албан бичгээр тус актыг хүчингүй болгуулсан. Түүнчлэн Засаг дарга Д.Цогт нь сумын Засаг даргын Тамгын газрын даргын илт хууль бус тушаалыг хүчингүй болгох эрхтэй тул 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж байсан юм бол хүчингүй болгох эрх нь түүнд нээлттэй байсан. Гэхдээ тус тушаал хууль бус тушаал биш юм.
9. Мөн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар миний бие Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын нэр бүхий 10 ажилтанд 1 сарын цалингийн 20 хувиар урамшуулал олгосон бөгөөд үүний дотор Засаг дарга Д.Цогтод ч мөн урамшуулал олгосон байдаг. Уг нь зарчмын хувьд сумын Засаг даргын ажлыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга дүгнэдэггүй боловч, энэ үед Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн сул ажлын байранд томилгоо хийгдээгүй. Мал эмнэлгийн тасгийн Жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн жирэмсний болон амаржсаны амралттай байсан тул цалингийн сан хэмнэгдэж, нэр бүхий ажилтнуудад урамшуулал олгосон юм. Мөн магадлалын үндэслэх хэсэгт “...Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай “Хамт олны хурлын тэмдэглэл”-ээс үзвэл уг хурлын үеэр хариуцагчаас нэхэмжлэгч Ц.П-д сахилгын шийтгэл ногдуулах захирамж гаргах талаар түүнд мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “Захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд “тайлбар”, “санал” гаргах боломж олгох”-оор заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгчээс энэ талаар маргаагүй байх тул “сонсох ажиллагаа явуулаагүй” гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох нь үндэслэлгүй” гэснийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн Аудитын Газрын 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 06/600 дугаартай хариуцлага тооцуулах албан бичгийн дагуу миний бие 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 132 дугаар албан бичгээр хариу тайлбар хүргүүлсэн болно. Энэ талаар Засаг дарга Д.Цогтын өрөөнд хариуцлага тооцох тухай 4 дүгээр багийн Засаг дарга Б.Мөнхбаатараас бусад бүх багийн Засаг дарга нар оролцсон хурлыг тусдаа хийж, дээр дурдсан тайлбарыг хүргүүлэхийг Засаг даргын зүгээс надад үүрэг өгч байсан. Тиймээс миний бие аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн А/97, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар захирамжуудын дагуу надад хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан тул миний бие тухайн үед ач холбогдол өгч маргаагүй. Мөн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзвэл, ёс зүйн хувьд, намайг удирдах албан тушаалтны хувьд Засаг даргын Тамгын газрын нийт ажилтнуудын дунд биш Засаг дарга, Засаг даргын орлогчтойгоо намайг “сонсож” болох байсан. Тэгээд ч 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/01 захирамжийн 1 дэх хэсэгт “2016, 2017 оны үйл ажиллагааны үнэлгээгээр 2 жил дараалан хангалтгүй дүгнэгдсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажил сайжруулах тал дээр ямар нэгэн санал санаачлага гарган ажилладаггүй” гэсэн 2016 оны жилийн эцсийн ажил дүгнэснээс хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрснөөс хойш, 2017 оны ажил дүгнэснээс хойш 6 сарын хугацаа өнгөрснөөс хойш тэр тусмаа сумдын ажил дүгнэдэг үзүүлэлтүүдэд хяналт, шинжилгээ хийж, бодит дүгнэлт гаргахгүйгээр, Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно сахилгын шийтгэл ногдуулсныг зөв гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 27, 30-ны өдрүүдийн Б/01, Б/02 дугаартай захирамжууд нь хоорондоо 3 хоногийн зайтай нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан олгосон үндэслэлүүд болон бусад бүх заалтууд нь илтэд хууль бус, илэрхий алдаатай захирамжуудыг “үндэслэлтэй” гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зарим хурлын тэмдэглэлүүдийн утга агуулгыг өөрчлүүлсэн талаар: Цэцэрлэг сумын ЗДТГ-ын Архив бичиг хэргийн ажилтан Ш.Пүрэвбаясгалан 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий 13 хурлын тэмдэглэлийг надаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан болно. /2018.01.29 Онцгой комиссын хурлын тэмдэглэл, 2018.02.02 Сумын аварга малчин тодорхойлсон хурлын тэмдэглэл, 2018.02.09 Хамт олны хурлын тэмдэглэл, 2018. 03.05 Багийн засаг дарга нартай хийсэн хурлын тэмдэглэл, 2018.03.06 Онцгой комиссын хурлын тэмдэглэл, 2018. 03. 27 Хамт олны хурлын тэмдэглэл, 2018. 04.11 Хамт олны хурлын, 2018. 04.17 Онцгой комиссын хурлын тэмдэглэл, “Сумын төвийн шинэчлэл” хурлын тэмдэглэл /он сар өдөр тодорхой бичих/, 2018.04.20 Сумын ахмадын анхдугаар чуулга уулзалтын хурлын тэмдэглэл, 2018.05.31 ХЭЗХ, ХШҮДАХ, СТСХ-үүдийн дүнгийн хурлын тэмдэглэл, 2018. 07.27 Хамт олны хурлын тэмдэглэл, Тарваган тахлын үзүүлэх сургалтын дүнгийн хурлын тэмдэглэл/ зэрэг байсан. Эдгээрийг миний бие баталгаажуулж өгөхийн өмнөхөн яагаад ийм их хугацаа өнгөрсний дараа ингэж бөөнөөр нь баталгаажуулж байгаа талаар Ш.Пүрэвбаясгалангаас лавлахад “өмнө нь баталгаажуулсан тэмдэглэлүүд стандартын бус болсон байна. Тэгээд одоо стандартаар хэвлээд үдэх гэж байгаа юм” гэж тайлбарлаж байсан. Гэтэл эдгээр хурлын тэмдэглэлүүдийг тухайлбал 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэлийг миний эсрэг мушгин гуйвуулж зассан байна. Учир нь тэр өдөр надад яг шууд сахилгын шийтгэл ногдуулах талаар огт яригдаагүй. Сахилгын арга хэмжээний талаар захирамж төлөвлөх үүрэг чиглэлийг ч орлогч дарга Н.Ганжуур Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нарт Засаг даргын зүгээс өгөөгүй. Хэрэв үнэхээр тийм зүйл яригдсан бол би юу гэж дуугүй сууж байгаад үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээг зөвшөөрч, цалингаа хасуулах юм бэ. Миний бие дээр дурдсан нэр бүхий хурлын тэмдэглэлээ баталгаажуулахдаа зүгээр ч гарын үсгээ зурж, тэмдгээ дараагүй яг тэр өдөр нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 3 заалт бүхий зөвлөмж бичиж, Ш.Пүрэвбаясгалангаар гарын үсэг зуруулж, “хувийн хэрэгтээ хийж хадгал” гэдэг үүрэг чиглэлийг өгөөд өөрт нь гардуулж өгсөн.
10. Яг энэ үед би намайг ажлаас халахын тулд дээр дурдсан нэр бүхий 13 хурлын тэмдэглэлүүдийг миний эсрэг ашиглах гэж байна гэж мэдээгүй учраас Ш.Пүрэвбаясгаланд баталгаажуулж өгсөн. Цэцэрлэг суманд Орон нутгийн хөгжлийн сангийн ажлыг зохих хууль журмын дагуу явуулж өгөөч гэж 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хамт олны хурлын дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Дашдаваа, Засаг дарга Д.Цогт, Засаг даргын орлогч Н.Ганжуур нар нь “2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр арга хэмжээг өнөөдрөөс хийж эхлүүлэх, мөн хийгдэх ажил болгон дээр ард иргэд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, болон аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлаг, Төрийн аудит бусад холбогдох байгууллагаас янз бүрийн төлөвлөгөөт болон захиалгат хяналт, шалгалт, гомдол, санал гарсан тохиолдолд бид 4 нэгдсэн байр суурьтай байж ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээ нь хууль журмын дагуу явагдаж байгааг хүлээн зөвшөөрнө. Иймээс бид 4-ийн хэн нь ч хариуцлага хүлээхгүй гэдгийг үүгээр гэрчилнэ” хэмээн баталгаа гаргаж, гарын үсэг тамга тэмдгээ дарж өгсөн байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн ажлыг явуулж өгөөч үүний төлөө ямар ч арга хэмжээ авч, хариуцлага тооцохгүй гээд байсан мөртлөө 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэлийн утга агуулгыг өөрчлүүлж бичүүлээд 3 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг ойлгохгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, “Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 сарын 27-ны өдрийн Б/01, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” тухай Ц.П-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь буруу болжээ.
12. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
13. Маргаан бүхий Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.П-гийн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байх”, 13.1.5-д ”төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, ...нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй”, 26 дугаар зүйлийн 26.1-д ”Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн ...төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна”, 26.1.2-т “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж заасныг зөрчөөгүй байна.
14. Хариуцагчийн зүгээс Ц.П- нь 2016, 2017 оны үйл ажиллагааны үнэлгээгээр Засаг даргын Тамгын газрын ажил 2 жил дараалан хангалтгүй дүгнэгдсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажил сайжруулах тал дээр ямар нэгэн санал санаачлага гарган ажиллаагүй, өөрийн гаргасан тушаалаар өөртөө 40 хувийн урамшуулал олгосон зэрэг зөрчил гаргасан гэж буруутгажээ.
15. Нэхэмжлэгч нь 2016, 2017 оны үйл ажиллагааны үнэлгээгээр Засаг даргын Тамгын газрын ажил 2 жил дараалан хангалтгүй дүгнэгдсэнийг болон 2018 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээгээр “С” үнэлгээ авсан, ийнхүү “С” үнэлгээтэй атлаа “2018 оны 2 дугаар улирлын ажлын үр дүнгээр А, В үнэлгээтэй дүгнэгдсэн ажилтнуудад урамшуулал олгох тухай” өөрийн гаргасан 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар өөртөө 1 сарын 40 хувийн урамшуулал олгохоор шийдвэрлэснээ үгүйсгэж маргаагүй байна.
16. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харъяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”, 40.4-т “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна”, 40.4.2-т “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох” гэж тус тус зааснаас үзвэл үр дүнгийн гэрээний биелэлтийн дүнг харгалзан өөртөө урамшуулал олгохоор шийдвэрлэсэн Ц.П-гийн энэ үйлдэл нь мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн тогтвортой байдлыг хангасан байх /5.1.1/, хариуцлагатай байх /5.1.5/; төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх /6.4.8/ зэрэг зарчмыг алдагдуулсан, төсвийн шууд захирагчийн хувьд энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
17. Ц.П-гийн өөртөө урамшуулал олгох шийдвэр гаргасантай холбоотой энэ зөрчил нь Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд хариуцлага тооцох хангалттай үндэслэл юм.
18. “...сумын ажлын үзүүлэлтээр хангалтгүй үнэлгээ авахад нөлөөлсөн бусад албан тушаалтнуудад хариуцлага тооцоогүй..., 2018 оны 2 дугаар улирлын ажлын үр дүнгийн гэрээг дүгнэж “С” үнэлгээ өгснийг зөвшөөрөхгүй, гомдол гаргасан...” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь түүнд сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэл болохгүй.
19. Иймээс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.
20. Харин Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга Ц.П-гийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувь, нууц хадгалалтын нэмэгдлийг 10 хувь, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг 20 хувь болгон тус тус бууруулсныг нэхэмжлэгч “...төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд огт хамааралгүй Засгийн газрын 1996 оны 90 дүгээр тогтоол, 2014 оны 246 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт, Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолын хавсралт зэргийг үндэслэн цалин хөлс нэмэгдлүүдийг үндэслэлгүйгээр бууруулсан...” гэж эс зөвшөөрч, хариуцагч нь “...Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 3-т заасан “...40 хувиас хэтрэхгүй байх...” гэсэн хэмжээнээс хэтэрсэн тул уг тогтоолд нийцүүлсэн нь хууль зөрчөөгүй...” гэж тайлбарлаж маргасан байна.
21. Ц.П- нь албан тушаалын ТЗ-7-5 зэрэглэлээр цалинжиж, хавсран ажилласны 40, удаан жилийн 15, нууц хадгалалтын 15 хувийн нэмэгдлийг тус тус авч байжээ.
22. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 28 дугаар зүйлийн 28.1-д “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.”, 28.2-т “Төрийн албан хаагчийн цалин хөлс нь:..., 28.2.2-т “төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс”, ...тус тус бүрдэнэ”, 28.8-д “нэмэгдэл олгох журам, хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан байна.
23. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын маргаан бүхий 2018 оны Б/02 дугаар захирамжийн үндэслэл болгон хариуцагчаас тайлбарлаж байгаа “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах” Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоолын хавсралтаар төрийн алба хаасан хугацааны, эрдмийн зэрэг цолны нэмэгдэл олгох, ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмыг баталсан байх бөгөөд энэ тогтоолоос хойш батлагдан гарсан “Төрийн болон албаны нууцын тухай хууль”, “Авилгын эсрэг хууль”-иудыг үндэслэн холбогдох нэмэгдлүүдийг төрийн захиргааны албан хаагчдад Засгийн газраас тогтоосон журмын дагуу олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь төрийн захиргааны албан хаагчдад албан тушаалын үндсэн цалин хөлснөөс нь гадна хуулиар тусгайлан нэмэлт чиг үүрэг хариуцсаных нь төлөө олгож буй нэмэгдэл юм.
24. Иймд, сүүлд батлагдсан хуулийг хэрэгжүүлж, эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэхэмжлэгчид олгосон нэмэгдлийг өмнөх дээр дурдсан Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор хязгаарлаж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь буруу болжээ.
25. Маргаан бүхий 2018 оны Б/02 дугаар захирамжийг гаргасан хариуцагчийн үйл ажиллагаа нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах талаарх Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцээгүй, “оролцогчийг сонсох” талаарх мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг зөрчсөн, хууль бус шийдвэр байх тул уг захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зөв байна.
26. Харин Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн холбогдох нэмэгдлийг шийдвэрлэхэд энэ тогтоол саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
27. Дээр дурдсан бүгдийг нэгтгэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүхийн магадлалд холбогдох өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0046 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 28 дугаар зүйлийн 28.2.2, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын маргаан бүхий 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим буюу мөн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ