Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 109

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт М.Э-д холбогдох 1821000070084 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, “........” ХХК-ийн гэрээт ........ ангид хамгаалагч ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар баг, ......... гудамжид оршин суух, гавъяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Хатгин овогт М.Э.  

 

Шүүгдэгч М.Э нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Ногоон гүүрийн 2-8 тоотод Ж.Б-тай маргалдан улмаар зодолдож, Ж.Б-ын эрүүл мэндэд нь зүүн нүдний салстын доорх цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр найзтайгаа уулзаад гэртээ архи уусан. Өдөржин архи уусан болохоор гэрээ цэвэрлье гэж бодоод хогоо шүүрдэхэд талийгаач найзыгаа ирчихээд байхад хогоо цэвэрлэлээ гэж хэрэлдээд түүнээс болж хоорондоо муудсан. Тэгээд гэрээс гараад зодолдчихоод эргэж гэрт орцгоосон. Маргааш өдөр гэрт ирээд бие биеэсээ уучлалт гуйгаад салцгаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

 

Хохирогч Л.Жүгдэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн талийгаач хүү Ж.Б-ыг нас барахаасаа өмнө хүнтэй зодолдсон эсэхийг мэдэхгүй байна. Цогцос таниулах ажиллагаанд намайг оролцож байхад талийгаачийн нэг нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Тэр үед би хүүгээ хүнтэй маргалдсан юм болов уу гэж таамаглаж байсан. Харин М.Э-тай зодолдсон гэж мэдээгүй ...Талийгаач амьд сэрүүн байсан бол М.Эаас ямар нэг мөнгө нэхэж гомдол гаргахгүй байсан байх. Би М.Э-аас ямар нэг хохирол мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Гомдол гаргахгүй” гэжээ. /хх-ийн 96-97 тал/

 

Гэрч Б.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Намайг очиход М.Э, Тайван, Ганхуяг, Баатар нар байсан. Тухайн үед архи ууж байхдаа М.Э хэлэхдээ 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр талийгаач Ж.Б, Тайван нартай хамт архи уусан, Ж.Б, М.Э хоёр хоорондоо маргалдаж зодолдсон. Талийгаач Ж.Б М.Э-ы хөмсгийг сэтэлсэн. М.Э талийгаачийн нүд рүү цохиж хөх болгосон, тэгээд Тайвантай хамт эмнэлэг орж оёдол тавиулсан гэх мэт зүйлийн талаар ярьсан...” гэжээ. /хх-ийн 28-32 тал/

 

Гэрч Д.Мөнхтулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би М.Э-тай хамт явж байх үедээ түүнээс та нар хоорондоо маргалдаж муудалдцсан юм уу гэж асуухад хоорондоо зодолдсон гэж хэлсэн ...” гэжээ. /хх-ийн 35 тал/

Гэрч Д.Энхтайван мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Гаднаас Ж.Б орж ирсэн бөгөөд зүүн талын нүд нь хөхөрчихсөн улаан туяатай болчихсон байсан. М.Э Ж.Б хоёр өмнөх орой нь хоорондоо зодолдсоноо яриад бие биенээсээ уучлалт гуйгаад байсан...” гэжээ. /хх-ийн 46 тал/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 тоот актын дүгнэлтэд

            1. Талийгаач Ж.Б-ын цогцост хүзүүний дарагдлын ором, зүүн нүдний салстын доорх цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, хүзүүний зулгаралт, баруун мөрний цус хуралт, цээжний цус хуралт болон зулгаралт, баруун сарвууны ар гадаргын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Хүзүүний дарагдлын ором,  хүзүүний зулгаралт нь нас барахаас өмнө биеийн жингээр уяа гогцоонд дүүжлэгдэх үед үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн нүдний салстын доорх цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун мөрний цус хуралт, цээжний цус хуралт болон зулгаралт, баруун сарвууны ар гадаргын зулгаралт нь нас барахаас 1-3 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба үхэлд нөлөөлөхгүй.  

     3. Хүзүүний дарагдлын ором нь хүзүүний эрхтэнүүдийг дарж үхэлд хүргэсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн нүдний салстын доорх цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний зулгаралт, баруун мөрний цус хуралт, цээжний цус хуралт болон зулгаралт, баруун сарвууны ар гадаргын зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

     4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй... гэжээ. /хх-ийн 59-61 тал/

 

М.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ”2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн орчимд би Хэрлэн сумын 3 дугаар баг Ногоон гүүрний 2-8 тоотод ээж Эрдэнэчимэгийн гэрт талийгаач найз Ж.Б, талийгаачийн найз охин Цэцгээ, дүү Отгонжигүүр нарын хамт байсан юм. Тухайн үед Ж.Б бид хоёр пиво уугаад сууж байсан. Бид хоёр өдөр 12 цагаас тасралтгүй ууж эхэлсэн учраас бид хоёр нэлээн согтоцгоосон. Тэгээд би гэр орныхоо хогийг цэвэрлэж эхлээд байж байтал талийгаач Ж.Б надад гэрт чинь найз нь ирчихээд байхад чи хогоо цэвэрлэж намайг хогоороо хөөлөө гэж хэлээд бид хоёр хэрэлдсэн. Хэрүүл даамжраад гэрээс гарч бие биенээ заамдаж хашаан дотор дээр доороо ороод зодолдсон. Бид хоёр өөрсдөө больцгоосон. Тухайн үед Ж.Бын нэг нүд ягаан туяатай хөхөрчихсөн байсан...” гэжээ. /хх-ийн 107-108 тал/

 

-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 267 тоот дүгнэлт зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Хатгин овогт М.Э нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Ногоон гүүрийн 2-8 тоотод Ж.Бтай маргалдан улмаар зодолдож, Ж.Б-ын эрүүл мэндэд нь зүүн нүдний салстын доорх цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, гэрч Б.Батбаяр, Д.Мөнхтулга, Д.Энхтайван, хохирогч Л.Жүгдэр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 267, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч М.Э-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч М.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Э-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.    

 

Шүүгдэгч М.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч М.Э-ы үйлдлийн улмаас талийгаач Ж.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч Л.Жүгдэр нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч М.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Э-ы эзэмшлээс 350.000 төгрөгийн үнэлгээтэй, Монел брендийн 32 инчийн Лед зурагт битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, М.Э-ы ....................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт М.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ы хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ы эзэмшлээс 350.000 төгрөгийн үнэлгээтэй, Монел брендийн 32 инчийн Лед зурагт битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч М.Э-ы ......................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ