| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 2322000000189 |
| Дугаар | 2024/ДШМ/06 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ДШМ/06
Т.Балданд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Анх-Ирээдүй
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш
Шүүгдэгч Т.Балдан
Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Т.Балданд холбогдох эрүүгийн 2322000000189 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Тэрмийн шавь овогт Төмөрийн Балдан, Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Онцгой байдлын газрын Эрдэнэдалай суман дахь Эрэн хайх аврах салбарт аврагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6 баг Далайн 12-3 тоотод оршин суух, спортын дэд мастер цолтой, урьд ял шийтгэлгүй, (РД: ЗП95040218);
Шүүгдэгч Т.Балдан нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02 цагийн орчимд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6 дугаар баг, Далайн 12-03 тоотод орших өөрийн хашааны үүдэнд согтуугаар иргэн Б.Чоймборойтой “мотоцикл унаж ирлээ, эхнэртэйгээ хардлаа” гэх шалтгаанаар маргалдан муудалцах үедээ түүний баруун хөл рүү хавирч унагаан Б.Чоймборойн биед шилбэ ясны далд хугарал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Т.Балданы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Балданг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Балданд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Балдан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 2,300,000 төгрөг төлсөн, энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Балданд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Т.Балдан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Т.Балдан би нэг нутгийн танил Б.Чойнборой гэх хүнийг баруун хөл рүү нь хавирч унагаан түүний биед шилбэ ясны далд хугарал гэмтэл учруулаагүй гэж өөрийгөө боддог.
Учир нь, тэр шөнө би гэртээ Э.Уянгаар хүргүүлээд хамт явсан Дамдин, Гомбодорж 2 нь манайд ойрд ирээгүй юм байна, ороод гарья гээд Дамдин өөрт байсан тал пивийг гаргаад бид 3 уугаад сууж байхад гадаа сүрхий чанга дуутай мотоцикл ирж байгаа сонсогдоод, гадаа хаалга түс тас гээд дуугарсан. Миний мотоцикл ийм дуутай болохоор мотоциклыг маань нэг хүн унаад ирлээ гэж бодоод тавчикаа өмсөөд гарсан. Тэгэхэд гадаа Б.Чоймборой нь миний мотоциклыг унаад ирсэн, бас хаалга мөргөөд буруу тал руу мотоцикл унагачихсан байсан. Мотоцикл тэр тал руугаа унавал бензин гоожоод гал гарах боломжтой болохоор би Б.Чоймборойг түлхүүргүй мотоциклыг яаж асаасан юм, тэр аргаараа унтраа гэсэн. Б.Чоймборойгоос би гэрээс нь явах гэж байхдаа миний мотоциклын түлхүүрийг чи авч байсан, буцаагаад өгчих би харилаа гэхэд тэрээр миний түлхүүрийг байхгүй гэж хэлсэн мөртлөө мотоцикл асаагаад ирсэн байхаар нь би дотроо гайхсан. Тэгээд Б.Чоймборой нь намайг эхнэртэйгээ хардаад, та хоёр явалддаг биз дээ. гэрээс гараад 20 минут боллоо гээд элдвээр харааж эхнэрийгээ цохиод авахаар нь би түүний үйлдлийг нь болиултал тэр надтай заамдалцахаар нь би түүнийг 2 алгадаад автал тэр намайг хойшоо чирээд унасан. Би өвдөг, гараараа тулаад түүний дээрээс ойчоогүй. Ийм л үйл явдал болсон. Тэрээр манай гэрийн гадаа ирээд мотоцикл унагахдаа хөлөө гэмтээсэн гэж би бодож байна. Би биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй хүн. Хүнийг тавчиктай хөлөөрөө хөлийг нь хугартал хавирна, хөлөөрөө цохино гэж байхгүй. Мөн тэр үед Б.Чоймборой нь ажлын байрын урт түрийтэй гуталтай байсан.
Миний бие эрдэнэт хүний амь насыг аварч явсан уу гэхээс эгэл хүнийг гэмтээж. бэртээж яваагүй. Тэгэх ч шаардлага надад байхгүй. Би тангараг өргөсөн албан хаагч хүн тул өөрийн үйлдлээ мөнхөд хянаж явдаг. Б.Чоймборойг эхнэрээ зодоход болиулаагүй, мотоциклоо аваад гэр рүүгээ орсон бол энэ хэрэгт би холбогдохгүй байсан.
Гэтэл Б.Чоймборойгийн эхнэр Уянга нь хэрэг болсон өдрөөс өдөр, шөнөгүй над руу залгаж мөнгө нэхсэн. Б.Чоймборой нь согтуу залгадаг болсон. Би үнэхээр залхаж тэр хоёрын шаардсан мөнгийг нь өгсөн. Уг нь би Уянгыг өмгөөлж, түүнийг зодуулахаас хамгаалсан байхад надтай ингэж харьцаж, намайг л буруутан мэтээр мэдүүлэг өгсөнд жаахан гайхдаг юм. Гэхдээ үнэн, зөв нь шударгаар шийдэгдэнэ гэж үзэж байна.
Мөн би Б.Чоймборойгийн эхнэртэй явалдаагүй, түүнийг танихаас цаашгүй гэдгээ хэлье. Заавал миний араас мотоциклыг маань түлхүүргүйгээр нь асааж ирээд, айл гэрийн гадна очоод эхнэрээ зодсон мөртлөө бусдын нөхрийг хэрэг төвөгт оруулчхаад явдаг хүнийг үнэхээр ойлгохгүй байна.
Би түүнийг 2 алгадсан үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн байна. Харин хийгээгүй хэргийнхээ төлөөр ялтан болохыг үнэхээр хүсэхгүй байх тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Мөн гомдолтой нь холбогдуулж хэлэхэд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түүнд холбогдох шүүх хуралдаан явагдаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар эргэлзээтэй нөхцөл байдал байна гэж үзээд шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг. Тухайн өдрийн шүүх хуралдаанд хохирогч Чоймборой нь өөрийн биеэр оролцоод мотоциклыг би өөрийнхөө хөл дээр унагаасан, тэр үед миний хөл их эвгүй болсон байсан гэх мэдүүлэг өгсөн. Энэ нь өөрөө эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг улсын дээд шүүх тайлбарласантай холбогдуулаад эргэлзээтэй нөхцөл байдал нь өөрөө хохирогчийн мэдүүлгээр гарч ирж байгаа учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг нь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Прокурор Г.Анх-Ирээдүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл тухайн мотоциклыг хохирогчийн зүгээс унагаасны дараа эхнэр болох Э.Уянгыг хөөж гүйсэн гэдэг. Гэвч гүйсний дараагаар шүүгдэгч тухайн хохирлыг учруулсан. Энэ нь шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Хэрвээ тухайн үед хөл хугарсны дараагаар хохирогчийн зүгээс эхнэрээ хөөж туулгасан тохиолдолд тухайн гэмтэлд өөрчлөлт орох нь шинжээчийн мэдүүлгээр тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны талууд, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь харьцуулан бодит байдлаар шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Т.Балданг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Шүүгдэгч Т.Балдан нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02 цагийн орчимд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6 дугаар баг, Далайн 12-03 тоотод орших өөрийн хашааны үүдэнд согтуугаар иргэн Б.Чоймборойтой “мотоцикл унаж ирлээ, эхнэртэйгээ хардлаа” гэх шалтгаанаар маргалдан муудалцах үедээ түүний баруун хөл рүү хавирч унагаан Б.Чоймборойн биед шилбэ ясны далд хугарал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан доорх хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзсэн байна.
Болсон хэргийн талаар хохирогч Б.Чоймборой мэдүүлэхдээ: Балдангийн мотоциклын кундакторыг нь салгаад утсыг нь нийлүүлж асаагаад Балдангийн хашааны гадаа очсон. Тэгэхэд манай автомашин Балдангийн хашааны урд талд зүүн зүгт харсан байдалтай зогсож байсан. Миний унаж явсан мотоцикл тормозгүй байсан болохоор хурдыг сааруулаад...хашааны хаалгыг нь түшүүлж тавина гэсэн бодолтой унаад явж байгаад мотоциклынх нь rap тормозыг нь атгасан чинь хашааны хаалгыг нь бага хурдтай мөргөөд зогссон. Би унаж явсан мотоцикл дээрээ мордож байгаад мотоциклоосоо буугаад данхраадах гэж байгаад зөв тал руугаа хэлтийлгээд, дараа нь мотоциклоо буруу тал руугаа унагасан. ...Тэр үед автомашин дотроос Уянга, Алтанцэцэг хоёр гарч ирэхээр нь би “та хэдийг алга болчихоор нь машин тэрэг чинь зогссон юм уу гэж бодоод ирлээ, та хэд юугаа хийгээд алга болчихдог п. .. вэ” гэсэн. Тэр үед хашаанаас Балдан гарч ирсэн, би унаж ирсэн Балдангийн мотоциклыг босгох гэж байхад Балдан надад хандаж “чи намайг эхнэртэйгээ хардаад байгаа юм уу” гэсэн. Тэгэхээр нь би “тэгээд байна” гэж хэлтэл Балдан хоёр удаа миний зүүн шанаанд гараараа алгадсан. Тэгэхээр нь “чи яагаад байгаа муу п ... вэ” гэсэн чинь Балдан “чи миний мотоциклын түлхүүр байхгүй гэсэн чинь яалаа, чи миний мотоциклыг унаж ирсэн байна” гээд намайг багалзуурдаад, духаараа миний ам руу мөргөөд автомашины багаж тал руу шахсан. Тэгэхээр нь би Балданд хандаж “би Гомбодоржийн мотоциклоор ирэх гэсэн чинь түлхүүргүй, руль нь цоожтой байсан, чиний мотоциклын кундакторыг сугалаад ирлээ, чи өөрөө хар, би чиний мотоциклыг данхраадах гэж байгаад унагаачихлаа” гэсэн. Тэгээд Балдан намайг тавиад мотоциклоо газраас босгож данхраадахаар нь гэрэл тусгаад Балданд мотоциклынх нь кундакторын утсыг нь харуулсан. Балданд надад хандаж “чи п... чинь яагаад намайг эхнэртэйгээ хардаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэр үед манай эхнэр надад хандаж чи үхсэнээ хийж энд ирсэн юм бэ” гэхээр нь би эхнэр Уянгадаа хандаж “та хэд алга болчихоор нь ирсэн” гэсэн чинь манай эхнэр миний далан дээр гараараа чимхсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд эхнэрээ зүүн хацарт нь нэг удаа гараараа алгадаад, барьж авах гэсэн чинь манай эхнэр надаас зугтсан. Тэгж байтал Балдан намайг барьж аваад надтай заамдалцаж байгаад намайг газарт хавираад унагасан. Би “яадаг муу п ... вэ” гэж хэлээд босох гэтэл биеэ дийлэлгүй буцаад газарт унасан. Тэгээд л миний хөл ихээр өвдөж эхэлсэн” /хх-ийн 14-15/ гэсэн ба тэрээр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэд хэдэн удаа өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй байна.
Шүүх хохирогчийн мэдүүлгээс гадна дараах гэрчүүдийн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, нотлох баримтаар үнэлсэн байна. Тухайлбал:
Гэрч Б.Дамдин “...Балдан бид хоёр гэр ойролцоо байдаг болохоор энгэртээ хугас пиво хийчхээд алхаж явахад араас Чоймборойгийн эхнэр Уянга, Гомбодорж, Алтанцэцэг нарыг суулгаж ирээд “хүргэж өгье" гэсэн. Тэгээд шууд Балдангийн гэрийн гадаа очиход Балдан “гэрт оръё” гэсэн. Би гэрт нь ороод өвөртөө байсан пивоо тойруулаад сууж байтал хашааны гадаа мотоциклын чимээ гарч, Балдан гэрээсээ гараад явсан. Гомбодорж бид хоёр пиво уугаад үлдсэн. Тэгтэл удалгүй Алтанцэцэг гаднаас орж ирээд гадаа Балдан, Чоймборой хоёр муудалцаад байна гэсэн. Тэгэхээр нь би Гомбодоржтой хамт гараад очиход Чоймборой газарт “яа яа өвдөөд байна шүү дээ" гээд орилоод хэвтэж байсан. Тэгэхээр нь би Чоймборойг агсам тавьж байна гэж бодоод Чоймборойг газарт хэвтэж байхад нь хөлөөрөө цээжийг нь түлхсэн. Тэгтэл Чоймборой “миний хөл хугарчхаад байхад п. .. чинь хүн тоосонгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь хамт байсан хэдтэйгээ нийлж өргөөд эмнэлэгт аваачсан. Намайг Балдангийн гэрээс гараад ирэхэд аль хэдийн асуудал болоод өнгөрсөн байсан. Хажууд нь Уянга, Алтанцэцэг нар байсан гэж мэдүүлсэн /хх-ийн 28-30-рт/,
Гэрч Ч Гэрэлтуяа 2 удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд шүүх түүний 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дахин өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй гэжээ. Учир нь Ч.Гэрэлтуяа нь шүүгдэгч Т.Балдангийн гэр бүлийн гишүүн / эхнэр нь / байхад Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлан өгөөгүй, энэ эрхийг нь эдлүүлээгүй мэдүүлэг авсан тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар тооцохгүй байх, 16.15 дугаар зүйлд заасан шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэсэн хуульд заасан журамд нийцсэн.
Шүүх гэрч Ч.Гэрэлтуяагийн анхны мэдүүлгийг нотлох баримтаас хасч тооцоогүй бөгөөд тэрээр мэдүүлэхдээ: “2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгт: “Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний шөнийн 02 цаг 13 минутын үед Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг Далайн 12-03 тоотод байдаг гэртээ хүүхдийнхээ хамтаар унтаж байсан чинь манай гэрт нөхөр Балдан Гомбодоржтой хамт орж ирж байхыг нь Гомбодоржийн дуугаар таньсан. Бас нэг хүн байсныг нь сүүлд Дамдин гэдгийг нь таньсан. Би унтаж байсан өрөөнөөсөө огт гарч ирэлгүй байж байхад өндөр хаазтай мотоциклтой хүн манай хашааны гадаа ирж байгаа бололтой байсан. Төд удалгүй манай хашааны хаалга чанга дуугараад, эмэгтэй хүн их чангаар хашхирсан. Би энэ дууг сонсонгуутаа хувцсаа өмсөөд унтаж байсан өрөөнөөсөө гарч ирэхэд Алтанцэцэг манай гэрт орж ирээд “гадаа Чоймборой согтуу ирлээ, мотоциклтойгоо ойччихлоо” гэсэн. Тэр үед надаас түрүүлээд Балдан Дамдин хоёр гарсан. Миний өмнөхөн Гомбодорж гарсан. Би байшингаасаа гараад хашааны хаалга чигт явахад мотоцикл ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан, манай хашааны хаалга гүйдэг замаасаа хойд зүгт гарсан байсан. Балдан мотоцикл дээр очоод мотоциклоо газраас босгоод байж байсан. Тэр үед Чоймборой газраас босоод Алтанцэцэг, Уянга нар Чоймборойг хажуу талаас нь сугадаад босгож байсан. Би тэд нарыг “та нар бүгд согтуу байна, хар шөнөөр ирчхээд, гэр гэр лүүгээ явцгаа” гэсэн. Эхлээд Чоймборой манай нөхөр Балдан руу “та нар ямар их уддаг юм, намайг дарлаад байна уу” гэж хашхирч байснаа эхнэр Уянгынхаа нүүр лүү гараараа цохиод авсан. Тэгээд Уянга хашхираад “яая, яаж байгаа юм бэ, яагаад байгаа юм бэ" гээд байрандаа зогсож байсан. Балдан Чоймборойд хандаж “гэрийн гадаа ирж зодолдоод гай болох нь явцгаа" гэж хэлж байсан. Тэгээд Балдан эргээд хашаа руугаа орох гээд алхаад явтал Чоймборой Балдангийн араас хашхираад, Балдан эргэж хараад баруун гараараа Чоймборойгийн цээж рүү түлхсэн. Чоймборой баруун урд зүгт хараад газар унасан. Ямар ч байсан Чоймборой ар дагзаараа баруун урд зүгт чигтэй унасан. Намайг харахад газарт сууж байсан. Тэгээд Балдан мотоциклоо босгох гэж байгаад таавчигаа сугалаад газар унагасан юм шиг байна лээ. Чоймборой унасан газраасаа босоод хашааны урд талд Балдангийн таавчиган дээр суучихсан. Тэгээд би Алтанцэцэгт “таавчигийг нь аваад өгөөч”^ гэж хэлэхэд Алтанцэцэг “би яахаараа авч өгдөг юм бэ" гэж хэлсэн. Чоймборойгийн доороос Уянга Балдангийн таавчигийг авч өгсөн. Тэгээд би гэр лүүгээ орсон. ...” /хх-ийн 32-33/ гэснийг шүүх нотлох баримтаар үнэлж, шийтгэх тогтоолын үндэслэл болгосон.
Гэрч Э.Уянга мөрдөн байцаалтад 2 удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд шүүх эдгээр мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, бие биенээ үгүйсгэсэн зүйлгүй байх бөгөөд тэрээр мэдүүлэхдээ: 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...манай нөхөр Чоймборой манай хашаанд үлдээсэн байсан Балдангийн улаан шар өнгийн Даюун маркийн мотоциклыг унаж ирээд машины ард очингуутаа мотоциклоо тэр дороо нойл эргүүлээд Балдангийн хашааны хаалганд тулаад зогссон. Би сууж байсан машинаасаа буугаад очиход Чоймборой ч мотоциклоо зогсоосон, Балдан хашаанаасаа гарч ирэх таарсан. Тэр үед Чоймборой Балданд хандаж “та хэд 20 орчим минут алга болчихлоо, юу хийгээд алга болдог юм бэ п....” гэж хэлсэн. Балдан хариуд нь “миний мотоциклыг яаж асааж ирсэн юм бэ, түлхүүр яасан гэж асуухад байхгүй гээд байсан биз дээ гэсэн. Тэр үед Чоймборой мотоцикл дээр мордоотой байж байгаад “яаж асаасныг харах уу” гээд мотоциклоос буух гэж байгаад, эхлээд мотоциклыг данхраадах гэж байгаад зөв тал руу нь хэлтийлгээд босгосон. Дараа нь кундакторыг нь салгасныг харуулах гэж байгаад буруу тал руугаа мотоциклыг унагаасан. Балдан Чоймборой хоёр хоёр талаас нь мотоциклыг босгосон. Тэрний дараа Чоймборой надад хандаж “чи Балдантай явалддаг юм уу” гэж хэлээд намайг туулгасан. Би Чоймборойгоос зугатаагаад машины ар талд очсон чинь миний хацарт алгадсан. Тэр үед Балдан эхнэртэйгээ зогсож байгаад “чи яасан гэж эхнэрээ алгадаж байгаа юм" гэж хэлэхэд Чоймборой “чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгтэл Балдан Чоймборойг заамдаж аваад хацарт нь хоёр удаа алгадаад нүүр рүү нь духаараа мөргөсөн. Чоймборой “чи намайг яасан гэж алгадаж байгаа юм” гээд Балданг түлхсэн. Балдан Чоймборойг өмсөж явсан хувцаснаас нь заамдаж байгаад Чоймборойг мотоциклын баруун урд хэсэгт унагаад хажууд нь Балдан газарт гараараа тулсан байсан. Чоймборой ч газар унасныхаа дараа хөл хугарчихлаа гэж хэлтэл Балдан хашаа руугаа орсон. Тэр үед Балдангийн эхнэр Чоймборойн дор таавчиг байна аваад өг гэхээр нь Чоймборойн цээжнээс нь өргөж хажуу тийш нь болгоод бөгсөн дор нь байсан таавчигийг Балдангийн эхнэрт авч өгсөн. Тэнд байсан хүмүүс бөөнөөрөө гэр рүү орчихсон. Би Чоймборойг өргөж дийлэхгүй байхаар нь Балдангийн гэрт орж, тэр хэдийг дуудаж гаргаж ирээд өргүүлж машинд суулгаад явсан” /хх-н 36/ гэжээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “хохирогч Б.Чоймборой нь мотоцикл унаж ирээд ойчсон, ойчихдоо хөлөө хугалсан байх боломжтой тул шүүгдэгч Т.Балданд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн тайлбар, дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхээс шүүх хуралдааныг 35 хоногийн хугацаагаар хойшлуулж, хохирогчийн хөл хугарсан үйл баримтын талаар тодорхой мэдлэг бүхий шинжээчээс тодруулга мэдүүлэг авхуулах зорилгоор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн байх бөгөөд Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 226 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Б.Чоймборойгийн биед баруун шилбэ ясны далд хугарал, мэс заслын дараах байдал. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна” гэх дүгнэлтээ /хх-ийн 46-47/ шинжээч эмч М.Баттүвшин 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасны дараа дахин өгсөн мэдүүлэгтээ “өвдөлт мэдрэхгүйгээр богино хугацаанд алхах, гишгэх, хөдөлгөөн хийх боломжтой. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бол өвдөлтийг мэдрэхгүйгээр алхах, гишгэх хөдөлгөөнийг доголсон байдалтайгаар хийх боломжтой. Үүнтэй холбоотойгоор ясны хугаралд зөрүү үүсч хүндрэл үүсгэдэг. Рентген зургаас харахад урт хугацааны хөдөлгөөн хийгдээгүй, хугарсан даруйд хөдөлгөөнийг хязгаарласан байх боломжтой байна" гэжээ. Ийнхүү шинжээч эмч өмнө гаргасан дүгнэлтээ мэдүүлгээрээ тодруулан тайлбарлаж, баталсан байна.
Шүүх хохирогч гэрчүүдийн мэдүүлгийг харьцуулан дүгнэхдээ:
“Гэрч Ч.Гэрэлтуяагийн “Чоймборой эхнэрээ цохисон. Балдангийн араас хашхираад байхаар нь Балдан баруун гараараа цээж рүү нь түлхсэн” гэж, хохирогч Б.Чоймборой шүүх хуралдаанд “мотоциклоос ойчсоны дараа хөл жоохон өвдөөд байсан" гэж тус тус мэдүүлсэн нь гэрч Д.Алтанцэцэг, Б.Дамдин нарын болон гэрч Э.Уянгын “Балдан, Чоймборой хоёр муудалцаад, Балдан Чоймборойг унагасны дараа хашаанаас Алтанцэцэг Гомбодорж Дамдин, Гэрлээ нар гарч ирсэн. Гомбодорж, Дамдин, Гэрлээ нар Чоймборойг Балдан унагаж, хөлийг нь гэмтээснийг хараагүй” гэх, мөн хохирогч нь мотоциклоос унаж хөлөө гэмтээсэн гэх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбар нь гэрч Э.Уянгын “мотоцикл буруу тал руу нь унагаасныхаа дараа намайг туулгаж байсан” гэх, шинжээч эмчийн “шилбэ ясны далд хугарал гэмтэл авсан хун архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бол өвдөлтийг мэдрэхгүйгээр алхах, гишгэх хөдөлгөөнийг доголсон байдалтайгаар хийх боломжтой боловч үүнтэй холбоотойгоор ясны хугаралд зөрүү үүсч хүндрэл үүсэгдэг. Рентген зургаас харахад урт хугацааны хөдөлгөөн хийгдээгүй, хугарсан даруйд хөдөлгөөнийг хязгаарласан байх боломжтой байна" гэх мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдсэн гэж дүгнэсэн.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан эдгээр нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдэл нотлогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, харилцан нэг нэгнээ нотолж баталсан, эх сурвалжаа тодорхой заасан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Чоймборойн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Т.Балдангийн гэмт үйлдэл, гэм буруугийн санаатай хэлбэртэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогджээ.
Шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хууль, шүүх эмнэлгийн шинжилгээ хийх болон гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан үндэслэл, шалгуур шаардлагад нийцүүлж, шүүх эмнэлгийн оношилгоо, шинжилгээний баримтад тулгуурласан байх тул шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг үгүйсгэж няцаасан үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч, гэрч нарт эрх, үүргийг нь сануулсан, хууль сануулаагүй буюу нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангаагүй баримтыг шүүхээс үнэлээгүй байх бөгөөд шаардлага хангасан баримт буюу мэдүүлгийн эх сурвалж нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон “хохирогчийн биед учирсан гэмтэл” болон хамаарах бусад баримт, сэлт мэдээллээр нэгэн зэрэг нотлогдсон, зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн дээрх нотлох баримтын эх сурвалжуудаас үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд тухайн гэмтлүүдийг шүүгдэгч Н.Балдангаас өөр этгээд учруулаагүй, мөн мотоциклоос унахдаа хохирогч өөрөө өөрийгөө гэмтээгээгүй, өөр бусад шалтгаанаар тухайн гэмтэл үүссэн байж болох эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Т.Балдангийн үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж, түүний нотлогдсон байдлыг үгүйсгэх болон хэргийн бодит байдалд нөлөөлөх бусад үндэслэл байхгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай бөгөөд анхан шатны шүүх энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг оногдуулсан нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэрээ гаргасан, энэ нь шүүгдэгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн зүйлгүй байна гэж Давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Балдангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР
Л.УГТАХБАЯР