Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2025/0517

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К******* ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хоорондын маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Т******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа К******* ХХК-ийн эзэмшиж байсан газрын зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны хохирол, нөхөн олговор 458,957,566 төгрөгийг олгох өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах гэж тодорхойлсон.

1.2. 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан хохирол, нөхөн олговортой холбоотой өргөдөлд хариуцагч тал хариу өгөөгүй буюу захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах гэж тодруулсан болно.

Хоёр. Маргааны үйл баримтын талаар:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/565 дугаар захирамжаар К******* ХХК-д дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10000 мкв газрыг орон сууцны зориулалтаар 2 жил 8 сарын хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ[1].

2.2. Улмаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 10000 мкв талбайтай газарт нэгж талбарын , дугаартайгаар тоот Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна[2].

2.3. Хожим Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/232 дугаар захирамжаар[3] дээрх газрын талбайн хэмжээг,

- Хавсралтын 4-т К******* трейд ХХК, 10000 мкв, үйлдвэрлэл, нэгж талбарын дугаар , , 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх гэж тус тус өөрчлөн, гэрээ байгуулсан байна[4].

2.4. Гэтэл Монгол Улсын ерөнхий прокурорын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/86 дугаар тушаалаар[5] Улаанбаатар хотод үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас бий болсон хор уршиг, шалтгаан нөхцөл, эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар хуульд заасан арга хэмжээ хэрэгжүүлэх, зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

2.5. Дээрх тушаалын дагуу нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн зориулалт, хаяг байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай А/232[6] дугаар захирамжийн хавсралт 4-т дүүргийн 4 хороонд байрлалтай, 10000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар К******* ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан.

2.6. Шүүх прокурорын нэхэмжлэлийн хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0303 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхийг төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д., Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш. нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн зориулалт, хаяг байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай А/232 дугаар захирамжийн хавсралт 4-т заасан К******* ХХК-д холбогдох 10000 м.кв газар эзэмших эрхээс усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан 3352 м.кв талбай, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн 1106 м.кв талбайгаар давхцалтай хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2.7. К******* ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 45/24 дугаар албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан газрын хэлбэр, хэмжээ өөрчлөх тухай хүсэлтийг гаргажээ.

2.8. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/1287 дугаар Газрын хэмжээ, зориулалт, газар эзэмшигчийн эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай" захирамж гарсан бөгөөд тус захирамжид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 21.2.6 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.10.2, 29.10.5, 29.10.6 дахь заалт, 29.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ...К******* ХХК-ийн 1780910807 нэгж талбарын дугаартай эзэмшил газрын 10,000 м.кв талбайн хэмжээг 6,275 м.кв болгон багасгаж өөрчилж, нэгж талбарын 1780913405 дугаартай, Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ олгож, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 01122-2020/00263 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

2.9. К******* ХХК-иас 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 65/24 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга даргын тамгын газарт хандан ...К******* ХХК-ийн эзэмшлийн газраас хүчингүй болгосон 3725 м.кв талбайтай холбогдох учирсан хохирол, нөхөн олговрыг шийдвэрлэх-ийг хүссэн боловч гомдлыг хянаад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03/50 дугаар албан бичгээр ...хүсэлтийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн хариуг өгсөн байна.

2.10. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрөн К******* ХХК-иас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2025/1388 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч К******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Нийслэлийн Засаг даргын шийдвэр-ээр 2016 оноос хойш хууль ёсоор эзэмшиж байсан газар эзэмших эрхээс Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр зарим хэсгийг хүчингүй болгосон. Нийслэлийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18/1287 дугаар захирамжаар газрын эрхийг багасгаж захиргааны акт гаргахдаа ийнхүү захиргааны байгууллага Нийслэлийн Засаг даргын зүгээс хууль бус шийдвэрийн улмаас хохирсон К******* ХХК-ийн хохирлыг хэрхэх талаар огт шийдвэрлээгүй эс үйлдэхүйд холбогдуулан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. "К*******" ХХК-ийн зүгээс төрийн эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрт итгэж, энэхүү эрхээ хэрэгжүүлэх хүрээнд хууль тогтоомжийн дагуу дуудлага худалдааны үнэ төлөх, татвар хураамж төлөхөөс гадна тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулан цаашдын эдийн засгийн үйл ажиллагааг төлөвлөөд ажиллаж байсан. Энэхүү ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн Тайлбарт: "Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно..." гэсэн уг зарчмын хүрээнд хамаарч байна.

Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь иргэн хуулийн этгээдэд эдийн болон мөнгөн үр дагавар үүсгэж буй захиргааны акт байгаа тохиолдолд үйлчилнэ.

Нэхэмжлэгч "К*******" ХХК нь захиргааны байгууллага болох Нийслэлийн засаг даргын тамгын газраас газар ашиглах эрх олгосон шийдвэрийг үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, барилгын эскиз зургийг батлуулан ажиллаж байтал 8 жилийн дараа "хууль зөрчиж олгосон" гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь нэхэмжлэгч компанийн газар ашиглахтай холбоотой үйл ажиллагаа тасалдахад хүргэж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн төдийгүй захиргааны үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэл хамгаалах зарчим алдагдахад хүрсэн.

Улсын ерөнхий прокурорын газраас Нийслэлийн засаг даргад холбогдуулан "К*******" ХХК-д холбогдох 10,000 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гаргасан. Гэвч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр 4-ний өдрийн 128/ШШ2024/0303 тоот шийдвэрээр Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт "Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно." гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр "К*******" ХХК-д холбогдох 10,000 м.кв газар эзэмших эрхээс усан сан бүхий онцгой хамгаалалтын бүстэй давхацсан 3352 м.кв талбай, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн 1106 м.кв давхцалтай хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн засаг даргын 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 18/1287 дугаар "Газрын хэмжээ, зориулалт, газар эзэмшигчийн эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай" захирамж гарсан бөгөөд тус захирамжид Газрын тухай хуулийн 21.2 дугаар зүйлд Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.2.4-т "хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх", 29.10 дугаар зүйлд Эзэмшил газрын хэмжээ, байршлыг дараах тохиолдолд өөрчилж болно: 29.10.2-т "холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээр олон улс, улс, орон нутгийн чанартай томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалт хийх болон олон улсын зээл тусламж, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр инженер, нийгмийн дэд бүтэц байгуулахаар төлөвлөж байгаа газартай давхацсан", 29.10.5-т "газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэх; ", 29.10.6.-т "нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн" гэж тус тус заасны дагуу "К*******" ХХК-ийн эзэмшил газрын 10,000 м.кв талбайн хэмжээг 6,275 м.кв болгон багасгаж өөрчилсөн.

"К*******" ХХК нь тус газрыг анх дуудлага худалдааны төлбөрийг төлж эзэмших эрхийг авсан бөгөөд газрын төлбөрийг улирал тутамд тогтмол, хариуцлагатайгаар төлж, тодорхой хөрөнгө оруулалтын төслийн ажлуудыг эхлүүлэн хэрэгжүүлж байсан хэдий ч дээрх Нийслэлийн Засаг даргыг хууль зөрчсөн гэж тогтоосон шүүхийн шийдвэр болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилтай давхцаж байгаа тул газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн эзэмшил газрын хэмжээг өөрчлөх агуулга бүхий захирамжаар "К*******" ХХК-ийн эзэмшил газраас 3,725 м.кв талбайг хүчингүй болгож шийдвэрлэсний улмаас К******* ХХК-нд хохирол учраад байна.

Харин Нийслэлийн Засаг дарга Та 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 18/1287 дугаар "Газрын хэмжээ, зориулалт, газар эзэмшигчийн эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай" захирамж гаргахдаа бидний уг шийдвэрийн улмаас хохирсон хохирлыг хэрхэх талаар шийдвэртээ тусгаагүй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар Нийслэлийн Засаг даргад хандсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын тамгын гарын даргын 2025 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр "хохирол нөхөн олговрыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна." гэсэн агуулгатай хариуг өгсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй." 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт "Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна." гэж тус тус заасан.

Иймд, К******* ХХК-ийн эзэмшиж байсан газраас 3,725 м.кв талбайтай газрыг төрийн мэдэлд шилжүүлэн авсны хохирол, нөхөх олговор олгох өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Газрын тухай хуулийн 61.1-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж тодорхой заасан. Тухайн хуулийн зүйл нь Газрын тухай хуулийн түлхүүр заалт юм. Захиргааны ерөнхий хуульд байх 5 жилийн хязгаарлалтыг яаж хэрэглэх талаар тус зүйлд заасан. Шүүх уг үйлдлийг хүчингүй болгож таслан зогсоохоор мөн заасан. Гэтэл бид тухайн нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хамааралтайгаар прокурорын газраас нэхэмжлэл гаргаж манай үйлчлүүлэгчийн зүгээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон хуулийн 5 жилийн хугацаа өнгөрсөн байсан тул шүүх хууль бус болохыг тогтоосон. Гэтэл Туул голын харьяа газруудыг нийслэл практикт 2 янзаар шийдвэрлэж айгаа. Хүчингүй болгох 5 жилийн хугацаа дуусаагүй бол шууд захиргааны журмаар хүчингүй болгож, тухайн хугацаа өнгөрсөн бол шүүхийн журмаар маргаж байгаа. Газар эзэмшигчид хамгийн бага хохиролтой шийдвэрийг гаргах байсан. Газрын тухай хуульд заасны дагуу гаар авч байгаа бол газар эзэмшигчид дарамт багатайгаар, нөлөөлөх боломжит хувилбарыг судалсны эцэст хамгийн бага эрхийг хөндөх шийдвэрийг гаргах ёстой байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал гэх хариуг өгдөг. Шүүхийн зүгээс тухайн асуудлыг шийдвэрлээгүй. Гаргалаа нь Газрын тухай хуулийн 20.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20.1.4-д бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах гэж заасан. Энэ зохицуулалт нь хэдий шүүхийн шийдвэр гарсан ч тухайн үеийн Засаг даргын буруу шийдвэр гарсан тул түүнийг нь хүчингүй болгож байгаа нь цаад агуулгаар тус газрыг тусгай хэрэгцээнд авч байгаа л гэсэн үг. Тиймээс тухайн зохицуулалт бүрэн хэрэгжих боломжтой. Мөн Газрын тухай хуулийн 20.2-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20.2.5-д газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх гэж заасны дагуу тохиролцох талаар асуудал яригдах ёстой байсан. Тухайн газрыг манай үйлчлүүлэгч нь дуудлага худалдаагаар авч бүхий л татвар, төлбөрөө төлж, бусад этгээдүүдтэй хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байсан. Хариуцагчийн зүгээс үйл ажиллагааны тогтвортой байдал, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг харгалзаж үзээгүй. Нөхөн олговрын асуудлыг тохиролцож шийдвэрлээгүй нь буруу байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Тиймээс бидний зүгээс тодорхой хэмжээний мөнгөн дүнг шаардаж маргах нь зохисгүй гэж үзэж байгаа. Түүнчлэн тухайн маргааныг шийдвэрлэх боломжит хувилбар нь газар эзэмшигчийн газрыг өөр газраар сольж эзэмшүүлэх, эсхүл нөхөн олговор олгох зэрэг боломжит шийдвэр байгаа эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай байсан. Улс нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын 20 хувийг хурааж байгаа бол тухайн газарт ногдох татварын асуудал, дуудлага худалдааны үнэ яах вэ? Эдгээр асуудлуудыг хариуцагчийн зүгээс шийдвэрлээгүй орхигдуулсан. Хэдийгээр Монгол Улс шүүхийн жишиг хэрэглэх зохицуулалтгүй ч Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны 027 дугаартай төстэй шийдвэр гарсан байдаг. Тус шийдвэр нь улсаас газрыг тусгай хэрэгцээнд авч байгаа бол нөхөн олговор олгох ёстой талаар гарсан. Агуулга нь зарим нэг байдлаар ойролцоо. Улсын зүгээс хүчингүй болгох 5 жилийн хугацаа дуусаагүй гэх байдлаар газар эзэмших эрхийг цуцалж, мөнгөн нөхөн олговор олгох асуудлыг хариуцагч байгууллагад даалгасан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т, Газрын тухай хуулийн 20.1.4-т, холбогдох бусад хуульд заасны дагуу захиргааны акт гаргаж, газар эзэмшигч этгээдтэй тохиролцож, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тохиролцож гэх агуулгын тухайд хуульд зааснаар тодорхой хэмжээний газар нь анх ямар үнэтэй байсан талаар, хэдэн жил татвараа төлсөн талаар, ямар нөхцөл байдлаас шалтгаалж байгаагаас хамааран нөөн олговрын асуудлыг шууд схемчлэн гаргах боломжгүй. Тиймээс ил тодорхой байдлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тохиролцож, газрын нөхөн төлбөрийн асуудлыг гаргах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

3.3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч "К*******" ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

"К*******" ХХК нь нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/232 дугаар захирамжаар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 9996 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан бөгөөд нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0303 дугаар шийдвэрийг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/1287 дугаар захирамжаар газрын хэмжээг 6275 м.кв болгон өөрчилж шийдвэрлэсэн.

Учир нь Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д., Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш. нар нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/232 дугаар захирамжийн "К*******" ХХК-д холбогдох 10000 м.кв газар эзэмших эрхээс усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан 3352 м.кв талбай, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн 1106 м.кв талбайгаар давхцалтай хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан хэлэлцээд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0303 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/232 дугаар захирамжийн "К*******" ХХК-д холбогдох 10000 м.кв газар эзэмших эрхээс усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан 3352 м.кв талбай, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн 1106 м.кв талбайгаар давхцалтай хэсгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4-т ".... гуравдагч этгээд "К*******" ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшлийн нэгж талбарын , дугаар бүхий 10000 м.кв газраас усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд өртсөн 3352 м.кв талбай, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн 1106 м.кв давхцалтай хэсгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг зөвшөөрсөн бол нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх хэсгийг хүчингүй болгосон тохиолдолд үлдэх хэсэгт маргахгүй болохоо илэрхийлсэн болно" гэж 4.7-д Гэвч дээр өгүүлсний дагуу хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нараас усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн хамгаалалтын бусад өртсөн талбайн давхцал бүхий эзэмших эрхийг цуцлахыг зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэн алинд нь нэхэмжлэлээсээ татгалзах, эвлэрэн хэлэлцэх эрхийг итгэмжлэл олгогчоос олгоогүй байсан тул шүүх энэ тохиолдолд хэргийг шийдвэр гаргаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй" гэж тус тус дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч "К*******" ХХК усан бүхий газрын онцгой хамгаалалтын бустай давхацсан 3352 м.кв талбай үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн 1106 м.кв талбайгаар давхцалтай хэсгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг зөвшөөрсөн бөгөөд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан талаар нэхэмжлэгчээс маргаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад "хууль ёсны итгэлийг хамгаалах. Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй." гэж заасан бөгөөд 48 дугаар зүйлийн 48.2 хэсэгт "Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно" гээд 48.2.2 дахь заалтад "бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;" гэж заасан байна.

Дээрх хуулийн заалтаас үзвэл эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/232 дугаар захирамжийг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт "Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу хохирол нэхэмжлээгүй тул хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй юм.

Нэхэмжлэгч "К*******" ХХК нь "******* *******" ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлж авсан бөгөөд уг 10000 м.кв газрын дуудлага худалдааны анхны үнийг 2013 он 05 сарын 28-ны өдөр "******* *******" ХХК-иас нийт 63 360 000 төгрөг, "К*******" ХХК нь газрын төлбөрт 2017-2024 онуудад нийт 43 616 617 төгрөг төлсөн байх бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна" гэж заасны дагуу нэхэмжлэгч "К*******" ХХК нь дээрх газрыг эзэмшиж, ашиглаж байх хугацааны газрын төлбөрийг төлсөн байна. Газар эзэмших эрх хүчингүй болсноор газрыг эзэмшиж, ашиглаж байх хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан нэхэмжлэх эрх зүйн зохицуулалт, үндэслэлгүй болно.

Иймд "К*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн гаргасан нөхөн олговор олгох өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Тус захиргааны хэргийн 54 дүгээр хуудаст авагдсан хариу хүргүүлэх тухай балбан бичгээр нэхэмжлэгч компанид хариу хүргүүлсэн. Тус албан бичигт танай компаниас ирүүлсэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэх хариуг албан ёсоор хүргүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн ярьж буй хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь нийтийн эрх зүйн аливаа харилцаа, захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэх тохиолдлыг ойлгодог. Харин Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан тохиолдолд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй гэж тайлбарласан байдаг. Энэ тайлбарын дагуу нэхэмжлэгч К******* ХХК-ийн итгэл хамгаалагдахгүй. Тухайн эзэмшил гарын хэмжээг хассан захирамж нь шүүхийн шийдвэрийг үндэслэж буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх замаар зөрчлийг арилгаж, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож зөвтгөн гаргасан захиргааны акт юм гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.2.Тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0303 шийдвэрээр ...К******* ХХК-д /РД: *******/ Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн зориулалт, хаяг байршил, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай А/232 дугаар захирамжаар эзэмшүүлсэн нэгж талбарын , дугаар бүхий 10000 м.кв газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй 3352 м.кв талбайгаар, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн талбай 1106 м.кв талбайгаар давхцалтай болох нь Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн Сэлбэ сэргэлт төслийн зураг төсөл, нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн зураг болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэж заасныг баримтлан усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан 3352 м.кв талбай, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн 1106 м.кв талбайгаар давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

4.3.Энэхүү шийдвэрт хэргийн оролцогч нарын хэн аль нь гомдол гаргаагүй тул шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

4.4.Гэтэл нэхэмжлэгч К******* ХХК-иас Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2.Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна гэж заасны үндэслэн дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан 3352 м.кв талбай, үерийн далангийн хамгаалалтын бүсэд өртсөн 1106 м.кв газарт төлж байсан газрын төлбөр, хөрөнгө оруулалтын гэрээний алданги, газрын дуудлага худалдааны үнэ зэргийг өөрт учирсан хохиролд тооцуулан, нөхөн олговор хэлбэрээр Нийслэлийн Засаг даргаас гаргуулахаар марган, нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

4.5.Учир нь маргааны үйл баримтаас үзвэл дээрх шүүхийн шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаж холбогдох газрын хэмжээг багасгасан бөгөөд, газрын үлдэх хэсэг нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох; 20.1.4. бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах; гэж заасан үндэслэлд хамаарахгүй.

4.6. К******* ХХК /РД: *******/-ийн хувьд үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар эзэмшихийн хүссэн газраа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн зүйлийн 33.1.2-т заасан төсөл шалгаруулах зарчмаар авалгүйгээр дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулсан[7] болон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/232 дугаар захирамжийн холбогдох хэсэг хүчин төгөлдөр байх хугацааны газар эзэмшиж, ашигласны төлөөх төлбөрөө Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төсөвт төлөх нь түүний зүй ёсны үүрэг тул үүнийг хохирол гэж шаардах нь үндэслэлгүй.

4.7.Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн эскиз зургийн урьдчилгаа мөнгөний зарлагын баримт, ******* ******* ХХК-ийн Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх тухай гэрээ[8] зэрэг нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/232 дугаар захирамж гарч, газар эзэмших эрхийг гэрчилгээ[9] олгохоос өмнө хийгдсэн үйл ажиллагаа байх тул үүнийг Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл гэж үзэх боломжгүй.

4.8.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим-ыг зааж өгсөн. Ингэхдээ тухайн зарчмыг хууль тогтоогч аутентик тайлбар хийж, дор дурдсан байдлаар тайлбарласан. Үүнд:

4.9.Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй гэжээ[10].

4.10.Энэ тохиолдолд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гэх газрын эрх хууль бус болох нь дүгнэгдэн хэсэгчлэн цуцлагдсан учраас захиргааны үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй, нөхөн олговор олгох боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

4.11.Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ардчилсан ёс, шударга ёс,...тэгш байдал, ..., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-5 дахь хэсэгт заасан аль нэг шийдвэрийг..., мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ... гэж тус тус заасан.

4.12.Харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхгүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэжээ.

4.13.Нэхэмжлэгч компаниас хохирол, нөхөн олговор шаардан 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 41/24 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт[11] хандахад тус газар өөрийн хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн газар зохион байгуулалтын албараа дамжуулан 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01-05/6298 дугаар албан бичгээр[12], 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 65/24 албан бичгээр гаргасан өргөдөлд[13] 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03/50 албан бичгээр[14] өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэсэн болох нь тогтоогдсоноор хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.

4.14.Иймд К******* ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байсан газрын зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлж авсны хохирол, нөхөн олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:

 

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 100 дугаар зүйлийн 100.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасны тус тус баримтлан нэхэмжлэгч К******* ХХК-иас хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан хохирол, нөхөн олговортой холбоотой өргөдөлд хариуцагч тал хариу өгөөгүй буюу захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР