2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/03685

 

 

 

 

 

 

 

 

2025 04 30 191/ШШ2025/03685

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо,  дугаар байр,  тоот хаягт оршин суух, Юн овогтой Ба Да/РД......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо, Баруун сэлбэ гудамж,  байр,  тоот хаягт оршин суух, Бо овогтой Бан Дав/РД:...../-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Б.Дг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоон, өмчлөх эрхийг буцаан нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.До, Г.Бо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э

Хариуцагчийн өмгөөлөгч И.Чи

Гэрч П.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Б.Д нь улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн  дугаар хороо,  дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  дугаар орон сууцны  тоот хаягт байршилтай, 79.91 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор өмчилдөг байсан. Өөрийн эхнэр П.Оийн хүсэлтээр дотны найз Б.Давд тус болох зорилгоор дээрх орон сууцны өмчлөх эрхээ түр хугацаагаар дүр үзүүлсэн хэлцэл хийснээр шилжүүлсэн. Гэвч одоо орон сууцаа авч чадахгүй байдалд хүрсэн тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

1.2. Б.Дав нь Б.Матай нэхэмжлэгчийн эхнэр П.Оаар дамжуулан танилцсан байдаг. 2019 он эсхүл 2020 оны 12 дугаар сард Б.Ма нь Б.Давгээс 100,000,000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, хүү 10,000,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлсэн гэсэн. Гэвч Б.Ма нь Б.Давгээс зээлсэн мөнгөө өгөхгүй 3 жил гаруй хугацаа болсон тул хариуцагч нь нэхэмжлэгчийн эхнэр П.От хандаж, Хаан банкнаас мөнгө зээлсэн банк мөнгөө нэхээд байна, хугацаа сунгахгүй гээд байна, банкинд хүү төлөөд би хохирч байна. Чи л зээл, зээл гэж байгаад намайг Б.Мат мөнгө зээлүүлсэн. Чи тэр ангийнхаа хүүхэд, найзаасаа мөнгө авч өг гэж удаа дараа хэлж, шахаж шаардсан байдаг. П.О нь тухайн болсон зүйлийг нэхэмжлэгчид ярьж Чиний нэр дээрх орон сууцыг найз Б.Дав түр барьцаанд тавиад зээлээ хаачихаад дахин зээл аваад орон сууцыг чинь чөлөөлөөд өгчихнө. Манай найз Б.Дав үнэхээр хэцүү байна. Намайг чи ангийнхаа хүүхдээс мөнгө авч өг гээд суулгахгүй байна. Чи мөнгө төгрөгтэй найдвартай гэж хэлэхээр чинь л би зээлсэн гэж загнаад байна. Чи тус болоод зөвшөөрөөч гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Ингээд П.Оийн хэлснээр орон сууцаа бусдад барьцаалах итгэмжлэлийг Б.Давд 2022 оны 5-р сарын сүүлээр урт цагааны гудамжны Тайвань төв дээр байрлах нотариат дээр очиж хийж өгсөн.

1.3. Гэтэл 7 хоног орчмын дараа Б.Дав нэхэмжлэгч рүү залгаад зээл олгох газар олддоггүй ээ. Нэг банк бус санхүүгийн байгууллага дээр очсон чинь итгэмжлэлээр зээл өгөхгүй. Зээл авагчийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл олгоно гэнээ гэсэн. Ингээд Б.Дав нотариатчид худалдах худалдан авах гэрээ батлуулья гэж хэлээд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгчийн хувьд, ямар гэрээ хийх, уг гэрээнд мөнгө төгрөгийг хэд гэж бичих нь хамаагүй байсан. Учир нь, Б.Давд өөрийн орон сууцаа огт зарж, худалдаагүй, зарах шаардлага, шалтгаан, хүсэл зориг байгаагүй. Эхнэрийнхээ гуйлтаар түр хугацаанд өмчлөх эрхийг шилжүүлсэн. Үүний дараа тухайн байранд амьдарч байсан эхнэрийн ах П.Үнэнбаяр нүүж, эхнэрийн дүү П.Г тус байранд нүүн орж хүүхдээ цэцэрлэгт оруулахад хорооны тодорхойлолт болон өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар лавлагаа авах асуудал яригдахад, өмчлөх эрхийн гэрчилгээг надаас асуугаад ТҮЦ машинаас лавлагаа авч, Б.Давг худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан талаар эхнэр мэдсэн. Тэгээд эхнэр П.О нь одоогоор Б.Ма анх зээлж авсан 100,000,000 төгрөгөөс 90,000,000 төгрөг өгчихсөн, үлдэгдэл 60,000,000 төгрөгийг нь өгчихвөл шилжүүлчих байлгүй дээ гэсэн. Гэвч Б.Дав нь биднээс зугтаж, өрөндөө өгсөн, буцаан шилжүүлэхгүй гэж орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээс татгалзсан. П.О нь Б.Мааас нөхрийнхөө орон сууцыг Б.Давгээс авмаар байна чи өр төлбөрөө төл гэж шаардан байж 55,000,000 төгрөгийг авч, Б.Давд өмнө нь өгсөн 90,000,000 төгрөг дээр нь нэмээд өгөх гэсэн боловч би хохирсон, залилуулсан гэж эхнэртэй нь марган нэхэмжлэгчийн орон сууцыг өгөхгүй хохироож байна.

Иймд анх яаж тохиролцон шилжүүлж авснаа маш тодорхой мэдсээр байж, орон сууцны гэрчилгээг барьцаанаас чөлөөлж авчихаад буцааж шилжүүлж өгөхгүй, өөрийн нэр дээр орон сууцны гэрчилгээ байгааг ашиглан өөрийн орон сууц мэтээр бусдад зарж өмчлөгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн тул шүүхээр эрхээ сэргээлгэн, хамгаалуулахаар дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд, талуудын хооронд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан "Үл хөдлөх эд хөрөнгө Худалдах худалдан авах гэрээ-г дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийг эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 50 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай, 79.91 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоон, тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.Дав болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1.Нэхэмжлэгч Б.Дгийн эхнэр П.Отай 2015 оноос хойш үерхэж, нөхөрлөж байгаа сайн найзууд юм. Тэрээр надаас маш олон үнэт эдлэл, мөнгө төгрөг зэргийг авдаг байсан. Найз П.О нь хуульч, өмгөөлөгч учраас би маш их итгэдэг байсны улмаас нийт 299,995,000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, мөнгө өгсөн. Үүнээс 65,785,000 төгрөгийг мөнгө болон бүтээгдэхүүнээр өгсөн. Ингээд Б.Д, П.О нар нь надад өгөх ёстой төлбөрийн үлдэгдэл 234,215,000 төгрөгийн 120,000,000 төгрөгт дүйцүүлэн дээрх орон сууцыг миний өмчлөлд шилжүүлсэн.

2.2. Одоо тухайн байранд П.Оын төрсөн дүү П.Г, түүний эхнэр Ж.Догийн хамт амьдардаг бөгөөд орон сууцнаас гар гэхээр гарахгүй, зарах гэхээр хүнд үзүүлэхгүй өнөөдрийг хүрсэн.

2.2. Б.Маын тухайд, 88,000,000 төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 60,000,000 төгрөгт нь П.Оийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээр зээлсэн 100,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлж дуусгавар болгосон. Б.Маын 60,000,000 төгрөгийг П.О өөрөө аваад оронд нь 28 м.кв орон сууцыг Б.Давд өгсөн.

2.3. Б.Давгийн тухайд, алт авч монгол банканд тушаадаг алтны худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэг жил гаруй хугацаанд энэ асуудлаар харилцсан. Б.Давд төлөх 230,000,000 гаруй төгрөг бас цэцэрлэгт хүрээлэнгийн арын орон сууцыг Б.Дгийн хүүд авч өгсөн орон сууцны тооцоо ч ороогүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд, П.Отай ижил прокурор байсан бөгөөд уулзаад түүнд эвлэрэх санал гаргасан. Шүүхээс гарсан хөрөнгийн битүүмжлэлтэй холбоотой захирамж гарах үед шийдвэр гүйцэтгэлээс ярьж байна шүү гээд л загнадаг, ямар утас байна гээд шалгахаар Монголын өмгөөлөгчдийн холбооны утас байдаг. Өмгөөлөгч хүн ёс зүйн хувьд ингэж ярихгүй дээ, манай нутгийн хүүхэд байна уулзъя гээд бид хоёр 2 удаа уулзсан. Хариуцагчаас хариу тайлбартаа тусгасан жагсаалтыг талууд сууж байгаад тулгаж үзсэн. Ингээд бид нар тохироод авсан юмнуудаасаа 2, 3 ширхэгийг нь буцааж өгсөн. Тооцоо нь 234,000,000 төгрөг юм. Тухайн тооцоондоо дүйцүүлж өгсөн орон сууц юм.

2.4. Нөгөө талаар Б.Дд нотариатч эрх үүргийг тайлбарлаж байгаа. Б.Дд үнэндээ мэдэх юм байхгүй. П.О бүгдийг мэднэ. Орон сууцны үнийг нотариат дээр хоорондоо яриад 120,000,000 төгрөг болгосон. 200,000,00 сая орчим төгрөгийн үнэтэй орон сууц байсан. Үүнээс хойш ойр зуурын жижиг сажиг юм нэхээгүй. Хавтаст хэргийн жагсаалт дотор бүгд байгаа. П.О бид гурав сууж байгаад тооцоо хийсэн бүх юм нь байж байгаа.

2.5. Сөрөг нэхэмжлэлээр шаардаад байгаа орон сууцанд энэ өмгөөлөгч хүүхэн амьдарч байгаа. Дүүгийнх нь эхнэр. Банкны үл хөдлөхийн лавлагаанд хэзээ ч тэрийг барьцаанд тавиагүй тэр байшинг барьцаанд тавих гэж аваагүй. П.О хань нөхөртөө хэлэхэд хэцүү байсан байх би ойлгож байна. Тэгээд Б.Д мэдэхгүй юм чинь яах юм, тэр олон байртай хүн

Иймд Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Нэхэмжлэгчийн эхнэр буюу миний сайн найз П.О нь надаас авсан 300,000,000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, үнэт шигтгээ, бэлэн мөнгөнөөс 65,785,000 төгрөгийг мөнгө болон бусад хэлбэрээр төлсөн, үлдэгдэл 234,215,000 төгрөгт тооцон нэхэмжлэлд дурдсан орон сууцыг 2022 оны 5 дугаар сард өгөхөөр тохиролцож, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг нотариат дээр байгуулсан. П.Оийн хүсэлтээр 232,575,000 төгрөгийн өрийг 120,000,000 төгрөг тооцож, гэрээний үнийг тодорхойлсон. Гэрээний 3.2, 3.3-т төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн агуулгыг тодорхой тусгасан, гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх миний нэр дээр албан ёсоор шилжсэн, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш найз П.О орон сууцыг чөлөөлж өгнө гэдэг байсан боловч Б.Дг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл элдэв шалтгаан хэлж хойшлуулсан.

Иймд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 50 дугаар байр, 5 тоот, улсын бүртгэлийн Ү-22 дугаартай 3 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг Б.Дд даалгаж, орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

4.1. Нэхэмжлэгч Б.Д нь эхнэр Д.Одо, хариуцагч Б.Дав нарын өр авлагын асуудлыг огт мэдэхгүй. П. Одонтунгалаг, Б.Дав нарын өр төлбөрт өөрийн орон сууцаа оролцуулан шилжүүлсэн гэдэг зүйлийг анх удаа хариуцагчийн хариу тайлбараас олж мэдлээ. Эдгээр хоёр хүний өр төлбөрийн асуудалд нэхэмжлэгчийн нэхэмжлэл ямар ч хамааралгүй. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй барьцаа хөрөнгө нь хураагдах гээд байгаа учир дахин зээл авч барьцаа хөрөнгөө чөлөөлөхийн тулд орон сууцаа түр барьцаалуулаач гэдэг гуйлтын дагуу хамгийн анх Б.Давд барьцаанд тавих итгэмжлэл хийж өгсөн байдаг. Гэтэл тэрээр итгэмжлэлээр зээл өгөхгүй гэнэ, зээл авагчийн өөрийнх нь нэр дээр үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл олгоно гэнэ, буцаагаад өгчих юм чинь миний нэр дээр шилжүүлчих гэж хэлсэн. Тэр үед би эхнэртээ хэлээгүй хоорондоо ярьсан байх, угаасаа буцаагаад шилжүүлчих юм чинь гэж бодоод худалдах гэрээг хийсэн. Гэтэл эхнэрт энэ талаар огт хэлээгүй байсныг сүүлд мэдсэн. Хэрэв эхнэрийн өр төлбөрт өгч байгаа бол барьцаанд тавих итгэмжлэл өгнө гэж байхгүй. Мөн үнэхээр өр төлбөртөө өгсөн бол энэ 2 хүний хооронд өр төлбөрийн асуудлаараа тооцоо нийлж тохиролцсон зүйл байх ёстой байх. Гэтэл эхнэр П.О хариуцагчийн тайлбараас өр төлбөрийн болон орон сууцыг өр төлбөртөө шилжүүлсэн талаар уншиж мэдсэн. П.О гэрчээр оролцохдоо өөрөө бүгдийг нь тайлбарлана. Хариуцагчийн гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд бичсэн зүйл бол зөвхөн түүний өөрийнх нь бодож тооцоолж, зохион найруулсан зүйл гэж бодож байна. Түүний үндсэн нэхэмжлэлд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд тусгагдсан зүйлүүд нь хоорондоо зөрүүтэй байгаа нь бодит байдлыг гуйвуулж худал тайлбар өгч байна гэж үзэх үндэслэлтэй байна. Дүр үзүүлсэн хэлцэл хийж орон сууцыг шилжүүлж авчихаад одоо хууль бус эзэшлээс орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

4.2. Одоо тухайн байранд нэхэмжлэгч амьдардаггүй учраас чөлөөлөх боломжгүй. Хариуцагч бол маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч биш учраас түүнд шаардах эрх байхгүй. Улсын бүртгэлд бүртгүүлэн нэр дээрээ шилжүүлэн авсан хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл учраас уг маргаан шийдэгдээгүй тохиолдолд түүнийг хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй.

4.3. Хоорондоо тооцоо нийлсэн баримт байгаа гэдэг боловч ийм баримт хавтаст хэрэгт байхгүй. Үнэхээр өр авлагадаа шилжсэн бол гэрээний нөхцөл дээрээ юм уу гэрээ байгуулахаасаа өмнө ийм өр авлагатай юм байна шүү гээд тооцоо нийлээд, тооцоо нийлсэн акт дээрээ энэнд нь ийм юм өглөө, тэрэнд нь энэ орон сууцаа өглөө гэсэн ийм хэлцэл, буюу тооцоо нийлсэн зүйл байх ёстой. Гэтэл огт тийм зүйл байхгүй. Хавтаст хэрэгт байхгүй баримт гаргаж ирж байгаад л тооцоо нийлсэн шүү дээ гээд яриад байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, өрөндөө тооцоо нийлж өгсөн зүйл байхгүй. Тухайн үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлийн гэрчилгээгээр Б.Дгийн нэр дээр байгаа учраас энэ хөрөнгийг хэрхэн яаж захиран зарцуулах эрх нь Б.Дд байгаа гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Худалдах, худалдан авах гэрээ /хх-7/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-8/,

 

6. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Дансы хуулга /хх-50-69/, Худалдах, худалдан авах гэрээ /хх-70/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-71-72/, Эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-73/,

 

7. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт. Үүнд:  Хариуцагч Б.Давгээс ХААН банкны зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд /хх-85, 93-101/, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш маргаан бүхий Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 50 дугаар байр, 5 тоот хаягт байрлах, 79.91 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан бүртгэл бүртгэгдсэн эсэх болон одоо эцсийн байдлаар улсын бүртгэлд бүртгэлтэй өмчлөгчийн талаарх түүхчилсэн лавлагаа, хариуцагч Бо овогт Бан Дав/РД:...../-ийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, барьцааны гэрээ бүртгэгдсэн болон чөлөөлөгдсөн эсэх талаарх лавлагааг /хх-87-92/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-134-158/, Дамно ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-172-186/, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс хариуцагч Бо овогт Бан Дав/РД:...../-ийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-207-216/-ыг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б.Давд холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Б.Дг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоон, өмчлөх эрхийг буцаан нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ өөрийн эхнэр П.Оийн хүсэлтээр түүний найз Б.Давд тус болох зорилгоор орон сууцны өмчлөх эрхээ түр хугацаагаар, дүр үзүүлэн хийсэн хэлцлийн дагуу шилжүүлсэн. Эхнэр П.О нь өөрийн найз Б.Ма, Б.Дав нарыг танилцуулж, улмаар Б.Дав нь Б.Мат 100,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн боловч Б.Ма нь зээлээ хугацаандаа төлөөгүй асуудлаас болж Б.Дав нь манай эхнэр П.Оаас тухайн мөнгийг буцаан олж ирэхийг шаардаж, мөн ХААН банк ХК-аас авсан зээлээ яаралтай төлөх шаардлагатай байна, түр орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлчих, өөрийн нэр дээрх орон сууцаа банкны барьцаанаас чөлөөлөөд буцаагаад танай орон сууцыг чөлөөлөөд өгье гэж удаа дараа шаардсан байдаг. Энэ талаар буюу өөрийн найз Б.Давд туслах хэрэгтэй талаар эхнэр П.О надад хэлсний дагуу орон сууцаа барьцаанд тавих агуулга бүхий Итгэмжлэлийг Б.Давд хийж өгсөн боловч тэрээр хэд хоногийн дараа Итгэмжлэлээр орон сууцыг барьцаалж зээл авах боломжгүй байна түр нэр дээрээ шилжүүлж аваад буцаагаад удахгүй өгье гэсэн боловч одоо өөр асуудал яриад орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Дгийн эхнэр П.Отай сайн найзууд бөгөөд тэдгээр нь надад өгөх ёстой төлбөрийн үлдэгдэл 234,215,000 төгрөгийн 120,000,000 төгрөгт дүйцүүлэн дээрх орон сууцыг миний өмчлөлд шилжүүлсэн, Б.Ма нь зээлсэн мөнгөө хүүтэй нь төлж дуусгавар болгосон гэж татгалзсан байна.

 

4. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ нэхэмжлэгчийн эхнэр буюу миний сайн найз П.О нь надаас авсан 300,000,000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, үнэт шигтгээ, бэлэн мөнгөнөөс 65,785,000 төгрөгийг мөнгө болон бусад хэлбэрээр төлсөн, үлдэгдэл 234,215,000 төгрөгт тооцон нэхэмжлэлд дурдсан орон сууцыг 2022 оны 5 дугаар сард өгөхөөр тохиролцож, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг нотариат дээр байгуулсан. П.Оийн хүсэлтээр 232,575,000 төгрөгийн өрийг 120,000,000 төгрөг тооцож, гэрээний үнийг тодорхойлсон. Гэрээний 3.2, 3.3-т төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн агуулгыг тодорхой тусгасан, гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх миний нэр дээр албан ёсоор шилжсэн, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш найз П.О орон сууцыг чөлөөлж өгнө гэдэг байсан боловч Б.Дг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл элдэв шалтгаан хэлж хойшлуулсан... орон сууцыг Б.Дгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг даалгуулна гэж тайлбарлажээ.

 

5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дүр үзүүлсэн хэлцэл хийж орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, тухайн байранд Б.Д амьдардаггүй учраас чөлөөлөх боломжгүй, Б.Дав нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч биш учраас түүнд шаардах эрх байхгүй, улсын бүртгэлд бүртгүүлэн нэр дээрээ шилжүүлэн авсан хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл учраас уг маргаан шийдэгдээгүй тохиолдолд түүнийг хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй гэж татгалзсан байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Хэргийн 7 дах талд авагдсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 0076 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г нэг талаас худалдагч Б.Д, нөгөө талаас худалдан авагч Б.Дав нар байгуулж, уг гэрээгээр улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, 000512416 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол /16050/, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  дугаар байр,  тоот хаягт байршилтай, 79.91 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 120,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, худалдан авагч нь төлбөрийг бүрэн төлж дууссан талаар гэрээнд тусгасан байна.

 

3.2. Нэхэмжлэгч нь дээрх хэлцлийг байгуулсан үндэслэлээ Б.Дав нь орон сууцыг бусдад барьцаалж, өөрийн өр төлбөрийг дарснаар буцаан нэхэмжлэгчид шилжүүлнэ гэсэн гэж, хариуцагч нь нэхэмжлэгч болон түүний эхнэр П.Оийн хариуцагчид төлбөл зохих төлбөрийн үүрэгт орон сууцыг тооцож шилжүүлэн авсан гэх агуулгаар тус тус тайлбар гаргаснаас үзвэл, гэрээний талуудын хэн аль нь дээрх орон сууцыг 120,000,000 төгрөгийн дүнгээр худалдах, худалдан авах хүсэл зоригийг илэрхийлээгүй гэж үзэхээр байна.

 

3.3. Түүнчлэн, хэргийн 9 дэх талд авагдсан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0342 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл-ээр Б.Дгаас Б.Давд нэхэмжлэлд дурдсан орон сууцыг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, бичиг баримт хүлээн авах, лавлагаа хүсэх, хүлээн авах, барьцаанаас чөлөөлж, төлбөр тооцоо нийлэх, өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалагч этгээдээс гардан хүлээн авах, холбогдох бичиг баримтанд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг олгожээ. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн гаргасан эхнэрийн найзад тус болох зорилгоор орон сууцаа түр хугацаанд бусдад барьцаалуулах зорилгоор өмчлөх эрхийг шилжүүлсэн гэх агуулгаар гаргасан тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

3.4. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Пүрэ Одо, Б.Дав гэх хаягуудаар хоорондоо харилцсан фэйсбүүк чатад хийсэн үзлэгийн тэмдэглэлд, Б.Давгээс ...миний өр зээл аймар их байна энэ сардаа өгөхгүй бол зарлаа шүү... үгүй ээ одоо зөндөө харлаа шүү дээ... надаа хэцүү байнаа. Одоо энэ сар харлаа үгүй бол зарлаа...Чи надаас авсан шүү дээ 200 сая... Мандахад 100г өгөөд наад сууж байгаа байраа авсан юм билээ Мандах чинь хэлсэн... гэхэд П.О нь Чи миний орон сууцыг зараад яах вэ, Би чинь муу ч гэсэн хуульч өр ширийг нь төлүүлье гээд л явж байна. Би тиймээ зээлүүлчих гэж хэлсэн тэгснийхээ төлөө би тэр зээлийг хариуцах уу, Харин ч найз нөхөд хүн чанараа харуулж нөхрийнхөө орон сууцыг зээлийн барьцаанд тавиулж энэ хугацаанд нь Мандахаас төлүүлэх гэж зүтгэж байна... байнга даваа даваа гээд л хэлээд арга эвийг нь олоод төлүүлчих гээд... ёстой хэлсэн үг хийсэн үйлдлээ бодоод миний найз гээд нөхрийн нэр дээрх орон сууцыг барьцаанд тавь гэж над шиг хожим нь барьцаанд тавиулах хүн байхгүй байх. Чи намайг дарамталж би Мандахыг аргадаж бас л зовж байна...200 сая, Чи ийм бодолтой надаас байр барьцаанд авчээ... би тэр авсан мөнгө эд зүйлээ банкны баримт тооцоо нийлсэн актаар төлье... өрөө өгөөд би байраа авая... гэх байдлаар харилцсан нь тусгагдаж, бэхжигдсэн.

 

Дээрх фэйсбүүк хаягууд нь гэрч П.О болон хариуцагч Б.Дав нарынх мөн, биш эсэх талаар талууд маргаагүй тул тэдгээрийн хооронд харилцсан яриа гэж шүүх дүгнэж, үнэлсэн болно.

 

Тодруулбал, дээрх үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан харилцсан ярианы агуулгаас үзвэл, нэхэмжлэгчийн эхнэр П.О нь хариуцагч Б.Давд өр төлбөртэй, Б.Дав нь дээрх орон сууцыг нэхэмжлэгчээс 120,000,000 төгрөгөөр худалдан аваагүй үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Б.Дав нь энэ сардаа өгөхгүй бол зарлаа шүү гэснээс үзвэл, аливаа төлбөрийн үүргийг шаардаж байгаа буюу орон сууцыг өөрөө шууд бусдад худалдах эрхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

 

4. Дээрх тогтоогдсон үйл баримтуудаар нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан бусдад барьцаалаад буцаагаад өмчлөх эрхийг нь шилжүүлэх тухай хүсэл зоригийг нууж, дүр үзүүлэн худалдах, худалдан авах гэрээг хийсэн гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн хувьд, маргаан бүхий орон сууцны үнэ 120,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Дд төлсөн эсхүл түүнээс болон түүний эхнэрээс авах ёстой авлагад тус орон сууцыг тооцож авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Маргаан бүхий 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 0076 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-ний талууд нь орон сууцыг худалдах, худалдан авах буюу өмчлөх эрхийг 120,000,000 төгрөгөөр хариуцагчид шилжүүлэх зорилгоор бус харин хариуцагч тухайн хөрөнгийг бусдад барьцаалж, зээл авах зорилгыг бий болгохын тулд хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна.

 

Иймд талуудын хооронд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 0076 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.

 

Хариуцагч Б.Давгийн нэр дээр өмчлөх эрх шилжүүлэх болсон хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдсон тул тухайн хэлцлээр шилжүүлэн авсан өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Дгийн нэр дээр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин Б.Дав нь нэхэмжлэгчийн эхнэр П.Оаас авах ёстой төлбөртэй гэх асуудлаар шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

 

5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Уг шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч шаардлага гаргах эрхтэй байхаас гадна шаардлагыг биелүүлэх этгээд нь эзэмшигч байх, түүний эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэгжүүлнэ.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Дав нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч биш талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дүгнэсэн тул маргаан бүхий орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхгүй байна.

 

Иймд Б.Дгийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 898,350 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 898,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3-т тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Д, Б.Дав нарын хооронд байгуулагдсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 0076 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол /16050/, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  дугаар байр,  тоот хаягт байршилтай, 79.91 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Юн овогтой Ба Да/РД......./-г бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дд холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай хариуцагч Б.Давгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 898,350 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 898,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдв.эрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ