Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 317/ШШ2025/00721

 

 

 

 

 

                     2025       05         28

                      317/ШШ2025/00721

                             

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** тоотод оршин суух, Б*** овогт Ө***н Т*** /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** баг*** үйл ажиллагаа явуулах, Т*** ХХК /РД:***/-д холбогдох,

урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 55,431,870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ө.Т***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д***,

Хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***,

Нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Т*** шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Ө.Т*** миний бие Т*** ХХК-ийн Захиргаа удирдлагын албанд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны хэлтсийн даргаар ажилд орсон бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Захиргаа удирдлагын газарт Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргаар 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилласан. 2022 онд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой шинэчлэн байгуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Т ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн "Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" *** дугаар тогтоолоор Захиргаа удирдлагын газрын Захиргааны хэлтэс, Хүний нөөц, сургалтын хэлтэс нэгдэж нэг хэлтэс болсон. Тус тогтоолын хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Захиргааны хэлтсийн дарга Ж.Ө*** болон Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Ө.Түмэн- Эрдэнэ миний бие мэдэгдэл хүлээн авч Ж.Ө***ыг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Гүйцэтгэх захирлын дэргэдэх Зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралд Хуулийн хэлтсээс Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2023 оны *** дугаар тогтоолоор компаний бүтэц, орон тоог шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэгдэж нийлсэн хэлтэс, нэгжийн удирдлагыг гүйцэтгэх захирлын 2023 оны *** дүгээр тушаалаар батлагдсан Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүрээнд дотоод сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, тус шалгаруулалтыг уг журмын 6 дугаар зүйлд зааснаар зохион байгуулах нь хууль зүйн үндэслэлтэй талаар танилцуулж, ажлын хэсэг гарган ажиллахаар шийдвэрлэсэн. Гэтэл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгээс дараах байдлаар холбогдох журмыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан.

Үүнд: 1. Сонгон шалгаруулалтыг "Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам"-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүрээнд бус 5.2 дэх хэсэгт заасан ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.

2. Журмын 3.2-т Компанийн сул орон тоог ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэдлэг, туршлагын болзол хангасан ажиллаж байгаа үндсэн албан хаагчдаас нөхөх, шилжүүлэн томилох, хавсран гүйцэтгүүлэх боломжтой бол олон нийтэд зарлахгүй гэсэн заалтыг зөрчсөн.

3. Ажлаас чөлөөлөгдөөгүй байхад 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нээлттэй зарлаж, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирал болон ажлын хэсгийн даргад гаргасан миний хүсэлтээс санаа авч, 2024 оны 3 сарын 29-ний өдөр авах шалгалтаа хойшлуулж, тухайн өдөр нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг. /Энэ талаар 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирал болон ажлын хэсгийн даргад хүсэлт гаргасан боловч одоог хүртэл хариу өгөөгүй. Гүйцэтгэх захирал 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар тушаалаар намайг Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс чөлөөлсөн шийдвэр гаргасан/.

Т*** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэж заасныг баримтлан намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болно. Т*** ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн "Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" 42 дугаар тогтоолоор Захиргаа удирдлагын газрын Захиргааны хэлтэс, Хүний нөөц, сургалтын хэлтэс нэгдэж Захиргаа, хүний нөөцийн хэлтэс болсон. Нэгж татан буугдаагүй, ажлын байр хасагдаагүй, ажлын чиг үүрэг байхгүй болоогүй. Тиймээс Захиргааны хэлтсийн дарга Ж.Ө*** болон Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Ө.Т*** нарыг дотоод сонгон шалгаруулалтад оруулах байсан. Т*** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны *** дүгээр тушаалаар батлагдсан “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүрээнд дотоод сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүй тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 55,431,870 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд ажилтан миний Хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан эрхийг хамгаалан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.  

Хариуцагч Т*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоолоор байгууллагын орон тоо, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажлын байр хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу мэдэгдэх хуудас өгч, зохих тэтгэмжийг олгож, Ө.Т***н  хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ө.Т*** өөрөө мэдэгдэлд гарын үсэг зурж баталгаажуулсан. 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ө.Т*** нь гүйцэтгэх захирал Ц.Д***д хүсэлт гаргасан байсан. Энэ хүсэлт нь сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт хамааралгүй, гүйцэтгэх захиралд гаргасан хүсэлт байсан бөгөөд ажлын хэсэг нь тухайн хүсэлтийг шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Өмнөх хуралд Төлөөлөн удирдах зөвлөлийн Дотоод аудитын газрын хэрэгжүүлэх журам, баримтлах чиг үүргийг хэрэгт гаргаж өгсөн. Уг журмын дагуу тус нэгж нь хагас жил, жилийн эцэст төлөвлөгөөт аудитыг компанийн нийт газар, нэгжид хийх эрх бүхий этгээдүүд байдаг. Энэ нэгжээс гаргасан дүгнэлтээр Ө.Т*** нь хангалтгүй ажиллаж байсан гэдэг нь тогтоогддог. Компанийн албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, дотоод дүрэм, журамд заасны дагуу гүйцэтгэх захирлын гаргаж байгаа тушаал, шийдвэрийн үндэслэлийг хянах, зөвлөх үүрэгтэй. Гэтэл дотоод аудитын газрын дүгнэлтээр хүний нөөцийн чиглэлээр гаргасан 2280 ширхэг тушаалыг шалгахад тушаалын үндэслэл хүчин төгөлдөр бус, тушаалыг бүрэн гаргаагүй, хэвлэмэл хуудас, тамга, баталгааны тэмдгийг зохих ёсоор хэрэглээгүй, тушаалыг хадгалахад зөрчил үүссэн зэрэг Хөдөлмөрийн тухай хууль болон Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль, журам, Компанийн дотоод журмын заалтыг зөрчсөн олон алдаа, дутагдал гарган ажиллаж байсан нь тогтоогддог. Гэвч компанийн зүгээс энэ хүний цаашдын хөдөлмөрлөх эрхийг бодож, эрх зүйн байдлыг нь дордуулахгүйн үүднээс тухайн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах боломжтой байсан ч шийтгэл оногдуулахгүйгээр цаашид сонгон шалгаруулалтад оролцуулах талаар дүгнэлт гаргаж өгөхийг гүйцэтгэх захирал компанийн Дотоод аудитын хэлтсээс хүссэн. Мөн энэ үед нэхэмжлэгчид цалин хөлсийг нь олгосон байхад яагаад нэхэмжлэл гаргаад явж байгаа нь ойлгомжгүй байна. Хавтаст хэргийн 108 дугаар хуудсанд Ө.Т***н компанийн гүйцэтгэх захиралд гаргасан хүсэлт байгаа. Ө.Т*** 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх захиралд хандаж шинээр бий болсон нэгжийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж өгөх талаар хүсэлт гаргасан. Гүйцэтгэх захирал тухайн асуудлын хүрээнд нэгжийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ж.Ө***, Ө.Т*** нарын дунд сонгон шалгаруулалт явуулах талаар судалж, удирдах зөвлөлийн хуралд танилцуулахыг даалгаж, хуулийн хэлтэст шилжүүлсэн. Хуулийн хэлтсээс тухайн ажилд тус компанийн сонгон шалгаруулах журмын 5.1-д зааснаар сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулга хийсэн. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ж.Ө*** болон Ө.Т*** нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасныг удирдлага болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгсөнЗахиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ө*** нь цаашид ажиллахгүй, чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, сонгон шалгаруулалтад оролцохгүй гэж мэдэгдсэн. Харин Ө.Т*** нь бүтэц орон тоог цомхотгож ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг авсан байсан. Ө.Т***г ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гарсан. Иймд хүсэлт гаргагч сонгон  шалгаруулалтын журмын 5.1-д зааснаар сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд ажлын хэсэг сонгон шалгаруулалтын  журмын 5.2-ыг үндэслээд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Ө.Т*** 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдлийг авснаас хойш 30 хоног ажил үүргээ гүйцэтгээгүй. Ажлын хэсэг ажил горилогчдоос материал ирүүлэхийг шаардсан. Одоо ажил горилогчдоос ирүүлсэн материалыг задлаагүй байгаа бөгөөд журмын 4, 5-д зааснаар материалаа бүрэн ирүүлээгүй оролцогчдыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй байх талаар мэдэгдсэн байна. Энэ нь мөрдөж байгаа журмыг танилцуулсан үйлдэл гэж үзнэ. Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байрны горилогчид тавигдах шаардлагад мэргэжлээрээ 5 жил, түүнээс дээш, тус мэргэжлийн чиглэлээр 3 жил ажилласан байх, урд өмнө болон одоо ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага татагдаж байгаагүй гэдэг шаардлага тусгасан байна. Энэ шаардлагыг ажил горилогч хангаж буй эсэхийг Е-Монголиа/E-Mongolia/ мэдээллийн сангаас урьд өмнө болон одоо ял шийтгэл эдэлж байгаа эсэх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолтыг харах бүрэн боломжтой. Ажил горилогчид хүндрэл учруулахгүйн үүднээс өмнө нь ажиллаж байсан байгууллагаас тодорхойлолт авахгүйгээр мэдээлэл лавлагааны бичиг баримт болох ажиллаж байсан байгууллагын удирдах ажилтны томилсон, чөлөөлсөн, ажлын байрын тодорхойлолтыг нотлох баримт болно гэж үзэж тус 2 ажилтнаас шаардсан. Иймээс сонгон шалгаруулалтын журмын 5.1-т зааснаар дотоод сонгон шалгаруулалт зарлаагүй нь нотлогдож байна. Дотоод сонгон шалгаруулалт явуулах боломжгүй байгааг нэхэмжлэгчийн дугаарт ахлах хуулийн мэргэжилтэн С.М буюу ажлын хэсгийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн талаар хавтаст хэрэгт хавсаргасан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хуульд нийцээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д*** шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

            Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор хэлэхэд дотоод сонгон шалгаруулалт явагдах ёстой байсан нь тодорхой байна. 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэх хуудас авсан. Сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсэг нь дотоод сонгон шалгаруулалт явуулья гэдэг. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл холбогдох бичиг баримтуудыг авсан байна. Нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлээд явж байхад зарласан сонгон шалгаруулалтаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэдэг мэдэгдлийг С.М гэх албан тушаалтнаас албан ёсоор мэдэгдсэн байдаг. Үүнээс хойш сонгон шалгаруулалт болсон талаарх мэдэгдэл хавтаст хэрэгт байхгүй. Яагаад нээлттэй сонгон шалгаруулалт зарласан эсэхийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тодруулах хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг нь шийдээгүй байхдаа ажлаас чөлөөлсөн нөхцөл харагдаж байна. Сонгон шалгаруулалт явуулаагүй байхдаа Ө.Т***г ажлаас чөлөөлсөн байна. Сонгон шалгаруулалтын явцтай холбоотой өргөдөл хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэх боломжтой гэж байгаа боловч 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сонгон шалгаруулалт явуулах эрх зүйн акт гаргаагүй байна. Тухайн ажлын байрыг  цөөрүүлсэнтэй холбоотойгоор 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үе шаттайгаар бууруулах байсан. Ө.Т***г 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай албан ёсны мэдэгдэл байхгүй байна. Тухайн ажлын байр нь өнөөдрийг хүртэл нэршил нь өөрчлөгдсөн зүйлгүй байгаа. Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаал хэвээр байгаа. Ажлын байрны нөхцөл өөрчлөгдөөгүй харагдаж байна. Нэхэмжлэгч энэ ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ илэрхийлж байсан байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэв.   

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хх-ийн 1-4/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 5/, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолт /хх-ийн 6/, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай Т*** ХХК-ийн гүйцэтгэх захирлын Ө.Т***г туршилтаар ажиллуулах тухай тушаал /хх-ийн 7/, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай Т*** ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 8-9/, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай Т*** ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд томилох тухай тушаал /хх-ийн 10-11/, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай “Ө.Т***н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал /хх-ийн 12/, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 13-21/, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 22-30/, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн  2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох цалингийн тооцоолол /хх-ийн 31-32/, Т*** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дугаартай тушаалын хавсралт Т*** ХХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам /хх-ийн 33-40/, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрүүлэх зохицуулалтын талаар танилцуулга /хх-ийн 41/, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ө.Т***н хүсэлт /хх-ийн 42-43/, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Т*** ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан өргөдөл, гомдол /хх-ийн 44-45/, Т*** ХХК-ийн өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 46-47/, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 24/01 дугаартай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх-ийн 49-50/, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Төв аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол /хх-ийн 52-54/, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Төв аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол /хх-ийн 55-57/, Ө.Т***н гомдолд Төв аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны гишүүн Д.О***н цахимаар өгсөн хариу /хх-ийн 58/, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Төв аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол /хх-ийн 59-61/, өргөдөл, гомдлын хүснэгт /хх-ийн 62-63/, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүртгэл хяналтын карт /хх-ийн 64/, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр /хх-ийн 65-69/, Ө.Т***н 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан өргөдөл /хх-ийн 70/, дуудлагын түүх /хх-ийн 71-74/, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 75-77/, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 90/ зэргийг шүүхэд ирүүлсэн. 

Хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/168 дугаартай итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/302 дугаартай журам батлах тухай гүйцэтгэх захирлын тушаал,  2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/302 дугаартай тушаалын хавсралт, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай Т*** ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дүрэм, журам батлах тухай тогтоол,  түүний 1,2 дугаар хавсралт, Т*** ХХК-ийн гүйцэтгэх захирлын “Б” тоот тушаалын хэрэгжилт шалгасан аудитын ажлын тайлан, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Зөвлөмжийн тайлбар хүргүүлэх тухай илтгэх хуудас, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/428 дугаартай Ж.Ө***ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаартай компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаартай “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” Т*** ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ө.Т***н “Т***” ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар /хх-ийн 108-109/, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн сонгон шалгаруулалттай холбогдуулан ирүүлсэн хүсэлтийн талаарх дүгнэлтийн хуулбар /хх-ийн 110-112/, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай Гүйцэтгэх захирлын А/120 тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсэг”-ийн сонгон шалгаруулалтын тэмдэглэл /хх-ийн 113-118/, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай Гүйцэтгэх захирлын А/120 тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсэг”-ийн хуралдааны хурлын тэмдэглэл /хх-ийн 119-122/, зар, тов мэдээлсэн тухай баримт /хх-ийн 123-127/, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/426 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 128-129/, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/181 дугаартай ажлын байрны тодорхойлолт батлах тухай тушаалын хуулбар /хх-ийн 130/, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/120 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаалын хуулбар /хх-ийн 131/, сонгон шалгаруулалт хойшилсон тухай мэдээлсэн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 132/, захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалтын зарын хуулбар /хх-ийн 133-134/, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-ийн 135-140/, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/296 дугаартай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулах тухай захирлын тушаалын хуулбар /хх-ийн 141/, Т*** ХХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам /хх-ийн 142-145/, сонгон шалгаруулах үнэлгээний хуудсын хуулбар /хх-ийн 146-149/, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/264 дугаартай журам батлах тухай тушаалын хуулбар /хх-ийн 150-156/, Ө.Т***н 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Т*** ХХК-д гаргасан өргөдлийн хуулбар /хх-ийн 157/ зэрэг нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.  

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Т*** нь Т*** ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 55,431,870 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

            2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

            3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

            “... Т*** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/426 дугаар тушаалаар намайг Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 буюу “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэж заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болно. ... “Т***” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны А/264 дүгээр тушаалаар батлагдсан “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам"-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүрээнд дотоод сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ёстой байтал дотоод биш нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.    

            4. Хариуцагч Т*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: 

            “... Нээлттэй сонгон шалгаруулалт зарлахдаа Ө.Т***н эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс нэхэмжлэгчид боломж олгох үүднээс Төлөөлөн удирдах зөвлөлд хандсан. Дотоод сонгон шалгаруулалт явуулах боломжгүй байгааг нэхэмжлэгчийн дугаарт ахлах хуулийн мэргэжилтэн С.М буюу ажлын хэсгийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар тогтоолын дагуу орон тоо, бүтцийн  өөрчлөлтийг хийсэн бөгөөд ажлын байр хасагдсан тул зохих тэтгэмжийг өгч хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэв.    

            5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож  байна. 

            5.1. Т*** ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Д*** нь Ө***н Т***тэй 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулж, Ө.Т***г Т*** ХХК-ийн хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын үүрэгт ажилд томилсноор талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, гэрээний хавсралт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 13-21 дүгээр тал/  

            5.2. Ө***н Т***г Т*** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/426 дугаар тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 83 дугаар зүйлийн 83.2, 110 дугаар зүйлийн 110.3, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4.2.1 дэх заалтыг тус тус баримтлан “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хх-ийн 12 дугаар тал/  

            5.3. Ө.Т*** нь түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээж аваад эс зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Т*** ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан байх ба тус комиссын шийдвэрийг мөн эс зөвшөөрч Төв аймгийн Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан, хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн, хуулийн хугацаанд гомдол гаргасан байх тул түүний гомдлыг шүүх  хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

            6. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд: 

            6.1. Т*** ХХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаартай “Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тогтоолоор тус компанийн Захиргаа, удирдлагын газрын Захиргааны хэлтэс, Хүний нөөц, сургалтын хэлтэс гэсэн 2 хэлтсийг нэгтгэж “Захиргаа, хүний нөөц, сургалтын хэлтэс” болгон нэрийг өөрчилсөн байна.  /хх-ийн                  /             

            6.2. Үүнтэй уялдуулан Т*** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А/120 дугаар тушаалаар өөрчлөн нэгтгэсэн “Захиргаа, хүний нөөц, сургалтын хэлтэс”-ийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна. /хх-ийн 131/  

            6.3. Нэхэмжлэгч Ө.Т*** нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Т*** ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Д***д болон тус ажлын хэсэгт хандан дээрх “Захиргаа, хүний нөөц, сургалтын хэлтэс”-ийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа компанийн “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтын хүрээнд дотоод сонгон шалгаруулалт явуулах журамтай байгааг, мөн тус ажлын хэсэг энэ журмыг зөрчиж нээлттэй сонгон шалгаруулалт зарласныг цуцлуулах талаар хүсэлт гаргасан байна.  /хх-ийн 42-43 /   

            6.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т: “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж,

            Т*** ХХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ын 3.2-т “Компанийн сул орон тоог ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэдлэг, туршлагын болзол хангасан ажиллаж байгаа үндсэн албан хаагчдаас нөхөх, шилжүүлэн томилох, хавсран гүйцэтгүүлэх боломжтой бол олон нийтэд зарлахгүй” гэж,  

            журмын 5.1.1-д “Компанийн сул орон тоог ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэдлэг, туршлагын болзол хангасан Т*** ХХК-ийн ажилтнуудад нээлттэй байдлаар сонгон шалгаруулалт явуулж болно”, 5.1.2-т “Компанийн удирдах албан тушаалд ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэдлэгийн шалгуур хангасан, ажилласан туршлагын 50-аас дээш хувийн болзол хангасан үндсэн ажилтныг шатлан дэвших зарчмаар албан тушаал дэвшүүлэн томилж болно” гэж тус тус заасан.   

            6.5. Гэтэл Т*** ХХК-ийн гүйцэтгэх захирал болон “Захиргаа, хүний нөөц, сургалтын хэлтэс”-ийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг нь нэхэмжлэгч Ө.Т***н дээрх хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр түүнийг ажлаас чөлөөлж, албан тушаалын сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон тус компанийн “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-д нийцээгүй байна.  

            6.6. Иймд нэхэмжлэгч Ө.Т***г урьд эрхэлж байсан Т*** ХХК-ийн хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.  

            7. Ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд: 

            7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй”, 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж заасан. 

            7.2. Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Т*** ХХК-ийн хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн. 

            7.3. Нэхэмжлэгч Ө.Т*** шүүхийн хэлэлцүүлэгт “... тойрох хуудсаа зуруулаад 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл тус компанид ажилласан. ... 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөр ажилд буюу төрийн албанд томилогдсон. Иймд 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Т*** ХХК-аар нөхөн төлүүлнэ” гэж тайлбарлаж байна.  

            7.4. Иймд нэхэмжлэгч Ө.Т***н 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тус шимтгэлийг төлснийг баталгаажуулахыг хариуцагч Т*** ХХК-д даалгах үндэслэлтэй байна. 

            8. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 55,431,870 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:  

            8.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан. 

            8.2. Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Т*** ХХК-ийн хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн. 

            8.3. Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт “... 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Т*** ХХК-д ажилласан. ... 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөр ажилд буюу төрийн албанд томилогдсон. Иймд 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 55,431,870 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.   

            8.4. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно”,  2.3.5-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор” гэж заасан.   

            8.5. Нэхэмжлэгч Ө.Т***г Т*** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/426 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул түүний дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо нэхэмжлэгчийн бүтэн ажилласан сүүлийн 3 сар буюу 2023 оны 12 дугаар сар, 2024 оны 01 дүгээр сар, 2024 оны 02 дугаар саруудын цалин хөлсний дунджаар тооцох нь зүйтэй гэж үзэв.  

            8.6. Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сард 9,079,335 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сард 4,942,143 төгрөгийн, 2024 оны 02 дугаар сард 4,085,549 төгрөгийн цалин тус тус авсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-оор тогтоогдож байна. /хх-ийн 22-30/  

            8.7. Иймд нэхэмжлэгчийн 2023 оны 12 дугаар сарын цалин 9,079,335 төгрөг,  2024 оны 01 дүгээр сарын цалин 4,942,143 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын цалин  4,085,549 төгрөгийг тус тус хооронд нь нэмж, нийт 18,107,027 төгрөг гарсныг 3 сард хувааж, нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалинг 6,035,675.6 төгрөг гэж тооцсон болно.   

            8.8. Нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардаж байх тул нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 6,035,675.6 төгрөгийг түүний ажилгүй байсан найман /8/ сараар үржүүлж, /6,035,675.6 х 8 = 48,285,405 төгрөг/  нэхэмжлэгч Ө.Т***н ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нийт 48,285,405 /Дөчин найман сая хоёр зуун наян таван мянга дөрвөн зуун таван/ төгрөг гэж тооцов.     

            9. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ө.Т***г урьд эрхэлж байсан Т*** ХХК-ийн хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, түүний 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тус шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах, мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 48,285,405 /Дөчин найман сая хоёр зуун наян таван мянга дөрвөн зуун таван/ төгрөгийг  хариуцагч Т*** ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,146,465 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

            10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т*** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 469,577 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Б*** овогт Ө***н Т*** /***/-ийг урьд эрхэлж байсан Т*** ХХК-ийн хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож,  түүний 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Т*** ХХК-д даалгасугай.      

            2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар  нэхэмжлэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 48,285,405 /Дөчин найман сая хоёр зуун наян таван мянга дөрвөн зуун таван/ төгрөгийг  хариуцагч Т*** ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Ө.Т***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,146,465 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т*** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 469,577 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.  

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.         

 

                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОТГОНЧУЛУУН