Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 317/ШШ2025/00546

 

 

                  

 

 

                   2025        04           21  

 

 

 

    317/ШШ2025/00546

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Б.Марина нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** тоотод оршин суух, *** овогт Ч*** У*** /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, *** сум,  *** багт оршин суух, *** овогт С*** Ц*** /РД:***/,

Хариуцагч: Төв аймаг, *** сум,  *** багт оршин суух, *** овогт С*** Э*** /РД:***/ нарт холбогдох,

Гэм хорын хохиролд С.Ц***оос 5,410,714 төгрөг, С.Э***аас 10,821,427 төгрөг тус тус гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.У***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О***,

Хариуцагч С.Ц***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б***,

Хариуцагч С.Э***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О***,

Нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг .

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч Ч.У*** шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

“2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр малчин С.Э***ын хориод тооны үхэр, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр малчин С.Ц***ийн ямаа, хонь тариалангийн талбайд орж, 0.8 га байцаа тарьсан талбайг сүйтгэсэн. Энэ талаар сумын  Хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н.О***д хэлж газар дээр нь дуудан шалгуулахад сумын орлогч дарга н.Б***, газрын даамал н.Д*** гэх гурван хүний бүрэлдэхүүнтэй комисс ирж шалгаад хэмжилт хийлгүйгээр талбайн гуравны хоёроор хохирлыг авлаа гээд "Өргөдлөө араас аваад очоорой гэж хэлчхээд явсан”. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөдөл хүлээн авах ёстой Н.О*** олдохгүй, хажуу ширээний мэргэжилтний хэлснээр ширээн дээр нь өргөдлөө орхиод гарсан. Н.О*** 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажлаа хийсэн байтал уг өргөдлүүдэд акт, дүгнэлт бичээгүй, ажлаа өгсөн хүндээ хүлээлгэж өгөөгүй, ажлыг нь хүлээж авсан н.О*** ширээг нь уудалж байгаад ширээн дотроос нь олсон гэж яриад байгаа. Бид үнэхээр аргаа бараад 111 дугаарт гомдлоо мэдүүлэхэд улсын ХАА-н мэргэжилтэн 99063631 дугаараас холбогдож *** сумын орлогч даргад үүрэг өгч, ХАА-н мэргэжилтэн н.О***, байгаль орчны байцаагч н.Ц***, газрын даамал н.Д*** нар нь газар дээр ирж хэмжилт хийгээд 0.58 га газар талхлагдаж хохирол учирсан байна гэсэн дүгнэлт гаргасан. Иймд сумын ЗДТГ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоосон хохирол 5,410,714 төгрөгийг С.Ц***оос, 10,821,427 төгрөгийг С.Э***аас тус тус гаргуулж өгнө үү” гэв. 

2.-Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О*** шүүх хуралдаанд гаргасан тайлбар,  дүгнэлтдээ:

“Малчин С.Э*** болон С.Ц*** нарын гэм буруутай үйлдлийн улмаас Ч.У***ийн тариалангийн талбайд мал орж сүйтгэгдсэн болох нь 2023 оны 08 дугаар сарын 17 болон 31-ний өдөр гаргасан өргөдөл, Тамгын газрын иргэдийн танхимд болсон хурлын тэмдэглэл, гэрч Н.Х***, Н.О*** нарын мэдүүлгүүд мөн 2023 оны нийт учирсан хохирлыг гаргасан дүгнэлт, мөн *** сумын ЗДТГ-ын ажлын хэсгийн 2024 оны 05 сарын 10-ны өдөр гаргасан дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ярьж байгаагаар дүгнэлт нь тус тусдаа гараагүй, Ч.У*** очиж хэлснээр тус тусад нь гаргасан байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үндэслэлгүй гэж ярьж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Шүүхээс биш өмгөөлөгч миний хүсэлтээр *** сумын Засаг даргын томилсон ажлын хэсэг дахин тус тусад нь дүгнэлт гаргасан.  Яагаад ингэж малчин тус бүрээр гаргуулах болсон шалтгааныг тайлбарлаад байгаа. Иргэдийн хурлын тэмдэглэл, ажлын хэсэгт сумын Засаг даргын Тамгын газрын мал аж ахуй болон байгаль орчны мэргэжилэн, газрын албаны мэргэжилтэн нар ажлын хэсэг байгуулаад тус бүр дээр дүгнэлтүүд гаргах ажил хийж байгаад тухайн үед амраад амраад явцгаасан. Дүгнэлтээ гаргахгүй удаасан. Ч.У*** 111-т дүгнэлт гаргаж өгөхгүй байна хандсаны дагуу Сумын засаг дарга руу энэ хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлээч гэж ярьсны дагуу ажлын хэсэг нь дахиж ажиллаж дүгнэлтийг нийт 16.232.141 төгрөгөөр гаргасан байдаг. Энэ хоёр малчны орсон малын хэмжээгээр тус тусад нь дүгнэлт гарсан дүгнэлт нь үндэслэлтэй. С.Э***, С.Ц*** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр санал гомдлоо гаргах боломж байсан. Энэ дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлт учраас энэ дүгнэлтийг үндэслэж Ч.У***т учирсан хохирлыг хариуцагч тус бүр дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн Н.О*** тухайн үедээ ажиллаж байсан. Дараа нь ажлаас гарсан мөртлөө дүгнэлт дээр гарын үсэг зурсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаад байна. Н.О*** нь тухайн үедээ ажлын хэсэг байгуулагдахад ажиллаж байсан учраас дүгнэлтээ гаргах боломжтой. Дараагийн орсон албан тушаалтан мэдэхгүй юман дээр дүгнэлт гаргах боломжгүй. Н.Х***ы хувьд өргөдөл гаргах хүн мөн үү гэсэн зүйлийг хэлдэг. Ч.У***н хүү Н.Х*** нь тухайн үедээ тариалангийн талбайд бие дааж ажиллаж байсан. Н.Х*** нь Ч.У***ийн хүү учраас ээжтэйгээ хамтран тариалангийн талбайд ажиллаж байсан учраас өргөдөл гаргасан. Малчид нь тариалан эрхлэгчдийг гадуурхдаг байсан гэдгийг хэлдэг. Н.Х***ы хувьд тариаланч мөн. Заавал Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхыг шаардахгүй. Төрөл садангийн холбоотой гэдгийг шинжлэн судлуулсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. С.Э***, С.Ц*** нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан болох нь тогтоогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.    

3. Хариуцагч С.Ц***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хонь, ямаагаа тариалангийн талбайд оруулсан гэсэн үндэслэлээр С.Ц***оос 5,410,714 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж ойлгож байна.  С.Ц***ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сумын ЗДТГ-ын ажлын хэсгийн дүгнэлт дээр тодорхой байгаа, 0,8 га талбайд тариалалт хийсэн боловч 0,2 га газар нь хашаатай, үлдсэн хэсэг нь хашаагүй гэсэн байдаг. Нэхэмжлэгч тариалалт эрхэлж байгаа бол талбайгаа хашаажуулах ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байна гэдгийг ажлын хэсгийн дүгнэлт дээр дурдсан байдаг. Нэхэмжлэгч өөрийнхөө үүргийг биелүүлээгүй байж бусдаас хохирол нэхэмжлэх боломжгүй юм. Манайх малаа байнгын хариулгатай байлгадаг. Хашаагүй талбайд айл бүрийн мал орж иднэ. Гэтэл энэ 2 айлыг онцлоод 16,232,141 төгрөг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Талбайгаа хашаажуулаагүй, байнгын харуул хамгаалалтгүйгээс талбайд нь мал орсон байдаг. Тариалалтын үйл ажиллагаа хэцүү, хүнд гэж ярьж байна. Мэдээж амаргүй гэдгийг мэдэж байна. Миний хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа хүн. Тариалалтын талбай дээр очиж үзэх шаардлага байхгүй. Талбайд нь хонь, ямаа ороод дахиад үхэр ороод байхад байнгын харуул хамгаалалттай байлгаж хашаажуулахгүй  яасан юм бэ? Хэн тэр малыг тууж оруулсан юм бэ? Тууж оруулаагүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт ажлын хэсгийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Ажлын хэсэг нь очиж газар дээр нь хэмжилт хийгээгүй, зүгээр амаар хэлснээр нь бичээд дүгнэлтээ нөхөж гаргасан байдаг. 0,2 га газрыг хашсан бусад нь хашаагүй гээд дүгнэлтэнд бичсэн байдаг. Ажлын хэсгийн дүгнэлт тэр чигээрээ үндэслэлтэй байна гэж ойлгоод нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэх нотлох баримт болгож байгаа гэж ойлгож байна. Тэгсэн мөртлөө талбайгаа хашаалсан хашаалаагүй хамаагүй гэж яриад байна. Хамгийн их хамаатай. Тариалангийн тухай хуульд тариалан эрхлэгчийн үүргийг заасан байна. Талбайгаа хашаалах ёстой, гэтэл хашаалах үүргээ биелүүлээгүй байж яагаад бусдаас хохирол нэхэмжлээд байгаа юм бэ? Өөрийнхөө үүргийг биелүүлж байж бусдаас хохирол нэхэх ёстой. 0,8 га хашаалсан талбайд тариалалт хийгээд үүргээ биелүүлсэн байхад эдгээр малчдын мал орж сүйтгэсэн бол өнөөдөр хэлэх үг алга. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлтэнд ихэнх хэсгийг нь хашаалаагүй гэж бичсэн байна. Өмнөх саналаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэв.   

4. Хариуцагч С.Э***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

“Ч.У***ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлдээ 10,821,427 төгрөгийг С.Э***аас нэхэмжилсэн байна. Ажлын хэсгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан үнийн дүн зөрүүтэй байдаг. Тариалангийн талбайд мал орсны улмаас тариаланд учирсан хохирлын тооцоо дүгнэлт буюу Б.Б*** ажлын хэсгийн даргын дүгнэлтээр 10,368,000 төгрөг гэж хохирлыг тооцсон. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр малчин С.Э***ын 20 тооны үхэр иргэн Ч.У***ийн 0,8 га байцаа тарьсан талбай руу орж 0,3 га талбайд хохирол учруулсан гэдэг. Ажлын хэсгийн дүгнэлтээр малчин С.Э***ын малын учруулсан хохирлын хэмжээг 10,368,000 төгрөгөөр тогтоов гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын дүнтэй зөрүүтэй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хавтаст хэрэгт авагдсанаар үнэлгээн дээр Н.О*** гэх хүн тухайн үед газар тариалангийн мэргэжилтэн гээд суманд ажиллаж байгаад ажил үүргээ өгсний дараа буцаж очиж дүгнэлтэд гарын үсэг зурсан. Хөдөө аж ахуйн газарт энэ хүмүүс дүгнэлтийг зөрүүтэй байна, дахиж гаргаж өгнө үү гэх хүсэлтийг гаргаснаар Н.О*** сумандаа буцаж очиж ажлын хэсэгт орж дүгнэлтийг гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.    

5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хх-ийн 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3/, Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирол тооцсон ажлын дүгнэлтийн хуулбар /хх-ийн 4/, Тариалангийн талбайд учирсан хохирлын хэмжээний хуулбар /хх-ийн 5/, газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт /хх-ийн 6/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа /хх-ийн 7/, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа /хх-ийн 8/, гэрэл зураг /хх-ийн 9-15/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 16/, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцсон дүгнэлт /хх-ийн 121-122/, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Тариалангийн талбайд учирсан хэмжээ /хх-ийн 123/, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Н.Х***ы Төв аймгийн *** сумын мал аж ахуйн мэргэжилтэнд гаргасан өргөдлийн хуулбар /хх-ийн 124/, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн *** сумын ХААМ-нд гаргасан Н.Х***ы өргөдлийн хуулбар /хх-ийн 125/, Төв аймгийн *** сумын ЗДТГ-ын иргэний танхимд хохирол тооцох ажлын хэсэг болон тариаланч, малчдын хурлын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 126-127/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

6. Хариуцагч нараас итгэмжлэл, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.У*** нь ногооны талбайд мал орсны улмаас учруулсан хохиролд С.Ц***оос 5,410,714 төгрөгийг, С.Э***аас 10,821,427 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

2. Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч С.Ц***оос 5,410,714 төгрөгийг, хариуцагч С.Э***аас 10,368,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.У***т олгож, С.Э***аас нэхэмжилсэн   нэхэмжлэлийн шаардлагаас 453,427 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.  

3. Нэхэмжлэгч Ч.У*** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“... 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр малчин С.Э***ын хориод тооны үхэр, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр малчин С.Ц***ийн хонь, ямаа манай 0,8 га ногооны талбайд орж, тарьсан байцааг идэж, их хэмжээний хохирол учруулсан. Энэ талаар сумын ЗДТГ-ын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н.О***д хэлж газар дээр нь дуудан шалгуулсан. Сумын засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг ирж үзээд ногооны талбайн 0,58 га талбай малд идэгдсэн байна гэсэн дүгнэлт гаргасан. Иймд уг дүгнэлтийн дагуу ногооны талбайд учруулсан хохиролд 10,821,427 төгрөгийг С.Э***аас, 5,410,714 төгрөгийг С.Ц***оос тус тус гаргуулна. Анхны нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, шаардлага хэвээр байгаа” гэв.      

4. Хариуцагч С.Э***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О*** нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

“... Ч.У***ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоосон дүн болон нэхэмжлэлийн шаардлагын дүн зөрүүтэй байдаг. Тариалангийн талбайд мал орсны улмаас тариаланчид учирсан хохирлыг тооцсон  дүгнэлтэд С.Э***ын тариаланчид учруулсан хохирлын хэмжээг 10,368,000 төгрөг гэж тооцсон. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр малчин С.Э***ын 20 тооны үхэр Ч.У***ийн байцаа тарьсан талбай руу орж 0,3 га талбайд хохирол учруулсан гэж дүгнэсэн боловч уг дүгнэлт тухайн үедээ гараагүй, сүүлд нөхөж гарсан бөгөөд дүгнэлтийг гаргасан Н.О*** гэх хүн тухайн үед сумын ЗДТГ-т ажиллаж байсан боловч шилжээд аймгийн ХААГазарт ажиллаж байх үедээ уг дүгнэлтийг гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв. 

5. Хариуцагч С.Ц***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б***  нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

“... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Удаа дараа айлуудын мал талбай руу нь ороод байхад талбайгаа хашаажуулж, байнгын харуул хамгаалалттай  байлгахгүй яасан юм бэ? Тэр малыг хүн тууж талбай руу нь оруулаагүй. Хашаагүй учраас мал орох нь тодорхой. Тариалангийн тухай хуульд тариалан эрхлэгчийн үүргийг заасан байгаа. Тариалан эрхлэгч талбайгаа хашаажуулж, хамгаалах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй. Сумын ажлын хэсгийн дүгнэлтэнд талбайн 0,2 га газар хашаатай, бусад нь хашаагүй гээд бичсэн байна, хашаалах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй. Хашаагүй байхад айл бүрийн мал талбай руу орно. Гэтэл энэ 2 айлыг онцлоод 16,232,141 төгрөг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.   

6. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1. Нэхэмжлэгч Ч.У*** нь Төв аймгийн *** сумын нутаг, Мэргэний адаг худаг гэх газарт төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар 49092 м.кв газрыг эзэмшдэг болох нь улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаагаар тогтоогдож байна. /хх-6-8/  

6.2. Нэхэмжлэгч нь 2023 онд дээрх газрынхаа 0,8 га талбайд байцаа тариалсан байх бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр малчин С.Э***ын хориод тооны үхэр, 2023 оны 08 дугаар сарын 31-ны өдөр малчин С.Ц***ийн хонь, ямаа нэхэмжлэгчийн байцаа тариалсан талбайд орж, С.Э***ын мал 0,3 га талбайн, С.Ц***ийн мал 0,17 га талбайн ногоог идэж сүйтгэсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Н.О***, Н.Х*** нарын мэдүүлэг, гэрэл зургууд, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Ч.У***ийн гар утас дахь зургуудад үзлэг хийсэн тэмдэглэл, “Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирол тооцсон дүгнэлт” зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-1-2, хх-4, хх-9-15, хх-54-62, хх-121, 122, 123, хх-128-133/      

7. Зохигчид тухайн талбай тариалалттай байсан эсэх, ногооны талбайд мал нь орсон эсэх, мөн хохирол тооцуулах өргөдлийг хэн гаргасан эсэхэд маргаагүй бөгөөд харин хариуцагч С.Э*** нь “... Би 2023 оны 08 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод ажлаар явж байтал охин Э.С*** залгаад бригадын ах манай үхрийг хашчихлаа гэсэн. Тэгээд орой харанхуй болж байхад үхрээ авахаар очиход хашаанаас гаргасан 17 үхрийн 9 нь манай үхэр байсан. Би 9 үхрээ туугаад гэртээ ирсэн. Эднийх эвдэрхий муу торон хашаатай тул ногооны хашаанд нь байнга л мал орсон байгаа харагддаг. Манаач гээд залуу нь хариуцлагагүй, утсаараа тоглоод л сууж байдаг. Манай 9 үхэр орсныг 20-иод үхэр гэж худал ярьсан. 9 үхэр 0,8 га газрыг сүйтгэх боломжгүй” гэж тайлбарлаж, 

хариуцагч С.Ц*** нь “... Би 2023 оны 08 дугаар сарын 27-нд эхнэрээ Бат*** сумын төв рүү хүргэж өгчихөөд ирэхэд 2 ач маань ногооны талбай руу 10 гаран ямаа орох гэж байхад нь бид 2 хөөгөөд гаргасан гэж хэлсэн. Тэгтэл ногооны эзэн Хүрэлээ гэх хүн ирээд мал чинь ногооны талбай руу орсон гэж хэлсэн. Манай мал ногооны талбай руу нь олон удаа орж байгаагүй. Тэр хашаа нь эвдэрхий, зай завсартай хашаа байдаг. Өөрсдөө хашаа, хороогоо янзалдаггүй, тариан талбайгаа хардаггүй” гэж тус тус тайлбарлаж талууд гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын дүнд маргаж байна. 

8. Нэхэмжлэгч Ч.У*** нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр малчин С.Э***ын хориод үхэр, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр малчин  С.Ц***ийн хонь, ямаа ногооны талбай руу орж тарьсан байцааг их хэмжээгээр идэж сүйтгэсэн гэж учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний хүү гэх Н.Х*** нь 2023 оны 08 дугаар сарын 17, 31-ний өдрүүдэд  Төв аймгийн *** сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэнд ногооны талбайд мал орж хохирол учруулсан талаар өргөдөл гаргасан болох нь хэрэгт авагдсан өргөдлийн хуулбараар  тогтоогдож байна. /хх-124-125/  

9. Нэхэмжлэгч Ч.У*** нь Н.Х***ы төрсөн эх болох нь хэрэгт авагдсан *** дугаартай төрөл садангийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-243/ 

10. Төв аймгийн *** сумын Хөдөө аж ахуйн мэргэжилтэнд анх Н.Х*** өргөдөл гаргасан боловч шүүхэд нэхэмжлэлийг Ч.У*** гаргасан талаар хариуцагч С.Э***, С.Ц*** болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс тайлбар гаргаагүй, энэ талаар маргаагүй.      

11. Мөн Төв аймгийн *** сумын Засаг даргаас томилсон ажлын хэсэг иргэн Ч.У***ийн тариалангийн талбайд 2023 оны 08 дугаар сарын 17, 31-ны өдрүүдэд малчин С.Э***, С.Ц*** нарын мал орж, хохирол учруулсан асуудлыг судалж, хохирлыг тооцсон дүгнэлт гаргасан байх тул сумын Хөдөө аж ахуйн мэргэжилтэнд Ч.У***, түүний хүү Н.Х*** нарын хэн нь өргөдөл гаргаснаас үл хамааран Ч.У*** нь тариалангийн талбайд учирсан хохирлоо арилгуулахаар шаардах  эрхтэй байна.            

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д  “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.  

13. Төв аймгийн *** сумын Засаг даргын шийдвэрээр байгуулагдсан тариалан  эрхлэгчид учирсан хохирлыг тооцох ажлын хэсэг нь Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаартай тушаалаар батлагдсан “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлал”-ын 3.5, 3.7-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.У***ийн тариалалт хийсэн талбайгаас хохирол учирсан талбайн хэмжээг нийт 0,47 га, учирсан хохирол нийт 16,232,141 төгрөг, үүнээс малчин С.Э***ын тариаланчид учруулсан хохирлын хэмжээг 10,368,000 төгрөг, малчин С.Ц***ийн тариаланчид учруулсан хохирлын хэмжээг 5,875,200 төгрөг гэж тогтоосон байна.  /хх-4, хх-121-122/  

14. Дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Тухайлбал нэхэмжлэгч нь тариалангийн талбайд мал орж хохирол учруулсан тухай бүрт *** сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэнд хандан өргөдөл гаргасан байх бөгөөд *** сумын Засаг даргын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг нь өргөдлийг хүлээн авч 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тариаланч, малчдыг оролцуулан хурал хийж, тухайн асуудлыг хэлэлцсэн байна. /хх-126-127/     

15. Харин *** сумын ажлын хэсэг иргэний өргөдлийн дагуу тариалангийн талбайд учирсан хохирлыг тооцон дүгнэлт гаргахдаа дээрх 3 сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлал”-д заасан хугацааг баримтлаагүй, мөн тариалан эрхлэгчид учирсан хохирлыг нийт дүнгээр нэгтгэн дүгнэж, дараа нь дүгнэлтийг малчин тус бүрээр дахин гаргасан нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн гэм хорын хохирлоо шаардах эрхийг хөндөхгүй юм. 

16. Нэхэмжлэгч Ч.У*** нь хариуцагч С.Э***аас 10,821,427 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Төв аймгийн *** сумын Засаг даргын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг нэхэмжлэгч Ч.У***т учирсан хохирол нийт 16,232,141 төгрөг, үүнээс малчин С.Э***ын нэхэмжлэгчид учруулсан хохирлын хэмжээг 10,368,000 төгрөг, малчин С.Ц***ийн нэхэмжлэгчид учруулсан хохирлын хэмжээг 5,875,200 төгрөг гэж тогтоосон тул ажлын хэсгийн дүгнэлтэд тогтоосноор  хариуцагч С.Э***аас 10,368,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ шаардлагаас 453,427 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.   

17. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч С.Ц***оос 5,410,714 төгрөгийг, хариуцагч С.Э***аас 10,368,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.У***т олгож, С.Э***аас нэхэмжилсэн   нэхэмжлэлийн шаардлагаас 453,427 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

18. Тус хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож, тангараг өргөсөн Д.Оюундалай нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнө зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул зохигчдын хүсэлтийг хангаж, иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй. 

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.У***ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 50,503 төгрөгийг нэхэмжлэгч Ч.У***ээр нөхөн төлүүлэх, хариуцагч С.Э***аас 180,838 төгрөгийг, хариуцагч С.Ц***оос 101,521 төгрөгийг тус тус  гаргуулж, нэхэмжлэгч Ч.У***т олгохоор шийдвэрлэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч С.Э***аас гэм хорын хохиролд 10,368,000 төгрөгийг, хариуцагч С.Ц***оос гэм хорын хохиролд 5,410,714 төгрөгийг тус тус гаргуулан  нэхэмжлэгч Ч.У***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 453,427 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.У***ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 50,503 төгрөгийг нэхэмжлэгч Ч.У***ээр нөхөн төлүүлж, хариуцагч С.Э***аас 180,838 төгрөгийг, хариуцагч С.Ц***оос 101,521 төгрөгийг тус тус  гаргуулан  нэхэмжлэгч Ч.У***т олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН

 

                                                ШҮҮГЧ                            Н.ГЭРЭЛТУЯА

 

                                                ШҮҮГЧ                            Б.МАРИНА