| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 138/2020/01022/И |
| Дугаар | 201/МА2021/00002 |
| Огноо | 2020-12-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 201/МА2021/00002
******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 138/ШШ2020/01170 дугаар шийдвэртэй, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 991 199 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 12 сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран оролцов.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, ******* нар нь тус байгууллагын Цагаан-Овоо дахь салбараас 2019 оны 04 сарын 30-нд 3 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай авсан ба гэрээний хугацаа дуусаад 7 сар болсон боловч зээлээ төлөхгүй одоог хүрч байна. Тэд зээлийн хуваариа удаа дараа зөрчиж байсан боловч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд 2 569 127 төгрөг төлсөн. 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс одоог хүртэл зээлийн үлдэгдэл болох 1 259 111 төгрөгөө төлөөгүй байна. Зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч сүүлийн 10 гаруй сарын хугацаанд тус байгууллагад нэг ч төгрөг төлөөгүй шалтаг, тайлбар хэлсээр өнөөдрийг хүрлээ. Иймд үндсэн зээл 1 259 111 төгрөг, хүү 785 684 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 157 136 төгрөг нийт 2 201 931 төгрөг төлүүлэхээр нэхэмжилж байна. Мөн ******* нь 2019 оны 10 сарын 01-нд 486 003 төгрөгийг нэг сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр авсан. Уг авсан мөнгөө ч одоо болтол төлөөгүй тул хүү 303 265 төгрөг үндсэн зээл 486 003 төгрөг, нийт 789 268 төгрөг төлөх ёстой тул нэхэмжилж байна. Нийт нэхэмжлэлийн дүн 2 991 199 төгрөг болно. Үүнийг төлүүлж тус байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *******, ******* нар нь зээлийн төлөлтийг байнга хугацаа хэтрүүлдэг байсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу бол 5 сарын 24-ний өдрөөс эхлэн төлөлтөө хийх байсан боловч төлөлт хийгээгүй ба V/31-ний өдөр 538 000 төгрөг хийсэн. VI/25-ны өдөр 484 000 төгрөг хийх байсан төлөлтөө VI/20-ны өдөр 220 000 төгрөгийг, VII/08-нд үлдсэн 300 000 төгрөгийг хийсэн. VII/25-ны өдөр хийх байсан төлбөрөө хийгээгүй явж байгаад VII/23-ны өдөр 607 000 төгрөг хийсэн. 8 сард хийх байсан төлөлтийг мөн дутуу хийсэн ба VIII/31-ний өдөр 414 701 төгрөг хийсэн. Ингээд хариуцагч нар 9, 10 сард төлөлтөө хийхгүй явж байгаад, 8 сарынхаа төлөлтийг X/01-ний өдөр 486 003 төгрөг хийсэн байсан. Энэ мөнгийг X/01-ний өдөр ******* нь манай компаниас 1 хувийн хүүтэй зээл авах хүсэлт бичиж аваад эргүүлээд хийчихсэн байдаг. Тэгэхээр өмнөх шүүх хуралдаануудыг хараад байхад энэ мөнгийг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзээд хасаад байгаа учир үүнийг ч бас хасах байх, тиймээс энэ мөнгийг энэ зээлээс төлсөн гэж үзэхгүй учраас хасаж тооцох боломжгүй гэж үзлээ. Хариуцагчийн төлөөлөгчөөс сая шинээр гаргаж өгсөн нотлох баримттай танилцахад эгчийнх нь данснаас 2019.12.29-ний өдөр 305 000 төгрөг хийсэн байгаа учир үүнийг зээлнээс хасаж тооцож байна. Тэгэхээр хариуцагч нь 858 төгрөгийг IX/04-ний өдөр төлсөн ба энэ үед зээлийн үндсэн үлдэгдэл 1 635 189 төгрөг болсон байна. Энэ мөнгө огт хөдлөхгүй байж байгаад XII/29-ний өдөр 305 000 төгрөг төлсөн байна. Гэтэл 1 635 189 төгрөг төлөгдөөгүй 116 хоногийг өдрийн хүүгээр тооцож үзэхээр 379 363 төгрөгийн хүү гарч, үүнээс 305 000 төгрөгийг хасахаар 74 363 төгрөгийн хүү дутуу төлсөн харагдаж байна. Энэ дутуу төлсөн хүүн дээр 1 635 189 төгрөгийг нэмэхээр эцсийн байдлаар зээлийн үлдэгдэл 1 709 552 төгрөг үлдэж байна. Үүнийг зээлийн гэрээний дагуу 6 хувийн хүүгээ тооцохоор сарын хүү нь 102 573 төгрөг, өдрийн хүү нь 3419 төгрөг болж байна. 2019.9.04-нөөс хойш 2020.10.28-ны өдрийг хүртэл нийт 419 хоногийг өдрийн хүүгээр үржүүлэхээр 1 432 561 төгрөгний хүү, нэмэгдүүлсэн хүү 20 хувиар бодохоор 286 512 төгрөг тус тус болж банйа. Энэ хүү болон нэмэгдүүлсэн хүүн дээр зээлийн үлдэгдэл болох 1 635 189 төгрөгийг нэмэхээр эцсийн байдлаар манай нэхэмжлэлийн шаардлага 3 354 262 төгрөг болж байна. Гэтэл манайх анх нэхэмжлэхдээ 2 991 199 төгрөг нэхэмжилж байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлага маань 3 354 262 төгрөг болж нэмэгдэж байна гэжээ.
Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ББСБ-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. ******* хоёр 2019 оны 04 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөг зээлж авсан. Ингээд зээлээ графикийн дагуу төлдөг, заримдаа боломжгүй удаасан асуудал байгаа. Гэхдээ бидний зээлийн эргэн төлөлтийг огт тооцоогүй нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Тухайлбал бид нэхэмжлэгч *******ийн өөрийнх нь ******* дансанд 2019 оны 07 сарын 06-нд 300 521 төгрөг, 7 сарын 06-нд 453 600 төгрөг, 10 сарын 01-нд 486 003 төгрөг, 12 сарын 20-нд 305 000 төгрөг, эгчийнхээ данснаас 600 000 төгрөг, ээж маань бэлнээр 500 000 төгрөг нийт 2 645 124 төгрөг төлсөн. Одоо 354 876 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. ******* гэх захирал эмэгтэй нь манай гэрээр орж ирж хэрүүл маргаан үүсгэдэг. *******нийг айлган дарамталдаг, маш их загнадаг. Фэйсбүүк дээр нэр усыг маань бичиж нэр хүндэд халддаг зэрэг зохисгүй үзэгдэл болон гаргаж байсан. Корона гээд Засгийн газраас зээл төлөлтөнд хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарсан боловч энэ шийдвэр нь энэ газарт хамаагүй байдаг. Тухайн үед бид хөл хорио гээд эдийн засгийн хувьд зогсонги байдалд орсон. Түүнийг ойлгодоггүй. Ямар ч байсан бидний төлсөн мөнгийг яагаад оруулж тооцохгүйгээр нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Одоо үлдэгдэл 354 876 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Өөр мөнгө төлөхгүй гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд төлсөн байгаа мөнгөтэй холбогдуулан маргах зүйлгүй харагдаж байна. 2019.10.01-ний төлөлтийг нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулаад бидний хувьд энэ мөнгийг нэгэнт л зээл олгогч байгууллагын дансанд төлчихсөн. Энэ хүн үүргийн биелүүлэхийн тулд 10 сарын 01-ний өдөр зээл өгсөн гэж яриад байна. Гэтэл энэ байгууллага өөрөө хуулийн этгээд тэр тусмаа тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага, дүрэм журмаа зөрчиж гэрээ хийхгүйгээр 1 хувийн зээл гаргаад байхад энэ нь хэм хэмжээ, хуулиа зөрчсөн үйлдэл болох ёстой. Нэгэнт 486 003 төгрөгийг төлчихсөн байхад би өгсөн мөнгөө буцаагаад авчихсан гэдэг байдлаар хандаж байгаа бол нэг талдаа нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулаад гаргасан 2 дахь зээлийн гэрээний асуудал зөрчилтэй байдал үүсч байна. *******ний зүгээс нэгэнт энэ мөнгийг төлсөн гэж үзэж байгаа учраас 486 003 төгрөгийг өгчихөөд буцаагаад авчихсан хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр 10 сарын 01-ний өдөр олгосон 1 хувийн хүүтэй зээлийн асуудал тусдаа асуудал гэж үзэж байна. 2019.12.29-ний өдөр хамгийн сүүлчийн үүргийн гүйцэтгэл хийгдсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 451.1, 452.2, ИХШХШТХуулийн 115.2.2-т зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхино уу гэсэн хүсэлтэй байна гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 138/ШШ2020/01170 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 1 650 149 /нэг сая зургаан зуун тавин мянга нэг зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 704 113 /нэг сая долоон зуун дөрвөн мянга нэг зуун арван гурав/ төгрөгт холбогдох хэсгийг болон 2019 оны 10 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 789 268 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 809 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэмж 5 809 /таван мянга найман зуун ес/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 41 352 /дөчин нэгэн мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Манай ББСБ нь Санхүүгийн зохицуулах хороо болон хууль, дүрэм журмын шаардлагад нийцүүлэн Улаанбаатар хотод ажилладаг компани. Жемсбанкир гэдэг программ нээж бүртгэл хувийн хэрэг нээж данс бүртгэл хариуцсан ажилтнууд зээлдэгч нартай харилцан, аль зээлийн төлөлтөнд хийхийг асууж тооцоог хийж явдаг.
*******, ******* нар манай байгууллагаас 2018.04.05-аас хойш 2019.10.01-ний хооронд 7 удаа их бага зээлийг янз бүрийн хугацаа хэмжээгээр авч өөрсдийн хэрэгцээ шаардлагаа хангаж явсан. Төлсөн мөнгийг зээлийн хугацаа, эргэн төлөлтийн хуваарь нь болсон мөнгөн төлөлтөд нь өөрсдөөр тушаалгадаг. Ингээд 2019.04.30-нд олгосон 176 дугаартай зээлийн гэрээгээр олгогдсон зээлд төлөлт хийгдэх болсон ба 2019.10.01-нд олгосон 486 003 төгрөгийн зээлүүд төлөгдөөгүй учир шүүхэд хандсан.
Шүүх хурлын хэлэлцүүлэгийн шатанд баримт гаргаж тайлбар өгсний үндсэнд тооцоог нийлэх явцад харилцан ойлголцож 2019.10.01-нд олгосон 486 003 төгрөгөөр 2019.04.30-нд олгосон 3 сая төгрөгийн төлөлтийг хийсэн байсныг төлсөнд тооцохгүй болж зөвшилцсөн учир 10 сарын 01-нд олгосон 486 003 төгрөгийн зээл, хүү нийт 789 268 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзах болсон. Гэтэл шүүх уг 486 003 төгрөгийг зээлийн төлөлтөд тооцож, нэхэмжлэгч хариуцагч нарын зөвшилцлийг үгүйсгээд /шүүх хуралдааны асуулт хариулт тайлбарын явцад тохирсон 486 003 төгрөг/ зээлийн төлөлтөнд оруулж тооцсон хирнээ, зээлийн төлөлтөд оруулж тооцохгүй гэж зөвшилцсөнөөс болж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлалыг хангаж шийдсэн явдал /нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон/ нь биднийг 486 003 төгрөгийн хохиролоо нэхэмжлэх боломжгүй болгож хохироож байна. Өөрөөр хэлбэл 789 268 төгрөгөө алдаж байна.
Шүүх ******* өргөдөл гаргаж 486 003 төгрөгийн зээл авсан гэдгээ баталж байгаа ч уг мөнгийг ын данс руу шилжүүлсэн тул ******* уг зээлийг авсан гэж үзэх үндэсгүй гэж дүгнэсэн. Гэтэл уг 486 003 төгрөгийг о авсан дариудаа *******ы нэрээр компанийн дансанд тушаасан.
Тухайн шүүх, шүүгч удаа дараа манай нэхэмжлэлтэй , нарт холбогдох хэргийг 2020.10.02-ны 1071 тоот шийдвэрээр, 2020.10.05-ны өдрийн 1078 тоот шийдвэрээр шийдвэрлэхдээ зээл төлөхийн тулд зээлж мөнгө аваад буцааж дансанд нь хийж өмнөх зээлээ төлсөн байхад шүүх, шүүгч дүр үзүүлсэн хэлцэл гэж тооцож шийдэж байсан. Яг адил үйл ажиллагаа явагдсан байсан. Тиймээс би энэ шүүх хурал дээр ийм хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үздэг учир зээлийн төлөлтөнд оруулахгүй, манайхаас аваад л буцаагаад хийчихсэн гэж үзээд уг зээлийг хийгдээгүйд тооцож байгааг нэхэмжлэгч тал илэрхийлэхэд хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралд зээлийн төлөлтөөс хасах нь зүйтэй гэж шүүгч тодруулах явцад тайлбарлаж зөвшөөрсөн.
Гэтэл шүүхийн энэ ойлгомжгүй шийдвэрээс болж 789 269 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй гэх шийдвэр нь манай эрх ашгийг бодитой дүгнэж үзээгүй үндэслэлгүй шийдвэр боллоо.
Мөн 3 000 000 төгрөгийн зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг 2019.12.29 хүртэл 1 635 189 төгрөг, 2019.12.29-с хойш 1 330 189 төгрөг гэж үзэж хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцвол нийт төлбөл зохих төлбөр 2 726 125.2 төгрөг гэж тооцож байгаа ба шүүхийн шийдвэрээс 1 075 976.2 төгрөгийн зөрүүтэй буюу манайд 1 075 976.2 төгрөг дутуу төлүүлэхээр шийдсэн гэж үзэж байна.
Үүн дээр шүүхээс манай тайлбарыг буруу ойлгосноос манай нэхэмжилсэн хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага болох 789 269 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Тиймээс 486 003 төгрөгийн зээлийн төлсөн дүнгээс хасаж тооцвол 789 269 төгрөгийг нэхэмжлэлээсээ хасуулахад татгалзахгүй. Иймд 1 075 976.20 төгрөгийг дутуу шийдвэрлэсэн тул манай байгууллагад уг мөнгийг нэмж олгуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 2 991 199 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болсон байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар зохигчдын хооронд 2019 оны 04 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба хариуцагч нар нь нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас 3 000 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай авч, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т зээлийн эргэн төлөлтийг ХААН банкны 542 224 6950 дугаар бүхий дансанд хуваарийн дагуу хийхээр заасан байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн 542 224 6950 дугаар дансанд нийт 2 874 127 төгрөг төлсөн үйл баримтууд тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн төлсөн 486 003 төгрөгтэй холбоотой давж заалдах гомдол гаргасан ба гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь: хариуцагч ******* нь 2019 оны 10 сарын 01-ны өдөр ХААН банкны 542 224 6950 дугаар дансанд 486 003 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ийн дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /хх-ийн 25 дахь тал/
Хариуцагч ын хоногийн нэг хувийн хүүтэй авсан зээл нь энэ зээлэнд хамаарахгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 373 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 138/ШШ2020/01170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 373 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА
З.ЭНХЦЭЦЭГ