Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 112

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч Г.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шинжээч эмч Н.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Г.Г-т холбогдох 1821001110075 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл 4,  эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг, Шивэндэгийн хоолой гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Өөлд овогт Г.Г .

 

Шүүгдэгч Г.Г нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шивэндэгийн хоолой” гэх газарт 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хохирогч З.Б-ийн биед зүүн хацар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр З.Б-ийг хүний адуу худагт усалж байхаар нь услуулахгүй гэж хэлэхэд чамд хамаагүй гэсэн. Ингээд гэртээ байсан чинь эхнэр уйлаад ороод ирсэн. Яасан гэхэд З.Б элдвээр хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би эргэж З.Б дээр очоод мориноосоо буугаад ир гээд үхрийн баасаар чулуудсан. Тэгсэн намайг заамдаж аваад дайраад байхаар нь салгах гээд цохисон...”  гэв.

 

Шинжээч эмч Н.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн хүн хамрын  талын ямар нэг зовиургүй байсан учраас уг гэмтлийг хуучин гэмтэл гэж үзсэн. Учир нь хэрэв хамрын таславчийн гэмтэл шинэ байсан бол зөөлөн эдийн гэмтэл байх ёстой. Үзлэг болон шинжилгээг үндэслээд дүгнэлтийг гаргасан ...” гэв.

 

Хохирогч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд хадам аавын эзэмшлийн малыг услахаар худаг руу очсон. Худаг дээр ирээд малаа услах гэж байхад хадам аав Гансүхийн дүү Г.Г ирээд энэ худагт адуу мал услуулахгүй, адуугаа аваад яв гэж хэлээд яваад өгсөн. Удалгүй эргэж ирээд Г.Г ах намайг морин дээр байхад буугаад ир гэхээр нь буусан чинь түрийнээсээ хутга гаргаж ирснээ хоолойд тулгаад гараараа миний эрүүн тус газарт 2 удаа цохихоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 06-08 тал/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 153 тоот актын дүгнэлтэд

            1. З.Б-ийн биед зүүн хацар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх  тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.  

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ. /хх-ийн 23 тал/

 

- Г.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29 тал/

            - Гэрч Б.Мөнгөнцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 13-14, 20 тал/

            - Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/

            - Гэрч Г.Ууганчимэгийн мэдүүлэг /хх-ийн 19 тал/

            - Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 25 тал/

- Улсын бүртгэлийн хэлтсийн 2018.02.23-ны өдрийн 219 тоот албан бичиг /хх-ийн 33 тал/

            - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 тал/

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт

- Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт

-Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны А/278 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт / 4 хуудас/

- Хамтын ажиллагааны гэрээ /6 хуудас/

- Хөдөө аж ахуйн зориулалтаар газар ашиглах гэрээ /7 хуудас/

- Баянтүмэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21 дүгээр тогтоол, хавсралтын хамт /3 хуудас/

- Мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн 2017 оны тооллого /3 хуудас/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Эд мөрийн баримтаар хохирогч З.Б-ийн гавал тархины рентген зураг 2 ширхэг, амбулаториор эмчлүүлэгчийн карт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Өөлд овогт Г.Г нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шивэндэгийн хоолой” гэх газарт 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хохирогч З.Б-ийн биед зүүн хацар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч З.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 153 тоот дүгнэлт, шинжээч эмч Н.Уянгын дүгнэлттэй холбоотойгоор шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Г.Г-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.    

 

Шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч Г.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч З.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч З.Б нь шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг гаргасан байх тул шүүгдэгч Г.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч З.Б-ийн гавал тархины рентген зураг 2 ширхэг, амбулаториор эмчлүүлэгчийн карт зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч З.Б-ид буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Г-ийн ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өөлд овогт Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч З.Бийн гавал тархины рентген зураг 2 ширхэг, амбулаториор эмчлүүлэгчийн карт зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч  З.Бид буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Г-ийн ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ