Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2025/0518

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хэлэлцсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн Д******* /РД:*******/,

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар хоорондын өндөр насны тэтгэвэр тогтоохтой холбоотой маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: тэтгэвэр тогтоохдоо 1995, 1996 оны хасаж тогтоосон, 1997-1999 онуудад хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлж нийгмийн даатгалын дэвтэр дээр баталгаажуулсан боловч тэтгэвэр тогтооход хасаж тогтоосон Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

1.2. 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд явцад Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 32/08 тоот шийдвэрийн 1995-1996 онуудын шимтгэл төлсөн цалин хөлсний дүнтэй тохирохгүй гэх хэсгийг, С.Д*******гийн 1997-1999 оны хооронд шимтгэл төлсөн хугацааг хувиараа нийгмийн даатгал шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй гэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар тодруулжээ.

Хоёр.Маргааны үйл баримт, процессын түүхийн тухай.

2.1. Нэхэмжлэгч С.Д******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, ******* ******* ХХК-ийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тушаалаар гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгджээ.

2.2. Улмаар өөрийн өндөр насны тэтгэврийг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин, хөлсөөр тогтоолгохоор 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дүүгийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан байна.

2.3.Дээрх өргөдлийн дагуу 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1230621020014 дугаартай өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг үйлдэж, ижил дугаар бүхий тэтгэврийн хувийн хэргийг үүсгэж, нийгмийн даатгалын шитгэл төлсөн хугацааг 36 жил 4 сар 2 өдрөөр тооцож, сард олгох тэтгэврийн хэмжээг 898 770 төгрөгөөр тогтоожээ.

2.4.Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өөрийн өндөр насны тэтгэврийг 2018 оноос 2023 оны хоорондох 5 жилийн дундаж цалингаар тооцуулан авах хүсэлтийг гаргаж, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн өндөр насны тэтгэвэр тогтоолын хуудсаар нийгмийн даатгалын шитгэл төлсөн хугацааг 36 жил 4 сар 2 өдрөөр тооцож, өндөр насны тэтгэвэрт 1 232 972 төгрөг олгохоор тогтоосон байна.

2.5.Улмаар нэхэмжлэгчийн зүгээс ******* аймгийн Нийгмийн даатгалын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байсан 1995- 1996 он, сайн дурын даатгалын шимтгэл төлсөн 1997- 1999 онуудыг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцуулахаар гомдол гаргаж, уг гомдлыг ******* аймгийн Нийгмийн даатгалын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар тогтоолоор[1] хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, гомдол гаргагч нь тус шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл... Төв зөвлөлд гомдол гаргах эрхтэй гэжээ.

2.6.Дээрх ******* аймгийн Нийгмийн даатгалын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн тогтоолыг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд өөрийн нийгмийн даатгалын шитгэл төлсөн 1995-1999 оны нийгмийн даатгалын баталгаажсан дэвтрийг үндэслэн тэтгэвэр тогтоох ажилласан хугацаанд тооцуулахаар гомдол гаргасан байна.

2.7.Тус гомдлыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл хүлээн авч, 024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 32/08 дугаартай Шийдвэр хүргүүлэх тухай албан бичгээр[2] ******* аймгийн ******* сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар тушаалаар баталсан цалин хөлс нь Нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн 1995- 1996 онуудад шимтгэл төлсөн цалин, хөлсний дүнтэй тохирохгүй байна... 1997- 1999 онуудад сайн дурын даатгалд даатгуулсан болохыг... баталгаажуулсан байх боловч шитгэл төлснийг нотлох санхүүгийн баримт, сайн дурын даатгалын гэрээ нь ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын архивд байхгүй байна. Иймд 1995- 1999 онуудад шимтгэл төлсөн хугацаа нь архивын баримтаар тогтоодохгүй байх тул дээрх хугацааг... шимтгэл төлсөн хугацаанд тооцох боломжгүй... гэж шийдвэрлэжээ.

2.8.Нэхэмжлэгчийн зүгээс дээрх Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын байгууллага нь миний цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг баталгаажуулсан боловч тэтгэвэр тогтоохдоо 1995- 1996 онуудыг хасаж тогтоосон, 1997- 1999 онуудад хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалын дэвтэр дээр баталгаажуулсан боловч мөн адил тэтгэвэр тогтоохдоо хасаж тогтоосонтой холбоотой гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж шүүхийн зүгээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШЗ2024/4702 дугаар шүүгчийн захирамжаар 128/2024/0488/з дугаар бүхий захиргааны хэргийг үүсгэсэн.

2.9.Түүнчлэн нэхэмжлэл гаргагчийн зүгээс 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1995- 1999 онуудад ажиллаж байсан жилийг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тус иргэний хэргийн шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2024/12512 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна[3].

2.10.Тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШЗ2024/9297 дугаартай шүүгчийн захирамжаар тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй С.Д*******гийн нэхэмжлэлтэй ажилласан жил тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн.

2.11.Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2025/00959 дугаартай магадлалаар[4] С.Д*******гийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, тус захиргааны хэргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2025/4133 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, эрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл.

3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Би 1992- 1993 оныг дуустал ******* аймгийн ******* сумын арван жилийн дунд сургуульд аж ахуй хариуцсан нягтлан бодогчоор ажилласан. Эндээс сүүлийн 2 жил болох 1995- 1996 онуудад нийгмийн даатгалын бичилт хийн баталгаажуулсан боловч ажилласан жилээс хасаж тооцсон байна. 1995 оны ажилласныг нотлох баримт ******* аймгийн архиваас гарсан. 2024 оны 23 дугаар сарын 28-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл гомдол шийдвэрлэхдээ нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн 1995- 1996 оны шимтгэл цалин хөлсний дүнтэй тохирохгүй байна гэж дүгнэсэн нь тухайн үед намайг ажиллаж байсныг баталж байна. Мөн 1997- 1999 онуудад хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлснийг нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажуулчхаад Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль зөрчиж байна гэжээ.

3.2.Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1983 оноос 2023 он хүртэл нийт 40 жил ажиллаж тэтгэвэрт гарсан. Цэргийн алба хаасан 3 жилийг 1.6 жилээр тооцон үзвэл нийт 41 жил 8 сар ажилласан. Энэ хугацаа нь нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдэж баталгаажсан. Миний бие 2023 оны тэтгэвэр тогтоолгох үед 5 жил хасагдаж тооцогдсон. Энэ талаар дүүргийн нийгмийн даатгалын газраас тодруулахад хувиараа ажиллаж байсан болон сургуульд ажиллаж байсан 2 жилийг хасаж тооцсон талаар хэлсэн 36 жилээр тогтоосон. Ерөнхийдөө нийт ажилласан жилээс 5 жил хасагдсан байсан. Миний бие 1992 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс ******* аймгийн ******* сумын сургуулийн аж ахуй эрхэлсэн орлогч захирал хийж байгаад 1994 оноос хойш нягтлан бодогчоор ажиллаж байсан. Сүүлийн 3 жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан. Албан ёсны тушаал шийдвэр байхгүй гэсэн үндэслэлээр хасагдсан байсан. Ингээд нягтлан бодогчоор ажиллаж байсан 3 жилийг хассан. Үүний дараагаас 1997-1999 онуудад хувиараа төлж байсан нийгмийн даатгалын шимтгэл хасагдсан байсан.Энэ талаар тодруулахад гэрээ байх ёстой байтал гэрээгүй гэсэн үндэслэлээр хассан. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад намайг нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоож, иргэний хэргийн шүүхээс шийдвэрлэсэн. Үлдсэн 3 жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх асуудлыг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гээд 3 жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар шийдвэрлээгүй. Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн байхад миний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хасаж тооцож байгаад гомдолтой байна гэв.

3.3.Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Нийгмийн даатгалын байгууллага нь миний цалин авч байсныг баталгаажуулсан боловч тэтгэвэр тогтоохдоо 1995-1996 онуудыг хасаж тогтоосон" гэжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл С.Д*******гийн гаргасан гомдлыг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, нэхэмжлэгчээс ирүүлсэн ******* аймгийн ******* сумын сургуульд аж ахуйн дарга, нягтлан бодогчоор 1995-1996 онд ажиллаж байсан талаарх баримтад үндэслэж, хянан шийдвэрлэсэн.

С.Д*******гийн тус зөвлөлд ирүүлсэн ******* аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1571 тоот лавлагаа, ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар тушаал, 255828 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтыг хянан үзэхэд ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар тушаалаар С.Д*******д сард олгох цалин хөлсний хэмжээг 14875 төгрөгөөр тогтоосон боловч 255828 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт сарын цалин хөлсөнд 10 000 төгрөг олгосноор зөрүүтэй байсан болно.

Мөн ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын "Даатгуулагчийн ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон шимтгэл төлсөн архивын лавлагаа"-гаар С.Д*******г 1995 оны 03-06 дугаар сард 14875 төгрөгийн цалин хөлс авснаар тайлагнасан байсныг нотолсон болно.

Нэхэмжлэгч С.Д*******гийн 255828 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр нь нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр баталгаажсан байх боловч ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн 1995-1996 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд С.Д*******гийн шимтгэл төлсөн баримт болон холбогдох санхүүгийн баримт байгаагүй тул Зөвлөлийн гишүүд С. Д*******гийн 1995 оны 1, 2 сар, 7-12 дугаар сар, 1996 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэж үзсэн болно. С.Д******* нэхэмжлэлийн шаардлагаа "1997-1999 онд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалын дэвтэр дээр баталгаажуулсан боловч мөн адил тэтгэвэр тогтоохдоо хасаж тооцсонтой холбоотой гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах" гэж тодорхойлсон байна. Тухайн үед мөрдөж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлд ...даатгуулагч даатгагчтай энэ хуулийн болзол журмын дагуу нийгмийн даатгалд даатгуулсан тухайгаа гэрээ байгуулна" гэж заасны дагуу нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-тай гэрээ байгуулсан байх шаардлагатай бөгөөд уг гэрээний нэг хувь болон даатгуулагчийн сайн дурын даатгалд шимтгэл төлсөн баримтыг Нийгмийн даатгалын байгууллагын архивд хадгалдаг.

******* аймгийн Нийгмийн даатгалын газраас С.Д*******гийн 1997-1999 онд сайн дурын даатгалд даатгуулсан гэрээ, шимтгэл төлсөн төлбөрийн баримт тус газрын архивд байхгүй талаар тодорхойлолт ирүүлсэн тул тус зөвлөл С.Д*******г эдгээр онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Шийдвэр хүргүүлэх тухай" 32/08 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Д******* нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл өгсөн. Тухайн үед манай байгууллагаас материал шалгаж авахдаа 1995 оны сайн дурын нийгмийн даатгалын гэрээ хэлэлцээр байхгүй тул энэ жилүүдийг хасаж тооцох талаар хэлсэн. Нэхэмжлэгчээс өргөдөлдөө хасаж тооцуулах хүсэлтэй байгааг дурдсан байдаг. Ийнхүү 36 жил ажилласнаар тэтгэвэр тогтоолгосон. Сайн дураар нийгмийн даатгал төлөх тохиолдолд нийгмийн даатгалын байцаагчаас гэрээ байгуулж нэг хувийг нь даатгуулагчид өгч, нөгөө хувийг нь нийгмийн даатгалын архивд хүлээлгэж өгдөг. Архивын газар С.Д*******той холбоотой ямар ч баримт байгаагүй. Тухайн үед гэрээ хийсэн хүмүүсийн талаар баримт байгаа эсэхийг тодруулахад тухайн үеийн гэрээ байхгүй хэдий ч байцаагчийн гар бичмэл байдаг. Тухайн баримтыг сая гаргаж өгсөн. Энэ баримтад С.Д*******гийн нэр байгаагүй. Хөдөлмөрийн дэвтэр хэрэглэдэг байж байгаад 1995 онд нийгмийн даатгалын дэвтэрт шилжихэд бүх хүмүүсийн хөдөлмөрийн дэвтрийг нийгмийн даатгалын байцаагчаас харж тухайн хүний ажилласан жилийг тэмдэглэдэг. Гэтэл нэхэмжлэгчийн талаарх тушаал шийдвэр гэж зүйл байхгүй, дэвтэр хаагдаагүй байсан. Нэхэмжлэгч нь ажиллаж байгаад Нөхөн даатгалын тухай хууль хэрэгжиж эхлэхэд 1991 оны 02 дугаар сараас 1994 оныг дуустал 2000 оны 1 дүгээр сараас 05 дугаар сарыг дуусталх хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй гэж нөхөн даатгал хийгдсэн байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.1. 1995-1996 онуудын шимтгэл төлөлтийн тухайд:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2025/00959 дугаар магадлалаар ******* овогт *******гийн Д*******г 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын 10 жилийн сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж[5] улмаар хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Нэгэнт иргэний эрх зүйн маргааныг харьяалан шийдвэрлэдэг иргэний хэргийн шүүхээс түүнийг 1995-1996 онуудад ажиллаж байсан байдлыг тогтоосон үйл баримтад дүгнэлт өгсөн шүүхийн үндэслэлийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тус шүүхээс энэ талаар дахин нэмэлт дүгнэлт өгөх шаардлагагүй, тухайн асуудлыг үгүйсгэн няцаах баримт болон тайлбарыг хариуцагчийн төлөөлөгчөөс хангалттай илэрхийлээгүй зэргийг харгалзан хариуцагчийн ******* аймгийн ******* сумын 10 жилийн сургуулийн 1995-1996 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд С.Д*******гийн шимтгэл төлсөн баримт болон холбогдох санхүүгийн баримт байгаагүй үндэслэлээр С.Д*******гийн 1995 оны 1, 2 сар, 7-12 дугаар сар,1996 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэж буруутгаж байгааг үндэслэлгүй гэж үзэн энэ хэсэгт холбогдох шаардлагыг хангаж, түүний зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

4.2.1997-1999 оны хооронд хувиараа нийгмийн даатгал шимтгэл төлж байсан үйл баримтын тухайд:

/1994/ оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээг тодорхойлоод мөн зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна гэж, энэ хуулийн 5 дугаар зүйлд Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хамрагдах даатгуулагч даатгагчтай энэ хуулийн болзол журмын дагуу нийгмийн даатгалд даатгуулсан тухайгаа гэрээ байгуулнагэжээ

Өөрөөр хэлбэл тодорхой хөдөлмөр эрхлээгүй Монгол Улсын иргэн дээрх нийгмийн даатгалын хэлбэрээс сайн дураар даатгуулах хэлбэрийг сонгосон тохиолдолд даатгагчтай гэрээ байгуулахаар хуульчилсан байна.

Гэтэл хавтас хэрэгт авагдсан 255828 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дээр баталгаажуулалтын тэмдэглэлээ хийгдсэн байх боловч 1997-1999 онуудад ******* аймагт Сайн дурын даатгалын гэрээ байгуулсан иргэдийн бүртгэлд нэхэмжлэгч С.Д******* бүртгэгдээгүй[6], ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/427 дугаар албан бичгээр ******* сумын 1997-1999 онуудын сайн дурын даатгалын шимтгэл төлөлтийн баримтад *******гийн Д*******гийн гэрээ болон нотлох баримт[7] байхгүй зэргээр нэхэмжлэгчийг 1997-1999 оны хооронд хувиараа нийгмийн даатгал шимтгэл төлж байсан болох нь тогтоогдохгүй гэж дүгнэсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байх; зарчмыг баримтлан гаргасан үндэслэл бүхий зөв шийдвэр байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д заасан нийгмийн даатгалын харилцаанд оролцогч талууд хэрэгжүүлэх үүрэгтэй Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 32/08 тоот шийдвэрийн 1995-1996 онуудын шимтгэл төлсөн цалин хөлсний дүнтэй тохирохгүй гэх хэсгийг хүчингүй болгож, харин С.Д*******гийн 1997-1999 оны хооронд шимтгэл төлсөн хугацааг хувиараа нийгмийн даатгал шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй гэж үзсэн хэсгийг үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. /1994/ оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйл, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 32/08 тоот шийдвэрийн 1995-1996 онуудын шимтгэл төлсөн цалин хөлсний дүнтэй тохирохгүй гэх хэсгийг хүчингүй болгож, С.Д*******гийн 1997-1999 оны хооронд шимтгэл төлсөн хугацааг хувиараа нийгмийн даатгал шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй гэх хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР