Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 111

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуун цээж овогт Г.М-д холбогдох 1821001730093 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нууцалсан холбооны техникч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ....... дугаар ангид радио телеграфч ажилтай, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг .............. тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Зуун цээж овогт Г.М

 

Шүүгдэгч Зуун цээж овогт Г.М нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах “Люкс” баарны гадна талд хохирогч Б.З-ыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос санал болгож байгаа 450.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна... гэв.

 

Хохирогч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 23 цаг өнгөрөөгөөд найзуудыгаа таксинд суулгаж өгөөд Бүүвэйбаатарыг авах гэж буцаж тус бааранд ирээд үүдний хувцасны өлгүүрийн тэнд зогсож байсан чинь Г.М 00-ын өрөөнөөс гарч ирэнгүүтээ энэ муу миний найзыг түрүүнд зодсон гэнгүүтээ шууд ирээд намайг цохиход би манараад доошоо тонгойнгуут намайг чирч гараад гадаа нүүр рүү өшиглөсөн. Гараараа эхлээд нүүр рүү цохисон, дараа нь баруун нүдний доод тал болон уруул руу нэг удаа өшиглөсөн. Би Г.М-аас 800.000 төгрөг нэхэмжилснийг бэлэн мөнгөөр бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид нэхэмжлэх зүйлгүй болно...” гэжээ. /хх-ийн 7-13 тал/

 

Гэрч С.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Г.М гэгч нь найзыгаа зодчихлоо гэж бодоод манай хүүг эхлээд мөргөсөн гэсэн, тэгэхэд нь манараад суугаад босоход нь нүүр рүү нь өшиглөсөн гэсэн  ...” гэжээ. /хх-ийн 23 тал/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210 тоот актын дүгнэлтэд

            1. Б.З-ын биед баруун нүдний доод зовхины цус хуралт болон зулгаралт, дээд уруулын няцарсан шарх, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт, зүүн дээд, доод төвийн үүдэн шүд /2.1, 3.1/-нүүдийн сулрал  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болно.  

     3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэжээ. /хх-ийн 26 тал/

    

- Яллагдагч Г.М-ын мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах “Люкс” баарны гадна талд хохирогч Б.Зыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч Б.З, гэрч Д.Даваасүрэн, С.Нарантуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Г.М-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Г.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч Г.М нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

 Хохирогч Б.З нь шүүгдэгч Г.М-аас эмчилгээний төлбөрт 800.000 төгрөг авсан бөгөөд цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.М-ын ................  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зуун цээж овогт Г.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.М-ын .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ