Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 201/МА2021/03

 

“*******” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Ганбаяр,******* нарт холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 138/ШШ2020/01169 дугаар шийдвэртэй, “*******” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,*******,******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 872 493 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ганцэцэг, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 12 сарын 01ий өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:*******,******* нар нь тус ББСБ-ын Цагаан-Овоо дахь салбартай гэрээ байгуулж 2019 оны 07 сарын 06-наас 2020 оны 05 сарын 25-ныг хүртэл, сарын 6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай 2 600 000 төгрөг зээлсэн. Үүнээс 2020 оны 02 сарын 20-ныг хүртэлх хугацаанд зээлийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан ба үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нийт 1 402 019 төлсөн ба үндсэн зээлийн үлдэгдэл 2 029 749 төгрөг төлөгдөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэх хүртэлх хугацаанд төлвөл зохих үндсэн хүү 702 287 төгрөг, зээл төлөх хугацаа хэтэрсэн тул, зээлийн гэрээний 1.6-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү 140 457 төгрөг бүгд 2 872 493 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энхболд овогтой Ганбаяр нь 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагаас зээлийн гэрээ байгуулан 2,6 сая төгрөг зээлж авсан. Гэрээ байгуулснаас хойш төлөлтүүд хийгдэж байсан. Тухайлбал 2019 оны 07 сарын 06-ны өдөр зээл авчихаад буцаагаад 453 600 төгрөгийг Солонгын данснаас Ганбаяр гэсэн нэрээр төлсөн байсан. Үүний дараа 2019 оны 08 сарын 23-ны өдөр 380 000 төгрөг, 2019 оны 9 сарын 28-ны өдөр 398 021 төгрөг, 2019 оны 11 сарын 24-ний өдөр 508 598 төгрөг, 2020 оны 02 сарын 20-ны өдөр 115 400 төгрөгийг тус тус төлсөн. Ингээд Ганбаяр нь үндсэн зээл болон хүүгийн хамт нийтдээ 1 402 019 төгрөг төлсөн байсныг хасч тооцсон. Үүнээс зээлийн үндсэн төлбөрт 1 023 851 төгрөг төлөгдсөн байх бөгөөд одоо үндсэн зээлийн үлдэгдэл нь 1 576 142 төгрөг 2020 оны 02 сарын 20-ны өдрийн байдлаар үлдсэн байна. Хамгийн сүүлийн төлөлтөөс хойш удаа дараа зээлээ төлөхийг шаардаж байсан ба түүнээс хойш зээлийн хүү нь 2 сард 8 хоног, 3 сард 31, 4 сард 30, 5 сард 31, 6 сард 30, 7 сард 31, 8 сард 31, 9 сард 30 хоног, 10 сард өнөөдрийн байдлаар 28 хоног гээд бодоод тооцохоор нийт 250 хоног зээл төлөгдөөгүй байна. Ингээд үндсэн зээлийн үлдэгдэл болох 1 576 142 төгрөгийг зээлийн гэрээнд заасны дагуу сарын 6 хувийн хүү сард 94 568 төгрөгийн хүү, үүнийг 30 хоногт хуваахаар нэг өдрийн хүү нь 3152 төгрөг болно гэсэн үг. Хугацаа хэтэрсэн нийт 250 хоногоор бодохоор 788 000 төгрөгийн хүү бодогдож байна. Ззээлийн гэрээндээ нэмэгдүүлсэн хүү нь хүүний 20 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу 788 000 төгрөгийн 20 хувиар тооцоход 157 600 төгрөг гарсан. Ингээд нийт нэхэмжлэлийн шаардлага маань 2 521 742 төгрөг болж байна гэжээ.

Хариуцагч*******,******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Бид хоёр 2019 оны 09 сарын 07-ны өдөр гэрээ байгуулан 2 600 000 төгрөг зээлж авсан. Ингээд зээлээ графикийн дагуу төлдөг, заримдаа боломжгүй удаасан асуудал байгаа. Гэхдээ бидний зээлийн эргэн төлөлтийг огт тооцоогүй нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Тухайлбал бид нэхэмжлэгч Ганцэцэгийн өөрийнх нь 5422246950 дансанд 2019 оны 07 сарын 06-нд 453 600 төгрөг, 7 сарын 08-нд 31 000 төгрөг, 8 сарын 23-нд 380 000 төгрөг, 9 сарын 28-нд 398 021 төгрөг, 11 сарын 24-нд 508 598 төгрөг, 2020 оны 02 сарын 09-нд 246 000 төгрөг, 02 сарын 12-нд 800 000 төгрөг, бүгд 2 817 219 төгрөг төлсөн. Одоо надад 55 274 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Ганцэцэг гэх захирал эмэгтэй нь манай гэрээр орж ирж хэрүүл маргаан үүсгэдэг. Биднийг айлган дарамталдаг, маш их загнадаг. Фэйсбүүк дээр нэр усыг маань бичиж нэр хүндэд халддаг зэрэг зохисгүй үзэгдэл олон гаргаж байсан. Корона гээд Засгийн газраас зээл төлөлтөнд хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарсан боловч энэ шийдвэр нь энэ газарт хамаагүй байдаг. Тухайн үед бид хөл хорио гээд эдийн засгийн хувьд зогсонги байдалд орсон. Түүнийг ойлгодоггүй. Ямар ч байсан бидний төлсөн мөнгийг яагаад оруулж тооцохгүйгээр нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Үлдсэн мөнгөө л төлнө. Өөр мөнгө төлөхгүй гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нар нь 2019 оны 07 сарын 06-ны өдөр зээлийн болон барьцааны 224 дугаартай гэрээг ******* ББСБ-тай байгуулсан. Зээлийн гэрээгээр 2 600 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлсэн байдаг. Энэ зээлийг 2019 оны 07 сарын 06-ны өдөр тухайн байгууллагаас Ганбаяр, Солонго нарт шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэ хугацаанаас хойш зээлийн эргэн төлөлтийг тухайн зээлийн гэрээний 1.2-т заасан 5422246950 гэсэн дансанд болон бэлэн хэлбэрээр кассын орлогоор тушааж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь тухайн байгууллагын дансанд төлж байсан мөнгийг бүрэн оруулж тооцохгүй байгаа учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Зээлийн эргэн төлөлтийн хувьд 2019 оны 8 сарын 23-ны өдөр 380 000 төгрөг, 2019 оны 7 сарын 06-ны өдөр 453 600 төгрөг, 2019 оны 7 сарын 08-ны өдөр 31 000 төгрөг /энэ мөнгийг талуудын хооронд байгуулсан журмын мөнгө учраас эргэн төлөлтөд тооцоогүй/, 2019 оны 9 сарын 28-ны өдөр 398 021 төгрөг, 2019 оны 10 сарын 25-ны өдөр 508 540 төгрөг, 2019 оны 11 сарын 24-ний өдөр 508 598 төгрөг, 2020 оны 02 сарын 09-ний өдөр 246 000 төгрөг, 2020 оны 02 сарын 12-ны өдөр 800 000 төгрөг, 2020 оны 3 сарын 25-ны өдөрт 115 400 төгрөг тус тус төлж, нийт 3 680 759 төгрөг төлсөн байдаг. Ийм учраас тухайн компанид төлөх өр төлбөр дууссан гэж үзэж байна. Зээлийн гэрээний хугацааны хувьд 2020 оны 05 сард гэрээний хугацаа дууссан бөгөөд үүнээс хойш зээлийн гэрээнд сунгалт хийгдээгүй байдаг. Тиймээс энэ хугацаанаас хойш хүү тооцох үндэслэл байхгүй. Нэмэгдүүлсэн хүүгийн тухайд зээлийн гэрээний 1.1-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үлдэгдлээс 0.5 хувийн нэмэгдүүлсэн хүү төлнө гэсэн байгаа болохоос дахин хүү төлнө гэдэг зохицуулалт байхгүй. Иймд нэг ёсондоо үүргийн гүйцэтгэлийг хангаж төлбөрөө төлсөн учир Ганбаяр, Солонго нар нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагад өр төлбөргүй гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. 2019 оны 11 сарын 24-ний өдөр төлсөн 508 598 төгрөгийг би 10 сарын 25-ны 508 540 төгрөг гэж андуурч тайлбарласан байна. Мөн 246 000 төгрөгийн баримт хэрэгт байхгүй юм байна. Үндсэндээ уг зээлийн гэрээний дагуу Ганбаяр, Солонго нар 8 удаагийн төлөлт хийсэн харагдаж байгаа учраас Иргэний хуулийн 236.1.1-д заасан үүрэг гүйцэтгэгч өөрийн хүлээсэн үүргийг бусдын өмнө зохих ёсоор гүйцэтгэж дууссан байна гэж үзэж байна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 138/ШШ2020/01169 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч*******,******* нараас зээлийн гэрээний үүрэгт 1 241 749 /нэг сая хоёр зуун дөчин нэгэн мянга долоон зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 279 993 /нэг сая хоёр зуун далан есөн мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 910 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч*******,******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 34 352 /гучин дөрвөн мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ганцэцэг, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна уу хэмээн давж заалдаж байна.

Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн зүгээс шүүх хуралд гаргаж өгсөн баримт болох хурал дээр хэлсэн тайлбарыг тулгуурлан үндсэн зээлд төлөгдөөгүй үлдэгдлийг 2 029 749 төгрөг гэснийг 1 576 142 төгрөг болгож, хүү 788 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 576 000 төгрөг нийт нэхэмжлэлийн шаардлагыг 2 521 742 төгрөг болгон багасгасан.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй хамаагүй 2020.02.12-нд манай дансанд өөр зээлийн төлөлт хийсэн мөнгийг хариуцагч тал дансны хуулгаар гаргаж өгснийг шүүх нэхэмжлэгч талын гаргасан тайлбар нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэн, хариуцагчийн саналын дагуу энэ зээлийн төлөлтөөс хасч тооцсон. Ингэж хасаж тооцохдоо Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад /2020.05.25-нд дуусна/ төлсөн гэх 800 000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 1 576 142 төгрөгөөс 800 000 төгрөгийг хасч үндсэн зээлийн үлдэгдлийг 776 149 төгрөг болгосон учир түүний хүү, нэмэгдүүлсэн хүү нь бүхэлдээ буруу тооцогдож манай нэхэмжлэлийн шаардлагаас 1 279 993 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдлээ.

Өөрөөр хэлбэл өөр зээлийн төлбөр тооцоонд төлөгдсөн мөнгийг энд хасаж тооцсоныг зөвшөөрөхгүй байна. Тэр байтугай 2019.07.06-ны өдөр манай дансанд буцааж төлсөн гэж энэ зээлээ хасаж тооцсон 453 600 төгрөг ч бас өөр зээлийн төлөлт байсан. Энэ талаарх баримтаа шүүхэд өгч чадаагүй учир уг мөнгийг уг зээлээс хассан болохоор маргалгүй тэр төлөгдсөн гэж хаагдсан зээлийг нь бид жичдээ нэхэмжилнэ гэж үзээд маргаагүй юм.

Иймд 1 279 993 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч*******,******* нараас зээлийн гэрээний үүрэгт 2 872 493 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2019 оны 07 сарын 06-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч*******,******* нар нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-иас 2 600 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай авч, зээлийн буцаан төлөлтийг хуваарийн дагуу ХААН банкны 542 224 6950 дугаар бүхий дансанд хийхээр гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан байна.

Хариуцагч******* нь нэхэмжлэгчийн дээрх дансанд нийт 1 855 619 төгрөг төлсөн, үүнээс үндсэн зээлэнд 1 023 851 төгрөг, зээлийн хүүд 676 277 төгрөг, хүүгийн авлагад 321 488 төгрөг, хүүгийн төлбөрт 354 789 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 155 491 төгрөгийг тус тус төлсөн үйл баримтууд тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 5, 15-19 дэх талууд/

Харин нэхэмжлэгч тал хариуцагч*******ын 2020 оны 02 сарын 12-ны өдөр төлсөн 800 000 төгрөгийн талаар маргаан гаргадаг ба тус шүүхэд “800,0 мянган төгрөгийг өөр зээлэнд төлсөн байхад энэ зээлнээс хасч тооцсоныг зөвшөөрөхгүй гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т  зээлийн буцаан төлөлтийг ХААН банкин дахь 542 224 6950 дугаар дансанд төлөхөөр заасан.  Энэ дансанд 2020 оны 02 сарын 12-ны өдөр Ганбаяраас 800 000 төгрөг төлөгдсөн байгаа учраас анхан шатны шүүх хариуцагч талын тайлбар болон гэрээ, дансны хуулга зэргийг үндэслэн 800 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон нь буруу биш, зөв шийдвэрлэсэн байна.

Харин хариуцагч нарын нэхэмжлэгчээс хоногийн нэг хувийн хүүтэй авсан зээл нь энэ  зээлэнд /224 дугаартай гэрээ/ хамаарахгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 270 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 138/ШШ2020/01169 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

 ШҮҮГЧИД                                             Ж.ДОЛГОРМАА

                                                          З.ЭНХЦЭЦЭГ