| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0085/э |
| Дугаар | 91 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогт Б.Б-д холбогдох 1821000830072 дугаартай хэргийг 2018 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Харгана овогт Б.Б, Дорнод аймгийн Дашбалбар суманд ......... оны ..... сарын .....-ны өдөр төрсөн, ...... настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ........./, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Баяндун сумын ............... газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 сарын 20-ны өдөр 09 цагийн орчим Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн “Нарлаг” хороололд оршин суух хохирогч Г.Төмөр-Очирын гражийн цонхоор хууль бусаар нэвтэрч хонины нэг ширхэг гулууз буюу 25 кг мах хулгайлж 62500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Төмөр-Очирын граж руу орж хонины гулууз хулгайлж аваад сумынхаа Гэлэгжамц гэдэг хүнд зарсан нь үнэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 01 сарын 20-ны үед ...Төмөр-Очир ахын гэр рүү очиход байшин нь цоожтой байсан. Тэгэхээр нь гражийнх нь хаалган дээр очиход хаалга нь цоожтой байхаар нь татаж үзээд гражийнх нь урд талын цонхыг түлхэж онгойлгосон. Тэгээд граж руу нь ороод цэнхэр өнгийн зүйлээр хучсан махнаас 1 ширхэг хонины гулуузыг нь аваад цонхоор гаргаж араас нь өөрөө гараад уг гулуузаа дүүрээд төв рүү явж байгаад...Гэлэгжамц ах машинтай явж байхад нь таараад “гулууз авах уу” гэхэд, Гэлэгжамц ах тэр гулуузийг хараад “энэ мах чинь жоохон шороотой байна даа” гэж хэлээд авсан...” гэжээ. /хх 38/
Хохирогч Г.Төмөр-Очир мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 01 сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу яваад 2018 оны 01 сарын 21-ний өглөө 10 цагийн орчим Баяндун суманд ирээд гэртээ байж байхад Буянбат ах манайд ирээд “танай гэрийг эргэж тойрч байхад танай гражийг өчигдөр хүн хөшиж байсан. Юм алга болоогүй байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би граж руу очиход хаалга нь цоожтой байхаар нь түлхүүрээр нь онгойлгож дотогш орсон чинь гражийн урд хананд байдаг цонхыг даруулж хадсан хадаас нь хөшигдөж цонх онгойсон байсан. Тэгэхээр нь би гражид хадгалсан гулуузалж бэлтгэсэн махаа тоолсон чинь 1 ширхэг хонины мах алга болсон байсан. Ингээд би хэсгийн төлөөлөгч Бат-Отгонд хэлж алга болсон махаа бүртгүүлсэн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа хэсгийн төлөөлөгч намайг дуудахад нь очиж уулзахад “Б гэх хүн таны гулуузыг хулгайлсан байна” гэж хэлсэн. Би сүүлд хэсгийн төлөөлөгчөөс Б миний хонины гулуузыг авсан гэж мэдээд Б-тай уулзаад “хэлэхгүй яасан юм бэ” гэхэд, Б “би согтуудаа авчихсан байна” гэж хэлсэн...Б над руу энэ хэргээс өмнө зөндөө л утсаар ярьдаг байсан, гэхдээ надаас хонины гулууз авах талаар огт яриагүй юм...” гэжээ. /хх 14-16/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Гэрч Г.Буянбат /хх 19-22/, Г.Батнасан /хх 26-29/, Ж.Гэлэгжамц /хх 30-31/, Д.Бор-Охин /хх 32-33/, М.Ганболд /хх 34-35/ нарын болон хохирогч Г.Төмөр-Очир /хх 17-18/, шүүгдэгч Б.Б /хх 23-25/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10/, Хохирогчийн хохирлоо барагдуулж авсан талаарх тайлбар /хх 50/, Эд зүйлийн үнэлгээ /хх 58/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 41/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 сарын 20-ны өдөр 09 цагийн орчим Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн “Нарлаг” хороололд оршин суух хохирогч Г.Төмөр-Очирын гражийн цонхоор нэвтэрч хонины нэг ширхэг гулууз буюу 25 кг мах хулгайлж 62500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ын /хх 23-25, 38/ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Гэмт хэргийн эх сурвалжийг тодорхой зааж, тогтвортойгоор мэдүүлсэн хохирогч Г.Төмөр-Очирын “...Буянбат ах манайд ирээд “танай гэрийг эргэж тойрч байхад танай гражийг өчигдөр хүн хөшиж байсан. Юм алга болоогүй байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би граж руу очиход хаалга нь цоожтой байхаар нь түлхүүрээр нь онгойлгож дотогш орсон чинь гражийн урд хананд байх цонхны даруулж хадсан хадаас нь хөшигдөж цонх онгойсон байсан. Тэгэхээр нь би гражид хадгалсан гулуузалж бэлтгэсэн махаа тоолсон чинь 1 ширхэг хонины мах алга болсон байсан...хэсгийн төлөөлөгч...Б гэх хүн таны гулуузыг хулгайлсан байна гэж хэлсэн...” /хх 14-16/ гэх,
Хулгайн гэмт хэрэг үйлдсэн байж болох этгээдийг нүдээр харсан гэрч Б.Буянбатын “...2018 оны 01 сарын 20-ны өглөө 09 цагийн орчимд би Төмөр-Очирын гэрийг эргэх гээд хашаанд нь очиход нэг намхан залуу гражийнх нь хаалгыг татаж чангаагаад зогсож байсан. Тэгэхээр нь би хашааных нь завсраар “хөөе хэн бэ” гэж хашгирахад тэр залуу хашааны баруун тал руу гараад явсан...Тэр залуугийн орсон байшин руу орж Бат-Эрдэнээс өчигдөр өглөө танай байшингаар хэн орсон талаар асуухад, Бат-Эрдэнэ “Б гэх залуу ороод гарсан” гэж хэлсэн...” /хх 19-22/ гэх,
Гэрч Ж.Гэлэгжамцын “...2018 оны 01 сарын 20-ны өдөр гэрээсээ гараад явж байхад сумын төвд Б нь ганцаараа хонины гулууз тэврээд явж байсан. Тэгээд гар өргөхөөр нь би зогссод уулзахад Б “энэ хонины гулуузыг худалдаад авчих гэсэн. Тэгэхээр нь би уг гулууз 25 кг болохоор нь 1 кг-ийг нь 2500 төгрөгөөр бодож 62500 төгрөг өгч худалдаж авсан...” /хх 30-31/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,
Эд зүйл хулгайд алдагдсан талаар тухайн цаг хугацаанд гэмт хэргийн талаар мэдээлснийг хүлээж авсан гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10/, Эд зүйлийн үнэлгээ /хх 58/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа хохирогч Г.Төмөр-Очирын гражийн цонх буюу бусдын мах хадгалсан агуулахад нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг агуулахад нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэм буруутай үйлдлээрээ хохирогч Г.Төмөр-Очирт 62500 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйлийн үнэлгээ /хх 58/-гээр, харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн арилгасан болох нь хохирогчийн хүсэлт /хх 50/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б-н .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн даруй хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харгана овогт Б.Б-г бусдын эд хөрөнгийг агуулахад нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1821000830072 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Б-н .................регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 04 сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ