Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/18

 

 

 

 

 

 

 

2024       03          13                                           2024/ДШМ/18

 

 

Л.Өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Ж.Батбаатар

Шүүгдэгч                                                                      Л.Ө

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              О.Сарантуул

Иргэний нэхэмжлэгч                                                Б.Гантулга

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч         Б.Энхтүвшин

Нарийн бичгийн дарга                                П.Пунсалдулам нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан иргэний нэхэмжлэгч Б.Гантулгын давж заалдах гомдлоор шүүгдэгч Л.Өд холбогдох 2325003300555 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овогт Л-ийн Ө, Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Булган аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, групт байдаг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт 0000 оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФВ0000000.

 

Л.Ө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт үйл ажиллагаа явуулдаг “Шунхлай” ШТС-ын урд талын хучилттай авто замд 31-61 ОРА улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 1.5, 3.7, 11.3, 12.3-т заасан заалтуудыг зөрчиж, эсрэг эгнээгээр зорчиж явсан 87-93 УАЕ улсын дугаартай Субару Простер маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Н.Ганхүрэл, Л.Бадрал нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 87-93 УАЕ улсын дугаартай Субару Простер маркийн тээврийн хэрэгсэлд 14.695.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Л.Өы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

 Шүүгдэгч Т овогт Л-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Ө-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ө-ыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

 Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйл, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч  Л.Ө-аас 596.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Ганхүрэлд олгож, шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаас хохирогч Л.Бадрал, Д.Пүрэвсүрэн, иргэний нэхэмжлэгч Б.Гантулга, Д.Ганчимэг нарт төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Д.Пүрэвсүрэнгийн 3.000.000 төгрөг гаргуулах, хохирогч Л.Бадралын 10.000.000 төгрөг гаргуулах, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Гантулга, Д.Ганчимэг нарын цаашид автомашины ачлагын хөлс 1.500.000 төгрөг, олох ёстой цалин орлого 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлүүдийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч иргэний нэхэмжлэгч нар нь цаашид энэ хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

 

 Шүүгдэгч Л.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Өы иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Гантулга давж заалдах гомдолдоо:

 

... Тус хэргийн шүүх хуралдаан 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр явагдсан бөгөөд шүүхээс Л.Өыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн. Мөн ТОГТООХ хэсгийн 5-д Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйл, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Ө-аас 596.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Г-д олгож, шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаас хохирогч Л.Б, Д.П, иргэний нэхэмжлэгч Б.Г, Д.Г нарт төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Д.П-ийн 3.000.000 төгрөг гаргуулах, хохирогч Л.Бадралын 10.000.000 төгрөг гаргуулах, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Гантулга, Д.Ганчимэг нарын цаашид автомашины ачлагын хөлс 1.500.000 төгрөг, олох ёстой байсан орлого 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлүүдийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч иргэний нэхэмжлэгч нар нь цаашид энэ хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Үүнийг миний бие эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

... Түүнчлэн миний 87-93 УАЕ улсын дугаартай Субару Простер маркийн автомашинд 14.695.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байхад хохирлын цаашид хэрхэх талаар шийдвэрт тусгаагүй байна. Бидний хувьд машинаа тээврийн хэрэгслийн бүрэн даатгалд даатгуулсан байсан тул даатгалын компаниас боломжит хэмжээгээр нь төлбөрөө гаргуулж, үлдэгдэл мөнгийг Л.Ө-аас гаргуулах саналтай байгаа тухайгаа шүүх хуралдаанд хэлсэн.

 Харин шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 5 дахь хэсэгт "...хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Гантулга, Д.Ганчимэг нарын цаашид автомашины ачлагын хөлс 1.500.000 төгрөг, олох ёстой цалин орлого 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж ..." иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн боловч автомашинд учирсан хохирол болох 14,695,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаагүй байна. Бид даатгалын компаниас гарах шийдвэрийг урьдчилж хэлж мэдэхгүй тул автомашины хохирлыг энэ шүүх хурлаар шийдвэрлүүлэхгүй, дараа нь иргэний журмаар нэхэмжилнэ гэсэн байр суурьтай байсан байхад шүүхээс автомашины хохирлыг нэхэмжлэх эрхийг минь тусгаагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Тиймээс Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Гантулга миний 8793УАЕ улсын дугаартай Субару простер маркийн автомашинд учирсан хохирол 14,695,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Ө тайлбартаа: ... 1 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хурал эхлэхээс 30 минутын өмнө Б.Гантулга нь 100 хувийн даатгалтай гэдгээ хэлсэн. Би хотын Монгол даатгалын салбар дээр очоод уулзсан, 90 хувийг нь олгодог, 10 хувийг нь ингэдэг гэж байна гээд би үүгээр авчих боломжтой юм байна гэсэн. Би өмгөөлөгчтэйгөө уулзуулсан. Тэгсэн чи 10 хувийг нь төлөөд би 90 хувийг нь өгвөл хоёулаа ингээд зохицчихъё гэж шүүх хурал дээр ярьсан. Би шүүх хурал дээр зогсож байгаад 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Шүүх хурлын маргааш нь Монгол даатгал дээр очиж уулзсан, уулзахад даатгалынх нь хүн энэ мөнгө чинь мөд олдохгүй шүү дээ, би төлсөн мөнгөө хасуулъя гэхэд хасахгүй, Б.Гантулга нь хасуулахгүй гэсэн, банк бус дээр чи 10 хувийн мөнгө төлөх ёстой гэж надаас тийм мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би хоёулаа ярьснаасаа өөр болоод явчихлаа, тэгвэл би тэгэх боломжгүй гэж хэлсэн...гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул тайлбартаа: “...Иргэний нэхэмжлэгч татгалзаж байгаа тохиолдолд шийтгэх тогтоолд заах боломжгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Б.Г тайлбартаа: “...Анхан шатны хурал дээр тухайн үед гомдол саналгүй, хохирол барагдуулсан гэж байсан боловч маргааш нь бүх юм шийдэгдчихнэ гэж бодсон юм. 14 хоногийн дотор эргээд давж заалдах боломж байгаа дээр нь хохирлоо гаргуулъя, машиныхаа хохирлыг барагдуулъя гэж гомдлоо гаргасан байгаа...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Б.Энхтүвшин тайлбартаа: “...Машинд учирсан хохирлыг нээлттэй үлдээж шийдвэрлээгүй. Хохирогчид учирсан машины хохирлыг тогтоох хэсэгт нээлттэй үлдээж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Батбаатар дүгнэлтдээ: “...Энэ шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байж одоо гаргах боломжгүй байна гэсэн ийм үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах гээд байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Энэ хэргийн үйл баримт болоод хохирол, хор уршгийн хэм хэмжээг тодорхой шийдвэрлэсэн байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Ө-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулсан байна.

 

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч Б.Гантулгаас “... дараа нь Иргэний журмаар нэхэмжилнэ гэсэн байр суурьтай байхад шүүхээс автомашины хохирлыг нэхэмжлэх эрхийг минь тусгаагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. 14,695,000 төгрөгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэд ...Л.Ө-ыг... Н.Г болон Л.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 3 хүний биед хөнгөн хохирол учруулсан байна ...” гэсэн байх бөгөөд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэж түүнийг “... 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарахгүй атал анхан шатны шүүх шүүгдэгч Л.Өыг 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь буруу байна.

 

Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт иргэний нэхэмжлэгч нар нь учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн хэдий ч иргэний нэхэмжлэгч Б.Г-ын автомашинд учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурьдаагүй орхигдуулжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хаан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийг зүйлчилсэн зүйлчлэл үндэслэлтэй, оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний гэм бурууд нь тохирсон гэж үзэв.

 

 Шүүгдэгч Л.Ө нь хохирогч Н.Г-д анхан шатны шүүхээс тогтоосон хохирол 596.000 төгрөгийг давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед төлсөн байх тул магадлалд дурьдах нь зүйтэй байна.

 

Үүнээс гадна шүүгдэгч нь хот руу машин ачуулсан зардал болон бусад зардалд тооцож Б.Г-д 3,000,000 төгрөг шилжүүлсэн гэсэн нотлох баримтыг ирүүлсэн боловч иргэний нэхэмжлэгч Б.Г нь өөрийн автомашинд учирсан хохирол 14,695,000 төгрөгтэй холбогдох асуудлыг жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан компаниар шийдвэрлүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах үед шийдвэрлүүлэх боломжтой байна.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад иргэний нэхэмжлэгч Б.Г нь автомашины засварын үнэ 14,695,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэхгүй татгалзаж байна. Хохирлоо даатгалын компаниас гаргуулсны дараа зөрүүг нь шүүгдэгчээс нэхэмжлэх байр сууриа илэрхийлснийг хохирогч нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж иргэний нэхэмжлэгч Б.Г-ын гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол...” гэснийг хасаж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...хэлэлцэхгүй орхиж...” гэсний дараа “... хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь эрүүл мэндийн эмчилгээтэй холбогдсон болон бусад зардлаа, иргэний нэхэмжлэгч Б.Г нь авто машинд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай...” гэж нэмж,  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Л.Ө нь хохирогч Н.Г-д хохирлын 596,000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний нэхэмжлэгч Б.Г-ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                        ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР