| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0640/З |
| Дугаар | 128/ШШ2025/0542 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0542
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Г.*******гийн дүгнэлттэй, Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.*******эд холбогдох 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулах захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Г.*******гийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 51 дүгээр дүгнэлтэд: Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.******* нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн ...******* ХХК олгосон газарт төлөвлөсөн барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ******* ХХК-ийг Барилгын ажлын гүйцэтгэгч чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.4 дэх заалтад зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн НХШГ-05-026/171 дугаартай материалыг шалгалтын явцад хянав.
******* ХХК нь Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо нэгж талбарын 1781110571 дугаар бүхий 9,5 га талбайтай газарт 25 байрны сууцны барилга угсралтын ажлын батлагдсан барилгын ажлын зураг төслийн дагуу барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байна.
Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй зөрчлийн шинжтэй байна.
Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь зөрчилд холбогдогч иргэнд Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.4 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулжээ.
Энэ нь Зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн, Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн, хууль зүйн үндэслэлийн хувьд алдаатай шийдвэр гаргасныг зөвтгөх шаардлага үүсэж байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6. дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон, Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.*******ийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан №******* дугаартай шийтгэлийн хуудаст хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахаар шинэ захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Ц.******* би Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаартай дүгнэлттэй танилцаад НХШГ-05-026/171 дугаартай хавтаст хэрэгт оролцогч ******* ХХК-д оногдуулсан шийтгэлийн хуудсыг хууль зүйн хувьд алдаатай шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрч байна.
Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Г.******* 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 51 дүгээр дүгнэлтээр Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.*******ийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай ******* ХХК-д торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэлийн хуудаст хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахаар шинэ захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэхээр дүгнэлт бичжээ.
Хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.******* 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.4 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг зөвшөөрсөн.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Г.*******гийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай ******* ХХК-д торгосон шийтгэлийн хуудаст хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулах дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР