Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 201/МА2021/04

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 23-ны өдрийн 138/ШШ2020/01143 дугаар шийдвэртэй, Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15 451 379.73 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 261500626062 дугаартай барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Өнөрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 11 сарын 30ы өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мөнхтунгалаг, Н.Байгаль хариуцагч *******ын өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Дугарын Батцэнгэл, Сүрэнгийн Дугар нар нь Төрийн банкны Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төвөөс 2018 оны 08 сарын 16-ны өдөр 15 523 196.21 төгрөгийн зээлийг 261500626062 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан жилийн 20.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Д.Батцэнгэл нь 2019 оны 6 дугаар сард нас барснаас хойш одоог хүртэл зээлийн төлбөр огт төлөгдөөгүй. Үндсэн зээлийн 13 665 555.73 төгрөг, хуримтлагдсан хүү 1 769 131.24 төгрөг, хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү 16 692.76 төгрөг, нийт 15 451 379.73 төгрөгийн зээлийг төлөөгүй 225 хоног хугацаа хэтрээд байна. Банкны зүгээс зээлийг төлүүлэх бүх талын арга хэмжээг авсан болно. Зээлийн гэрээний 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.4, 3.2.5, 3.2.6, 3.2.7, 3.2.8, 3.3-р заалтуудыг үндэслэн зээлийг бүрэн барагдуулахыг шаардаж байна. Иймд зээлдэгч иргэн *******тай байгуулсан 261500626062 тоот барьцаат зээлийн гэрээний үүргийн дагуу ...нийт 15 451 379.73 төгрөгийг гаргуулан өгч Банкийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Өнөрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Батцэнгэл, хамтран зээлдэгч ******* нар нь Төрийн банкнаас зээл авсан байгаа. Батцэнгэлийн ажилладаг газар нь Хаан банктай харилцдаг байсан боловч өөрөө хүсэлтээр Төрийн банктай харилцаж зээл авах хүсэлт гаргасан. Тухайн үед манайхаас авсан зээлээрээ Хаан банкны зээлийг дарсан байгаа. Хоёр удаагийн зээлийн гэрээ байгуулсан. Ингэхэд хамтран зээлдэгч ******* гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймээс зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. 2020 оны 02 сарын 13-ны өдрийн байдлаар нийт 15 451 379 төгрөг 73 мөнгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Энэ зээлийг Батцэнгэл авсан. Дугар гуай аваагүй байж болно. Гэхдээ мөнгийг хэрэглэсэн хүн нь Батцэнгэл байгаа. Өөрөө хувийн хэрэгцээ ч бай аль нэг өр зээл ч бай ямартай ч мөнгийг хэрэглэсэн нь үнэн байдаг. Банкнаас зээл авсан нь үнэн. Банкинд зээл төлөгдөхгүй байгаа нь үнэн.” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа“Би нэхэмжилсэн мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ...Би охиноо дуудсаных нь дагуу Төрийн банкин дээр очсон. Намайг очиход банкны эдийн засагч болон охин Батцэнгэл нар намайг нэг бичгэн дээр гарын үсгээ зурчих гэж хэлсэн. Би ямар учиртай бичиг вэ, яах гэж байгаа юм бэ гэж асуухад манай охин багахан хэмжээний зээл байгаа юм аа гэсэн. Тэгэхэд нь би ийм юм мэдэхгүй ээ, зээлэнд ороход хүсэхгүй байна, чи ах, дүү нараасаа дууд, эсвэл өөр хүн олохгүй юу даа гэж хэлсэн. Тэгэхэд охин хоёрхон сая төгрөгийн зээл байгаа юм аа, би өөрөө удаахгүй төлчихнө, би юу гэж танаар төлүүлэх вэ дээ, та зүгээр л гарын үсгээ зурчих гэж гомдоллоод байсан. Банкны эдийн засагч надад ямар учиртай, хэдэн төгрөг өгч, авч байгаа талаар надад хэлээгүй, огт юм тайлбарлаагүй, чимээгүй байгаад байсан. Миний нүдний хараа олон жилийн өмнөөс муудаж, ном сонин, бичиг уншиж чадахаа байсан, нүдний шил зүүдэг боловч том зүйлийг л багцаа, таамгаар харж явдаг. Нарийн ширийн зүйлийг бол огт хардаггүй учир би тухайн үед тэр бичгийг нь уншаагүй бөгөөд зур гэсэн газар нь заалгаж байгаад гарын үсгээ зурсан. Ингээд охин маань 2019 оны 06 сард хүнд өвчний улмаас нас барж, 2 охин нь над дээр өнчирч үлдсэн. Төрийн банкнаас танай шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлтэй танилцахад охин Батцэнгэл өмнө нь 15 сая төгрөгийн зээл авсан байсан бөгөөд сүүлд 2 сая гаран төгрөг нэмж авахдаа надаар гарын үсэг зуруулсан гэдгийг тайлбарлуулж ойлгосон. Би гарын үсэг зурах үед 15 сая төгрөгийн зээл гэдгийг мэдсэн бол хэзээ ч зөвшөөрөхгүй байсан. ...Манай охин намайг бичиг уншиж чадахгүй, хараа муутайг далимдуулж, хуурч гарын үсэг зуруулсан байна. Охиныг тэгж худал хэлж байхад хажууд нь байсан эдийн засагч хүн сонссоор, мэдсээр байж надад залруулж ойлгуулаагүй нь хачин санагдаж байна. Уг нь надад манай охин биш, зээл олгох гэж байгаа хүн нь тайлбарлан өгч, миний зөвшөөрлийг авах ёстой биздээ. ...би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би тийм их мөнгийг зээлж авсан талаар мэдэхгүй байна. Би 8 дугаар сард буюу намар нэг л удаа банкин дээр очсон. Би ер нь банкнаас зээл ч авж үзээгүй. Өөрийн байгаа бололцооны хэрээр л амьдардаг хүн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Миний нас барсан охин Батцэнгэл нь нэг удаа намайг Төрийн банкин дээр хүрээд ир гэж дуудаад байхаар нь очсон. Тэгсэн чинь надад хандаж Би 2 сая төгрөгийн зээл авах гэж байгаа юм аа. Та гарын үсэг зураад өгчих гэж хэлсэн. ...Тэгээд намайг үүдний сандал дээр суулгаж орхиод цаашаа явсан. Хэсэг байж байгаад над дээр ирээд энэ гэрээн дээр гарын үсэг зурчих гэж хэлээд гуйгаад байхаар нь би 2 сая төгрөгийн гэрээ юм байна гэж ойлгоод гарын үсэг зурсан. Би тэр гэрээг уншаагүй, би уншиж чадахгүй. Олон жилийн өмнөөс нүд маань муудаж эхэлсэн. Ойрын юм хардаггүй. Миний нүдэнд таарах харааны шил ч олддоггүй юм. Нэг ёсондоо би хүний бараа дүрсийг харах болохоос нүүр царайг нь нарийвчлан харж чаддаггүй. Тэр тусмаа бичиг үсэг ч хардаггүй, ном, сонин уншиж чаддаггүй юм. Тиймээс тухайн гэрээн дээр юу бичсэн болохыг уншаагүй, мэдээгүй. Банкны ажилтан хүн нь ч надтай уулзаж, хэлж тайлбарлаж өгөөгүй. Сүүлд нэхэмжлэл гаргасны дараа манай охин Батцэнгэл тус банкнаас 2018.05.23-ны өдөр 13 500 000 төгрөг зээлж авсан бөгөөд намайг хамтран зээлдэгчээр оруулсан байсан. Би 13 500 000 төгрөгиийн зээл авсан болохыг огт мэдээгүй, гарын үсэг ч зураагүй. Дараа нь 2018.08.16-ны өдөр өмнөх зээлийн 13 223 196 төгрөг дээр нэмж 2 300 000 төгрөг буюу нийт 15 523 196.21 төгрөгийн зээл авсан болохыг мэдсэн. Энэ гэрээн дээр надад худлаа хэлж гарын үсэг зуруулсан байна. Нэмэлт 2 300 000 төгрөг авахдаа надад 2 сая төгрөгийн зээл авч байгаа юм гэж хэлсэн бололтой. Би 15 523 196.21 төгрөгийн зээл авна гэдгийг мэдсэн бол хэзээ ч зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй байсан. ...Банкны ажилтан ч надтай уулзаагүй. Надад тайлбарлаж өгөөгүй. Өндөр настай, хараа муутай, тэтгэврээс өөр орлогогүй намайг тийм их зээлийн хамтран хариуцагчаар оролцуулсаныг маш их гайхаж байна. Би гарын үсэг зурахдаа хүнээр заалгаж, чиглүүлж байгаад зурдаг. ...Иймд Төрийн банк ХХК-ийн Дорнод салбартай 2018.08.16-ны өдөр байгуулсан 261500626062 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагтай холбогдуулан гаргасан тайлбартаа: “2018 оны 08 сарын 16-ны өдрийн 261500626062 тоот барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн. Гэрээ байгуулахад талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байх учиртай. Гэтэл талуудын гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нь нэгдсэн гэж үзэх боломжгүй. Уг хэлцэл нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан заншлын хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Иргэний хуульд заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй. Хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан тохиолдолд шаардах эрх үүснэ. Гэтэл тийм зүйл энэ хэрэгт байхгүй. Гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн гэдэгт миний хувьд эргэлзэж байна. Гэрээ байгуулж байгаа талууд чөлөөт эрхийн хэмжээнд шийдвэрлэх ёстой. Дугар гуай хэлэхдээ надад эдийн засагч нь зээлийн хэмжээ, сарын төлөлтийн талаар тайлбарласан бол би гарын үсэг зурахгүй байсан гэж хэлдэг. Банкны ажилтан гэрээний нөгөө тал болох хамтран зээлдэгчид энэ талаар тайлбарлаагүй нь чөлөөт эрхийн хэм хэмжээнд халдсан үйлдэл болж байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд харшилсан үйлдэл гаргасан байна. Мөн маш өндөр настай хүнийг хамтран зээлдэгчээр оруулсан. Дугар гуай гэрээ хийгдэх үед 76 настай байсан ба одоо 81 настай. Гэтэл ямар хэмжээтэй зээл олгож байгаа гэрээнд түүнийг гарын үсэг зурах гэж байгаа талаар тайлбарлаагүй атлаа сард 300 гаран мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүнийг тус гэрээний дагуу сар бүр 411 000 төгрөгийн төлөх гэрээнд хамтран зээлдэгчээр оруулж, үүрэг хүлээлгэсэн байгаа нь үндэслэлгүй. Хамтран зээлдэгч төлөх чадвартай эсэхийг нь ч судлаагүй, орлогыг нарийн тогтоогоогүй. Нүдний хувьд бэрхшээлтэй, уншиж чадахгүй хүнд банкны зүгээс гэрээний талаар нарийн тайлбарлаж өгөөгүй атлаа гэрээнд гарын үсэг зурсан л учраас үүрэг хүлээх учиртай гэж ийм хэмжээний төлбөрт унагаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үнэхээр бүдүүлэг журмаас болж энд хүмүүсийн эрх ашиг маш ноцтойгоор зөрчигдөж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Өнөрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “Буяндэлгэр овогтой Пүрэвсүрэн нь 2018 оны 1-р сараас 2019 оны 5 сар хүртэлх хугацаанд Төрийн банкны Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төвд Харилцааны менежерээр ажиллаж байсан. Тухайн үед Асралт үйлс өрхийн эрүүл мэндийн төвд сувилагчаар ажиллаж байсан Дугар овогтой Батцэнгэл нь 13.5 сая төгрөгийн цалингийн зээл авах хүсэлт гаргасан. Ингээд 2018 оны 05 сарын 23-нд 13,5 сая төгрөг, нэмэлтээр 2018 оны 08 сарын 16-нд 2,3 сая төгрөгийн зээл тус тус авсан. Д.Батцэнгэл нь зээлийн хүсэлт гаргахдаа өөрийн төрсөн аав *******ыг хамтран зээлдэгчээр оруулах хүсэлт гаргасны дагуу судалж шийдвэрлэсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зуруулахын өмнө хамтран зээлдэгч болох *******т зээлийн дүн, бүтээгдэхүүн, нөхцөл хүү, шимтгэлийн талаар танилцуулж, гарын үсэг зурсан. Хамтран зээлдэгч ******* нь өөрийн биеэр ирж гэрээтэй танилцсаны үндсэн дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь үнэн болно. Банкны зүгээс зээлийг бүрэн төлүүлэх хүсэлтэй байгаа. Бид сөрөг нэхэмжлэлтэй танилцсан. Эхний зээлэн дээр гарын үсэг зураагүй, дараагийн зээлэн дээр гарын үсэг зурсан гэж хэлдэг боловч баримтаар энэ байдал няцаагддаг. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 23-ны өдрийн 138/ШШ2020/01143 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас Зээлийн гэрээний үүрэгт 15 451 379.73 төгрөг гаргуулах тухай Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Төрийн банк ХХК-ийн Дорнод салбарын Хэрлэн тооцооны төв болон Д.Батцэнгэл, ******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 261500626062 дугаартай барьцаат зээлийн гэрээний *******тай хийсэн хэлцлийн хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.156.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 207 төгрөгийгхариуцагч *******аас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 566 төгрөгийн 235 207 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн илүү төлсөн 359 /гурван зуун тавин ес/ төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч *******т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Өнөрцэцэг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрээр *******аас 15 451 379.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018.08.16-ны өдрийн 261500626062 дугаартай барьцаат зээлийн гэрээний *******тай хийсэн хэлцлийн хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл үндэслэлээр” хэрэгсхэгүй болгосныг эс зөвшөөрч байна.

Учир нь зээлдэгч Д.Батцэнгэл, хамтран зээлдэгч ******* нар Төрийн банкин дээр 2018.05.23, 2018.08.16-ны өдөр тус тус 2 удаа хамтдаа ирж зээл авсан болно. Тухайн үед зээл судалж олгосон харилцааны менежерээр ажиллаж байсан Б.Пүрэвсүрэнг гэрчээр оролцуулсан боловч хүлээн аваагүй байна.

Зээл олгох үед ******* нь 2018.05.23-ны өдөр 13 500 000 төгрөгний хамтран зээлдэгчээр орохыг зөвшөөрч Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А/203 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам” болон Төрийн банкны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 12.6.1.1 дэх заалтын дагуу Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгттэй танилцаж гарын үсэг зурсан. Мөн зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээ байгуулагдан хүчин төгөлдөр болсон.

Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтийг харилцагчид танилцуулахад зээлийн дүн, хугацаа, бүтэггдэхүүний төрөл хүү, сар бүр эргэн төлөтийн дүн, харилцагчаас авах шимтгэл зэргийг агуулсан байдаг. Хамтран зээлдагч *******т энэ бүхнийг танилцуулж гарын үсэг зуруулсан болно. Тус харилцагчийг хамтран зээлдэгчээр орох үед харааны бэрхшээлтэй гэдгийг банк тодорхойлох боломжгүй юм. Зээлийн гэрээ, өргөдөл, мэдээллийн хүснэгт зэрэгт зурсан гарын үсэг нь Төрийн банкны программд оруулсан харилцагчийн баталгаат гарын үсэгтэй таарч байсан тул гэрээ байгуулагдсан байна. Мөн 2020.01.08-ны өдөр хамтран зээлдэгч ******* нь “миний бие Дугар овогтой Батцэнгэлийн цалингийн зээлийн хамтрангаар орсон. Батцэнгэл миний охин нь нас барсан тул цалингийн зээлийн хүүг зогсоож туслалцаа үзүүлнэ үү” гэсэн өргөдөл бичиж хамтран зээлдэгч гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иймд дээрх зээлийн гэрээнд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Дорнод салбарын харьяа Хэрлэн тооцооны төв нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 451 379.73  /цаашид 15 451 380 гэх/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2 дахь талууд/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Дорнод салбарын харьяа Хэрлэн тооцооны төв нь иргэн Д.Батцэнгэлтэй 2018 оны 05 сарын 23-ны өдөр 13 500 000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ, 2018 оны 08 сарын 16-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 300 000 төгрөг, нийт 15 523 196.21 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ тус тус байгуулсан, хамтран зээлдэгчээр хариуцагч ******* оролцож, гэрээнд гарын үсэг зурсан, зээлдэгч Д.Батцэнгэл 2019 оны 06 сарын 10-ны өдөр нас барсан ба үүнээс зээлийн эргэн төлөлт хийгдээгүй үйл баримт болсон байна. /хх-ийн 6-8, 48-50 дахь талууд/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн маргаантай хэргийг шийдвэрлэхдээ  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагатай нийцээгүй байна.

1. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”-ийн тухай ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Энэ нь хэлцлийн агуулга буюу хэлцлийн талуудын эрх, үүргийн хувьд хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байхыг шаардана. Банкнаас зээл авах, зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцох явдал нь Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль зэрэг хуулиар зохицуулагдаж зөвшөөрөгдсөн хууль ёсны үйл ажиллагаа мөн. Энэ талаас хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэх ойлголтод хамаарахгүй нь ойлгомжтой байна. Анхан шатны шүүх  “Банк, зээлдэгч *******т зээлийн гэрээний нөхцөлийн талаар  үнэн зөв бодит мэдээлэл өгөлгүйгээр гэрээнд гарын үсэг зуруулснаар түүний эдийн засгийн чөлөөт, хараат бус байдлыг алдагдуулсан хэлцэл хийсэн нь зан суртахуунд харшилсан хэлцэл мөн” гэж “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”-ийн ойлголтын жинхэнэ агуулгаас зөрүүтэй тайлбарласан. Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэдэгт: талууд хэлцлээр хүлээсэн эрхийг эдлэх, үүргийг биелүүлэх явдал нь нийтээр дагаж мөрддөг зан суртахууны хэм хэмжээнд харшилж байхыг ойлгоно. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан, банкны зүгээс өөрийн үйл ажиллагаандаа дагаж мөрддөг дотоод журмыг зөрчсөн явдлууд нь тухай хэлцлийг “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” гэж дүгнэх  үндэслэл болохгүй юм.

2. Хамтран зээлдэгчээр оролцсон *******ын хувьд 2018 оны 05 сарын 23-ны өдөр байгуулагдсан 13 500 000 төгрөгтэй холбоотой барьцаат зээлийн гэрээнд “гарын үсэг зураагүй, энэ талаар мэдээгүй, тухайн гэрээнд оролцоогүй” гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар няцааж чадаагүй, мөн “... шинжилж буй гарын үсгүүд нь *******ын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загваруудтай тохирохгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн шүүх энэхүү гэрээ нь *******тай байгуулагдаагүй гэж дүгнэж,  нэхэмжлэлийн  шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Харин 2018 оны 08 сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний тухайд.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.” гэж заасан. Банк болон нас барсан зээлдэгч Д.Батцэнгэлийн хувьд өмнө авсан зээл дээр 2 300 000 төгрөгийг нэмж, нийт  15,0 сая төгрөгийн зээл авч зээлийн харилцаа үүсгэж, гарын үсэг зурж байна гэдгээ талууд аль аль нь  ойлгосон. Хариуцагч *******ыг энэ зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэдэг нь тогтоогдож байгаа боловч хариуцагч *******ын хүлээн авч байгаа хүсэл зориг болон гарын үсэг зурж байгаа байдал нь 2 300 000 төгрөг болон түүний хүүтэй холбоотой үүрэг дээр хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохоор өөрт нь ойлголттойгоор гарын үсэг зурсан гэдэг нь нотлох баримтаар /Хариуцагч *******ын тайлбараар охиныхоо хэлснээр 2,0 сая төгрөгийн гэрээ гэж бодоод гарын үсэг зурсан./ нотлогдож байна гэж үзэв. Хариуцагч *******ын энэ тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримтыг нөгөө тал /нэхэмжлэгч/ гаргаж өгөөгүй байна.

Иймд зээлийн гэрээний үүргээс үндсэн зээл 2 300 000 төгрөг, түүний хүүтэй холбоотой  хэсгийг хариуцагч *******аар хариуцлага хүлээлгэж, зээлийн гэрээний үүрэгт хүлээсэн үүргийг биелүүлэх нь зүйтэй. Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т “зээлийн хүү жилийн 20,40 хувь байна.” гэж заасан байх тул үндсэн зээл 2 300 000 төгрөг, хүү 703 800 төгрөг нийт 3003 800 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 12 447 580 төгрөгийг хэрэгсэхгүй болгох,  мөн хариуцагч *******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. /2018 оны 08 сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2020 оны 02 сарын 13-ны өдөр хүртэл 1 жил 6 сарын хүүг тооцов./

Нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хариуцлагатай холбоотой учраас нэхэмжлэгч тал  анхнаасаа хариуцагч *******ыг 15,0 сая төгрөгийн зээлийг төл гэсэн шаардлага тавьсан нь буруу учраас нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой хариуцлагыг хариуцагч ******* хариуцах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Дорнод салбарын харьяа Хэрлэн тооцооны төвийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235007 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 63 011 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Дорнод салбарын харьяа Хэрлэн тооцооны төвд олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 207 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 23-ны өдрийн 138/ШШ2020/01143 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч *******аас 3 003 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Дорнод салбарын харьяа Хэрлэн тооцооны төвд олгож; нэхэмжлэлийн шаардлагаас 12 447 580 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “...хариуцагч *******т олгосугай.” гэснийг “... олгож, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 63011 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Дорнод салбарын харьяа Хэрлэн тооцооны төвд олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 207 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

               

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.НАРАНБАЯР

       ШҮҮГЧИД                                                Ж.ДОЛГОРМАА

                                                                        З.ЭНХЦЭЦЭГ