Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 110/ШШ2025/0065

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: А.Х,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Цэнгэл сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ш.А  нарын хоорондын  газрын маргааныг   хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Х, түүний өмгөөлөгч Д.Айбек, хариуцагч  Цэнгэл сумын Засаг дарга Б.А,  гуравдагч этгээд Ш. А, түүний өмгөөлөгч  А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч А.Х нь “Цэнгэл сумын Засаг  даргын 2016 оны 12 дугаар  сарын 13-ны өдрийн А/151 дүгээр “Захирамж хүчингүй болох тухай” захирамжийн А.Х холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

Нэхэмжлэгч анх  шүүхэд “Цэнгэл сумын Засаг  даргын 2016 оны 12 дугаар  сарын 13-ны өдрийн А/151 дүгээр “Захирамж хүчингүй болох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд “Цэнгэл сумын Засаг  даргын 2016 оны 12 дугаар  сарын 13-ны өдрийн А/151 дүгээр “Захирамж хүчингүй болох тухай” захирамжийн А.Х холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа  багасгаж тодруулсан.

2. Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн  сумын Засаг даргын 2016 оны А/118 дугаар  захирамжийг хүчингүй болгосон байна.

3. Хариуцагч талаас маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдсэнийг нотлох баримт байхгүй гэсэн хариу ирүүлсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь  Цэнгэл сумын Засаг  даргын 2016 оны 12 дугаар  сарын 13-ны өдрийн А/151 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар 2024 оны 8 дугаар сарын 06-нд аймгийн Засаг даргад гомдол гаргасан, уг гомдлыг аймгийн Засаг дарга 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлсэн,тус газрын 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 360  дугаар албан бичгээр аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн хариуг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр  Тамгын газраас иргэн  Д.А гардуулж өгсөн нь тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А шүүх хуралдаанд “...Уг өргөдлийн хариуг 5 сарын дараа буюу 2024 оны 12 дугаар сарын  сүүлээр  би авсан. Өргөдлийн хариуг намайг авсныг мэдээгүй ба би сүүлд 2025 оны 3 дугаар сард  А.Х мэдэгдсэн” гэсэн тайлбар гаргасан ба дээд шатны байгууллага болох  аймгийн Засаг даргаас гомдол гаргагч А.Х  гомдлын хариуг хуульд заасан журмын дагуу  мэдэгдээгүй байх тул  нэхэмжлэгч гомдлын хариуг өмгөөлөгч Д.А 2025 оны 3 дугаар сард мэдээд  2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

 4. Нэхэмжлэгч А.Х нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Миний бие А.Х Цэнгэл сумын төв “А” бүсээс газар  авахаар Засаг даргад өргөдөл гаргасан. Уг гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж, Цэнгэл сумын Засаг дарга Т.Т нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр А/118 дугаартай захирамжаар 10 иргэнд 672 м.кв газрыг эзэмшүүлсэн юм. Цэнгэл сумын төв, Ахлах сургуулийн стадионы хойд талд байршилтай, 8х8 /64 м2/ газрыг эзэмшүүлэхээр олгосон байсан захирамж гарсны дараа Цэнгэл сумын “А” бүсэд байршилтай, 8х8 метр газарт 2017 оны 6 дугаар сараас эхлэн байшингаа барьсан юм. Байшингаа балкаар барьсан ба бүх ажлыг Цэнгэл сумын иргэн Х.С хийж гүйцэтгэсэн. Байшингийн балк, банзыг Цэнгэл сумын иргэн Б.Бахытжанаас, харин байшинд хэрэглэх бүх төрлийн барилгын материалыг Өлгий сумын иргэн У. А худалдаж авсан. Нийт 13309500 төгрөгийн барилгын материалын үнэ гарсан юм. Гэтэл Т.Т дараа Засаг даргаар томилогдсон Х.М нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А/151 дугаартай захирамж гаргаж, Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/118 дугаартай “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосон байв. Уг асуудлыг би саяхан мэдсэн юм. Эзэмшүүлэхээр авсан  газарт 8 дахь жилдээ амьдарч байгаа, 2 давхар байшин барьж үл хөдлөх хөрөнгөтэй болсон юм. Одоо хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ч авч чадахгүй байгаа юм. Иймд Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/151 дугаартай захирамжийн  холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Айбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Цэнгэл сумын Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/118 дугаар захирамжаар 10 иргэнд  672 м.кв талбайтай газрыг  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. Газар эзэмшүүлэх захирамж гарсны дараа нэхэмжлэгч А.Х нь 2017  онд Цэнгэл сумын төвд 8х8 м.кв газарт  үл хөдлөх хөрөнгө буюу байшин барьсан. Уг байшингийн ажлыг С гэдэг иргэнээр гүйцэтгүүлсэн, мөн барилгын материалд 13309000 төгрөгийн зардал гаргасан. Уг газрыг дуудлага худалдаанд оруулсан байдаг. Нэхэмжлэгч А.Х дуудлага худалдаанд ороод, хүсэлтээ явуулсан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Дараа нь нэхэмжлэгч А.Х нь газрын даамалд очиж “яагаад дуудлага худалдаанд оруулаагүй” гэж амаар гомдол гаргасан боловч тэрээр “би мэдэхгүй” гэсэн хариу өгсөн байна.

 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/118 дугаартай захирамжийг  2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/151 дүгээр захирамжаар хүчингүй болгосныг мэдээгүй, мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас өгөөгүй, гарын үсэг зуруулаагүй байсан. Ингэж явсаар байгаад хамгийн сүүлд аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан байдаг. Уг өргөдлийн хариуг 5 сарын дараа буюу 2024 оны 12 дугаар сарын  сүүлээр  би авсан. Өргөдлийн хариуг намайг авсныг мэдээгүй, би сүүлд 2025 оны 3 дугаар сард  А.Х мэдэгдсэн. Тэгээд 2025 оны 4 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

5. Хариуцагч   Цэнгэл сумын Засаг дарга хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.Т 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10 иргэнд 672 м.кв газрыг эзэмшүүлэх А/118 дугаар бүхий захирамж гаргасан байна. Энэ шийдвэрийг дараагийн сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М уг газар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй,хууль бус шийдвэр гэж үзэж, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/151 тоот захирамжаар хүчингүй болгосон байна. Тухайн үед захирамжийг хүчингүй болгосон талаар А.Х болон бусад иргэдэд мэдэгдэх ёстой байсан. Гэхдээ энэ ажиллагаа тухайн үед хийгдээгүй байна,энэ нь хууль зөрчсөн ажиллагаа болсон. Хэрвээ тухайн үед  захирамж хүчингүй болсон талаар мэдэгдсэн бол өнөөдөр энэ  маргаан үүсэхгүй байсан. А.Х нь маргаан бүхий газарт 2 давхар байшин барьж, одоо түүнд амьдарч байна. Уг байшинг барихад 2 жил зарцуулсан ба цаг хугацаа, эдийн засгийн хувьд хохирохоор асуудал гарч байгаа. Цэнгэл сумын Засаг даргын хувьд нутаг дэвсгэрт байгаа иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж ажиллах үүднээс нэхэмжлэгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

6. Гуравдагч этгээд  Ш.А  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Миний бие Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа явуулах тухай” А/91 дүгээр захирамжийн дагуу 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 15 нэгж талбарт явагдсан цахим дуудлага худалдаанд оролцож, #2023-14384  дугаар бүхий 70 м.кв  газрын дуудлага худалдааны ялагч болсон. Тухайн оролцогчдоос хамгийн өндөр үнийн дүн санал гаргаж, би тухайн газрыг худалдаж авсан. Улмаар, Цэнгэл сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Дуудлага худалдааны газар эзэмшүүлэх тухай” А/176  дугаар захирамжийн хавсралтаар Цэнгэл сумын 9 дүгээр багт байрлах, нэгж талбарын 8319001729 дугаар бүхий 70 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар 30 жилийн  хугацаатай эзэмшигчээр бүртгэгдэж, 0000384330 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, газрын даамалтай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан юм. Гэтэл уг дуудлага худалдаанд оролцохоор материал бүрдүүлж, улмаар татгалзах хариу авсан иргэн А.Х нь дуудлага худалдаа явагдаж дууссаны дараа буюу 2025 оны шүүхэд хандаж, тус газартай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд иргэн А.Х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч  А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Х Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/151 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэл хэвээрээ, харин шаардлагыг багасгаж, өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага тодруулсан. Энэхүү маргаан бүхий актын агуулгаас харахад Цэнгэл сумын Засаг дарга 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгийг зөрчиж шийдвэр гаргасан учраас Засаг дарга өөрийнхөө гаргасан шийдвэрийг өөрөө хүчингүй болгосон байна.  2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэр бүхий 10 иргэнд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах үед маргаан бүхий газар нь тухайн сумын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар  нотлогдож байна.

Газрын тухай хуульд зааснаар  иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхийг журамласан. Нэгдүгээрт, дуудлага худалдаагаар, хоёрдугаарт, төсөл сонгон шалгаруулах зарчмаар  газар эзэмшүүлэх боломжтой байдаг. Харин төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаа явуулахгүйгээр, төсөл сонгон шалгаруулахгүйгээр нэг иргэнд зориулж шууд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргаж болохгүй. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М нь хууль бус шийдвэрийг зөвтгөсөн, хуульд нийцсэн шийдвэр гаргасан.  Энэ шийдвэрийг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж бодож байна, тухайн үед А.Х ч гэсэн мэдэх боломжтой байсан. Газар эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш буюу 2016 оноос хойш  9 жилийн турш мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж бодож байна. Мэдэх боломжтой хангалттай хугацаа байсан.

2023 оны 7 дугаар сард тухайн маргаан бүхий газрыг дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх тухай шийдвэр гаргаад, нэхэмжлэгч дуудлага худалдаанд оролцсон байна. Дуудлага худалдаанд оролцоход улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг  нотлох баримтуудыг бүрдүүлэх ёстой. Эдгээр баримтуудыг дутуу бүрдүүлсэн гээд нэхэмжлэгч А.Х материалыг хассан, үүнийг нэхэмжлэгч мэдэж байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан гаргаснаас хойш 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах эрхтэй. Үүнийг дээд шатны захиргааны байгууллага 30 хоногийн дотор шийдвэрлэгдэх ёстой, 30 хоногийн дотор шийдвэрлээгүй бол иргэн дараагийн хоногоос эхлэн шүүхэд хандах эрхтэй байдаг. Иргэн А.Х 2023 оны 7 дугаар сард дуудлага худалдаан зохион байгуулагдаж байгааг мэдсэн,  8 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан байна. Уг өргөдлийг Засаг дарга тухайн үед хянан шийдвэрлэсэн, үүнийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар мэдэж байсан, шүүхэд 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр  нэхэмжлэл гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл шүүхэд хандах хугацаа хэтэрсэн, маргаан бүхий акт хүчин төгөлдөр болсон байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т  “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан. Тэгэхээр иргэн А.Х хувьд ямар нэгэн газар эзэмших гэрчилгээ байхгүй байсан. Газар эзэмших тухай гэрээ, гэрчилгээ байхгүй байсныг мэдсээр байж маргаан бүхий газарт үл хөдлөх хөрөнгө бариад Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг зөрчсөн байна.

Иймд хоёр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгох боломжтой байна. Нэгдүгээрт, шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа алдсан тул энэхүү үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх нь сэргээгдэхгүй, яагаад гэхээр дуудлага худалдаанд оролцоогүй, шууд Засаг даргын зүгээс маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаж болохгүй. Энэ нь гэмт хэргийн шинжтэй. Иймд дээрх хоёр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн  “Цэнгэл сумын Засаг  даргын 2016 оны 12 дугаар  сарын 13-ны өдрийн А/151 дүгээр “Захирамж хүчингүй болох тухай” захирамжийн А.Х холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага  үндэслэлтэй байна.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Цэнгэл сумын Засаг  даргын  2016 оны 12 дугаар  сарын 13-ны өдрийн А/151 дүгээр захирамжаар Газрын тухай  хуулийн  21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/118 дугаар “Иргэн , аж ахуйн нэгж , байгууллагад газар эзэмшүүлэх тухай” захирамж,иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий захиргааны актаар “сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, үйлчилгээний зориулалттай  газрыг  дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэх ёстой байсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон байна.

3. Цэнгэл сумын Засаг  даргын  2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/118 дугаар  захирамжийн 1 дэх заалтаар тус сумын 9 дүгээр багийн /сумын төв/ нутаг дэвсгэрээс хавсралтад заасан нэр бүхий 10 иргэнд  672 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж,  3 дах заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ  байгуулан, улсын бүртгэлд бүртгэж авахыг газрын даамал Т.Н үүрэг болгосон байх ба уг захирамжаар нэхэмжлэгч А.Х 64 м.кв газар эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч А.Х нарын 10 иргэн Цэнгэл сумын төвөөс газар эзэмших тухай хүсэлт гаргаснаар уг 2016 оны А/118  дугаар захирамжаар  газар эзэмшүүлсэн байх боловч сумын газрын даамлаас  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй,  мөн 2016 оны  А/118 дугаар захирамжийг 2016 оны 12 дугаар  сарын 13-ны өдрийн өдрийн А/151 дүгээр захирамжаар хүчингүй болгосон талаар А.Х мэдэгдээгүй, уг шийдвэр гаргах ажиллагаанд тухайн иргэдийг оролцуулаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Т.Н мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 4-5, 6, 9, 10, 66-68 дах тал/ тус тус тогтоогдсоноос гадна  хариуцагч  талаас тухайн захиргааны шийдвэрийн хувийн хэргийг гаргаж өгч чадаагүй болно.

            Тодруулбал, эдгээр үйл баримтын талаар гэрч  Цэнгэл сумын газрын даамлаар ажиллаж байсан Т.Н “...2016 оны А/118 дугаар захирамж гарсны дараа Засаг дарга Т.Т уг захирамжаар газар эзэмшүүлсэн  10 иргэнд газрын байршлыг нь зааж өг гэсэн даалгавар өгсөн. Уг захирамжийн хавсралтад ахлах сургуулийн стадионы хойд талаас гэж  эзэмшүүлсэн газрын байршлыг нь, мөн хэмжээг нь  заасан байсан, үүнийг Засаг дарга өөрөө шийдвэрлэсэн байсан. Засаг даргаас уг захирамжийг надад танилцуулах үед тухайн иргэдийн гаргасан өргөдөл, бусад бичиг баримтуудыг Засаг даргаас надад өгсөн. Тухайн хүмүүс өмнө нь сумын төвөөс үйлчилгээний зориулалтаар газар эзэмших тухай хүсэлтээ гаргасан байсан байна. Тодруулбал, намайг Цэнгэл сумын газрын даамлаар 2015.04.01-ний өдөр томилогдохоос өмнө өргөдөл гаргасан хүмүүс  байна. Тухайн өргөдөл, бусад бичиг баримтууд одоогийн газрын даамалд байх ёстой. ...Гэхдээ, миний бие тухайн  хүмүүстэй  газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй, эзэмшүүлсэн газрын мэдээллийг мэдээллийн санд бүртгэж оруулаагүй, хувийн хэрэг нээгээгүй юм. Яагаад гэвэл тухайн үед буюу 10 дугаар сарын эхэнд би ээлжийн амралт авсан байсан. Амралтаас орж ирсний дараа сумын Засаг даргаас тухайн газарт барилга байгууламж барьж эхлэх үед нь гэрээ байгуулан, гэрчилгээ олгож, кадастрын зургийг гаргаарай гэсэн даалгавар өгсөн байсан юм. ... 2016 оны 10 дугаар сард орон нутгийн сонгууль болсон ба шинээр сонгогдсон Засаг дарга Х.М дараа оны эхээр уг А/118 дугаартай захирамжийг хүчингүй болгосон гэж надад амаар хэлсэн. Ингэхдээ ямар үндэслэл, шалтгаанаар хүчингүй болгосныг хэлээгүй. Зөвхөн уг захирамжаар газар эзэмшүүлсэн хүмүүсийн дотор миний таардаггүй хүмүүс байна, тэр хүмүүсийг хасаж байгаад дараа нь үлдсэн хүмүүст нь захирамж гаргаж өгнө гэж хэлсэн. 2018 оноос газрын кадастрын мэдээллийн системд шилжсэн ба тухайн хавсралтад заасан 10 хүнд миний санаж байгаагаар дахин захирамж гараагүй. Тухайн үед Засаг дарга Х.М нь хүчингүй болгосон захирамжийг надад үзүүлээгүй юм” гэж мэдүүлсэн.

 4. Цэнгэл сумын Засаг  даргын  2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/118 дугаар  захирамжаар эзэмшүүлсэн  сумын  төв буюу 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах газарт нэхэмжлэгч А.Х нь 71,5 м.кв талбайтай, 2  давхар байшин барьсан, одоо уг 2 давхар байшинд  амьдарч байгаа,  байшингийн 1 давхрын 1 өрөөг үйлчилгээний зориулалтаар ашигладаг бөгөөд  уг байшинг 2017-2020 оны хооронд  барилгын материалаас  гадна ажлын хөлсөнд  20.000.000 төгрөг өгч бариулсан  болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Х.С мэдүүлэг, Google earth программаас гаргасан   сансрын зураг болон  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 71-80, 84-88, 172-177, 246-247 дах тал/ тус тус тогтоогдсон болно.

5. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаар “Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын  төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээ  эрхлэх зориулалтаар  эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг 2 дугаар хавсралтын “а” хүснэгтээр  баталсан, уг тогтоолын 2 дугаар хавсралтын “а” хүснэгтийн дэс дугаарын 11-т Цэнгэл сумын 8,9 дүгээр /сумын төв/ багаас  үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газрын хэмжээ,талбайн солбицол, зориулалт, техникийн нөхцөл, хэрэгжүүлэх хугацаа, хариуцах эзэн, газар эзэмшүүлэх хэлбэрийг тус тус  заасан бөгөөд Цэнгэл сумын 9 дүгээр багаас 0,32 га газрыг шатахуун түгээх станц, тээврийн зогсоол барих зориулалтаар  дуудлага худалдаа явуулах журмаар эзэмшүүлэхээр   тусгасан байна.

Харин Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 онд сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлаагүй бөгөөд Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/118 дугаар  захирамжаар  А.Х нарын 10 иргэнд сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс   эзэмшүүлсэн газар нь  Цэнгэл сумын  хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд зааснаар “төлөвлөж буй жижиг сууцны хороолол”-ын бүсэд хамаарагдаж байгаа нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 22, 25, 26-62 дах тал, 2 дах хавтаст хэргийн 10-13 дах тал/ тогтоогдсон болно.

6. Мөн Цэнгэл сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан сумын 2023 оны газар зохион байгуулалтын  төлөвлөгөөнд тусгагдсан 15 нэгж талбар газрыг сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/91 дүгээр захирамжаар  дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр  шийдвэрлэж, дуудлага худалдаа зохион байгуулагдсанаар 15 нэгж талбар газрын нэг  болох Цэнгэл  сум 9 дүгээр баг, #2023-14384 кодтой  70 м.кв газрын буюу нэхэмжлэгч А.Х үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй  газрын  дуудлага худалдааны ялагч болсон  гуравдагч этгээд Ш.А   сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/176 дугаар “Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх тухай” захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.

7. Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.4.3.энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 25 дугаар зүйлийн 25.3-т “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь энэ хуулийн 25.2-т заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна”, 25.4-т “Сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана, 33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус зохицуулжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх, тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлах  зураг төслийн баримт бичиг  бөгөөд Цэнгэл сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны  66 дугаар тогтоолоор баталсан, харин Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  сумын  2016 оны /тухайн жилийн/ газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлаагүй, энэ талаар шийдвэр огт гаргаагүй үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

8. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 13 дугаар зүйлийн 13.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид "оролцогч" гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно”, 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна”, 15 дугаар зүйлийн 15.1-т “Оролцогч захиргааны байгууллагатай харилцахдаа дараах эрхийг эдэлнэ:15.1.1.захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах; 15.1.4.захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Оролцогчоос гаргасан хүсэлт, тайлбар, мэдээлэл зэрэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, эсхүл буруу бичигдсэн байвал захиргааны байгууллага оролцогчид холбогдох зөвлөгөө өгөх үүрэгтэй” гэж  тус тус зохицуулжээ.

Дээрх байдлаар Цэнгэл сумын Засаг дарга Х.М  нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өмнөх Засаг дарга Т.Т гаргасан  А.Х нарын 10 иргэнд  газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон шийдвэрийг буюу маргаан бүхий захиргааны актыг  гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох нэхэмжлэгч А.Х урьдчилан мэдэгдээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, захиргааны байгууллага өөрийн санаачилгаар шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах үүргээ биелүүлээгүй, улмаар  гаргасан шийдвэрээ мэдэгдээгүй үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

9. Мөн  Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина”, 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”, 60 дугаар зүйлийн 60.1-т “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ:60.1.1. газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга”, 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

10. Дээрх  хуулийн зохицуулалтуудтай хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтуудыг холбож дүгнэхэд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны  66 дугаар тогтоолоор баталсан Цэнгэл сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэхэмжлэгчид сумын Засаг даргын 2016 оны А/118 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар нь иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр тусгагдаагүй байгаа  боловч  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг  болох  сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлахаар Газрын тухай хуульд заасан.

Гэтэл хуулиар бүрэн эрх олгогдоогүй этгээд болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Цэнгэл сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан, харин Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  сумын  2016 оны /тухайн жилийн/ газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлаагүй, энэ  талаар шийдвэр огт гаргаагүй байхад энэхүү нөхцөл байдал болон  тухайн үед ажиллаж байсан сумын Засаг дарга нь нэхэмжлэгч нарын 10 иргэнд 672 м.кв газрыг ямар үндэслэлээр  эзэмшүүлсэн болох,  тухайн үед ямар шалтгаанаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй болох, мөн  Цэнгэл сумын  хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд зааснаар “төлөвлөж буй жижиг сууцны хороолол”-ын бүсэд хамаарагдаж байгаа  уг газрыг  үйлчилгээний зориулалттай ,дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэх газар гэж үзсэн үндэслэлийг тус тус тодруулахгүйгээр, өөрөөр хэлбэл, тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлахгүйгээр шийдвэр гаргасан нь буруу  байна гэж  үзлээ.

Түүнчлэн  маргаан бүхий захиргааны актыг буюу нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох нэхэмжлэгч А.Х урьдчилан мэдэгдээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, захиргааны байгууллага өөрийн санаачилгаар шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах үүргээ  биелүүлээгүй, улмаар  газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар мэдэгдээгүй нь хуульд нийцээгүй байна.

Үүнээс гадна, нэхэмжлэгч нь Цэнгэл  сумын Засаг даргын 2016 оны А/118 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газарт 2017 оноос эхлэн барилга барьж, 2020 онд дуусгасан, одоо уг байшинд  амьдарч байгаа бодит нөхцөл байхад  сумын Засаг даргаас тухайн нөхцөл байдлыг тодруулахгүйгээр нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө  байрлаж байгаа газрыг  иргэдэд эзэмшүүлэхээр тусгаж боловсруулсан сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  өргөн мэдүүлж, батлуулсан нь мөн хууль бус байна.

Тодруулбал, Цэнгэл сумын Засаг даргаас 2023 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж,  Хуралд өргөн мэдүүлэхдээ  төлөвлөгөөнд тусгах газар нь  сул чөлөөтэй,  эзэмшүүлэх боломжтой эсэх, сул чөлөөтэй биш, тухайн газарт бусдын үл хөдлөх эд хөрөнгө байх тохиолдолд эзэмшил  нь хууль ёсны эсэхийг тус тус судлах, зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн гэж үзсэн тохиолдолд уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх, уг шийдвэрийг эс зөвшөөрвөл  гомдол гаргах эрхийг нь хангах,  мөн эдгээр үйл ажиллагаанаас гадна тухайн тохиолдолд  сумын Засаг даргын 2016 оны А/151  дүгээр захирамжийг  хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид  мэдэгдэх, уг шийдвэрийг эс зөвшөөрвөл  гомдол гаргах эрхийг нь хангах  зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй нь  хууль бус байна гэж үзлээ.

11. Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргахад шаардлагатай үйл ажиллагаа  болох  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах ажиллагааг огт хэрэгжүүлэхгүйгээр гаргасан маргаан бүхий захиргааны акт нь  үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн оролцоог хангаагүй  буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д  заасантай нийцээгүй, хууль бус захиргааны акт байна гэж дүгнэлээ.

Гуравдагч этгээд Ш.А нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй  газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байгаа боловч нэхэмжлэгч А.Х газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны А/151 дүгээр захирамж нь  дээрх байдлаар хууль бус болох нь тогтоогдсон  тул  уг хууль бус захиргааны актыг үндэслэн гарсан дараагийн шийдвэрүүдийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр байх тул Газрын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.7.газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх”,  61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах  үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Газрын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.7, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж, Цэнгэл сумын Засаг  даргын 2016 оны 12 дугаар  сарын 13-ны өдрийн А/151 дүгээр “Захирамж хүчингүй болох тухай” захирамжийн А.Х холбогдох  хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаруулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ