Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 110

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Г.М-д холбогдох 1821000720060 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ............... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарайд овогт Г.М.  

 

Шүүгдэгч Г.М нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрийн хооронд хохирогч Г.Т-ийг ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бэлнээр 350.000 төгрөг, Н.Батдэлгэрийн Хаан банкны 5420300476 дугаартай дансаар 450.000 төгрөг нийт 800.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 20-доор Энхзаяагаас дүү Төмөрчөдөрийг нь ажилд оруулж өгнө гэж хэлээд 800.000 төгрөг авсан. Би өртэй байсан болохоор тэрийгээ дараад буцааж өгнө гэж бодсон. Одоо үлдэгдэл 440.000 төгрөгийг төлнө. Хийсэн хэрэгтээ харамсаж байна... ” гэв.

 

Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Ажилд оруулж өгөх хүнд мөнгө чинь хэрэгтэй болсон байна гэхээр нь эгчдээ 800.000 төгрөг өгсөн. Ажилд оруулж өгөх хүн нь амралтаа аваад Улаанбаатар явчихсан гэж байна гэх мэтээр манай эгчид олон шалтаг хэлээд ажилд оруулж өгөхгүй байсан. Түүний гэрт нь очиж уулзахад чамайг газрын тосны хүний нөөцийн ажилтнаар дамжуулан ажилд оруулж өгөх гэж байгаа юм гэж тухайн үед нэг хүнийг хэлсэн. Ингээд газрын тосны 21 дүгээр талбайд Дулмаагийн хэлсэн нэртэй хүн ажилладаг эсэхийг асуухад тийм хүн байдаггүй гэж хэлсэн юм. Тэгээд Дулмаад энэ тухай хэлэхэд намайг Хөдөлмөр халамжийн хэлтэс рүү дагуулж очоод гадаа үлдээгээд өөрөө дотогш ороод гарч ирэхдээ ажилд оруулах хүн хөдөө Хөлөнбуйр сум руу явчихсан байна, удахгүй ирнэ гэнэ. Ирэх үед нь уулзъя гээд салсан. Ингээд ганц хоёр хоног хараад Дулмаатай утсаар ярих гэсэн утсаа авахгүй байсан учраас гэрт нь очоод “Нөгөө хүнтэй чинь хамт очиж уулзъя” гэхэд би дөнгөж сая уулзаад ирлээ, одоохондоо орон тоо байхгүй байна гэж хэлээд уулзуулаагүй. Ингээд арга ядаад Хөдөлмөр халамжийн хэлтэс рүү очоод тийм хүн ажилладаг эсэхийг асуугаад байдаггүй болохыг мэдээд Дулмаатай ярихад өө тийм үү гээд утсаа салгачихсан. Тэгээд сүүлдээ өөрийнхөө амьдарч байгаа монгол гэрийг зараад мөнгийг өгнө гэсэн. Одоогийн байдлаар 360.000 төгрөгийг цувуулж өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг өгөөгүй...” гэжээ.  /хх-ийн 33-34 тал/

 

Гэрч Н.Батдэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн үдийн орчимд Г.М миний гар утас руу залгаад танд данс байна уу, би мөнгө шилжүүлж авах ёстой юм гэж хэлэхээр нь өөрийнхөө 5420300476 дугаар дансыг өгсөн чинь 450.000 төгрөг орсон юм. Уг мөнгийг Шүр захын АТМ-ээс аваад гэрт нь Г.М-д аваачиж өгсөн. Миний дансанд хэн гэдэг хүн хийсэн талаар мэдэхгүй. Би газрын тосонд ажилладаг Билгүүнээ гэх хүнийг танихгүй бөгөөд Г.М ч надад Билгүүнээ гэх нэртэй хүнийг танилцуулж байгаагүй...” гэжээ.  /хх-ийн 46-47 тал/

 

Гэрч Д.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Г.М гэдэг эмэгтэйг огт танихгүй бөгөөд таны надад харуулсан зургийг харахад урьд өмнө огт харж байгаагүй хүн байна. Газрын тосны 21 дүгээр талбайд хүний нөөцөөр Билгүүн гэж хүн байдаггүй...” гэжээ. /хх-ийн 51-52 тал/

 

- Н.Батдэлгэрийн 5420300476 дугаар Хаан банкны дансны хуулга /хх-ийн 23 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Шарайд овогт Г.М нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрийн хооронд хохирогч Г.Тийг ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бэлнээр 350.000 төгрөг, Н.Батдэлгэрийн Хаан банкны 5420300476 дугаартай дансаар 450.000 төгрөг нийт 800.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Т, гэрч Н.Батдэлгэр, Д.Билгүүн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Хаан банкин дахь Н.Батдэлгэрийн 5420300476 дугаар дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Г.М-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.М-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.М-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Г.М нь зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Г.Т-ийн 800.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг мөнгөнөөс 360.000 төгрөгийг хохирогчид буцаан өгсөн тул шүүгдэгч Г.М-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 440.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Т-т олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүгдэгч Г.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Мын эзэмшлээс 1200.000 төгрөгийн үнэлгээтэй 4 ханатай эсгий гэр  битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, түүний ЖМ ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарайд овогт Г.М-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.М-д тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.М-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 440.000 /дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын .................... тоотод оршин суух ....................... регистрийн дугаартай Ганхуягийн Төмөрчөдөрт олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Мын эзэмшлээс 1200.000 төгрөгийн үнэлгээтэй 4 ханатай эсгий гэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, түүний ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ