| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2318000000393 |
| Дугаар | 2024/ДШМ/23 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ДШМ/23
Д.Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Наранмөнх
Шүүгдэгч Д.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч З.Энхтуяа
Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч З.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Лхагвасүрэнд холбогдох 2318000000393 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, урьд:
-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Т.Билгүүнийг “Грийн импекс" ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллуулахаар гэрээ байгуулуулж, улмаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, дээрх компаниас худалдан борлуулахаар Т.Билгүүнд шилжүүлсэн 62 төрлийн, 70,213 ширхэг бараа материалаас 105,663,545 төгрөгийн үнэ бүхий буюу их хэмжээний эд хөрөнгийг хувьдаа авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Д.Лхагвасүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Галтгалт овогт Домбонгийн Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнг 2 жил /хоёр/-ийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнд оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнгээс 24,992,066 /хорин дөрвөн сая есөн зуун ерөн хоёр мянга жаран зургаан/ төгрөгийг гаргуулж, хохирогч хууль ёсны төлөөлөгч Д олгож,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Лхагвасүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Лхагвасүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч З.Энхтуяа давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дор дурдсан үндэслэлүүд байна. Д.Лхагвасүрэн нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Т.Билгүүнийг "Грийн импекс" ХХК-ийн алдааны төлөөлөгчөөр ажиллуулахаар гэрээ байгуулуулж улмаар 2022 оны 10 дугаар сарын 07- өдрийг хүртэлх хугацаанд хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, дээрх компаниас худалдан борлуулахаар Т.Билгүүнд шилжүүлсэн 62 төрлийн 70.213 ширхэг бараа материалаас 105.663.545 төгрөгийн үнэ бүхий буюу их хэмжээний эд хөрөнгийг хувьдаа авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт холбогджээ. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс Д.Лхагвасүрэнг залилан мэхлэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон талаар маргах зүйл байхгүй бөгөөд харин анхан шатны шүүхээс Д.Лхагвасүрэнд хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа дараах үндэслэл байна.
Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь "Грийн импекс" ХХК-д учруулсан 105.663.545 төгрөгийн хохирлоос 82.71.479 төгрөгийн төлж барагдуулсан, төлбөр төлөх зорилгоор шүүх хуралдааныг 5 хоног завсарлуулсан үед 500.000 төгрөгийг төлж , нийт 82.671.479 төгрөгийг төлж, хохирлын дийлэнх төлбөрийг төлж барагдуулсан, үлдэх төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байхад шүүх энэ талд дүгнэлт хийж цаашид үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах боломж олгож,шүүгдэгчийн буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан торгох ялын санкцийг сонгох боломжтой байсан гэж үзэж байна.
Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа 5 сая төгрөгийг төлж барагдуулсан, цаашид үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа, бага насны 4 хүүхэд, өндөр настай ээж, эхнэрийн хамт түрээсийн байранд амьдардаг, эхнэр нь хүүхдүүд болон ээжийгээ харж, хандаж тогтсон ажил эрхэлдэггүй, эрүүл мэндийн байдал нь ажил хийх боломжгүй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Д.Лхагвасүрэнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих хөнгөрүүлэн өөрчилж торгох ялаар сольж өгөхийг давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Шүүх хуралдаан шүүгдэгчийн хамт оролцох хүсэлтэй байна... гэжээ.
Шүүгдэгч Д.Лхагвасүрэн давж заалдах гомдолдоо:24
... Миний бие эхнэр, 3-10 насны 4 хүүхэд, ээжийн хамт амьдардаг бөгөөд ээж энэ жил 80 нас хүрч байгаа. Хүүхдүүд шинэ дарханд байрлах 24-р цэцэрлэг болон 9-р сургуульд сурдаг бөгөөд манайх 23-р байранд байр түрээсэлж амьдардаг байсан боловч сүүлийн сарын түрээс өгч өдөөгүйн улмаас байрнаас гарч түр хугацаанд древэнд байгаа, мөн хичээлийн цаг зөрүүтэй зэргээс болоод шинэ дархан руу хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, авах, ажилдаа очих боломж муу байна. Энхэр одоогоор тогтсон ажилгүй байгаа ба шинэ дарханд дэлгүүрт худалдагчийн ажил түр хугацаанд хийж байна. Эхнэр нүдний цагаа унаж харахаа болих болон чонын хөрвөс биеэр туурах өвчин сэдэрч гар хөлийн үе хөдлөх боломжгүй болдог тул ажил хийх боломж бага байдаг. Цаашид үлдсэн төлбөрөө ажил хийж хурдан хугацаанд төлж барагдуулна. Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Өнгөрсөн хугацаанд маш их зүйлийг бодож тунгааж өөрийн буруугаа ойлгож ухаарлаа. Ар гэрийн байдал болон дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоно... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа тайлбартаа:
Шүүгдэгч Д.Лхагвасүрэнтэй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Д.Лхагвасүрэн нь анхан шатны шүүхэд өмгөөлөгчгүй оролцсон. Давж заалдаж байгаа гомдлын үндэслэл нь гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Лхагвасүрэнд оногдуулсан 2 жилийн хорих ялтай санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл Д.Лхагвасүрэн анх “Грийн импекс” ХХК-тай гэрээ байгуулаад ажиллаж байхдаа 105,663,000 төгрөгийн хохирол учруулсан. Цагдаад хандахад энэ хохирлоос 82,171,479 төгрөгийг төлсөн байсан. Анхнаасаа 105,663,000 төгрөгийн хохирол учруулснаараа Д.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар их хэмжээний хохирол учруулсан гэж зүйлчилсэн гэж ойлгож байгаа. Шүүх хуралдааны явцад завсарлага авч 500,000 төгрөг төлсөн. Анхан шатны шийтгэх тогтоол гарснаас хойш 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. “Грийн импекс” ХХК-тай 2024 оны 07 дугаар сарыг дуустал сар бүр 3,332,011 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн. Гэрээнийхээ дагуу 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 3,332,011 төгрөгийг төлж барагдуулсан. Шийтгэх тогтоолд заасан 24,995,066 төгрөгөөс 8.332,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 16,660,005 төгрөг байгаа. 16,660,005 төгрөгийг “Грийн импекс” ХХК-тай 7 сар хүртэл төлж барагдуулах гэрээ байгуулсан. Энэ хуваарийн дагуу төлөөд явж байгаа. “Грийн импекс” ХХК-иас давж заалдах шатны шүүхэд хандаж гэм буруугаа ойлгож шүүхийн шатанд төлбөрөөсөө төлж барагдуулж байгаа энэ байдлыг нь харгалзан үзэж хохирогчийн зүгээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Д.Лхагвасүрэнгийн хувийн байдлын хувьд зальтай гэж харагдахгүй байгаа. Бага насны 4 хүүхэдтэй, эхнэр нь эрүүл мэндийн байдал муу, хөгшин ээжтэйгээ хамт амьдардаг. Амьдрал ахуй нь хүнд учир байдлаасаа болж энэ хэргийг үйлдсэн гэж ойлгосон. Одоогийн байдлаар төлбөрөө өөрийнхөө чадах чинээгээр төлөөд явж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураар төлж барагдуулж байгаа, цаашид үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж гэрээ хийсэн, хохирогч талаас гомдол саналгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж байгаа тохиолдолд шүүгдэгч Д.Лхагвасүрэнд заавал хорих ял оногдуулах шаардлага байхгүй. Хохирлоо төлж байгаа байдал, цаашид төлж барагдуулах гэрээ хийсэн байдал, хувийн байдал, үлдэгдэл 16,660,000 төгрөгийг сар сардаа төлж явж байгаа байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа энэ байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр торгож, хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Д.Лхагвасүрэнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж, төлбөр төлөх боломжийг нь олгож өгнө үү. Гэр бүл нь маш хүнд амьдралтай байгаа. Эцгийнх нь хувьд хүүхдүүдийнх нь хажууд байлгах боломж олгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Лхагвасүрэн тайлбартаа:
Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож, ухаарч байгаа. Анх Дарханд гэрээ хийхэд би “Грийн импекс” ХХК-нд Сэлэнгэ хариуцсан ажилтнаар ажиллаж байсан. Дархан дээр гэрээ хийхэд надад нэмэлт барьцаанд тавих мөнгө байхгүй байсан. “Грийн импекс” ХХК-н журмын дагуу нэг хүн дээр 2 гэрээ хийхгүй, барьцаа хөрөнгийг эзэн дээр нь эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч дээр хийнэ гэсэн учраас найзаасаа гуйгаад найз дээрээ гэрээ хийсэн. Ийм зүйл болсонд үнэхээр харамсаж байна. “Грийн импекс” ХХК-иас хүн ирээгүй ч гэсэн би Грийн импекс” “ХХК-аас уучлалт гуймаар байна. Ковид-19 халдварын дараа эдийн засаг маш муу байсан. Тухайн үед ажиллахад хүндрэлтэй байсан ч гэр бүлийнхээ төлөө, надаас өөр ажиллах хүнгүй байсан тул ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаанд Оросод дайн гарсантай холбоотой хүнсний барааны үнэ эрс нэмэгдсэн. “Грийн импекс” ХХК-ийн хувьд зарим бараа 100 хувь нэмэгдсэн нь бизнес хийхэд, борлуулалт болон дэлгүүр ажиллуулахад маш хүндрэлтэй болсон. “Грийн импекс” ХХК дээр өөрийн биеэр очиж уулзаж тооцоо нийлж төлбөрөө хийхэд Дархан дээр 105,663,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Дэлгүүрийн тоног төхөөрөмж, үлдэгдэл бараа гэх мэт зүйлээ зарж 74,000,000 төгрөгийг барагдуулж, 31,000,000 төгрөгөөр цагдаа дээр эрүүгийн хэрэг үүссэн. 3,500,000 төгрөг нь Грийн импекс ХХК-н миний цалин, 4,100,000 төгрөг нь миний хувиараа ажилласан цалин байсан. 7,600,000 төгрөгийг төлж, анхан шатны шүүх хурал болоход 23,400,000 төгрөгийн үлдэгдэлтэй, аудит хийлгэсэн 2,000,000 төгрөг, нийт 25,400,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Шүүхээс 7 хоногийн хугацаанд төлбөр төлөх хугацаа өгсөн. Тэр хугацаанд 500,000 төгрөгийг нэмж төлсөн. 24,900,000 төгрөгийг төлөх шийтгэл авсан. Цагдан хориход байхдаа 5,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 19,900,000 төгрөг дээр графикаар төлөх гэрээ байгуулж эхний төлөлтөө хугацаандаа төлж одоо 16,660,005 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Эхнэр болон бага насны 4 хүүхэд, өндөр настай ээжийн хамт амьдардаг. Манай эхнэрийн нүдэн дээр хомхой гардаг. Ажил хийгээд ачаалал авахад өвчин нь сэдэрдэг тул хүнд ажил хийж чаддаггүй. Би л ажил хийж ар гэрээ авч явдаг. Торгох шийтгэл оногдуулж өгнө үү. “Грийн импекс” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулна. Би өмнө нь барилгын ажил хийж байсан тэр ажлаа хийнэ. Миний нэр дээр хашаа байшин, машин байгаа тэр бүгдийгээ борлуулж байгаад үлдэгдэл төлбөрөө болж өгвөл хугацаанаас нь өмнө барагдуулъя гэсэн бодолтой байна. Би шүүхийн дуудсан хугацаанд ирж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашдаа шаргуу хөдөлмөрлөж амьдарна гэдгээ илэрхийлмээр байна. Иймд миний ар гэрийн байдал болон гэм буруугаа ухаарч байгаа байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Наранмөнх дүгнэлтдээ:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Мөн тус хуулийн 5.1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Анхан шатны шүүхээс Д.Лхагвасүрэнд оногдуулсан хорих ял Эрүүгийн хуульд заасан зорилго биелэгдсэн. Шийтгэх тогтоол нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдал тухайн гэмт хэрэг үйлдсэн Д.Лхагвасүрэнгийн хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, мөн хувийн байдлуудыг харгалзан үзсэн. Шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн хувьд 2021 онд үүнтэй адил төрлийн гэмт хэргээр шүүхээс ял шийтгүүлж, гэм буруутайд тооцож торгох ял оногдуулж байсан. Хэдийгээр хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй ч хувийн байдалтай нь холбогдуулан үзэх нөхцөл байдал байна гэж үзэж улмаар 2 жилийн хорих ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч З.Энхтуяа нарын гаргасан гомдолд тус тус хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Т.Билгүүнийг “Грийн импекс" ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллуулахаар гэрээ байгуулуулж, улмаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, дээрх компаниас худалдан борлуулахаар Т.Билгүүнд шилжүүлсэн 62 төрлийн, 70,213 ширхэг бараа материалаас 105,663,545 төгрөгийн үнэ бүхий буюу их хэмжээний эд хөрөнгийг хувьдаа авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч байгууллагын төлөөлөгч М.Түмэннасангийн...”2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Д.Лхагвасүрэнгийн нэр дээрх “Агуушаа фүүдэс” ХХК-тай “Грийн групп”-ийн салбар компани болох “Грийн трейд”, “Грийн индастрий” ХХК-иуд бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан олгож Сэлэнгэ аймгийн гэрээт борлуулагчаар ажиллуулж байсан” гэх мэдүүлгээр,
Гэрч Т.Билгүүний...”энэ асуудалд би ямар ч хамааралгүй, бараа материалын мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, мөн ямар ч бараа материал хүлээж аваагүй, цалин хөлсгүй Д.Лхагвасүрэнд тусалж байсан” гэх мэдүүлгээр болон “Амгалан ахуй аудит” ХХК-ий дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хүрэлцэхүйц, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээ төрүүлэхүйц зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын мэдүүлэг, тайлбарыг харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-д заасан “хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байна.
Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний онцлогт хамгийн зүй зохистойгоор нийцсэн байх гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын агуулгаар давхар илэрхийлэгддэг үйл ажиллагаа юм.
Шүүхээс шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 105.663.445 төгрөг, шинжээчийн зардал 2000000 төгрөг төлөхөөс хохирлын 80 орчим хувь буюу 83.171.479 төгрөг төлснийг болон шүүгдэгчийн мэдүүлж буй “дэлхий нийтийг хамарсан корановирусын цар тахлын үе болох 2020-2023 онуудад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учирч хийж байсан ажил маань бүтэлгүйтсэн” гэж мэдүүлсэн цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.
Шүүгдэгч болон түүний ар гэрийн зүгээс давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэхээс өмнө хохирлоос 5.000.000 төгрөгийг төлж, үлдэх 19.992,064,50 төгрөгийг 6 сарын хугацаанд сар бүр 3.332.010.075 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр “Грийн Импкекс” ХХК-тай харилцан тохиролцсон болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөр барагдуулах гэрээ, хохирогч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагаас давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн “шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтээр тогтоогдлоо.
Энэхүү гэрээний үүргийн дагуу 2024 оны 02 сарын 16-ны өдөр 3.332.011 төгрөгийг “Грийн импекс” ХХК-д төлж, үлдэх 16 660.005 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж байгаа нөхцөл байдал, хохирогч байгууллагын хүсэлтийг харгалзан дараах өөрчлөлтийг шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулав.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 13000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох” гэж, 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй” гэж, 4 дэх заалтын шүүгдэгч Д.Лхагвасүрэнгээс 19.992.066 төгрөг гаргуулж” гэснийг шүүгдэгчээс 16.660.005 төгрөг гаргуулж” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч З.Энхтуяа нарын гомдлын заримыг хүлээн авах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 71 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож торгох ялаас 1.065.000 /нэг сая жаран таван мянга/ төгрөг хасахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнг 2 жил /хоёр/-ийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг 13.000 /арван гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгосугай гэж,
“2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнд оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэснийг шүүгдэгч Д.Лхагвасүрэнд оногдуулсан 13.000.000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй гэж,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнгээс 16.660.005 /арван зургаан сая зургаан зуун жаран мянга таван/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Грийн импекс” ХХК /РД:6121683/-Д олгосугай гэж,
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх төгрөгөөр тооцож, эдлэх торгох ялаас 1.065.000 /нэг сая жаран таван мянга/ төгрөгийг хасаж тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Лхагвасүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч Д.Лхагвасүрэн, өмгөөлөгч З.Энхтуяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын заримыг хүлээн авсугай.
6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ