| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
| Хэргийн индекс | 112/2025/0017/З |
| Дугаар | 112/ШШ2025/0026 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 112/ШШ2025/0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын арван нэгдүгээр цэцэрлэгийн захирал С.Нэргүй
Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газар, аудитын менежер Д.Эрдэнэчимэг, ахлах аудитор Д.Цэрэнханд нарт холбогдох Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/48 дугаар ГАА-2025/157/НА-СТА-ТШЗ Төлбөр барагдуулах тухай акт-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Нэргүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчээс Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/48 дугаар ГАА-2025/157/НА-СТА-ТШЗ Төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:
2.1. Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/48 дугаар ГАА-2025/157/НА-СТА-ТШЗ Төлбөр барагдуулах тухай актаар Батлагдсан төсөвт тусгагдаагүй байхад цалингийн сангаас 10,164,900.00 төгрөгийг зөвшөөрөлгүйгээр төрийн санд ахмадын сангийн данс нээн үндэслэлгүйгээр шилжүүлсэн учир 10,164900,00 ( Арван сая нэг зуун жаран дөрвөн мянга есөн зуун) төгрөгийг Төрийн сан дахь Га Аудитын орлогын тоот дансанд төвлөрүүлэх гэжээ.
2.2. Нэхэмжлэгч нь дээрх Төлбөр барагдуулах тухай актыг эс зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0003, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 004 дүгээр албан бичгүүдээр Төрийн аудитын газар хүсэлт хүргүүлсэн. Гэвч Үндэсний Аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06/1503 дугаар албан бичгээр Төлбөр барагдуулах тухай 02/48(ГАА-2025/157/НА-СТА-ТШЗ), 03/48(ГАА-2025/157/НА-СТА-ТШЗ) дугаартай төлбөрийн актуудыг албан шаардлага, зөвлөмж болгох үндэслэлгүй бөгөөд танай байгууллага Төрийн аудитын байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй байна гэсэн хариу хүргүүлжээ.
2.3 Иймд нэхэмжлэгч байгууллагаас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус нэхэмжлэлийг гаргажээ.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Манайх 47 ажилтантай. Үүнээс 40 хүн нь эмэгтэй ажилтан байдаг. 47 ажиллагсдын 42-45 насны 12, 45-50 насны 2, 50-аас дээш насны 9 нийт тэтгэврийн насанд хүрсэн маш олон албан хаагчидтай. Би судалгаа хийж байж тухайн ахмадын сан байгуулах тушаал шийдвэрээ гаргасан. Манай байгууллага нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Говь-Алтай аймгийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний газраас ирүүлсэн чиглэл болон Ахмад настны тухай хууль-ийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт аж ахуйн нэгж байгууллага өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо, цалингийн нийт сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх, хэмжээний мөнгөн хөрөнгөөр Ахмадын сан байгуулна гэж хуульчилсны дагуу тухайн санг хуулийн дагуу байгуулсан. Мөн байгууллагын Ахмадын зөвлөл-ийг байгуулж, Ахмадын сан ажиллуулах журмыг батлан, Төрийн санд данс нээх зөвшөөрөл хүсэж, Сангийн яамны зөвшөөрлөөр Төрийн сангийн ..................дансыг нээлгэн цалингийн сангийн нэг хувиар тооцон тухайн дансанд 10,164,904.21 төгрөгийг төвлөрүүлэн өнөөдрийн байдлаар ямар нэг зарцуулалт хийгээгүй байгаа.
Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газар нь 2024 оны Санхүүгийн тайлангийн аудитыг Говь-Алтай аймгийн Төрийн аудитын газрын ахлах аудитор Д.Цэрэнханд гүйцэтгэж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоол Ахмадын сан байгуулан ажиллуулах журам 1 дүгээр зүйлийн 1.3- т Төсөвт байгууллагын тухайд цалингийн сангийн гурав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр сан байгуулж, шаардагдах хөрөнгийг төсөвтөө жил бүрт тусгана гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж, 2025 оны 02 дугаар сарын 25 ны өдрийн 02/48 дугаар шийдвэрээр төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Аудитор нь зөрчлийн бүртгэлийн маягт маргаан бүхий актыг 2025 оны 02 дугаар сарын 26-нд авч, Говь-Алтай аймгийн Төрийн Аудитын газарт манай байгууллагаас Ахмадын сан-д төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгөнд акт тавиулахыг зөвшөөрөхгүй байгаа талаарх үндэслэл, тайлбарыг албан бичгээр хүргүүлж, Эрхлэгч С.Нэргүй өөрийн биеэр Аудитын газрын дарга Г.Гүнжидмаа, Аудитын менежер Д.Эрдэнэчимэг нартай уулзан учир байдлыг тайлбарлан, танилцуулсан бөгөөд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөн тусалж албан шаардлага, зөвлөмж өгөх талаар санал хүсэлт гомдолыг гаргасан боловч бичгээр хариу өгөөгүй тул 2025 оны 03 дугаар сарын 17-нд Төрийн Аудитын газарт хандаж тус газраас төлбөр барагдуулах 02/48 дугаартай төлбөрийн актыг албан шаардлага, зөвлөмж болгох үндэслэлгүй гэсэн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 06/1503 дугаар хариу мэдэгдэх албан тоотоор хүргүүлсэн байдаг.
Мөн Аудитын газар нь манай байгууллагад хүргүүлсэн актын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шийдвэргүй олгосон 10,164,900 төгрөгийн урамшууллыг Аудитын орлогын ................. тоот дансанд төвлөрүүлэхээр талаар дурдсан бөгөөд тус актыг гардан авч дээд шатны байгууллагад хандахад Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газар нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 260 дугаар албан тоотоор Есөнбулаг сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Нэргүйд Захиргааны Ерөнхий хуулийн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 -т заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/48 дугаартай Төлбөр барагдуулах тухай захиргааны актад засвар оруулж тогтоох хэсгийн 1-т Шийдвэргүй олгосон урамшуулал гэж заасныг 1-т Үндэслэлгүйгээр шилжүүлсэн гэж өөрчлөн дахин акт хүргүүлдэг.
Дээрх маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн хувьд Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, манай байгууллагын хувьд тухайн үйл ажиллагааг ямар нэгэн хууль шийдвэргүйгээр дур мэдэн хэрэгжүүлээгүй бөгөөд нөгөө талаас акт тогтоох хэмжээний зөрчил биш байх тул Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/48 дугаар ГАА-2025/157/НА-СТА-ТШЗ Төлбөр барагдуулах тухай акт-ыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаан хэлсэн тайлбартаа: Манай байгууллага болох Говь-Алтай аймгийн 11 дүгээр цэцэрлэг нь 2025 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Төрийн аудитын газраас ирүүлсэн 10,164,904 төгрөгийн төлбөрийн актыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Уг мөнгө нь тухайн жилийн батлагдсан төсвөөс хэмнэгдэн гарсан үлдэгдэл бөгөөд Сангийн яамны зөвшөөрлийн дагуу Төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн болно. Энэ мөнгөнөөс ямар нэгэн зарцуулалт хийгдээгүй, зөвхөн хадгаламж хэлбэрээр байршсан байдалтай байсан. Ийм нөхцөлд төлбөрийн актын үндэс болгож, төсвийг зориулалтын бусаар зарцуулсан гэх дүгнэлт нь бодит байдалд нийцэхгүй юм. Ямар нэгэн зарцуулалт хийгдээгүй тохиолдолд төсвийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэх боломжгүй гэж бид үзэж байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны “А/95” дугаар тушаалаар батлагдсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.1 дүгээр зүйлийн 6 дугаар заалтад “төсвийг зориулалт бусаар зарцуулсан тохиолдолд албан шаардлага өгнө” гэж, харин 4.4 дэх хэсэгт “ийм нөхцөлд төлбөрийн акт тогтоохыг хориглоно” гэж тус тус заасан байдаг. Энэ хүрээнд манай байгууллагын хувьд тухайн хөрөнгө нь зарцуулалт хийгдээгүй хадгаламж хэлбэрээр байршсан бөгөөд зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэл байхгүй байна. Мөн төсөвт тусгагдаагүй хоол, унааны мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд ч төлбөрийн акт бус зөвхөн албан шаардлага өгч байгаа жишээ олон байна. Тухайлбал, зөвхөн цэцэрлэгүүдийн жишээг авч үзвэл 2023, 2024 онуудад хоолны мөнгөний зориулалт бүхий, нийт 188.9 төгрөгийг төсөвт тусгаагүй байхад зарцуулсан боловч дээрх байгууллагуудад зөвхөн албан шаардлага өгсөн байна. Ийм нөхцөлд манай байгууллагад төлбөрийн акт тогтоосон нь нэг талаас эрх зүйн үндэслэлгүй, нөгөө талаас ижил төстэй тохиолдолд өөр өөр хандсан буюу ялгавартай хандсан гэж үзэх үндэслэлтэй байна. Манайх 02 дугаар сарын 26-ны 12 цагт очиж аудитын актыг авсан юм. Тухайн үед акт гарчихсан байсан бөгөөд би уг актыг авангуутаа, 02 дугаар сарын 26-ны өдөр багтаан байгууллага дээрээ очиж, оройн үед тухайн акттай холбоотойгоор хариу албан бичиг боловсруулсан. Уг бичгээр бид дараах үндэслэлүүдээр уг актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн. Энэ албан бичгийг Төрийн аудитын газарт хүргүүлсэн болно. Гэтэл уг бичгийг хүргүүлсний маргааш буюу 02 дугаар сарын 27-ны өдрийн үдээс хойш Төрийн аудитын газрын аудитор Цэрэнханд намайг дуудаж уулзан, “Танай байгууллагын хувьд ямар ч боломжгүй, сонсох ажиллагааны баримт дээр гарын үсэг зур” гэж шаардсан. Тухайн үед манай байгууллага уг актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул би гарын үсэг зурахаас татгалзсан. Гэвч “тайлбараа сайн бичээд, сонсох ажиллагааны баримт дээр гарын үсэг зурчих” гэж удаа дараа хэлсээр, ийнхүү 02 дугаар сарын 27-ны өдөр миний гарын үсгийг зуруулсан. Тэгээд манай талаас аудитын акт гарсны дараа сонсох ажиллагаа дээр гарын үсэг зуруулсан гэж үзэж байгаа юм. Уг 10,164,000 төгрөг нь Төрийн сангийн "Ахмадын сан" гэсэн тусгай дансанд төвлөрсөн бөгөөд өнөөдрийн байдлаар ямар нэгэн зарцуулалт хийгдээгүй, бүрэн бүтэн хадгалагдаж байна. Иймд уг мөнгө нь ямар нэгэн зарцуулалт хийгдээгүй, Төсвийн тухай хуулийг зөрчөөгүй, улсад хохирол учраагүй, хэн нэгэн этгээд ашиг хүртээгүй нөхцөл байдал бүрдсэн тул манай байгууллага “төлбөрийн акт” бус, зөвхөн “албан шаардлага” авах зохистой байсан гэж үзэж байна. Тиймээс энэхүү төлбөрийн актыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Манай байгууллагын хувьд Төрийн аудитын газар нь Ерөнхий аудиторын баталсан 2020 оны “А/95” дугаар тушаалаар мөрдөгдөж буй “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын дагуу хяналт шалгалт хийсэн. Энэхүү журмын дагуу “төсвийг зориулалтын бусаар зарцуулсан” тохиолдолд албан шаардлага өгөх үндэслэлтэй гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч манай байгууллагын тухайд ямар нэгэн зарцуулалт хийгдээгүй байхад уг үндэслэлээр “төлбөрийн акт” тогтоосон нь зохисгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Төлбөрийн акт тавьсан үндэслэл нь “төсвийг зориулалтын бусаар зарцуулсан” гэж дурдсан хэдий ч бодит байдал дээр зарцуулалт огт хийгдээгүй, мөнгөн хөрөнгө нь төрийн сангийн тусгай дансанд хадгалагдаж буй нөхцөлд уг заалт тохирохгүй юм. Манай байгууллага анх Төрийн аудитын газарт гомдол, тайлбар хүргүүлсэн бөгөөд үүнээс гадна 3 дугаар сард дахин Үндэсний аудитын газарт хандсан болно. Манай байгууллага 3 дугаар сард Үндэсний аудитын газарт дахин хандсан бөгөөд үүний дараа, 3 дугаар сарын 20-ны үед Төрийн аудитын газар эхний төлбөрийн актаа өөрчлөн, “шийдвэргүй олгосон урамшуулал” гэж байсан үндэслэлийг “үндэслэлгүй олгосон” болгон өөрчилсөн. Гэвч энэхүү өөрчлөлтийг аудитын байгууллага нь утга агуулгын хувьд өөрчлөгдөөгүй гэж үзэж байгаа бол, манай байгууллагын зүгээс энэ нь агуулгын хувьд зөрөөтэй гэж үзэж байна гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 002/48 дугаарын Говь-Алтай аймгийн Төрийн аудитын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа тухайн гаргасан зөрчил дээр маргаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс, төрийн аудитын байгууллагаас гаргасан акт нь хууль зүйн үндэслэлгүй, сонсох ажиллагаа хангагдаагүй гэж үзэж байна. Тухайн актад туссан зөрчил нь төлбөр барагдуулах хэмжээнд хүрэхүйц биш, зөрчил байгаагүй гэж маргаж байгаа юм. Нэгдүгээрт, уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 5, 6 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэлтэй байх, мөн тухайн шийдвэр нь хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байвал түүнийг урьдчилан мэдэгдэж оролцоог хангах ёстой гэсэн зарчмууд зөрчигдсөн байна. Тус актаар хариуцагч тал сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбар өгсөн байдаг. Тухайлбал, "манай байгууллага олон газар аудит хийдэг учир завгүй байдаг. 2025 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр аудит хийж, тухайн өдөр нь мэдэгдэл хүргүүлсэн, сонсох ажиллагаа хийсэн гэж үзэж байна" гэжээ. Гэвч Төрийн аудитын тухай хуулийн 22.1-д аудитын байгууллага нь шалгагдаж буй этгээдэд болон ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангах ёстой гэж хуульчилсан байдаг. Сонсох ажиллагаа нь зөвхөн хэлбэрийн төдий зүйл биш бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд нарийн заасан байдаг. Уг хуулиар сонсох ажиллагааг зохион байгуулахдаа оролцогч этгээдэд хугацаа олгож, санал, тайлбар гаргах боломжоор хангах ёстой. Харин энэ хэргийн материалыг харахад, 2025 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагт мэдэгдэл хүргүүлсэн байх боловч, сонсох ажиллагаа хийгдсэн тухай тэмдэглэлд 13:00 цаг гэж тэмдэглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, уулзалт болсны дараа мэдэгдэл хүргэгдсэн болж таарч байна. Мөн тухайн мэдэгдлийн агуулгыг харахад, биечлэн уулзсан, утсаар холбогдсон, эсвэл нарийн мэдээлэл бүхий мэдэгдэл биш, зүгээр нэг маягтын загварыг бөглөсөн байдлаар хүргүүлсэн нь харагдаж байна. Энэ нь сонсох ажиллагаа үнэхээр хийгдсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд хуулийн шаардлага хангаагүй гэж үзэхэд хүргэж байна. Ийм нөхцөл байдлаас дүгнэхэд, 2025 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр гарсан №002/48 дугаартай актыг боловсруулах явцад хууль зөрчигдөж, сонсох ажиллагаа зохих ёсоор явагдаагүй, шийдвэр нь хуульд үндэслээгүй, оролцогч этгээдийн оролцоог хангаагүй зэрэг үндэслэлээр энэхүү актыг хүчингүй болгох шаардлагатай гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Аудитын тухай хуулиар төрийн аудитын байгууллагад тодорхой эрх хэмжээ олгогдсон байдаг. Үүнд, шаардлага хүргүүлэх, акт үйлдэх, зөвлөмж өгөх зэрэг бүрэн эрх ордог. Гэхдээ энэ эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ өөрсдөө мөрдөх хууль, дүрмийг зөрчиж болохгүй. Ялангуяа тухайн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тохиолдолд сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу заавал явуулах ёстой байдаг. Гэтэл энэ удаагийн актад энэ зарчмыг зөрчсөн нь харагдаж байна. Аудитын тухай хуулийн 22.1-д зааснаар, шалгагдаж буй этгээдэд мэдэгдэж, оролцоог хангах үүрэгтэй байтал энэ нь хэрэгжээгүй юм. Түүнчлэн нэг биш, хоёр өөр агуулгатай акт гаргасан нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Эхний акт дээр “шийдвэргүйгээр олгосон урамшуулал” гэсэн нэр томьёо хэрэглэсэн бол дараагийн акт дээр нь “үндэслэлгүйгээр олгосон” гэсэн өөр агуулга бүхий үг ашигласан байдаг. Энэ хоёр ойлголт агуулгын хувьд маш их ялгаатай. Шийдвэргүйгээр олгосон гэдэг нь удирдлагын шийдвэр, тушаалгүй олгосон гэсэн утгатай байхад, үндэслэлгүйгээр олгосон гэдэг нь тухайн урамшуулал хууль, журмын дагуу олгогдоогүй гэсэн утгатай. Үүний үр дүнд аудитын акт дээр 10,1 сая төгрөгийг аудитын байгууллагын орлогын дансанд шилжүүлэн төвлөрүүлэхийг шаардсан байдаг. Харин энэ мөнгө ямар үндэслэлээр урамшуулал гэж тооцогдож, ямар зөрчилтэй гэж үзэн буцаан төвлөрүүлэх гэж байгааг тодорхой заагаагүй. Актын тогтоох хэсэг дээр ч тодорхой тайлбар, үндэслэл дутуу, нэг мөр ойлгомжгүй байдалтай байгаа нь асуудал дагуулж байна. Хариуцагч тал энэ зөрчлийг "зүгээр бичвэрийн алдаа байсан" гэж тайлбарладаг ч, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 1-ийн заалтыг буруу ойлгож ашигласан гэж нэхэмжлэгч үзэж байна. Уг заалтад захиргааны байгууллага нь утга агуулгыг өөрчлөхгүйгээр актад засвар хийх боломжтой гэж заасан байдаг. Харин энд бол утга агуулга өөрчлөгдөж, шийдвэргүй гэснийг үндэслэлгүй болгосон нь цаашид хууль зүйн үр дагавар үүсгэх, хариуцлагын агуулгыг өөрчилсөн гэж үзэх бүрэн үндэстэй. Энэ асуудалтай холбоотойгоор нэхэмжлэгч нь 2025 оны 03 дугаар сарын 17-нд гомдол гаргаж, тухайн аудитын дээд шатны байгууллагад хүргүүлсэн. Хариу нь 4 дүгээр сард ирсэн байдаг. Энэ нь мөн тухайн акт хууль зүйн хувьд маргаантай байсныг нотлох нэг үндэслэл болж байна. 2025 оны 03 дугаар сарын 17-нд бид албан тоотоор гомдол гаргасан. Гэтэл гомдол гаргасны дараагаар аудитын байгууллага дундаас нь шинэ акт гаргаж ирсэн. Энэ шинэ акт дээр “үндэслэлгүйгээр шилжүүлсэн” гэж бичсэн байгаа. Гэтэл өмнөх акт нь “шийдвэргүйгээр олгосон урамшуулал” гэж байв. Хоёр өөр агуулгатай акт гаргасан хэрнээ дээд шатны буюу Үндэсний аудитын газар тухайн актын агуулгын талаар мэдээлэлгүй, гомдлын хариуг эхний буюу “шийдвэргүйгээр олгосон урамшуулал” гэсэн үндэслэлтэй актад тулгуурлан өгсөн. Өөрөөр хэлбэл, дундаас нь актынхаа утгыг өөрчилсөн хэрнээ дээд байгууллагадаа мэдээлэл өгөлгүй, сургаар нь гомдол гаргасан байна гээд нууцаар актынхаа бичвэрийг өөрчилсөн байна. Эндээс харахад төрийн аудитын байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийг баримталж ажиллаагүй, актаа бичгээр гаргахдаа хуульд заасан шаардлагуудыг биелүүлээгүй байна. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 40.3, 42.5 дахь заалтуудын дагуу, захиргааны акт нь дараах шаардлагыг хангах ёстой. Үүнд хаяглагдсан этгээд, захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл, гомдол гаргах боломж, хугацаа, холбогдох байгууллагыг заах гэх мэт. Харин одоо энэ шаардлагыг хангаагүй хоёр өөр агуулгатай акт гаргасан учраас энэ нь нэхэмжлэгч байгууллагын эрх ашгийг ноцтойгоор хөндөж, эрх зүйн тодорхой бус байдалд хүргэсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлахад, тухайн цэцэрлэг нь Ахмадын санг байгуулсан. Энэ нь Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу байгуулсан юм. Тухайн заалтад “Төсөвт байгууллага нь үйл ажиллагааны орлого болон цалингийн нийт сангийн 3 хүртэлх хувийг ахмадын санд зориулан хуваарилж болно” гэж заасан байдаг. Гэтэл тус цэцэрлэг нь үйл ажиллагааны орлого байхгүй тул цалингийн сангаасаа энэ санд хөрөнгө бүрдүүлсэн. Цалингийн сан гэдэг нь байгууллагын төсөвт багтдаг зүйл учир, энэ тохиолдолд хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй. Мэдээж, төсөвтөө тусгаагүй гэдэг нь процессын алдаа болохоос санхүүгийн зөрчил гэж үзэх үндэслэл биш. Ялангуяа энэ цэцэрлэг нь тухайн аймгийн хэмжээнд хамгийн олон ахмадтай, анхдагч байдлаар ахмадын сан байгуулсан боловсролын байгууллага юм. Энэ нь ахмадын эрх ашгийг хамгаалах зорилготой нийгмийн ач холбогдол бүхий санаачилга байв. Харин аудитын байгууллагын зүгээс гаргасан актын хууль зүйн үндэслэлийг “Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д” заасан “Төсвийг зориулалтын дагуу зарцуулахгүй байхыг хориглоно” гэсэн үндэслэлээр тайлбарласан. Төсвийн зориуллатын дагуу зарцуулахыг зөрчсөн гээд байгаа юм. Зориулалтын дагуу зарцуулаагүй гээд зөрчлийн бүртгэлийн маягт дээрээ дурдчихсан. Гэтэл түрүүн тайлбар хэлэхдээ энэ акт дотор нь “зориулалтын дагуу зарцуулаагүй” гэж ганц ч үг, өгүүлбэр бичээгүй шүү дээ гэж ярьдаг. Гэтэл баримтлаад байгаа хуулийн заалт нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэж үзэж байгаа юм байна. Дараа нь ахмадын сан байгуулах тухай, цалингийн сангийн гурав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг заасан заалтуудыг баримталсан гэж тайлбарладаг. Түүнчлэн Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2010 оны А/75 дугаар тушаалаар баталсан албан шаардлага өгөх, төлбөрийн акт өгөх журмын 4.2.3 дахь заалтыг үндэслэн акт үйлдсэн гэж заасан байна. Үүнийг тушаалын хавсралтаар хүчин төгөлдөр хэм хэмжээний акт гэж үздэг. Гэхдээ энэ хэм хэмжээний актад ямар тохиолдолд акт үйлдэх, албан шаардлага хүргүүлэх талаар нарийн зохицуулалт бий. Гэтэл түрүүнд шүүгч шүүхийн бүрэлдэхүүн хариуцагчаас “Яагаад ингэж акт тогтоочихов?” гэж асуухад хариуцагч “Зөрчил гарсан учраас акт тогтоосон, асуудал нь үзэмжийн л асуудал” гэж тайлбарлаж байна. Аудиторууд харж байгаад үзэмжээрээ акт тогтоож, шаардлага хүргүүлдэг мэт ярьж байгаа юм. Хариуцагчийн тайлбараас харахад, нотлох баримтыг хасах гэсэн оролдлого бий. Гэтэл аудитын газраас ижил түвшний байгууллагуудад тавьсан акт, албан шаардлагатай холбоотой баримтуудыг цэцэрлэгийн нягтлан гаргаж өгсөн байдаг. Тэр аудитын газрын анх тогтоосон шаардлага ч бий. Үүнийг харвал албан шаардлага, төлбөрийн актын дотоод журмыг аудитын газар өөрөө баримталдаг уу гэх эргэлзээ төрж байна. Учир нь эдгээр шаардлагыг баримтлахгүй, үзэмжээрээ л үнийн дүнг харгалздаг мэт байна. Цаашид энэ ахмадын сан улсын хэмжээнд асуудал болж байгаа бөгөөд, төсөвт асар хэмжээний хохирол учруулж магадгүй гэсэн хийсвэр тайлбар явагдаж байна. Ийм эрсдэлийг арилгах үүднээс аудитын байгууллага акт тогтоож байгаа юм гэсэн тайлбар хэлдэг. Гэтэл бодит байдал дээр энэ цэцэрлэг нь анх удаа ахмадын сан байгуулсан бөгөөд ахмадын сангийн дансыг зохих зөвшөөрлийн дагуу нээж, мөнгийг байршуулсан байна. Түүнээс хойш сангийн мөнгийг зарцуулж, төсөвт нь хохирол учруулаагүй байна. Дээр дурдсан албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 2-р бүлэгт зааснаар албан шаардлага өгөхөд дараах нийтлэг үндэслэлийг харгалздаг. Тэдгээрийн нэг нь “төсвийн зориулалт бусаар зарцуулсан” тохиолдол юм. Гэтэл энэ хэрэгт тухайн заалт огт хамааралгүй бөгөөд дээрх аудитын акт, албан шаардлагууд төсвийн зориулалт бусаар зарцуулсан гэсэн үндэслэлд үндэслэгдээгүй байна. Энэ асуудал нь хяналтын бүртгэл, алдаа зөрчлийн бүртгэл дээр ч тусгагдаж байгаа юм. Төсвийн зориулалт бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр албан шаардлага авах хэмжээний зөрчил байхад шууд төлбөрийн акт тогтоох нь дараах нийтлэг үндэслэлийг харгалздаг. Үүнд төрийн өмчийн хөрөнгийг үндэслэлгүйгээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн, төрийн болон орон нутгийн өмчийг түрээсэлсэн, ажиллуулсан, төлбөр, борлуулалтын орлогыг дутуу төвлөрүүлсэн, бүртгэл, тооцоог зөрүүтэй хийсэн зэрэг нөхцөл байдал орно. Гэвч төрийн аудитын тухай хуулийн холбогдох заалтуудад бусад нөхцөл байдлыг үзэмжээр шийдэх зохицуулалт байгаа тул асуудлыг тодорхой бус болгож байна. Аудитын газар акт үйлдсэнээр урамшуулал авдаг болохыг өөрөө хүлээн зөвшөөрч, урамшууллын хэмжээ, шалтгааныг бүрэн мэддэггүй ч төсвийн мөнгө төвлөрүүлснээр урамшуулал авдаг гэж үзэж байна. Харин тухайн байгууллага цалингаасаа хэмнэлт хийж, ахмад настнуудад зориулан ахмадын сан бүрдүүлсэн нь төсвийн зориулалт бусаар зарцуулсан гэж шууд үзэх үндэслэлгүй. Ахмад настнуудын тоо олон бөгөөд энэ мөнгийг улсын орлого болгож татах бус, зохих журмын дагуу ахмадын сангаа бүрдүүлэн, эрх ашгийг нь хамгаалах боломжтой. Гэтэл төсөвт тусгаагүй, дэс дарааллыг зөрчсөн алдаанаас болж акт тогтоосон нь хуульд нийцэхгүй, хууль ёсны эрх ашгийг хөндсөн үйлдэл болж байна. Төлбөрийн акт тогтоох дотоод журмын 4.2-т аудитын баг аудитын алдаа, зөрчилд дүгнэлт гарган, албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдвэр гаргахдаа тухайн нөхцөл байдлыг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд танилцуулах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл бодит байдалд уг танилцуулга, мэдэгдэл хийгдээгүй бөгөөд аудитын баг аудитын хугацаанд шалгагдагч этгээдэд зөрчлийн талаар мэдэгдэл өгөлгүйгээр акт үйлдэж, хууль ёсны эрх ашгийг нь хөндсөн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Төрийн аудитын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн шаардлагыг зөрчсөн байна. Мөн Төрийн аудитын газрын гаргасан шийдвэрийг урьдчилан мэдэх, тааварлах боломжгүй гэсэн үндэслэлээр шалгагдагч этгээдийг мэдээлэлгүй орхисон нь хуульд нийцээгүй үйлдэл юм. Иймд уг акт, шийдвэр нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн учраас хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүднээс хүчингүй болгож өгнө үү гэдэг байдлаар дүгнэлтээ хэлж байна гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Төрийн аудитын тухай хуулийн 6, 8 дугаар зүйлд аудит хийх чиг үүргийг тусгасны дагуу тус цэцэрлэгийн 2024 оны санхүүгийн тайланд аудит хийсэн. Аудитаар “Батлагдсан төсөвт тусгагдаагүй байхад цалингийн сангаас 10,164,900.00 (Арван сая нэг зуун жаран дөрвен мянга есөн зуун) төгрөгийг зөвшөөрөлгүйгээр төрийн санд ахмадын сангийн данс нээн шилжүүлсэн” зөрчил илэрсэн. Энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоол "Ахмадын сан байгуулан ажиллуулах журам" 1 дүгээр зүйлийн 1.3-т "Төсөвт байгууллагын тухайд цалингийн сангийн гурав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр сан байгуулж, шаардагдах хөрөнгийг төсөвтөө жил бүр тусгана." гэж заасныг зөрчсөн байсан тул 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/48 дугаартай төлбөрийн актыг тогтоосон.
Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-т “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн ззхирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө” гэж заасан бөгөөд Есөнбулаг сумын 11 дүгээр цэцэрлэгийн дээд шатны байгууллага нь аймгийн Боловсролын газар байна.
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2-т “төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх;” 7 дугаар зүйлийн 7.3-т Төсвийг нэг жилээр баталж, тайлагнах бөгөөд батлагдсан төсвийг сар, улирлаар хуваарилан, хэрэгжилтийг зохион байгуулна” гэж заасан бөгөөд төсвийн асуудал, хуваарийг өөрчлөхдөө аймгийн Боловсролын газраас зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
Говь-Алтай аймгийн Боловсролын газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар албан бичгээр Есөнбулаг сумын 11 дүгээр цэцэрлэг нь ахмадын сан байгуулах зөвшөөрөл тус газраас аваагүй, төсвийн хуваарьт тусгагдаагүй болохыг тодорхойлсон.
Харин Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас тус байгууллагад хүргүулсэн албан бичиг нь ахмадын сан нээх тухай чиглэл бөгөөд төсвийн хөрөнгө зарцуулах шийдвэр гаргах эрх бүхий дээд байгууллагын шийдвэр бус юм. Сангийн яамнаас Ахмадын сангийн данс нээх зөвшөөрөл авсан нь төсөвт батлагдаагүй ажил гүйлгээ хийх эрх зүйн үндэслэп болохгүй.
Тус цэцэрлэгээс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Үндэсний аудитын газарт гомдол гаргасныг хянаж үзээд 2025 оны 04 дугээр сарын 15-ны өдрийн 06/1503 дугаартай албан бичгээр төлбөрийн акт үндэслэлтэй болохыг дурдсан.
Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан.
Тус хүрээнд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/48 дугаар төлбөрийн актыг тогтоох хэсгийн 1-т “Шийдвэргүй олгосон урамшуулал...” гэж бичилтийн хувьд илэрхий алдаа гарсан байсныг “Үндэслэлгүйгээр шилжүүлсэн....” гэж өөрчлөн 2025 оны 03 дугаар сарын 24-ны едрийн 260 дугаар албан бичгээр тус байгууллагад хүргүүлсэн.
Дээрх засвар нь захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөөгүй бөгөөд хуульд нийцсэн юм. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгапах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” заасны дагуу төрийн аудитын байгууллагаас шийдвзр өгсөн бөгөөд асуудлын бүртгэлийг танилцуулж хариуг тус байгууллагаас авсан болно. Хяналт, шалгалт хийж буй төрийн аудитын байгууллагад, шалгагдаж буй этгээд нь шаардлагатай нотлох баримтыг үнэн зөв, бүрэн, хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй субъект юм. Харин төрийн аудитын байгууллага нь эдгээр нотлох баримтыг гаргуулан авах эрх, үүрэгтэй. Энэ хүрээнд холбогдох нотлох баримтуудыг гаргуулан авч, хуулийн дагуу шалгалтыг хийж, сонсох ажиллагаа зохион байгуулсан. Үүний үндсэн дээр 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ажлын цаг татсан тухай тогтоол, шийдвэр гарсан. Шийдвэр нь хуульд заасан хугацаанд буюу 2 дугаар сарын 25-нд гарсан болно. Цалингийн зардлын хүрээнд үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, хоол унааны зардал (унааны хөнгөлөлт зэрэг) ордог бөгөөд эдгээр нь бүгд цалингийн зардлын бүрэлдэхүүн хэсэг юм. Харин ахмадын сангийн тухайд, тухайн үед мөрдөж байсан журмын дагуу цалингийн зардлын 3 хувиас хэтрэхгүй хэмжээний хөрөнгийг үйл ажиллагааны хэмнэлт болон нэмэлт орлогоос бүрдүүлж, тусгай зориулалтаар зарцуулдаг. Энэхүү зардал нь цалингийн үндсэн бүрэлдэхүүн хэсэгт хамаардаггүй гэдгийг онцлон хэлмээр байна. Иймд нэхэмжлэгчийн тайлбарлаж буй асуудал нь, нэг талаар эдийн засгийн ангилал зөрчсөн, нөгөө талаар цалингийн сан дотроос нүүлгэн зарцуулалт хийсэн тухай асуудал бөгөөд энэ хоёр нь Төсвийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хоёр өөр ойлголт болохыг анхаарах хэрэгтэй. Энэ талаар хариу тайлбартаа тодорхой дурдсан болно. Мөн дээр дурдсанчлан, тухайн байгууллага нь дээд шатны захирагч буюу Боловсролын газартай ямар нэгэн зөвшилцөл хийж, зөвшөөрөл авсан гэх нотолгоо байхгүй гэдгийг өөрсдөө ч хэлсэн. Мөн тухайн байгууллагын албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэгтэй албан бичиг байгаа бөгөөд “төсөвтөө тусгаагүй” гэдгийг нягтлан бодогч хэлсэн. Иймд энэ нь хуулиар хориглосон үйл ажиллагаа гэж үзэж, эрх бүхий байгууллага актаар тогтоосон болно. Тиймээс одоо 11 дүгээр цэцэрлэгийн зүгээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Нэргүйгээс тус аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан “Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны 02/48 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны 02/48 дугаартай актаар “... Үндэслэлгүйгээр шилжүүлсэн 10,164,900.00/арван сая нэг зуун жаран дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг Төрийн сангийн орон нутгийн орлогын ................. тоот дансанд төвлөрүүлэх”-ийг Есөнбулаг сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогчид хариуцуулжээ.
5. Нэхэмжлэгчээс: Говь-Алтай аймгийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний газраас ирүүлсэн чиглэл болон Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт аж ахуйн нэгж байгууллага өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо, цалингийн нийт сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх, хэмжээний мөнгөн хөрөнгөөр Ахмадын сан байгуулна гэж хуульчилсны дагуу тухайн санг хуулийн дагуу байгуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа тухайн гаргасан зөрчил дээр маргаагүй, төлбөрийн акт тогтоосон нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Албан шаардлага өгөх, акт тогтоох журам”-д нийцээгүй” албан шаардлага өгөх боломжтой байсан гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-аас: “Батлагдсан төсөвт тусгагдаагүй байхад цалингийн сангаас 10,164,900.00 (Арван сая нэг зуун жаран дөрвен мянга есөн зуун) төгрөгийг зөвшөөрөлгүйгээр төрийн санд ахмадын сангийн данс нээн шилжүүлсэн”, "Төсөвт байгууллагын тухайд цалингийн сангийн гурав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр сан байгуулж, шаардагдах хөрөнгийг төсөвтөө жил бүр тусгана." гэж заасныг зөрчсөн. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 34-д төсвийн байгууллага гэж батлагдсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг мөн Боловсролын газрын харьяанд, тухайн байгууллагын төсвийн асуудлыг аймгийн боловсролын газар буюу дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай гэж тус тус маргадаг.
6. Есөнбулаг сумын 11 дүгээр цэцэрлэг 2024 онд байгууллагын “Ахмадын зөвлөл” байгуулан, түүний ажиллах журмыг баталж, 2024 оны цалингийн сангийн 1 хувиар тооцож, тус сангаас 10,164,900.00 төгрөгийг ахмадын сангийн дансанд шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч ахмадын сангийн данс нээх зөвшөөрлийг Сангийн яамнаас авч уг нээсэн дансандаа дээрх хөрөнгийг шилжүүлжээ. Нэхэмжлэгч 2024 оны төсөвт тусгалгүй, ахмадын сан байгуулсан байх бөгөөд энэ талаар маргадаггүй.
7. Нэхэмжлэгчийн “...ахмадын сангийн данс нээж 10,1 сая төгрөгийг шилжүүлэн байршуулан боловч ямар гүйлгээ хийгээгүй учир аудитын албан шаардлага өгөх боломжтой байсан, төлбөрийн акт тогтоосон нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Албан шаардлага өгөх, акт тогтоох журам”-д нийцээгүй” гэж маргаж байгааг үндэслэлгүй гэж дүгнэлээ. Үүнд:
7.1. Ахмад настны туай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар “Энэ хуулийн 14.6-д заасан арга хэмжээнд зориулан аж ахуйн нэгж, байгууллага өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо төсвийн байгууллага тухайн жилийн төсөвт тусган цалингийн нийт сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр "Ахмадын сан" байгуулах бөгөөд Ахмадын сан байгуулан ажиллуулах журмыг Засгийн газар батална.” гэж нэмэлт оруулжээ.
Хуулийн энэхүү хэсэгт ахмадын сангийн хөрөнгө нь тухайн байгууллагын цалингийн нийт сангийн 3 хүртэл хувьтай тэнцүү байхаар хуульчилсан. Тодруулбал, тухайн жилд ахмадын санд төвлөрүүлж болох хөрөнгийн хэмжээг зааж өгсөн байна.
Харин энэхүү зохицуулалтыг баримтлан байгууллагын цалингийн сан, түүний зарцуулагдаагүй үлдэгдлээс шууд татан төвлөрүүлж ахмадын сан байгуулах агуулгагүй юм.
Учир нь төсөвт байгууллагын төсвийн санжүүжилт, түүний гүйцэтгэлтэй холбоотой нарийвчилсан харилцаа Төсвийн тухай хуулиар зохицуулагдана. Орон нутгийн төсвийн байгууллагын дарга, эрхлэгч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар төсвийн шууд захирагч байх бөгөөд төсвийн шууд захирагчийн бүрэн эрх, үүрэг, хариуцлага уг хуулиар зохицуулагдана.
7.2. Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлд төсвийн захирагч нарын төсөвт зохицуулалт хийх ажиллагааг журамлахдаа 42.6-т Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх хязгаар, нөхцөл, журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална., 42.7-т Төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно. гэж тус тус заасан байна.
Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх боломжгүй байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч байгууллагын 2024 оны төсвийн төсөөлөлд ахмадын сан байгуулах хөрөнгийн талаар төлөвлөөгүй байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргадаггүй.
7.3. Нэхэмжлэгчээс төлөвлөөгүй арга хэмжээнд шинэ данс нээж шилжүүлэг хийсэн үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах; гэснийг зөрчсөн гэж дүгнэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Дээр дурдсан хуулийн энэ заалтаас дүгнэвэл шалгагдагч төсөв, нягтлан бодох бүртгэлийн талаарх хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд төлбөрийн акт тогтоох зохицуулалттай байна.
7.4. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө. 21.2-т Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно. гэж заажээ.
Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасан ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэн ажиллахыг “Албан шаардлага өгөх, акт тогтоох журам”-аар зохицуулсан байна. Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоохдоо уг журмыг мөрдөх үүрэгтэй байна. Энэ журмын 4 дэх хэсгийн 4.2.3-т төлбөрийн акт тогтоох нийтлэг үндэслэлийг тоочин заасан боловч уг заалтын 4.2.3.8.-т Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бусад нөхцөл байдал үүссэн. 4.5-т Энэ журмын 4.2.3-т заасан төлбөрийн акт тогтоох үндэслэл бүхий алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд албан шаардлага өгөхийг хориглоно. гэж заасан байх тул хариуцагч төлбөрийн акт тогтоосныг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл журмын 4 дэх хэсгийн 4.2.3-т төлбөрийн акт тогтоох талаар тоочин тодорхойлсон нийтлэг үндэслэлд дахин заалт оруулан “...21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бусад нөхцөл байдал” гэж дурджээ.
Иймд нэхэмжлэгчийн “...ахмадын сангийн данс нээж 10,1 сая төгрөгийг шилжүүлэн байршуулан боловч ямар гүйлгээ хийгээгүй учир аудитын албан шаардлага өгөх боломжтой байсан, төлбөрийн акт тогтоосон нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Албан шаардлага өгөх, акт тогтоох журам”-д нийцээгүй” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.
8. Хариуцагч байгууллагын 2025 оны 02 дугаар сарын 25-ны 02/48 дугаартай актын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “1.Шийдвэргүй олгосон урамшуулал 10,164,900.00/арван сая нэг зуун жаран дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг Төрийн сан дахь Га.Аудитын орлогын ................. тоот дансанд төвлөрүүлэх.” гэж заасан байна.
Уг актын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулсан тухайгаа нэхэмжлэгч байгууллагад 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 260 дугаар албан бичгээр мэдэгдэж, актын өөрчлөлтийг хүргүүлсэн байдаг.
Маргаан бүхий актын үндэслэл хэсэгт “...Батлагдсан төсөвт тусгагдаагүй байхад цалингийн сангаас 10,164,900.00/арван сая нэг зуун жаран дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг зөвшөөрөлгүйгээр төрийн санд ахмадын сангийн данс нээн шилжүүлсэн байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан “Ахмадын сан байгуулан ажиллуулах журам”-ын 1.3-т Төсөвт байгууллагын тухайд төсвийн байгууллага тухайн жилийн төсөвт тусган цалингийн нийт сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр сан байгуулж, шаардагдах хөрөнгийг жил бүр төсөвтөө тусгана.” гэж заасныг зөрчсөн байна. Иймд Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно., Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Албан шаардлага өгөх, акт тогтоох журам”-ын 4.2.3.8-д заасныг үндэслэн...” гэжээ.
Тодруулбал, маргаан бүхий актын бодит нөхцөл байдал, үндэслэл өөрчлөгдөөгүй зөвхөн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шийдвэргүй олгосон урамшуулал” гэснийг “Үндэслэлгүйгээр шилжүүлсэн” гэж өөрчилсөн нь тогтоогдож байх тул “...актын үндэслэл өөрчлөгдсөн” гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй. гэж заажээ.
9. Нэхэмжлэгчээс “...2025 оны 02 дугаар сарын 26-нд сонсох ажиллагааг хийсэн” гэж маргаж байх боловч энэ талаарх баримтууд 2025 оны 02 дугаар сарын 25 гэсэн огноотой байх бөгөөд нэхэмжлэгч байгууллагын эрхлэгч, нягтлан бодогч нар гарын үсгээ зурж тайлбар бичсэн нь нотлогдож байна.
Аудитын багаас хөтөлсөн “Сонсох ажиллагааны мэдэгдэл”-д “2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 00 минут”, “Сонсох ажиллагааны тэмдэглэл”-д “2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 00 минут” гэж цагийг зөрүүтэй бичсэн байх боловч зөвхөн энэ үндэслэлээр төлбөрийн актыг хүчингүй болгох боломжгүй.
10. Нэхэмжлэгчээс “...Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас Ахмад настны туай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасныг хэрэгжүүлж ажиллах чиглэл ирүүлсэний дагуу Төрийн санд данс нээлгэх зөвшөөрлийг Сангийн яамнаас авч Төрийн сангийн ........................ дугаар дансыг нээлгэсэн” гэсэн тайлбар гаргадаг.
Гэвч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хүргүүлсэн чиглэл, Сангийн яамны данс нээх зөвшөөрөл зэрэг нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, төсөвт тусгагдан батлагдаагүй арга хэмжээг санхүүжүүлэх үндэслэл болохгүй.
11. Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ., мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно. гэж заасныг хариуцагч зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.
Иймээс Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны 02/48 дугаартай актыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 21 дүгээр зүйлийн 21.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Нэргүйгээс тус аймаг дахь Төрийн Аудитын газар, аудитын менежер Д.Эрдэнэчимэг, ахлах аудитор Д.Цэрэнханд нарт холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны 02/48 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН