Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,

            Улсын яллагч Б.Догмиддорж

            Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат       

           Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан,

            Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээд овогт П.Б-д холбогдох 1821000290047 дугаартай хэргийг 2018 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Хэрээд овогт П.Б, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ..... оны ..... сарын .....-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ........../, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг,  дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын ......... газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, оюуны хөнгөн хомсдол өвчтэй, мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч П.Б нь согтуугаар 2017 оны 12 сарын 31-нээс 2018 оны 01 сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн орчим татсан тамхины цогоо ил хаясны улмаас Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн нутаг “Баян-Өлзийт” хорооллын 1-2 тоот хашаанд хураалттай байсан 1350 ширхэг боодолтой өвс болон малын хашааг хууль бусаар устган шатааж хохирогч Б.Дагвадоржид 1500000 төгрөгийн, хохирогч Э.Болд-Эрдэнэд 6750000 төгрөгийн буюу бусдад нийт 8250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 сарын 31-ний шөнө...Төөгөөгийн гэрт орсон чинь Төөгөө архи уучихсан байдалтай над руу хандан “чи манай гэрт юу хийж яваа юм, манай гэрээс гар” гэж хөөгөөд бид хоёр жоохон маргалдсан...Тэгсэн Төөгөө надад “тамхи тат” гэж хэлээд нэг ширхэг тамхи өгөхөөр нь би уг тамхийг татаад гэрээс гарсан юм. Төөгөөгийн гэрээс гараад явж байхад тамхи дууссан учраас татсан тамхины ишийг хаячихсан юм. Би тамхины иш хаяхдаа өвсний хог байсныг хараагүй хаяад явж байсан чинь Төөгөө араас ирээд намайг дуудах үед нь харсан чинь дөнгөж гал гарч эхэлж байсан. Ингээд Төөгөө намайг дагуулаад цуг гал гарч байгаа өвсөн дээр очоод унтраах гэсэн боловч ямар ч унтраах боломжгүй болсон байсан. Ингээд сумын хүмүүс ирээд 02 цагийн үед галыг унтраасан...” гэжээ. /хх 61/

Хохирогч Э.Болд-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 сарын 05-наас 10 сарын 15-ны өдрүүдэд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Өндөр дэнж” гэх газраас 1350 боодол өвс хадаж бэлтгэн Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн нутаг Дагвадорж гэх айлд 1 сарын хөлс 150000 төгрөгөөр цалинжуулж хадгалуулж байсан юм...2017 оны 12 сарын 31-нээс 2018 оны 01 сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн орчим Хөлөнбуйр сумын Тамгын газрын дарга гэх эмэгтэй хүн залгаад “танай өвс харуулж байсан айлд гал гараад танай өвс шатаж байна” гэж хэлсэн. 2018 оны 01 сарын 01-ний өдөр Дагвадорж над руу залгаад “Хажуу айлын адуу тэжээдэг залуу хашаа давж орж ирээд шатаачихлаа. Шөнө нохой хуцаад байхаар нь гараад харсан чинь өвс шатаж эхэлсэн байсан. Тэгээд хашааны хаалгаар хүн гарах гэж байхад нь барьж авахад хажуу айлын морь тэжээдэг залуу байсан” гэж хэлсэн...” гэжээ. /хх 23-24/

Хохирогч Б.Дагвадорж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 сарын 01-ний шөнийн 02 цагийн орчим манай хүү Төрбилэгт хөдөө байхад ирээд “Б өвс шатаачихлаа, сумын төв рүү явъя” гэхэд нь хүүгийн хамт очиход малын хашаа болон хашаанд хурааж тавьсан өвс шатаж байсан. Сумын иргэд гарч ирж хашаа болон өвсөнд гарсан галыг унтраалцсан юм. Уг галын улмаас хашаанд хурааж тавьсан өвс, манай малын хашаа бүрэн шатаж дууссан...Манай хүү Төрбилэгт надад ярихдаа “орой амарч байсан чинь нохой хуцаад байсан учраас гэрээсээ гарсан чинь боодолтой өвс дөнгөж шатаж эхэлж байсан бөгөөд хашааны хаалга дуугарсан учраас гүйгээд очсон чинь Б ганцаараа хашааны баруун талд хашаа дагаад явж байсан гэсэн. “Яагаад гал тавьчихсан юм бэ” гэсэн чинь уйлаад ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан гэсэн...хашаагаа нэхэмжилж байгаа бөгөөд гомдол санал байхгүй...” гэжээ. /хх 28-29/

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын байцаагчийн 2018 оны 02 сарын 22-ны өдрийн 045/03 тоот дүгнэлтэд: “1.Гал гарсан эхлэлийн цэг буюу галын голомтыг тогтоох боломжгүй байна. 2.Хөлөнбуйр сум, 1 дүгээр баг, Баян-Өлзийт гэх газарт оршин суух иргэн П.Б нь татаж байсан тамхиныхаа ишийг унтраалгүйгээр өвс болон шатах материал дээр хаяснаас гал түймэр гарсан байх магадлалтай байна. 3.Иргэн П.Б нь Галын аюулгүй байдлын хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д заасныг зөрчсөн” гэжээ. /хх 48/

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 01-д: “1.П.Б-н сэтгэцийн байдалд оюуны хөнгөн хомсдол өвчин тогтоогдож байна. 2.Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй байна. 3.П.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож үнэн зөвөөр тайлбарлаж мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хх 42-43/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээрх нотлох баримтуудаас гадна мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Болд-Эрдэнэ /хх 23-24/, Б.Дагвадорж /хх 28-29/, гэрч Д.Бадамцэцэг /хх 31-32/, Г.Пүрэвцоо /хх 35-36/, Д.Төрбилэг /хх 37-40/, Я.Пүрэвдорж /хх 41-42/, Б.Тогосмаа /хх 45-46/ нарын болон шүүгдэгч П.Б-н гэрчээр /хх 32-33/ өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/, Эд зүйлийн үнэлгээ /хх 25, 30/,  Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 65/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 67/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч П.Б нь согтуурсан үедээ 2017 оны 12 сарын 31-нээс 2018 оны 01 сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн нутаг “Баян-Өлзийт” хорооллын 1-2 тоот хашаанд татсан тамхины цогоо ил хаясны улмаас хураалттай байсан 1350 ширхэг боодолтой өвс, малын хашааг шатаан устгаж хохирогч Б.Дагвадоржид 1500000 төгрөгийн, хохирогч Э.Болд-Эрдэнэд 6750000 төгрөгийн, бусдад нийт 8250000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б-н /хх 34, 61-62/ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Гэрч Д.Төрбилэгийн “...2018 оны 01 сарын 01-ний 02 цагийн орчим би сумын төвд Баян-Өлзийтийн 1-2 тоотод гэртээ байж байхад манай хашааны хаалга дуугарч нохой шуугиад байсан. Тэгэхээр нь гэрийнхээ цонхоор харахад хашааны зүүн урд буланд хураалттай байсан өвс шатаж байсан. Тэгэхээр нь би углааштайгаа гүйгээд гарахад Б ах  согтуу хашаа налаад явж байсан. Тэгэхээр нь би гүйж очиж барьж авсан. “Та яагаад гал тавьж байгаа юм бэ” гэж асуухад “Би тавиагүй” гэж хэлээд уйлаад байсан болохоор нь явуулсан юм. Гал гарах үед Б-с өөр хүн байгаагүй, хашааны хаалга уяатай байхад тайлаад орж ирсэн байсан...” /хх 37-38/ гэх,

Гэрч Г.Пүрэвцоогийн “...2018 оны 01 сарын 01-ний 02 цагийн үед...манай нөхрийн хамаатан Балдангийн Батхуяг машинтай ирээд “танай хашаанд хураалгаатай байсан өвс шатаж байна” гэж хэлсэн...Манай хүү Төрбилэг Б-ийг гал тавьсан гээд барьсан байсан...” /хх35-36/ гэх,

Гэрч Б.Тогосоогийн “...2018 оны 01 сарын 01-ний 01 цагийн үед манай нохой хуцаад байхаар нь манай нөхөр цонхоор хараад “хашаан дотор хүн орж ирсэн байна” гэсэн. Тэгэхээр нь би цонхоор харахад Цэнгэл /Б/ ах нохойг маань нохойны идүүрээр цохиж байсан. Тэгээд Цэнгэл ах хашаанаас гарах үед өвснөөс гал гарч эхэлсэн...” /хх 45-46/ гэх,

Хохирогч Э.Болд-Эрдэнийн “...2017 оны 12 сарын 31-нээс 2018 оны 01 сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн орчим Хөлөнбуйр сумын Тамгын газрын дарга гэх эмэгтэй хүн “танай өвс харуулж байсан айлд гал гараад танай өвс шатаж байна” гэж хэлсэн. 2018 оны 01 сарын 01-ний өдөр Дагвадорж над руу залгаад хажуу айлын адуу тэжээдэг залуу хашаа давж орж ирээд шатаачихлаа гэж хэлсэн...” /хх 23-24/ гэх,

Хохирогч Б.Дагвадоржийн “...2018 оны 01 сарын 01-ний шөнийн 02 цагийн орчим манай хүү Төрбилэгт хөдөө байхад ирээд Б өвс шатаачихлаа, сумын төв рүү явъя гэхэд нь хүүгийн хамт очиход малын хашаа болон хашаанд хурааж тавьсан өвс шатаж байсан...” /хх 28-29/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын байцаагчийн “...Хөлөнбуйр сум, 1 дүгээр баг, Баян-Өлзийт гэх газарт оршин суух иргэн П.Б нь татаж байсан тамхиныхаа ишийг унтраалгүйгээр өвс болон шатах материал дээр хаяснаас гал түймэр гарсан байх магадлалтай байна. Иргэн П.Б нь Галын аюулгүй байдлын хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д заасныг зөрчсөн” /хх 48/ гэх дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Б-н үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч П.Б нь татаж байсан тамхины ишийг унтраалгүйгээр өвсөн дээр хаяснаас буюу Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 16.2.1 дэх заалтад заасан “...ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангах...” иргэний үүргээ зөрчиж бусдын эд хөрөнгийг устгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч П.Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Болд-Эрдэнэд 6750000 төгрөгийн, хохирогч Б.Дагвадоржид 1500000 төгрөгийн хохирол тус тус учирсан, эдгээр эд хөрөнгө нь дээрх хохирогч нарын өмч мөн болох нь хохирогч /хх 23-24, 28-29/, гэрч /хх 31-32, 35-36/ нарын мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ /хх 25, 30/ зэргээр тус тус нотлогдож байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгчээс 8250000 төгрөг гаргуулж хохирогч Б.Дагвадоржид 1500000 төгрөг, хохирогч Э.Болд-Эрдэнэд 6750000 төгрөг тус тус олгох үндэстэй байна.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хэрээд овогт П.Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Б-д анхааруулсугай.

5. Эрүүгийн 1821000290047 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Б-с бүгд 8250000 /найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн “Тосон” гэх газар оршин суух, хохирогч Түнжин овогт Эрдэнэцогтын Болд-Эрдэнэ /ФВ86012111/-д 6750000 /зургаан сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн Өлзийтийн 1-2 тоотод оршин суух, хохирогч Хэрээд овогт Баатарын Дагвадорж /ЖК63021810/-д 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ