Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2021/06

 

 “А” ХК-ийн нэхэмжлэлтэй, С.Нид холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 138/ШШ2020/01192 дугаар шийдвэртэй, “А” ХК-ийн нэхэмжлэлтэй, С.Нид холбогдох бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 11 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч С.Н, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 12 сарын 10ы өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч талын өмгөөлөгч Д.Галтогтох, хариуцагч С.Н, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Адуунчулуун ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь иргэн С.Нтой 2016 оноос эхлэн хөдөлмөрийн  гэрээ байгуулж малчнаар ажиллуулсан. Хөдөлмөрийн гэрээг 2019.08.15-ны өдөр харилцан тохиролцон шинэчлэн байгуулсан. Компанийн зүгээс С.Нийг сар бүр 480 000 төгрөгөөр цалинжуулж, мал маллахад  шаардлагатай хашаа, саравч,  техник хэрэгсэл болон хадлан тэжээл, хужир  шүүг бэлтгэн өгч байсан. Гэтэл С.Н нь 2020 оны 01 сараас эхлэн малын зүй бус хорогдлуудыг  гаргах болсон. 2020 оны хувьд малчин С.Нийн нутаглаж  байсан Дорнод аймгийн Чойбалсан  сумын нутгаар  өвөлжилт, хаваржилт хүндрээгүй,  цаг  агаар хэвийн байж, цас зуд, байгалийн  гамшигт үзэгдэл болоогүй  сайхан жил болсон. Гэвч  малчин С.Н нь малын хариуллага, маллагаа муу байснаас олон тооны бог мал үхүүлсэн бөгөөд энэ нь Чойбалсан сумын “ЗАЙРТ БГБХН”-ийн малын эмч Ү.Доржийн гаргасан тодорхойлолтоор тогтоогддог. С.Н нь 2020 оны 01 сараас 6 сарын  хооронд 171 хурга, 26 ишиг  /2019 оны хавар төрсөн/ үхүүлж малын зүй бус хорогдол гаргасан. Вендо ХХК-ийн үнэлгээгээр хурга 60 000 төгрөг, ишиг 40 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Иймд С.Ноос 171 хурга*60 000 төгрөг ба 10 260 000 төгрөг, 26 ишиг*40 000 төгрөг ба 1 040 000 төгрөг буюу нийт 11 300 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:С.Н нь 2016 оноос хойш манай компанид малчаар ажиллаж байсан. Үндсэн цалин 480 мянган төгрөг ба удаан жилийн нэмэгдэл зэрэг нэмэгдлүүд нэмэгдээд 800 гаруй мянган төгрөгийн цалинтай байсан. Мал маллахад шаардлагатай бүхий л бэлтгэлийг хангаж ажилладаг. Манай компанийн хувьд 6-9 малчин ажиллуулдаг. Гэвч С.Нийн хувьд 2020 онд бусад малчнаас илт олон мал хорогдуулсан тул шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай болсон. 2019 оны өвөл цас зуд болоогүй. Тайван, тогтуун өвөл болж өнгөрсөн. Малыг өөрийн чадваргүй байдлаас болж үрэгдүүлсэн нь малын эмчийн тодорхойлолтоор нотлогддог. Иймд хариуцлага алдсан тул 11 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргаж өгнө үү гэж хүсэж байна.

Хариуцагчийн хувьд бусдын малыг хөдөлмөрийн гэрээний дагуу маллаж байх хугацаандаа 197 тооны хурга, ишиг үргэдүүлж хорогдол үүсгэсэн байгаа. Хариуцагчийн хувьд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлж байгаа боловч мэргэжлийн байгууллагын гаргасан үнэлгээнд гомдол гаргасан зүйл байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Хариуцагчийн хувьд Адуунчулуун ХК-ийн эд хөрөнгөд гэм хор учруулсан. Энэ байдлаа хариуцагч өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ зөрчсөн үйлдэл гаргасан. Малчны хувьд малын тарга хүчийг авахуулж, ашиг шимийг нэмэгдүүлэх гол зорилготой байгаа. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй байгаа нь харагддаг. Үүрэг зөрчигдсөн тохиолдолд хэн нэгэнд ямар нэг буруу байх ёстой. Тухайн жилийн өвлийн хувьд өвөлжилт хүндэрсэн зүйл байхгүй. Энэ талаар баримтыг хэрэгт хавсаргасан. Мөн Адуунчулуун ХК-ийн зүгээс өвс, тэжээлийг бэлтгэж өгсөн. Мөн зуны дэлгэр цаг буюу 2019 оны 07, 08 дугаар саруудад ишиг, хургыг хүлээлгэж өгсөн. Малчин хүн энэ цагт малыг гололгүй өсгөж, бойжуулах ёстой байсан. Мөн өгсөн мал нь өттэй, доголон байсан гэж хэлээд байдаг. Гэтэл энэ тооны мал цөөхөн байсан. Энийг өөрөө хүртэл хэлж байна. Мөн бусад малчдын хувьд Нийг хашаандаа малаа хашчихдаг байсан, том малтайгаа хурга ишгээ хамт идүүлдэг байсан, отор нүүдэл хийдэггүй байсан гэдгийг хэлж байна. Бусад малчдын хувьд С.Нийг хэрхэн малаа маллаж байгааг харж мэдэж байгаа. Мэдэж байгаа зүйлсээ ч шүүхэд хэлж гэрчилсэн. Бусад малчдын хувьд ч олон тооны мал ижил насны мал маллаж байгаа ч ийм их хэмжээний мал хорогдуулсан зүйл байхгүй. Мөн малын эмчийн хувьд тэжээл өгөөд хүйтэн усаар услаад хашаанд хашсан байгаагаас болж мал үрэгдсэн гэдгийг хэлдэг. Тэжээл өгсний дараа хариулга хийх ёстой байсан. Иймд нэхэмжлэгч компанид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагч С.Н, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оноос хойш Адуунчулуун ХК-д малчнаар ажиллаж байна. Тэр цагаас хойш малчнаар ажиллаж байгаад 2020 оны 06 дугаар сард намайг ажлаас чөлөөлсөн. Ажиллаж байх хугацаандаа би хоёргүй сэтгэлээр эхнэртэйгээ хамт нэг хүний цалингаар ажилладаг байсан. 2019 оны 7, 8 дугаар сард 5 өөр айлаас хурга, ишиг манайд өгсөн. 2019.07.19-ний өдөр малчин Пүрэвжавынхаас 219 хурга, 44 ишиг, 2019.08.12-ны өдөр малчин Болдбаатарынхаас 316 хурга, 1 ишиг тус тус авсан. Уг хурга ишгээс 10 өттэй, 1 доголон хурга ишиг байсан. Мөн ихэнх нь ногоондоо цадаагүй, хэнз, давжаа хурга ишиг байсан. Анх хараад он гарж чадахааргүй мал байна гэж бодож байсан. Ийм мал маллаж байгаад гарцаагүй малын хоргодол гаргасан. Малын хорогдол гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. 171 хурга, 26 ишиг үхсэн гэх тоог би өөрөө гаргаж өгсөн. Гэвч манай нутаглаж байсан газарт их хүйтэн байсан. Шөнийн цагаар их хүйтэн болж байсан. Хурга, ишигний хувьд голдуу хэвтэртээ үхсэн байгаа. Хорогдсон малын хувьд дан ишиг, хурга байсан. Адуунчулуун ХК-ийн зүгээс эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Би хурга, ишгийг хүлээж авах үед малын эмч, малын дарга нар бүгд хамт байсан. 1 айлаас нь би өөрөө очиж малаа авсан. 4 айлаас надад малыг авч ирж өгсөн. Тэр үед ч би малын даргад нь он гаргахааргүй малнууд байна гэж хэлж л байсан. Би Адуунчулуун ХК-ийн захирал Баясгаланд ч гэсэн ийм нөхцөл үүсэх боломжтой гэдгийг хэлж ирсэн. Адуунчулуун ХК 2016 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж хэлж байна. Гэтэл би энэ компанид ажилд орохын тулд бүтэн 6 сар цалингүй ажилласан. Миний буруугаас болж мал үхээгүй учраас би хариуцахгүй.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2016 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Гэхдээ энэ гэрээ нь малчинтай хамаарал бүхий гэрээ биш байгаа нь харагдаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тохирсон гэрээ байгаа нь харагдаж байна. Энэ гэрээний хувьд малчнаар ажилладаг гэдгийг л нотлох үүрэгтэй юм шиг харагдаж байна. С.Нийн хувьд 171 хурга, 26 ишигний хорогдол үүссэн. Энэ хорогдол гол нь юунаас болж үүссэн гэдэг асуудал сөхөгдөх шаардлагатай болж байна. Энэ хорогдлыг С.Н яг хариуцах ёстой юу гэдэг асуудал мөн яригдах ёстой болж байна. Гэтэл эд хөрөнгийн хариуцлагын гэрээг С.Нтой байгуулсан зүйл байхгүй. С.Нид хүлээлгэж өгсөн мал нь 5 өөр айлаас ирсэн 5 өөр төрлийн маллагаатай, тураалтай мал ирсэн байдаг. Мөн хорогдсон малын хувьд дандаа хурга, ишиг байгаа. Том мал хорогдсон зүйл байхгүй. Энэ байдал нь С.Нийг муу малчин гэж хэлж байгааг үгүйсгэж байна. Бид ямартай ч эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй байхад байгууллагын эд хөрөнгийг дутагдуулсан гэж үзэх үндэслэл байхгүй гэдгийг тайлбарлаж байна. Мөн хоёрдугаарт хурга, ишиг үрэгдчихээд байхад Вендо ХХК-ийн зүгээс төлөг, борлонгийн үнэлгээ гаргаж өгсөн байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 138/ШШ2020/01192 дугаар шийдвэрээр:   

- Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.2-т тус тус зааснаар хариуцагч С.Ноос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 7 910 000 /долоон сая есөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 390 000 /гурван сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 750 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ноос улсын тэмдэгтийн хураамжид 141 510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Адуунчулуун ХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Н, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “С.Нийн хувьд “Адуунчлуун” ХК-тай хөдөлмөрийн гэрээний харилцаанд орж ажилласан, малчин ажил эрхэлдэг хүн. Түүний маллаж байсан малаас 171 толгой хурга, 26 толгой ишиг хорогдсонд маргахгүй. Харин энэ малын хорогдол гэх шалтгаан зүй бус гэж үзсэн талаар шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцэхгүй байна гэж маргаж байна.

С.Н нь “А” ХК-ийн 800 гаруй малыг маллаж байсан. Түүнээс хорогдсон гэх төл мал нь онд орох тарга хүчгүйн улмаас ядарч доройтон хорогдсон. Үүний шалтгаан нь 5 өөр хүний 5 өөр газраас авчирсан ядарсан нялх төл мал нь эхийн сүүндээ цадаагүй, эхээсээ салж ирснээр сайн торниж тэнхэрч чадаагүй. Малчин хүний хувьд бүх малдаа адилхан хандаж үхүүлэхгүйн төлөө чадлаараа ажилласан. Нийн маллаж байсан малаас том мал буюу 2-оос дээш настай нэг ч мал хорогдоогүй. Хэрвээ малаа муу малласан бол бүдүүн юм уу борлон, шүдлэн гэхчилэн 2 наснаас дээш настай мал ч болтугай хорогдоно биз дээ. Мал хорогдох үед нь “А” уурхайн малын дарга Амаржаргал болон “Зайрт” БГБХН-н гэрээт эмч Доржид хэлдэг. Дорж эмч ирж үзээд ядарсан мал үхэлгүй яахав гэж байсан. Тухай бүрт нь акт хийж өгөхгүй хойшлуулсаар байгаад бөөн тоонд акт үйлдсэн байдаг. Мал хорогдож байгаа талаар мэдэгдэхэд малын дарга болон уурхайн зүгээс ямарч арга хэмжээ аваагүй, ирж ч үзээгүй. Ер нь компанийн зүгээс малын зүй бус хорогдол гэж юуг ойлгох, хорогдол гарахад яаж тооцох, малын хэдэн хувьд тооцох талаар малчинтай огт ярьж байгаагүй. Малын эмчийн актаар хорогдлын гол шалтгаан нь онд орох тарга хүчгүйн улмаас ядарч доройтож үхсэн гэдэг. Гэтэл энэ нь яагаад заавал малчны буруу гэж үзсэнг бид ойлгохгүй байна. Үнэхээр малчин муу маллаж байсан гэх бол өөр бусад насны мал ч хорогдох боломжтой. Гэтэл хурга ишигнээс өөр мал хорогдоогүй нь Нийг муу малласан гэх үндэслэл биш гэж маргаж байна. Эд хөрөнгөө зарцуулсан гэж байж уурхайн зүгээс малын хорогдлыг тухай бүрт нь шалгаж тогтоохгүй яасан юм. Хэрэв тэр үед нь ирээд шалгаад малчин муу ажиллаж байна гэж дүгнэсэн бол өөр хэрэг.

Нөгөө талаар хорогдож үхсэн мал нь хурга, ишиг гэдэг. Нэхэмжлэхдээ ч хурга ишиг гэж нэхэмжилсэн. Гэтэл Вендо хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээ нь борлон, төлөг гэх малын насаар үнэлсэн байдаг. Үүнийг шүүхээс тайлбарлахдаа 1 жил болж нас нэмсэн гэдэг. Тэгвэл эдгээр үхсэн малыг хурга, ишиг гэж л тооцож нэхэж байхад нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрч шийдэж байна. Тэгээд ч үнэлгээ хийсэн Вендо ХХК-ийн үнэлгээний тайланд хөрөнгийн бодит байдалтай очиж танилцсан гэдэг. Энэ нь хэзээ хаана яаж очиж танилцаад үхсэн малыг тоолж насыг нь мэдэв гэдэг анхаарал татаж байна. Ингэж худлаа үнэлгээний тайлан гаргахад итгэл үнэмшилтэй нас нэмсэн гэж хийсвэр дүгнэлтийг шүүх гарган шийдэж байгааг зөвшөөрөхгүй. Хурга, ишиг гэдэг ангиллын малын үнэ гэж байх ёстой.

“А” ХК Нтой эд хөрөнгийн хариуцлагын гэрээ болон мал маллуулах гэрээ байгуулж хариуцлага, урамшуулал, ажлын онцлог нөхцлийг гэрээнд зааж, зохицуулах ёстой байсан баймаар юм. Харин хийсэн гэрээ нь хөдөлмөрийн гэрээ гэж уул уурхайн ажилтантай байгуулсан гэрээ байдаг. Энэ гэрээгээр малчинд ямар хариуцлага хүлээлгэх ёстойг зохицуулсан зохицуулалт нь түүний эрхэлж байгаа ажилтай тохирохгүй байна. Зүй нь хөдөлмөрийн гэрээгээр ажилтан гэж үзэж байгаа болохоос уурхайн 800 гаруй малыг маллаж буй малчинд эд хөрөнгөөр хүлээлгэн өгсөн данс тооцоо хариуцлагын бүрэн болон хязгаарлагдмал гэрээг огт байгуулаагүй. Тэгвэл яагаад 70 хувийг нь хариуцах ёстой вэ. Н нь уурхайн малыг муу маллая, үхүүлье гэж маллаагүй. Олон жил мал малласан муу малчин биш. Харин дуугүй ажлаа хийгээд явдаг хүнийг өөрийнхөө удирдлаган дор байгаа Нтой удаан хамтран ажиллаж байгаагүй, сайн мэдэхгүй малчин гэх одоо ажиллаж байгаа хүмүүсээ авчраад муу маллаж байсан болохыг гэрчлүүлж байгаа нь хэт нэг талыг барьж шийдэхэд нөлөөлж байна. Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг өөр ямар давхар нотлох баримтаар нотлогдож байна.

Малчинд хариуцлага гэж хэлээс илүүтэй ажил олгогч хариуцлагатай байж мал нэг бүрээ чанар байдлыг нь тодорхой бичиж сайн мал өгсөн гэдгээ баримтаар нотлох ёстой түүнээс хэдэн гэрч авчраад муу маллаж байсан үхсэн хорогдсон малаа төлүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй юм.

2017 оноос малын чанар муудаад байна гэж “Адуунчлуун” уурхайн дарга Шатар, Баясгалан нарт хэлсэн боловч малын даргадаа хэл арга хэмжээ авна гэдэг боловч нэг ч удаа арга хэмжээ аваагүй. 2020 оны 01 сард өвсгүй болсон, өвс тэжээлгүй тасарч байгаад тэжээл авчирч өгөхөд муудсан, жил болсон шар өвс авчирч өгсөн. Хурга, ишиг ядраад хорогдож байгаа талаар малын дарга Амаржаргалд хэлсэн боловч миний мал биш уурхайн мал Дорж эмчид хэл гэж хэлсэн. Дорж эмчийг дуудаад хэлэхэд даруй ирэх нь ховор мал хорогдсон акт авъя гэхэд дараа өгье гээд сүүлд бөөнд нь бичиж өгсөн. Н шударга учраас нэг байгууллагадаа мэдэгдсэн. Ирж үзэж шалгаад шалтгаан нөхцлийг нь байгууллага тогтоогоогүй. Малын эмчийн акт бол мал хорогдсон тухай тэмдэглэсэн болохоос Нацагдожийг муу малласан гэж тогтоосон акт биш.

Нтой эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Энэ талаар зайлшгүй хүний эрхийг хангаж гэрээ хэлцэл байгуулж ойлгуулах ёстой байтал энэ талаар байгууллага өөрсдөө хариуцлагагүй хандсан юм. Хөдөлмөрийн тухай хуулиар Нид эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тухай гэрээ байгуулах юм уу эсвэл малчин гэх албан тушаал нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх болохыг байгууллага өөрсдөө нотлоогүй.

Иймд анхан шатны шүүхээс хэргийн байдалд нийцээгүй дүгнэлт гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “А” ХК нь хариуцагч С.Нид холбогдуулан малын зүй бусын хорогдол гаргасны төлбөрт 11 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2 дахь талууд/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч С.Н нь нэхэмжлэгч “А” ХК-тай  хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2016 оноос 2020 оны 06 сарын 02-ны өдөр хүртэл тус компанид малчнаар ажиллаж байсан, ажиллаж байх хугацаанд буюу 2019 оны 01 сараас 05 сарын хооронд 171 хурга, 23 ишиг, нийт 197 тооны бог малын хорогдол гаргасан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай /тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасантай/ холбоотой хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримталж шийдвэрлэсэн нь буруу байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Ажилтан дор дурдсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ.”, 135.3-т “Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна.”, 135.4-т “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй.” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч “А” ХК, хариуцагч С.Нтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “Ажилтан өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 133, 135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ.” гэх заалт нь дангаараа хариуцагч С.Нид эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч С.Нид эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхийн тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т заасан “эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тухай” гэрээ байгуулах байсан гэж үзнэ.

Иймд энэ талаар гомдол гаргасан хариуцагч С.Н, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “А” ХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч С.Н, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 138/ШШ2020/01192 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар нэхэмжлэгч “А” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3, 60 дугаар зүйлийн 1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “А” ХК-иас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н, түүний өмгөөлөгч Д.Урансувд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.НАРАНБАЯР

         ШҮҮГЧИД                                                Ж.ДОЛГОРМАА

                                                                          З.ЭНХЦЭЦЭГ