Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2021/00015

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2021/00015

 

 

 

Я.Дын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2021/00661 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Я.Дын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Я.Д нь 1980 онд 8 дугаар анги төгсөж, улмаар 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдлийн 3 дүгаар бригадад хоньчноор ажиллаж эхлэн 1986 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан. 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн төвд Техник мэргэжлийн сургуульд элсэн суралцахаар болж ажлаа өгсөн боловч эх Идэн-Ишийн биеийн байдлаас шалтгаалан буцаж нэгдэлдээ 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаар ажиллах болсон.

Ардын Зориг нэгдэл нь тус аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 02 сарын 29-ний өдийн 14 дүгээр тогтоолоор тарж Ардын Зориг ХК болж өөрчлөгдөн зохион байгуулагдсан ба миний бие уг компанид мөн өдрөөс буюу 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажилласан. Дээр дурьдсан хугацаанд ажиллаж байсныг гэрчлэх цалин хөлсний баримт, бусад ажилласан байдалтай холбоотой баримтууд Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын нэгдсэн контор шатахад устсан зэрэг шалтгааны улмаас миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүйд хүрээд байгаа юм.

Иймд Я.Д намайг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд, мөн 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

...Хэрэгт авагдсан миний хаатр маягтуудад ажил эрхлэлтийн байдал зөрүүтэй байгаа тул миний бие 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадад хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна. 1986 оны 8 сараас 1991 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан хугацаагаа дахин нэмж нотлох баримтуудаа бүрдүүлсний дараа шийдвэрлүүлье гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2021/00661 дугаартай шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Яын Д /.............../-ын Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01ий өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70, 200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Я.Д давж заалдах гомдолдоо: Миний бие 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадад хоньчноор 1986 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Хөвсгөл аймгийн төвд ТМС-д суралцахаар болсон учир нэгдлээсээ гарсан. Гэвч эх Идэн-Ишийн бие муудаж хүнд өвчин туссан учир эргэн нэгдэлдээ 1986 оны 8 дугаар сарын 01-нээс 1992 оны нэгдэл тартал эхийн хамт хоёулаа Ардын зориг нэгдэлдээ хоньчноор ажиллаж байгаад малаа хувьчлалаар авч гарсан. Одоо нийгмийн даатгалаас 1992 оныг дуустал ажилласан жилээ тогтоолгож ир гэсэн учир шүүхэд хандсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанаас нотлох баримтыг зүй ёсоор үнэлээгүй. Энэ нь хөдөлмөрийн дэвтэрт тусгасан баримтаар нотлогдоно. Мөн гэрчүүдийн мэдүүлэг байсаар байтал 1992 оныг дуустал тогтоож өгөөгүй учир гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 661 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Я.Д нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад шаардлагаа тодруулж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.

Эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн ач холбогдол бүхий байдлыг  шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэдэг. Нэхэмжлэгч ямар үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгоо зааж, уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсарган шүүхэд хүсэлтээ гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрээр нотлогдоно, гэрчүүдийн мэдүүлэг байсаар байтал 1992 оныг дуустал тогтоож өгөөгүй гэх гомдол гаргасан байх боловч шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан баримтын хүрээнд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээ илэрхийлсэн, шүүх хүсэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн дээрх хугацаанд уг нэгдэлд ажиллаж цалин, хөлс авч байсан нь хөдөлмөрийн дэвтэрт тусгагдаагүй, харин АДХГЗ-ны аж ахуйн тасагт сантехникийн слесариар 1986 онд ажилд орсон нь БНМАУ-ын хүн амын регистрийн картад тусгагдсан байх тул дан ганц гэрчийн мэдүүлгийг үндэслэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд ажиллаж байснаа баримтаар нотлоогүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, нэхэмжлэгчийн хүсэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Я.Дын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2021/00661 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ