| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2025/0025/З |
| Дугаар | 112/ШШ2025/0027 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 112/ШШ2025/0027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ц.М, Говь-Алтай аймгийн Прокурорын газар
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Дэлгэрмаад холбогдох татварын улсын байцаагч Б.Дэлгэрмаагийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0043881 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Аюурзана, прокурор Х.Гүнжидмаа, хариуцагч Б.Дэлгэрмаа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Татварын улсын байцаагч Б.Дэлгэрмаагийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0043881 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:
2.1. Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Дэлгэрмаагийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0043881 дугаартай шийтгэлийн хуудсаар Есөнбулаг сумын иргэн Ц.М-т Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10 мянган нэгж буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2.2. Нэхэмжлэгч Ц.М нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2.3. Мөн Говь-Алтай аймгийн Прокурорын газар 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр улсын байцаагч Б.Дэлгэрмаагийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0043881 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргажээ.
2.4. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 129 дүгээр захирамжаар дээрх захиргааны хэргүүдийг нэгтгэсэн байна.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ц.М миний бие 2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Ардын намаас Түмэн багт нэр дэвшсэн.
Гэтэл Татварын байгууллагаас сонгуульд нэр дэвшигчийн хандивын данс, банкны нэрийг Төрийн аудитын байгууллагад бүртгүүлээгүй байна гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар хариуцлага оногдуулж шийтгэлийн хуудас үйлдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Миний хувьд хуулийн хугацаанд нь данс нээлгэж бүртгүүлэх ёстой юм байна гэдгийг мэдээд 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банкинд нэр дэвшигчийн хандив авах ..............................тоот харилцах дансыг нээлгэж, тухайн өдрөө Төрийн аудитын байгууллагад бүртгүүлэхээр очсон. Түмэн багт хамт нэр дэвшсэн Нямцэрэнгийн Ганбаатар бид 2 хамт очиход материал хүлээж авах хүн нь хуралтай байна гээд материалаа өгч чадаагүй. Үүдний жижүүрт нь өгье гэхэд бид нар ийм бичиг баримт авч үлдэж болохгүй заавал өөрийн биеэр өгнө гэсэн.
Дараа нь Н.Г бид 2 хамт очиж материалаа өгсөн боловч миний бүртгэл хийгдээгүй, хамт материал өгсөн Н.Гын бүртгэл хийгдсэн байсан.
Тухайн дансаар 100.000 төгрөгний хандив авсан. Ц Т Б аудит ХХК-ний Говь-Алтай аймаг дахь салбараар аудитын дүгнэлтийг гаргуулж үнэн зөв, иж бүрэн тайлагнасан байна гэх хариуг авж, Төрийн аудитын байгууллагад өгч байсан.
Сонгуульд нэр дэвшигчийн дансаа холбогдох хууль журмын дагуу нээлгэж, дансаа бүртгүүлэхээр 2 удаа очсон, хамт өгсөн хүний материалыг бүртгэсэн боловч миний материал орхигдсон, тус дансандаа хараат бус аудитын дүгнэлт хүртэл гаргуулчихаад Төрийн аудитын байгууллагад бүртгүүлэхгүй байх шалтгаан надад байхгүй. Ийм төрлийн зөрчилд холбогдсон гэдгийгээ аймгийн Татварын газраас дуудах үед мэдсэн.
Миний хувьд холбогдох баримтуудыг Төрийн аудитын байгууллагад өгөх ёстойг мэдэж байсан, баримтуудаа аваачиж өгсөн болохоор бүртгэлийг болчихсон гэсэн ойлголттой байсан.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлж орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн, Төрийн банкинд нэр дэвшигчийн хандив авах дансаа нээлгэж гэрээ байгуулан, тус дансандаа хараат бус аудит хийлгэсэн байхад Төрийн аудитын байгууллагад дансаа бүртгүүлээгүй гэх шалтгаанаар шийтгэл оногдуулж байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Аймгийн Татварын байгууллага нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.
Миний үйлдэлд зөрчлийн шинжгүй байхад шийтгэл оногдуулсан байх тул Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Дэлгэрмаагийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №0043881 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож өгнө үү.
3.2. Прокурор Б.Түвшинтөр шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Түвшинтөр би, тус аймгийн Татварын газрын эрх бүхий албан тушаалтан Б.Дэлгэрмаагаас ...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар тус аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын намаас нэр дэвшсэн Ц.М нь төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу сонгуулийн зардлын данс, банкны нэр бүртгүүлээгүй ... гэх ........... дугаартай гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Ц.Мт 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 0043881 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд: 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай албан бичиг, уг албан бичгийн хавсралт аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэл мэдээлэх Нийцлийн аудитын тайлан, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Д.М-аас холбогдогчоор авсан мэдүүлэг, Төр, Хас, Хаан банкнуудын албан бичгүүд, гэрч Н.Гаас 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр авсан мэдүүлэг, гэрч Ц.С-аас 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр авсан мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтан Б.Дэлгэрмаагийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0043881 дугаартай шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларчээ.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд Ц.М нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар тус аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол ардын намаас нэр дэвшсэн бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийн зардлын дансыг төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад Хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн бол хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, шийдвэрлэхээр хуульчилжээ.
Гэтэл Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газар нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 05 дугаартай албан бичгээр Нийцлийн аудитын тайлан-г хүргүүлсэн байхад Татварын газар нь гомдол мэдээллийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлд оруулан шалгаж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байх тул уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Эрх бүхий албан тушаалтны хууль зөрчиж, хуулийг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Татварын газрын эрх бүхий албан тушаалтан Б.Дэлгэрмаагийн Зөрчил шийтгэл оногдуулах тухай 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0043881 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
3.3. Прокурор Х.Гүнжидмаа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Татварын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулах талаар хуульд заасан байна. Эрх бүхий албан тушаалтан нь хуулийг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан. Шийтгэлийн хуудсыг зохих албан тушаалтан болон прокуророос хүчингүй болгох боломжгүй учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааны дагуу прокурор Захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт бичсэн.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд Ц.М нь Говь-Алтай аймгийн Түмэн багаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын намаас нэр дэвшсэн байна. Сонгуулийн хуульд заасан сонгуулын зардлын дансыг Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдүүлэх, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй гэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад хүн хуулийн этгээд албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан болон мэдээлсэн бол хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалган шийдвэрлэх тухай хуульчилсан. Төрийн аудитын газар нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр Нийслэлийн аудитын тайланг татварын газарт хүргүүлсэн. Татварын газар нь гомдол мэдээллийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шалгасан. Энэ нь Зөрчил шалган шийвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн учраас прокурорын зүгээс уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж дүгнэлт бичсэн. 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн аудитын газраас ирүүлсэн тайланг үндэслэн тухайн зөрчлийн шалгалтыг 05 дугаар сард эхлүүлсэн байна. Энэ нь анх гомдол, мэдээлэл ирсэн хугацаа аль хэдийн өнгөрсөн, хуульд заасан 5 өдрийн хугацаа дууссан байхад дахин шинээр гомдол, мэдээлэл болгон бүртгэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хуулийн үндэслэлгүй, ноцтой зөрчил юм.
Иймд эрх бүхий албан тушаалтан нь 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 0043/881 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар иргэн Ц.Мт арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арав сая) төгрөгийн торгууль оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигч нь хандивын дансаа нээж, санал авах өдрөөс 20 хоногийн өмнө Төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Энэхүү зохицуулалтын дагуу тухайн орон нутагт, жишээлбэл Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааны дараа Төрийн аудитын байгууллага хандивын дансны бүртгэл, ашиглалттай холбоотой хяналт, шалгалтын нийт дүн шинжилгээг хийж, дүгнэлт бүхий тайланг гаргаж, зөрчил бүхий тохиолдлуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлдэг. Тухайлбал, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 05 дугаартай албан бичгийн хавсралтаар Төрийн аудитын байгууллагаас Татварын байгууллагад Нийслэлийн аудитын тайланг ирүүлсэн байна. Уг тайланд хэд хэдэн нэр дэвшигч хандивын дансаа хугацаанд нь бүртгүүлээгүй, сонгуулийн дараах тайлангаа ирүүлээгүй, хуульд заасан бүрдэл, шаардлагыг хангаагүй гэх зэрэг зөрчлүүдийг дэлгэрэнгүй тусгасан. Гэвч дээрх гомдол, мэдээлэл 2025 оны 01 дүгээр сарын 10-нд ирсэн атал, тухайн гомдол, мэдээллийг хүлээн авч бүртгэх, шалгах ажиллагаа 2025 оны 05 дугаар сарын 07-нд эхэлсэн нь хуульд заасан хугацаа (ажлын 5 өдөр)-ыг хэтрүүлсэн байна. Иймд Төрийн аудитын байгууллагаас ирүүлсэн тайлан, гомдол, мэдээллийг тухайн үед хэн, яагаад бүртгэж, хуваарилаагүй, ямар шалтгаанаар таван сарын дараа буюу 05 дугаар сард зөрчил шалгах ажиллагаа эхэлсэн нь тодорхой бус байна. Энэ нь байгууллага хоорондын мэдээлэл дамжуулалт, бүртгэлийн шатанд хууль зүйн процесс алдагдсан байх нь тухайн байгууллагын асуудал. Мөн бүртгэлтэй холбоотой хоёр хүн буюу Г, Б нар нэгэн зэрэг, ойролцоогоор нэгээс гурван минутын зайтай бүртгэгдсэн тул цуг бүртгэгдсэн гэж автоматаар үзээд, Ц.М очоогүй, бүртгүүлээгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд нүүрэлдүүлэн байцаах журмын зөрчил гарсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу гурваас дээш этгээдийг нүүрэлдүүлэн байцаахдаа бүгдийг хамтад нь байлгах ёстой боловч энэ хэрэгт гурван хүнийг зэрэг байлгахын оронд зөвхөн хоёр хүнийг л нүүрэлдүүлсэн нь журмын шаардлагыг хангаагүй байна. Төрийн аудитын байгууллагын ажилтнууд өөрсдийн хүлээн аваагүй, бүртгээгүй бичиг баримтыг ашиглалгүйгээр дансаар бүртгүүлээгүй гэх мэдүүлэг өгсөн бөгөөд энэ мэдүүлгийг үндэслэн шийтгэл оногдуулаад байгаа нь үндэслэлгүй байна. Эрх бүхий албан тушаалтан тухайн үеийн нөхцөл байдал болон хавтаст хэрэгт байгаа нотлох баримтын бодит үндэслэлийг хангалттай шалгаж тогтоогоогүй, бүртгэлийн үндэслэлийг зөвхөн гэрчийн мэдүүлэгт тулгуурлан шийдвэрлэсэн нь хууль зүйн шаардлагад нийцэхгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал, зөрчил, алдааг харгалзан үзвэл Ц.Мт оногдуулсан шийтгэл нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.
3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Аюурзана шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн заалтуудтай нийцсэн байх ёстой. Гэвч эрх бүхий албан тушаалтнуудын явуулсан ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж өмгөөлөгч үзэж байна. Тухайлбал, уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг гомдол, мэдээлэл ирснээс хойш 4 сарын дараа эхлүүлсэн нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, ноцтой зөрчил болсон тул уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж байна. Зөрчлийн тухай хуульд зааснаар бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх ёстой байтал энэ хугацааг ноцтой зөрчсөн нь эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг үндэслэлгүй болгож байна. Мөн хавтаст хэргийн 72–73 дугаар хуудас дахь гэрч Г-ын мэдүүлгээр иргэн Ц.М нь хандивын дансаа нээлгэж, хараат бус аудитын дүгнэлт гаргуулан, шаардлагатай материалыг Төрийн аудитын байгууллагад биечлэн хүргүүлсэн нь тогтоогдож байгаа. Г нь мэдүүлэгтээ бид хамтдаа очсон, би эхэлж материалаа өгсөн, дараа нь Ц.М гарч ирээд материалаа өгсөн гэж мэдүүлсэн байна. Түүнчлэн Ц.М нь хандивын дансаа бүртгүүлэх ёстой гэдгийг мэдэж байсан бөгөөд энэхүү үүргээ биелүүлэх хүрээндээ шаардлагатай материалыг аудитын байгууллагад хүргүүлсэн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Аудитын байгууллагаас ирүүлсэн 05 дугаар албан тоот гомдлыг үндэслэн ажиллагаа явуулсан гэж тэмдэглэсэн байна. Энэ баримтаас үзэхэд, 1 дүгээр сарын 10-ны өдөр гомдлыг хүлээн авсан байж 5 дугаар сарын 07-ны өдөр зөрчлийн хэрэг нээж шалгасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн 01 дүгээр сарын 05-нд ирсэн гомдол, мэдээллийн заримыг 04 дүгээр сараас, заримыг 05 дугаар сараас шалгаж эхэлсэн бөгөөд ирсэн гомдол, мэдээллийг хуульд заасан хугацаанд баримтлан шалгахгүйгээр дур мэдэн хуваарилсан нь тогтоогдож байна. Тодруулбал, эрх бүхий албан тушаалтнууд буюу татварын байгууллагын удирдлага, хэлтсийн дарга нар гомдлыг өөр хооронд нь сар, өдрөөр хуваарилж шилжүүлсэн байна. Хэрэг үүсгэхдээ ч, хэрэг үүсгэсэн тогтоол болон гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд аудитын газраас ирүүлсэн 05 дугаар албан бичгээр ирсэн гомдлыг үндэслэн гэж дурдсан байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 66.1 зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн нөхцөл байдлыг нотлох баримтуудаар тогтоож байна. Нөгөө талаас, прокурорын байгууллагаас ч мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тодорхой хэмжээнд хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Иймд прокурорын дүгнэлт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэн, Ц.Мт оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 17.1 зүйлийн 21 дэх хэсэгт заасан 10,000,000 төгрөгийн торгуулийн 06 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
3.5. Хариуцагч Б.Дэлгэрмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Иргэн Ц овогтой М нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багт 2024 оны иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас нэр дэвшин, сонгуулийн зардлын данс, банкны нэр бүртгүүлээгүй гэх Говь-Алтай аймгийн татварын газрын 2025-15 дугаартай гомдол мэдээллийг 2025 оны 05 дугаар сарын 07 -ний өдрийн 15 цаг 38 минутад хүлээн авч ажиллагаа явуулан 2025.05.13 ны өдөр ........... дутаартай зөрчлийн хэрэг нээн холбогдох баримт материалыг цуглуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажилгааг явуулахад иргэн Ц.М нь сонгуулийн зардлын дансыг Төрийн банкинд нээлгэн зардлын дансны тайлангаа “Ц Т Б” ХХК-ний Говь-Алтай аймаг дахь салбараар дүгнэлт хийлгэн орон нутгийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлсэн боловч Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйл: Сонгуулийн зардлын данс 50.3 дах хэсэг “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу сонгуулийн зардлын данс, банкны нэр Говь-Алтай аймаг дахь төрийн аудитын газарт бүртгүүлээгүй болох нь Аудитын байгууллагын албан бичиг, нийцлийн аудитын тайлан, аудитын байгууллагын данс бүртгэлтийн жагсаалт зэрэг нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад илэрсэн байна. Иймд иргэн Ц.Мыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 0043881 дугаартай шийтгэлийг хуудсаар 10000 нэгжээр торгох шийтгэлийг оногдуулсан нь холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн болно. Говь-Алтай аймгийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч эрх бүхий албан тушаалтан Б.Дэлгэрмаа миний ажлын жагсаалтаар 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хувиарлагдан ирсэн 2025 оны 15 дугаартай гомдол мэдээлэл тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн. 2 дахь заалтын дагуу зарчлийн хэрэг бүрттэлийн ажиллагааг явуулсан болно. Манай байгууллага файлаар гомдол мэдээллийг прокурорын байгууллага руу хүргүүлдэг юм байна. Надад 05 дугаар сарын 07-ны өдөр хувиарлагдаж ирсэн. Иргэн Ц.Мт холбогдох зөрчлийн хэрэгтэй холбоотойгоор 2025 оны "15" дугаартай гомдол, мэдээлэл миний ажлын жагсаалтаар 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор хуваарилагдаж ирсэн. Дээрх гомдол, мэдээллийг хүлээн авсан өдрөөс хойш Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг баримтлан, би зөрчлийн хэрэг нээж, холбогдох баримтуудыг бүрдүүлэн, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэлийн хуудсыг гаргаж, торгуулийн шийтгэл оногдуулсан. Нотлох баримтад дурдагдаж буйгаар, 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн аудитын байгууллагаас Нийслэлийн аудитын тайлан, түүнийг дагалдсан гомдол, мэдээлэл прокурорт ирүүлсэн талаар дурдагдаж байгаа ч, тухайн үед уг гомдол, мэдээлэл нь миний ажлын жагсаалтаар надад хуваарилагдаж ирээгүй бөгөөд Төрийн аудитын байгууллагын ирүүлсэн тайлан, бичигтэй би тухайн үед танилцаж, мэдээгүй учраас дээрх гомдол, мэдээлэл нь албан ёсоор 5 дугаар сарын 7-ны өдөр надад хуваарилагдан ирсэн. Гэхдээ яагаад 01 дүгээр сарын 10-нд хувиарлагдаж ирээгүй талаар би сайн мэдэхгүй байна. Миний хувьд зөвхөн 2025 оны 05 дугаар сарын 07-нд хуваарилагдан ирсэн "15" дугаартай гомдол, мэдээллийн хүрээнд Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн зөрчлийн хэргээ нээгээд шийтгэлийн хуудсаа бичсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
4. Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0043881 дугаар шийтгэлийн хуудсаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ц.Мт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшихдээ сонгуулийн зардлын дансаа Төрийн аудитын байгууллагад бүртгүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10 мянган нэгж буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
5. Гомдол гаргагч иргэн Ц.М, түүний өмгөөлөгч О.Аюурзана нараас: “...2025 оны 01 дүгээр сарын 05-нд ирсэн гомдол, мэдээллийн зарим гомдлыг 04 дүгээр сараас, зарим гомдлыг 05 дугаар сараас шалгаж эхэлсэн бөгөөд ирсэн гомдол, мэдээллийг хуульд заасан хугацаанд баримтлан шалгахгүйгээр дур мэдэн хуваарилсан, уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг гомдол, мэдээлэл ирснээс хойш 4 сарын дараа эхлүүлсэн нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, ноцтой зөрчил болсон мөн хамт дансаа бүртгүүлэхээр очиж материалаа өгсөн нэр дэвшигч Н.Гын данс бүртгэл хийгдсэн атлаа миний данс бүртгэл хийгдээгүй тул уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй” гэж,
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас “...Төрийн аудитын газар нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр Нийслэлийн аудитын тайланг татварын газарт хүргүүлсэн. Татварын газар нь гомдол мэдээллийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шалгасан. Энэ нь Зөрчил шалган шийвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн учраас прокурорын зүгээс уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл тогтоогдож байна” гэж
Хариуцагч татварын улсын байцаагч Б.Дэлгэрмаагаас “...Төрийн аудитын байгууллагын ирүүлсэн тайлан, бичигтэй би тухайн үед танилцаж, мэдээгүй. Миний ажлын жагсаалтаар 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хувиарлагдан ирсэн 2025 оны 15 дугаартай гомдол мэдээлэл тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, шийтгэл оногдуулсан болно.” гэж тус тус маргадаг.
6. Иргэн Ц.М нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багт Монгол Ардын намаас нэр дэвшсэн байх бөгөөд Төрийн банкинд сонгуулийн зардлын данс нээсэн байна.
7. Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн нэрийн данс бүртгүүлсэн эсэх талаар нийцлийн аудит хийсэн байдаг. Энэхүү нийцлийн аудитын тайлангаа Говь-Алтай аймгийн Татварын хэлтэст 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.
8.Хариуцагч Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Дэлгэрмаа 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 38 минутанд “Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай” гэсэн тэмдэглэлд: “...Төрийн аудитын газраас ирүүлсэн 05 дугаар албан бичгээр ирүүлсэн нийцлийн аудитын тайлангаар иргэн Ц овогтой М нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2024 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшин, ...нам эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу сонгуулийн зардлын данс, банкны нэр бүртгүүлээгүй гэх 2025-15 дугаартай гомдол мэдээллийг гэж дурджээ.
9.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-т “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”, 1.2-т “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн” хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 2.4-т “зөрчлийн хэрэг нээх”, 3-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж тус тус заасан байна
10.Үүнээс дүгнэвэл эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч татварын улсын байцаагч, түүнийг удирдах албан тушаалтан холбогдох байгууллагаас ирүүлсэн зөрчлийн тухай мэдээллийг хүлээн авсан боловч зөрчлийн хэргийг 123 хоногийн дараа нээж шалгасан нь хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна.
Зөрчлийн хэрэг нээж шалгах нийт хугацаа 58 хоног байхаар хуульчлагдсан, үүн дээр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн аваад хянах 5 /ажлын/ хоногийг нэмбэл, нийт 63 орчим хоногт зөрчил шалган шийдвэрлэгдсэн байх зохицуулалттай.
Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хуульд нийцүүлэн шалган шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан хугацааг зөрчсөн нөхцөлд түүний гаргасан эрх зүйн акт буюу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үр дагавартай.
11. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар албан бичгээр зөрчлийн талаар эрх бүхий албан тушаалтанд мэдээлсэн байхад эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж хуульд заасан холбогдох шийдвэрийг гаргах байтал 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зөрчлийн хэрэг нээж, 06 дугаар сарын 10-ны өдөр шийтгэл оногдуулж байгаа нь дээрх хуулийн холбогдох заалтад нийцэхгүй байх тул Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 06 дүгээр сарын 10-ны өдрийн 0043881 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар дүгнэлт, Есөнбулаг сумын иргэн Ц.М-ын гомдлын шаардлагыг хангаж, Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0043881 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч Ц.М-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан Ц.Мт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван /5/ хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ