Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/12

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 05-ны өдөр                Дугаар 2024/ДШМ/12                                 Өвөрхангай аймаг

 

 

Т.Х, Д.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

Прокурор Ц.Нэргүй

Шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Б.Ууганжаргал

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн

Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан   

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч Д.Цэцэгээ, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч нарын гомдлыг үндэслэн Т.Х, Д.Б нарт холбогдох эрүүгийн 2326000000068 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар багийн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гэм буруутайд тооцож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

 Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 4 жил 5 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 5 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Т.Хыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.4-т тус тус зааснаар шүүгдэгч Т.Хт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг 2 жил 8 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Хт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 4 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоон шийдвэрлэсэн Т.Х

2. Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, хүүгийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дүгээр багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Борхүү овгийн Д.Б /РД: ЙИ95072113/.

Т.Х, Д.Б нар нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... байрлах хохирогч С.Б-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий 5-н ханатай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 10400000 (арван сая дөрвөн зуун мянган) төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... байрлах хохирогч С.Ч-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар авч 2140000 (хоёр сая нэг зуун дөчин мянга) төгрөг төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... байрлах хохирогч Ц.Г-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс авч нууцаар авч 450000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 3 дугаар сарын 12-ноос 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... байрлах хохирогч Г.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар авч, 350000 (гурван зуун тавин мянга) төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... байрлах хохирогч Ш.Э-ын өмчлөлийн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар авч нийт 2900000 (хоёр сая есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13-н цагаас 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... байрлах хохирогч С.Ц-ийн өмчлөлийн хүн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар авч, 4652000 (дөрвөн сая зургаан зуун тавин хоёр мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар, Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон, шүүгдэгч Т.Хыг бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Б бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч Т.Х-ыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Б 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялд өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 жил 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 8 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.Б-өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-ын цагдан хоригдсон 296 хоногийг, шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон 296 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Х-аас 8606500 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-од 5200000 төгрөгийг, хохирогч Б.Ч-т 1070000 төгрөгийг, хохирогч Ц.Г 225000 төгрөгийг, хохирогч Г.Д-д 175000 төгрөгийг, хохирогч С.Ц-д 486500 төгрөгийг, хохирогч Ш.Э-д 1450000 төгрөгийг, шүүгдэгч Д.Б-өөс 5200000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-од 5200000 төгрөгийг тус тус олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ш.Э-ын “ногоон өнгийн гөлөмтэй, улаан хавтастай, төмөр дөрөөтэй эмээл 1 ширхэг, шар өнгийн “Монгол цагдаа 100 жил” гэсэн бичиглэлтэй аяга 1 ширхэг, дотор талдаа “Шүүх 90 жил” гэсэн бичиглэлтэй цагаан металл аяга 1 ширхэг, том жижиг аяганы тагш 2 ширхэг зэргийг хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр, шүүгдэгч Д.Б нь хохирогч Ц.Г 225,000 төгрөгийг, хохирогч С.Ц-д 486,500 төгрөгийг, хохирогч Т.Д-д 175,000 төгрөгийг, хохирогч Б.Ч-т 1,070,000 төгрөгийг, хохирогч Ш.Э-д 1450000 төгрөгийг тус тус төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэгт хураагдаж ирсэн дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нар нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурдан, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-ийн 2020 оны 06 дугаар сарын 03-нд төрсөн хүү Б.Ц-д /РД:ЙФ20260395/ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц асран хамгаалагч тогтоохыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х, шүүгдэгч Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч байна. Хэргийг хянан шийдвэрлэхдээ ноцтой алдаа гаргасан, хэтэрхий хүнд ял шийтгэл оногдуулсан гэж гомдол гаргаагүй. Харин би цагдан хоригдож байсан учир өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг бүрэн барагдуулж чадалгүй анхан шатны шүүх хуралдаанд орсон. Миний үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг шүүх хуралдааны дараа нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хэмжээгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Т.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор надад 5-н жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Үүн дээр өмнөх ял нэмж нэгтгэгдэж нийт 8-н жил 6-н сар 4 хоногийн хугацаагаар хорих ял хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, түүнийгээ ухамсарлаж өгдөө цагдан хорих байранд 315 хонож байна. Миний эдлэх 8-н жил 6-н сар хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэжээ. 

Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хуралдаан болж байхад хохирлоо төлж чадаагүй, одоо хохирлоо төлсөн. Манай ээж хөгжлийн бэрхшээлтэй, хүүг маань харах хүнгүй учир миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв. 

Шүүгдэгч Т.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа учир хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд нэг хохирогчийн хохирлыг төлөөгүй байж байгаад шүүх хуралдаан болсны дараагаар хохирол төлж барагдуулсан. Д.Б нь 3-н настай хүүхэдтэй ганц бие өрх толгойлсон эцэг хүн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан хуульд зааснаар ялын 50 хувийг хөнгөрүүлж өгнө үү. Шүүхээс Д.Бийн хүүхдэд асран хамгаалагч тогтоолгохоор Засаг даргын тамгын газарт даалгасан боловч түүнийг тогтоосон зүйл байхгүй байна. Хүүхдийн эрх ашгийг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж оногдуулсан хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.Х-ын өмгөөлөгч Б.Ууганжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Т.Х-т анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 5-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Өмнө нь эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгээд нийт 8-н жил 6-н сар 4 хоногийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Т.Х тус хорих ялыг эдлэхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Тус гомдол нь хууль эрх зүйн зүгээс хориглоогүй, хязгаарлаагүй зохицуулалт юм. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүний нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг буюу 6-аас 25-н жилийн хорих ял авсан хүнийг нээлттэй хорих ангид эдлүүлж болохоор хуульчилсан. Т.Х-ын хувьд 8-н жил 6-н сар 4 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч цагдан хорих байранд 1 жил гаруй хугацаанд хоригдсон. Ялаа эдэлж гараад сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэлтэй хүн байгаа юм. Нээлттэй хорих ангийн онцлог нь 45-н хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж 7 хоногт нэг удаа илгээмж авч, утсаар ярьж, захидал харилцааг хязгаарлахгүйгээр зохицуулсан байдаг.

Иймд шүүгдэгч Т.Х-т сайн хүмүүжих боломжийг олгож нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Х-ын хувьд анхан шатны шүүхээс 5-н жил 6-н сарын хорих ялаар шийтгүүлсэн. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 8-н жил 6 сар 4 хоногийн хорих ялыг хаалтай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон. Үүнтэй холбогдуулан шүүгдэгчийн зүгээс хаалттай хорих байгууллагад эдлүүлэх хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан байна. Т.Х-ын хувьд 6-н удаагийн үйлдлээр урьдаас төлөвлөж хулгайлах гэмт хэргийг бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн хүндрүүлэх шинжтэй үйлдсэн. Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний өмнө нь ял эдэлж байх хугацаандаа санаатай гэмт хэргийг буюу 6-н удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал болон хохирол төлөөгүй зэргийг харгалзан түүнийг хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Б-ийн хувьд тухайн хэрэг шийдвэрлэгдэх үед гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн нөхөн төлөөгүй нөхцөл байдал байсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан нөхцөл байдал хангагдахгүй байсан. Шүүхээс түүний хохирлоо төлөөгүй нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзээд түүнд 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь мөн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Д.Б, Т.Х нарын гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... байрлах хохирогч С.Б өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий 5-н ханатай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж “ембүү тогоотой, мөнгөн соёо сэтгүүртэй, хос мөнгөн гинжтэй, 5-н см орчим хаш соруултай, 10-н лангийн орцтой гаанс хэрэглэл, эрэгтэй хүний толин дээрээ Чүнчигноров шигтгээтэй, бусад тоноглол дээрээ тариат манан шигтгээтэй шар суртай, 2010 оны орчим хийцтэй, 13-н лангийн мөнгөний орцтой мөнгөн бүс 1 ширхэг, дунд гарын үндсэн тагштай ёроол хэсэгтээ хээтэй, хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын үндсэн тагштай, цулгуй, хуучин цагийн 5 инчийн аяга 1 ширхэг, доороо бадамтай 10 см өндөртэй, шинэ цагийн мөнгөн цөгц 2 ширхэг, их гарын, хөөмөл, толгойн дээрээ барын хээ, нэг бөөрөндөө эвтэй дөрвөн амьтны дүрс бүхий мөнгөн хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйл болон биет байдлаар 200,000 төгрөгийг нууцаар авч, 10400000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2хх-ийн 139 хуудас/, яллагдагч Д.Б, Т.Х нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх-ийн 120-123, 3хх-ийн 53 хуудас, 4хх-ийн 166 хуудас/, /1хх-ийн 125-127 хуудас, 4хх-ийн 172 хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 130 хуудас/, мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 131-135 хуудас/, хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаартай үнэлгээний тайлан /2хх-ийн 143-145 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... байрлах хохирогч С.Ч-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж 8-н инчийн мөнгө аяга 2 ширхэг, 5.5-н инчийн мөнгөн аяга 2 ширхэг, 2 инчийн мөнгөн аяга 1 ширхэг, хар мөнгөөр хийсэн хундага 6-н ширхэг, мөнгөн домбо 1 ширхэг, шүрэн толгойтой дунд гарын Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, хөөрөгний даалин 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар авч 2140000 хоёр сая нэг зуун дөчин мянга төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2хх-ийн 243- 244 хуудас/, яллагдагч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 хх-ийн 53 хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 234 хуудас/, мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 235-239 хуудас/, хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтуудаар,

2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... байрлах хохирогч Ц.Г-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эрэгтэй хүний төмөр тоногтой бүс 1 ширхэг, 5-н ширхэг мөнгөн товч, эмээлийн мөнгөн даруулга 2 ширхэг зэргийг нууцаар хууль бусаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2хх-ийн 193 хуудас/, гэрч С.Тогтохбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2хх-ийн 195 хуудас/, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4/24 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 198-201 хуудас/, яллагдагч Т.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 228 хуудас/, яллагдагч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2хх-ийн 223 хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 185 хуудас/, мөрдөгчийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 33 дугаар гудамжны 07 тоотод байрлах Ч.Гансүхийн орон байр”-нд буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 188-189 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... байрлах хохирогч Г.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж мөнгөн цөгц 1 ширхэг, шармал, сүүжин ээмэг 1 хос, шармал, ягаан шигтгээтэй ээмэг 1 хос зэргийг нууцаар хууль бусаар авч 350000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2хх-ийн 75 хуудас/, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3/27 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 85-87 хуудас/, яллагдагч Т.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2хх-ийн 120 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... байрлах хохирогч Ш.Э-ын хүн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж орчин цагийн хийцтэй иж бүрэн эмээл 1 ширхэг, 5-н инчийн хэмжээтэй шахмал тагштай гуулин аяга 1 ширхэг, 6-н инчийн хэмжээтэй шахмал тагштай зэсэн аяга 1 ширхэг, 3-н инчийн хэмжээтэй шахмал тагштай мөнгөн аяга 1 ширхэг, 6-н инчийн хэмжээтэй шахмал тагштай мөнгөн аяга 1 ширхэг, 1.5х2 см хэмжээстэй мөнгөлсөн зөгий, биет 600000 төгрөг зэрэг эд зүйлсийг нууцаар авч нийт 2900000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх-ийн 10 хуудас/,  гэрч Б.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх-ийн 42 хуудас/, мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-2-6 хуудас/, мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 14-18 хуудас/, мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хохирогч Ш.Э-р таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 44-48 хуудас/,  мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Шинэ сар” хүнсний дэлгүүрийн дүрс бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 51-53 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/412 дугаартай:... ялтны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагаас 00:00 цаг хүртэл явсан маршрутыг шүүхэд ялтан Арвайхээр сумын 4 багт 23:36 минутаас 23:56 минутын хооронд байршил зааж байна. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 00:01 цагаас 00:58 минутын хооронд мөн Арвайхээр сумын 4 багийн нутаг дэвсгэрт байршил зааж байсан болно гэсэн “Лавлагаа хүргүүлэх тухай” албан бичиг, Т.Хын явсан маршрутын гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 54-56, 59 хуудас/, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/27 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 67-73 хуудас/, мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 185-189 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13-н цагаас 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19-н цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .... байрлах хохирогч С.Ц-ийн өмчлөлийн хүн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж шар суртай, цагаан металл хазаар 1 ширхэг, эрэгтэй хүний төмөр металл тоногтой, хүрэн өнгийн бүс 1 ширхэг, цагаан металл эмээлийн хяр 2 ширхэг, цагаан металл цэцгэн хэлбэртэй эмээлийн даруулга 4-н ширхэг, цагаан металл эмээлийн сүвэгч 4-н ширхэг, цагаан металл 6.7 см өндөртэй цөгц 3-н ширхэг, цагаан металл эмээлийн баавар 2 ширхэг, цагаан металл 4 см өндөртэй хундага 5-н ширхэг, цагаан металл 5.5 см /амны радиус/ аяга 1 ширхэг, цагаан металл 7 см /амны радиус/ аяга 1 ширхэг, цагаан металл 7.5 см /амны радиус/ аяга 1 ширхэг, цагаан металл 15.8 см /амны радиус/ аяга 1 ширхэг, цагаан металл 12 см /амны радиус/ аяга 1 ширхэг, цагаан металл 13.2 см /амны радиус/ аяга 2 ширхэг, цагаан металл 14.8 см /амны радиус/ аяга 1 ширхэг,  “Frozen” гэсэн бичигтэй ягаан өнгийн цүнх, бэлнээр 660000 төгрөг зэрэг эд зүйлийг нууцаар авч, 4652000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2хх-ийн 7-8 хуудас/, 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 1-4 хуудас/, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4/10 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 11-17 хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Х-ыг бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Б-ийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, шүүгдэгч Т.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар тус тус зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Д.Б-өөс... миний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг анхан шатны шүүх хуралдааны дараа нөхөн төлсөн тул хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан хөнгөрүүлж өгнө үү... гэх,

Шүүгдэгч Т.Х-аас ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 8-н жил 6 сар 4 хоногийн хугацаагаар хорих ял хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, түүнийгээ ухамсарлаж өгдөө цагдан хорих байранд 315 хонож байна. Миний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул шүүгдэгч Д.Б-ийг давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан шүүгдэгч Т.Х-ын гаргасан гомдлыг хангаж хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирогч С.Б”од учруулсан хохирлоос 5200000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Б нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэх шатанд төлсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн бичиг, шүүгдэгч Д.Бийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон тул магадлалд хохирол төлсөн талаар дурдав.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Б, Т.Х нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 48 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хт оногдуулсан 8 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.Бөд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хт оногдуулсан 8 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Бөд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Т.Х нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 48 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.
  2. Шүүгдэгч Д.Б нь хохирогч С.Бод 5200000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.