| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2025/0027/З |
| Дугаар | 112/ШШ2025/0028 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 112/ШШ2025/0028
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Н.Х-гийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох Есөнбулаг сумын Баяншанд багийн нийгмийн ажилтны албан тушаалд тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шилжүүлэн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н- ийн Х миний бие 2019 онд ХААИС сургуулийг ГЗБ мэргэжлээр төгссөн. 2025 оны төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Баяншанд багийн нийгмийн ажилтны албан тушаалд өрсөлдөж нэгт эрэмблэгдсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор намайг тус албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс ямар нэгэн шалтгаангүйгээр томилохгүй байна.
Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 12 дугаар зүйлийн 12.3-т Нэр дэвшсэн албан хаагч, иргэнийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Зөвлөл, Салбар зөвлөлийн тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор томилно гэж, 12.6-д Томилох эрх бүхий байгууллага, албан тушалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ гэж тус тус заасан.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс нэр дэвшүүлсэн тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор ямар нэгэн байдлаар татгалзсан талаарх албан бичгийг төрийн албаны салбар зөвлөлд ирүүлээгүй атлаа намайг уг албан тушаалд үндэслэлгүйгээр томилохоос татгалзаж байна. Иймд хууль, журамд зааснаар төрийн албаны шалгалтанд нэгт эрэмблэгдсэн Н.Х намайг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Баяншанд багийн нийгмийн ажилтны албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Х 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Н.Х 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Баяншанд багийн нийгмийн ажилтны албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргатай уулзаж түр албан тушаалд намайг томилж байгаад сарын дараа зарлагдсан ажлын байрандаа орох болсон тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Н.Хгээс тус аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Есөнбулаг сумын Баяншанд багийн нийгмийн ажилтны албан тушаалд тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч Н.Х-гийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хориглолтод хамаарахгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгч Н.Х-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Н.Хгийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох Есөнбулаг сумын Баяншанд багийн нийгмийн ажилтны албан тушаалд тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх
олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ