Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 301/ШШ2025/00273

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 301/ШШ2025/00273

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  З. Ө хүсэлттэй,

            Хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч З.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х нар оролцов.

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч З.Ө нь хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

           

            1.1 Хүсэлт гаргагч З.Ө шүүхэд гаргасан хүсэлтдээ: З.Ө миний бие 1958 онд төрсөн. Би өөрийн нөхөр болох Ш.Т 1975 онд анх танилцаж, хайр сэтгэлтэй болж улмаар 1976 онд хуримаа хийж, хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд хүү Ө.Б 1976 онд, хүү Т.Г 1982 онд, хүү Т.Г 1989 онд, охин Т.Д 1999 онд тус тус төрсөн юм. Гэтэл миний нөхөр болох Ш.Т нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хавдрын улмаас нас барсан. Ш.Т бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч нас барвал түүнийг авч байсан тэтгэврээс 20 хувиар тооцуулан нөхөр эсвэл эхнэрийн өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгоно гэж хуульд заасан байна. Үүнд хамрагдахын тулд хэд хэдэн нөхцөлийг хангах шаардлагатай байгаагаас гэрлэлтээ батлуулсан байх шаардлагатай гэсэн нөхцөлийг хангахын тулд Ш.Т агсантай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд хүү Ө.Б, хүү Т.Г, хүү Т.Г, охин Т.Д нарын төрсний гэрчилгээ болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг Ш.Т агсантай А аймгийн Т сумын А багийн М гэх газарт 1976 оноос 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагч З.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ш.Т-тэй 1976 онд гэрлэсэн. Үүнээс хойш үр хүүхдүүдээ төрүүлж, насаараа мал маллаад хоёулаа тэтгэвэрт орсон. Манай нөхөр Ш.Т 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нас барсан. Би 4 хүүхэдтэй. Хамгийн том хүүхэд надаар овоглодог. Бусад 3 хүүхэд маань ааваараа буюу Ш.Т-ээр овоглодог. Гэрлэлтээ бүртгүүлсэн гэж бодоод мэдэхгүй явсаар байгаад өдийг хүрсэн. Би шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгож тэжээгчээ алдсаны 20 хувь гэж авахаар хөөцөлдөж байгаа. Үүнд хэрэг болж байгаа учраас хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлага үүссэн. Иймд намайг Ш.Т-тэй А аймгийн Т сумын А багийн М гэх газарт 1976 оноос 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

            2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - “Эцгийн нэр Ш.Т, эхийн нэр З.Ө” гэсэн Т.Г, Т.Д, Т.Г, Т.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар,

            - А аймгийн Т сумын А багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 тоот тодорхойлолтод: Ш.Т нь эхнэр З.Ө-тай гэр бүл болон тус багт байнга оршин сууж байсан нь үнэн болно гэсэн,

            - Ш.Т-ийн нас барсны гэрчилгээнд: 1954 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, нас барсан газар-А, Т, нас барсан огноо-2024.12.12, нас барсан шалтгаан-СЗ8.8, нас барсны бүртгэлд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээрт бүртгэв гэсэн,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 03-08/2985 тоот лавлагаанд: А аймгийн Т сумын Т багийн хөдөө оршин суух Ш.Т тэргүүлэгч өөрөө, 34 настай, эрэгтэй, З. Ө, эхнэр, 30 настай, эмэгтэй, Т. Б, хүү, 12 настай, эрэгтэй, Т. Г, хүү, 6 настай, эрэгтэй .. гэсэн,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 03-08/2986 тоот лавлагаанд: А аймгийн Т сумын А багийн хөдөө оршин суух Ш.Т, тэргүүлэгч өөрөө, 1954 оны 05 дугаар сард төрсөн, 45 настай, эрэгтэй, З. Ө, эхнэр, 1958 оны 03 дугаар сард төрсөн, 41 настай, эмэгтэй, Ө. Б, хүү, 1976 оны 08 дугаар сард төрсөн, 22 настай, эрэгтэй, Т.Г, хүү, 1982 оны 03 дугаар сард төрсөн, 17 настай, эрэгтэй, Т. Г, хүү, 1989 оны 07 дугаар сард төрсөн, 10 настай, эрэгтэй, Т. Д, охин, 1999 оны 06 дугаар сард төрсөн, эмэгтэй ... гэсэн,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 03-08/2987 тоот лавлагаанд: А аймгийн Т сумын А 7 дугаар багийн оршин суугч Ш.Т, тэргүүлэгч өөрөө, 1954 оны 05 дугаар сард төрсөн, 56настай, эрэгтэй, З. Ө, эхнэр, 1958 оны 03 дугаар сард төрсөн, 52 настай, эмэгтэй, Т.Г, хүү, 1989 оны 07 дугаар сард төрсөн, 21 настай, эрэгтэй, Т. Д, охин, 1999 оны 06 дугаар сард төрсөн, 11 настай, эмэгтэй ... гэсэн,

- З.Ө Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,

- Ш.Т Нас барсны бүртгэлийн лавлагаа,

           

2.2.  Хүсэлт гаргагч З.Ө-ийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

             - Гэрч Т.Г шүүхэд өгсөн “Би З.Ө, Ш.Т нарын 2 дахь хүүхэд. Манай аавыг Ш.Т, ээжийг З.Ө гэдэг. Эцэг эхээс 4-үүлээ. 1976 онд том ах Б, дараагийнх нь би, 1989 онд дүү Г, 1999 онд Т.Д нар төрсөн. Манай аав 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хавдрын улмаас нас барсан. Манай аав, ээж хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Манай аав, ээж хоёр тусдаа амьдарч байгаагүй, тасралтгүй хамт амьдарч байгаа. Манай аав, ээж хоёр А аймгийн Т сумын А багт мал маллан амьдарч байсан. Манай аав, ээж хоёр гэр бүл болохоосоо өмнө өөр хүмүүстэй гэр бүл болж байгаагүй” гэсэн мэдүүлэг

               - Гэрч З.Ө шүүхэд өгсөн “Би З.Ө төрсөн дүү. З.Ө, Ш.Т нар А аймгийн Т сумын А багт 2024 оны 12 дугаар сарыг хүртэл хамт амьдарсан. З.Ө, Ш.Т нар А аймгийн Т сумын А багт мал маллан амьдардаг байсан. З.Ө, Ш.Т нар 4 хүүхэдтэй. Том хүү Б, дунд хүү Г, дараагийн хүү Г, бага охин Д нар төрсөн. Хүүхдүүдийг нь хэдэн онд төрснийг мэдэхгүй байна. З.Ө, Ш.Т нарын гэрлэлтээ бүртгүүлсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Ш.Т 2024 оны 12 дугаар сард хавдрын улмаас нас барсан. З.Ө, Ш.Т нар тасралтгүй хамт амьдарсан. З.Ө, Ш.Т нар нь гэр бүл болохоосоо өмнө өөр хүмүүстэй гэр бүл болж байгаагүй” гэсэн мэдүүлэг,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Хүсэлт гаргагч З.Ө-ийн Ш.Т-тэй 1976 оноос 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

         

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

            - “Эцгийн нэр Ш.Т, эхийн нэр З.Ө” гэсэн Т.Г, Т.Д, Т.Г, Т.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар,

            - А аймгийн Т сумын А багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 тоот тодорхойлолт,

            - Ш.Т-ийн нас барсны гэрчилгээ,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989, 2000, 2010 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 03-08/2985 тоот, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 03-08/2986 тоот, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 03-08/2987 тоот лавлагаанууд,

- З.Ө-ын Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,

- Ш.Т-ийн Нас барсны бүртгэлийн лавлагаа,

            - худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Т.Г, З.Ө нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч З.Ө нь Ш.Т-тэй 1976 оноос 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна.

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч З.Ө-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т  заасныг баримтлан Н овогт З.Ө-г Ш.Т-тэй 1976 оноос 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч З.Ө-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН